sonin.mn
Монгол Улсын Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн мэндэлсний 85 жилийн ой энэ онд тохиож байна. Их найрагчийн шавь, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.ТӨРБАТТАЙ ярилцлаа.
 
-Монголын нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж мэндэлсний 85 жилийн ой тохиож байна. Таны хувьд ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
 
-Миний багш 1933 оны аравдугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Хажуу ханд гэдэг газар төрсөн юм билээ. Монгол Улсын Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж багш олон сайхан дуу, шүлэгтэй хүн л дээ. 1962 онд "Чингис", "Тусгаар тогтнол" шүлгийг бичихдээ цэл залуу 29-хөн настай байжээ. Дараа нь "Сэгс цагаан богд", "Хөх даалимбан тэрлэг", "Хар цас" зэрэг бэсрэг найраглалын гол төлөөлөгч болж, Монголын утга зохиолд гарч ирсэн хүн. Дуу гэхэд нийтэд түгсэн 50 гаруй бүтээл байдаг. Бидний сайн мэдэх "Дөрвөн цагийн тал", "Хаврын шөнийн бодол" гээд 30 гаруй дуу байна. Д.Пүрэвдорж багшийн том гавьяа бол хоёр уеийн уран бүтээлчдийг Монголын утга зохиолд ороход багшилсан хүн. Эхнийх нь 1960, 1970-аад оны эхээр яруу найргийн тэнхим байгуулж, 10 гаруй залууг Монголын утга зохиолын салбарт оруулж ирсэн. Тэднээс Д.Пүрэвдоржийн таван хүү гэж бий. Тухайлбал, халуун говийн Хархүү, хариуцлагатай ажлын Очирхүү, харилцуур алслалтгүй Даваахүү, хар ажлын Шархүү зэрэг онигоо хүртэл бий. Тоомойн Очирхүү тэргүүтэй 10 гаруй уран бүтээлчийг 1970-аад оны үед Монголын утга зохиолд өсгөж хүмүүжүүлсэн. Үүний дараа 1980 оны эхээр яруу найргийн тэнхимээ ахин цуглуулж, О.Дашбалбар, Л.Мягмарсүрэн, Б.Доржпалам, Ц.Чимэддорж, миний бие болон бидний үеийн арав гаруй яруу найрагчийг Монголын утга зохиолд өөрийн байр суурьтай болгож өгсөн юм. Тэгэхээр энэ хүнийг багш хэмээн хүндлэх олон хүн бий. Тэдний нэг нь би л дээ.
 
-Энэ их зохиолчтой та хэрхэн холбогдож байв?
 
-Багш бол надад аавын оронд аав болж явсан хун. 1980 онд миний анхны ном болох "Улаан жигүүр"-ийг төлөвлөгөөнд оруулж өгч дэмжиж байлаа. 1983 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсэхэд батлан даалт гаргаж байсан юм. Энэ бол зөвхөн надад бус Монголын утга зохиолын хоёр үеийн 20,30-аад яруу найрагчийг ач буянаараа хайрлаж тэтгэсэн хүн байна. Сүүлийн жилүүдэд буюу 2000 оноос хойш багш бид хоёр "Монголын нууц товчоо" утга зохиолын сургууль байгуулж, арав гаруй жил хамтарч ажилласан."Монголын нууц товчоо" сургуулийн захирлаар багш, дэд захирал нь би байлаа. Мөн хичээлийн эрхлэгчээр багшийн гэр бүлийн хүн Чанцал, менежер нь манай гэр бүлийн хүн Шүрэнцэцэг байсан юм. Бид гэр бүлээрээ сургууль байгуулж арав гаруй жил зүтгэсэн. 2009 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн үүрээр багш минь бурхны оронд заларсан. Бурхан болчихно гэж хүнд бодогдохооргүй эв эрүүл, сав саруул байсан юм, багш минь. Гуравдугаар сарын 18-нд цэргийн баяраар над руу утсаар ярьсан. Тухайн үед хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байсан юм. "Чи З.Ядмааг дагуулаад ир. Гурвуулаа ярих юм байна" гэж. Тэр өдрөө багшдаа үхрийн хавирга чанаад эргэж очлоо. Биднийг очсоны дараа хэсэг ярьж сууж байгаад дэрэн доороосоо хоёр гурван хуудас зүйл гаргаж ирсэн. 2009 оны нэгдүгээр сарын 9-нд Хөдөлмөрийн баатар болж байсан юм. Тэгээд "Хөдөлмөрийн баатрынхаа дайллагыг эмнэлгээс гармагцаа хийнэ" гэж ярьж байлаа. Бараг 300-гаад хүний нэр бичсэн цаас байсан санагдана.
 
