sonin.mn
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн иргэдийг анх удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар болжээ. Энэ талаар ЭМДЕГ-ын дарга Ч.АЛТАНХУЯГААС зарим асуултад хариулт авлаа.
 
-Иргэд хэзээнээс эхлэн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой вэ?
 
-Өнөөдөр /өчигдөр/-өөс эхлэн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч иргэдийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд уялдуулан товлолт хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой. Үүний дагуу урьдчилсан сэргийлэх үзлэгийн багцыг батлахдаа энэ оноос эхлэн тухайн жилд нь тохируулахаас гадна хэдэн насандаа ямар шинжилгээ өгөх ёстойг мөн харгалзаж үзсэн. Ингээд эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн 40-71 мянган төгрөгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжтой.
 
-Насны хувьд тодорхой ангилал тогтоосон уу?
 
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосны дагуу 18-аас дээш насныхныг дөрөв ангилсан. Тодруулбал, 18-34, 35-45, 46-64 болон 65-аас дээш гэсэн ангилалаар үзлэг, оношилгоонд хамруулна.
 
-Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахад хугацаа заасан уу?
 
-Даатгуулагч насны ангиллынхаа дагуу тухайн жилдээ багтаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэл, халдварт бус өвчний үнэлгээ хийнэ. Үүн дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм. Тухайлбал, 18-34 насныханд БЗДХ, сурьеэгийн илрүүлэг үзлэг хийнэ. Харин 46-64, 65-аас дээш насныханд хоёр сонголт олгосон. Тодруулбал, тэд урьдчилан сэргийлэх ерөнхий эсвэл өерсдийн эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан хавдрын чиглэлийн багцыг сонгож үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой.
 
-Тухайн үзлэг оношилгоонд хамрагдахад оршин суугаа харьяалал харгалзах уу?
 
-Харьяалал харгалзахгүй учраас тухайн иргэн өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж болно. Гэхдээ өөрийнхөө харьяа эмнэлэгт хандахыг уриалж байна. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар харьяа эмнэлэгтээ хандаж чадахгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий аль ч эмнэлэгт хандах боломжтой. Ингэхдээ иргэний үнэмлэх болон амбулаторын картаа авч очих ёстой.
 
 
С.Аз 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин