sonin.mn
Ирэх оны төсвийг боловсруулж буй үед энэ жилийн төсвийн гүйцэтгэл ашигтай, нэлээд их мөнгөний тоо сонсогдох болов. Ард түмэн, ажилчин малчин тариаланч олны хүч хөдөлмөр, байгалийн баялгийн үр шимээр хуримтлагдаж байгаа энэ мөнгөө гарын салаагаар үрэн таран хийхгүй чангахан атгаж, өр ширээ дарахад нэмэр болгоосой гэж "Төрийн телөө оготно" гэгчээр настан би эрх баригчдаасаа хүсч байна.
2019 оны төсөв зохиох явцад зарлагаа багасгах хуримтлал буй болгоход анхаарч, яам, агентлагуудын хасч болох орон тоог судалж цомхотгох ажлыг зоригтой айхгүй хиймээр байна. Үүний урьд УИХ-ын гишүүд сайд дарга нарын цалинг 30 хувиар хорогдуулах гээд амаа алгадуулсан удаатай.
Одоо яам агентлагуудаа хянан шалгаж эргэн харъя. Олонх яам агентлаг үүд хаалгаа цахилгаан хамгаалалт, мөн бүсэндээ гав гинж, хутга зүүсэн дүрэмт хувцастай худэр том биетэй, өндөр эрчүүдээр хамгаалуулж, дэргэд нь жижуур албаны бололтой хүн суулгаж гаднын хүн орох аргагүй хаасан байх юм.
Харин орд харшид суугаа газар хэлтсийн дарга нар нь хэд хэдэн орлогчтой, үүдэндээ нарийн бичгийн дарга гэх хээнцэр, зэгзгэр сайхан бүсгүйчүүд суулгаж дэргэдээ туслах залууг зогсоосон харагддаг. Тэд хийх ажлаа олж ядсан маягтай компьютерийн дэлгэцэд хөзөр өрж тоглон цагийг нөхцөөж байх юм.
Газар, хэлтсийн дарга гоё ганган залуус маш ихэмсэг, эрх мэдэл албан тушаалдаа эрдсэн байдалтай, хүнд сурталтай хүмүүс нь дуугарч ядсан, хүнтэй уулзах ярилцах харьцааны соёлгүй хүмүүс байгааг харахад гайхалтай.
Энэ талаар дунд шатны түшмэд төрийн тушаа болж байгаа талаар сонин хэвлэлээр цацаж байдгийг дээд хүмүүс нь анхаарах цаг болжээ. Дунд шатны албан тушаалтны нэлээд хэсэг нь шахааны, чадвар мэдлэгээр дулимхан хүн байдаг нь нууц биш. Ийм хүмүүс шударга, зарчимч, мэдлэг чадвартай ажилсаг нэгэндээ атаархаж, дээш нь хов зөөж, шахаж хавчиж, байдгийн тод илрэл бол Зам тээвэр, хөгжлийн яамнаа гарсан аймшигт хэрэг юм.
Та бүхний бүрэн эрхийн хугацаа дундаасаа өнгөрлөө. Гэм нь урдаа гэмшил нь хойноо" гэгч болох вий. Засгийн газрын хэрэг эрхлэх газар яамдад сахилга хариуцлага чангатгах талаар ажил зохиож эхлэв бололтой. Хурал цуглаан хийж үүрэг даалгавар өгөх нь зөв боловч дөжирсөн хүнд суртал олигтой үр дүн өгөхгүй. Харин хүн бурийн ажлын цагийн зураг авч, мэддэг гэж сайрхдаг гадаад бас монгол хэлээр тус бүр 150-аас доошгүй үгтэй зохион бичлэг гараар нь бичүүлж шалгалт авбал чансаа нь танигдах байх. Иймэрхүү тодорхой ажил зохиож, тэр олон туслах, нарийн бичгийн дарга менежерээ шалгаж, эцэст нь орон тоогоо цомхотгох нь хялбар, хэрүүл маргаан багатай болох болов уу гэж санагдана.
Шударга шулуун, зоригтой, хэлсэн үгэндээ хүрч, хариуцлагыг чангатгах цаг боллоо. Бүү алмайр, улс эх орондоо ард түмэндээ андгайлсан таны үгийг бид мартаагүй.
 
 
Сүхбаатар дүүрэг. VII хороо. Өндөр настан Д.Гонгор