-Аав бас багш болсон хүнтэйгээ өнгөрүүлсэн сэтгэлд үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
 
-Хамгийн сүүлд миний "Зүрхэн тарни" номыг редакторлож байсан. Төрийн шагналд нэр дэвшүүлж байлаа. Тэгээд 2004 оны арваннэгдүгээр сард Төрийн шагнал авч байлаа. Хаа ч явсан багшийн минь нөмөр нөөлөг их байсан. Төрийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн зэрэг цол хүртэж баяртай, жаргалтай мөч тохиолдоход хамгийн түрүүнд ирж үнсдэг хүн байлаа. Ү.Зөнбилэг хүүгийн минь "Эрхэн тарни" номыг редакторлож, өмнөх үгийг бичиж өгч байлаа. 2008 оны зун наадмын үеэр манай зусланд ирж, хонож байсан юм. Ер нь их гадуур дотуур хонож явдаггүй хүн байсан. 2008 оны намар сэрүү унасан цагт Хэнтийн Дадал сум руу хамт явсан. Тухайн үед Гурван нуурын амралт орж, Чингисийн хөшөөнд мергөж, Хажуу булгийн уснаас амсч, Чингисийн төрсөн газраар очсон. Бид нэг гэрт хамт хонож байлаа. Багш "1962 онд "Чингис" шүлэг бичсэнээс хойш энд ирсэнгүй" хэмээн хэлж байсан. Тэр шүлгээ бичээд хилс хэрэгт гүтгэгдэж хэцүү цаг үе туулж байснаа хүртэл ярьж байсан. Бид Хэнтийн Дадалаас Улаанбаатар ортол багшийн зохиосон дууг дуултал дуусгаж чадалгүй орж ирж байлаа. Ийм л дундаршгүй их уран бүтээлтэй хүн юм байна гэж бодож билээ. Тэгэхэд багш Онон мөрний хөвөөнд нэг уйлж байсан даа. Учир нь, С.Эрдэнэ гуайг их бодсон юм билээ. Багш "С.Эрдэнэ бид хоёр мөн ч их явсан даа. Цуваад алга болох юм" гэж байлаа.
 
-Их зохиолчийн 80 насны ойгоор төрсөн нутагт нь хөшөө сүндэрлүүлж байсан. Энэ удаа ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байна вэ?
 
-Хүний бие дуусавч уран бүтээл мөнх байдаг юм байна. Тиймээс бид энэ сарын 15-нд 18.00 цагаас "Хөх үндэстний гал" яруу найргийн баяр зохион байгуулна. Энэ наадмын тэргүүн байр гурван сая, дэд байрт хоёр сая, гутгаар байрт 1.5 сая төгрөг, дөтгөөр байрт нэг сая төгрөгийн шагнал олгоно. Мөн айргийн тавд багтсан яруу найрагчид 500 мянган төгрөгийн шагнал олгоно. Энэхүү шагнап урамшууллыг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл гаргаж байна. Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг ажилладаг юм. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд багштай найзалж нөхөрлөж явсан олон хүн тус дэм болж байна. Тэдний нэг нь Гадаад хэргийн сайд агсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, дипломат Ц.Гомбосүрэн гуай байна. Шувууныхан хэмээн нэрлэгдсэн хэсэг найзууд байдаг. Анхны ерөнхийлөгч П.Очирбат гэргий Цэвэлмаа эгч, элчин сайд байсан Цахилгаан болон гэргий Гапилмаа зэрэг найз нөхөд нь их дэм болж байна. Мөн хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Үй цай" сургуулийн захирал Д.Баяраа болон гэргий Д.Цэцэгмаа зэрэг хүмүүс их тус болж байна. Энэ хоёр маань Дуурийн театрт тоглолт хийхэд шаардлагатай дөрвөн сая төгрөгийг гаргаж тусалсан. Олон түмний итгэл сэтгэлээр багшийн ой их сайхан болох байх.
 
-"Хөх үндэстний гал" яруу найргийн наадамд яруу найрагчид ямар сэдвээр бүтээлээ ирүүлж байгаа вэ?
 
-Гурван сэдэв байна. Багшийн "Сумын наадам" гэх сайхан шүлэг байдаг шүү дээ.
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран атгасан өнгийн цэцэг ургаа юу гэх сайхан мөртүүд байдаг. Энэ шүлгийн сэдвийн дагуу залуучууд хайрын шүлэг бичсэн байх ёстой. Мөн "Эрээн уул" шүлгийн сэдвийн дагуу нутаг усны тухай бичих болно. Гуравдугаарт та бидний сайн мэдэх "Тусгаар тогтнол" сэдвийн дагуу шүлэг бичих ёстой. Одоогоор 50 гаруй шалгарсан хүний 150 шахам шүлэг ирээд байна. Үүнээс 21 яруу найрагч тайзан дээр шүлгээ уншина. Ингээд эхний таван байрыг шалгаруулж, шагнал гардуулна. "Болор цом" ч энэ маягаар явдаг. Энэ яруу найргийн баярыг багш 1983 онд анх санаачлан зохион байгуулж, анхны цомыг "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ хүртэж байлаа. Хоёр дахь цомыг Д.Цоодол ах авч байсан шүү дээ.
 
-Яруу найргийн баяр зохион байгуулахаас гадна зохиолчийн тухай шинэ ном гарч байгаа гэж дуулсан?
 
-Монголчууд 60,70 насны ойг тэмдэглээд байдаггүй. 85 насны ойг ихэд билгэшээж тэмдэглэдэг. Ойг тохиолдуулан "Суут найрагчийн нууц товчоо" гэх дурсамж дурдатгалын ном гаргаж байгаа. Номд багшийн залуу болон өндөр насны гэрэл зургууд шавь нарын дурсамж, өөрийнх нь зохиол бүтээлийг оруулж байгаа. Мен гэргий Чанцалдаа бичиж байсан захидлуудыг оруулна. Одоо захидлын соёл гэж байхаа больжээ. Сав л хийвэл утсаар ярьж, интернэт ухдаг болж. Захидлын соёл гэж их том юм байжээ. Багшийн Чанцал эгчид бичсэн 20 гаруй захидал надад байсан юм. Энэхуү номыг "Мөнхийн үсэг", "Болор судар" компани ивээн тэтгэж хэвлэж байна. "Мөнхийн үсэг" группийн захирал улсын начин Д.Ганбат гэж хүн бий. Энэ хүн сэтгэл харамгүй их сайхан тус болж байна.
 
-Шинэ номд зохиолчийн ямар бүтээлийг оруулж байгаа вэ. Хамгийн сүүлд ямар шүлэг зохиол бичсэн байдаг юм бол?
 
-Хамгийн сүүлд гурван роман бичсэн нь "Улаан зүүд", "Тарчилсан сүнс", "Нарны жавар" гэх гурван роман бий. Өөрийн дурсамж "Улаан гэрийн хоригдол", "Бор гэрийн богд" гэх ном бичсэн. Ерөнхийдөө 70 гараад Чанцал эгчийг өөд болсны дараа дурсамж дурдатгал номоо ганцаараа их шаргуу бичсэн. Гэргийгээсээ хойш гурван жил орчим хугацаанд таван ном гаргасан байдаг юм.
 
-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-"Сүүтэй сахиус" гээд цуврал роман бичиж байна. Дондогдулам хатны тухай роман гарсан. Пагмадулам гуайн тухай роман хэвлэгдэж байна. Яг одоо бол Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуайн тухай бичиж байна. Янжмаа гуай бас их сонин хувь  заяатай хүн байсан. 39-хөн насандаа бэлэвсэн хоцорч, их жанжны гэргий хүн болохоор өөр хүнтэй сууж болдоггүй. Ер нь их хэцүү хувь заяатай хүн байсан юм билээ. Мөн Богд хааны залуу хатан Гэнэнпилийн тухай бичиж байна. Ингээд "Сүүтэй сахиус" гээд таван дэвтэр роман гарна. Одоогоор хоёр нь гарчихсан. Хоёр дэвтэр дээр нь ажиллаж байна даа.
 
-Цаг зав гаргаж ярилцсан Танд баярлалаа.
 
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Монголын ууган хэвлэл "Монголын үнэн" сониныхондоо болон нийт уншигчдад нь эрүүл энх, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин