sonin.mn
Үйлдвэрчний эвлэл нийгмийн амьдралд эзлэх байр сууриа бэхжүүлж, олон түмэнд хүрээлсэн байгууллага байхын тулд улс ардын аж ахуйн нийт салбар, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа идэвхижүүлэх шаардлагатай байна. Үүний тулд үйлдвэрчний эвлэлийн гишүүн байхын давуу талыг өргөн сурталчилж эгнээг өргөтгөн анхан шатны байгууллагуудын ажлыг жигд сайжруулах нь ажил сайн байхын үндэс болдог шүү дээ. Ийнхүү ахмад ажилтны хувьд үйлдвэрчний эвлэлийнхээ талаар бодож санаж явдаг зүйлээ товч бичлээ.
МҮЭ социапизмын үед улсын нийгмийн даатгалын бүх үйлчилгээг хэнтэй ч хуваалцахгүй дангаараа хариуцаж, хөдөлмөр хамгааллын арга хэмжээг төрийн нэрийн өмнөөс бүрэн хариуцлагатай гүйцэтгэж, бүх ард түмний социалист уралдааныг зохион байгуулж тэднийг хөдөлмөр бүтээлд уриалж улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх удаа дараагийн таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж байлаа. МҮЭ нийгмийн амьдралд идэвхитэй оролцон чухал байр эзэлж, төв дөрвөн байгууллагын гурав дахь нь болж, дуудуулах нэртэй дуурсах алдартай явсан билээ. Өөрөөр хэлбэл, МҮЭ оршин тогтнож ирсэн, түүхэндээ төр засгаас ард түмний төлөө явуулж байгаа бодлого үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажилчин ангийн телөөлөл болж хамтран ажиллаж ирсэн түүхтэй.
Одоогийн төр засаг ч улс төр, эдийн засаг, нийгмийн хариуцлага ёс зүйн талаар бүх боломжоо дайчлан ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө бодлого боловсруулж үйл ажиллагаагаа явуулж байгааг бид харж байгаа.
1990 оноос ардчиллаар халхавч хийсэн анархизм улс орныг орвонгоор эргүүлж зэрлэг капитализмын балмад араншин нийгэмд тогтосноор МҮЭ-ийн нийгэмд эзлэх байр суурь үүрэг ихээхэн бүдгэрсэн нь үнэн билээ. Гэхдээ МҮЭ хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах язгуур үндсэн үүрэг нь хэвээр байгаа. Тэгвэл орчин үеийн нөхцөлд үйлдвэрчний эвлэл хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааны агуулга, арга барил хэр зэрэг оновчтой байна вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байна.
МҮЭ нийгмийн амьдралын эрин үед гарсан эрс өөрчлөлт, улсын эдийн засгийн бодит боломж зэргийг харгалзан хамгаалах үүрэг, тэмцлийн арга хэлбэрээ оновчтой сонгон явуулах учиртай байх. Засгийн газар соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах салбараас эхлээд нийт ажиллагсадын цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж мөрийн хөтөлбөртөө тусгаж "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" зарчим барьж, үе шаттай нэмж байхад түүнийг чамлаж, олон түмнийг жагсаал цуглаан, ажил хаялтад турхирч байх хэрэг байна уу? Ажил хаялтаас нийгэм болон хувь хүмүүст ямар их хор хохирол учирдгийг та бүхэн сайн ойлгож байх учиртай. Ажил хаялт зохион байгуулах нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тэмцлийн үндсэн арга биш, энэ арга бол капиталист "эзэдтэйгээ" хийх тэмцлийн хэлбэр. Гэтэл хэдийгээр нийгэм нь өөр болсон ч та нар төр засгийнхаа эсрэг тэмцээд байна. Ер нь төр засаг ард түмнийхээ эсрэг юм хийгээгүй, хийх ч үгүй гэдгийг бид сайн мэдэж байгаа. Сүүлийн үед ҮЭ-ийн тэмцэл дэндүү явцуу хүрээнд яваад байгаа учир нийгмийн амьдралыг өргөн цар хүрээнд харж ажилламаар байна. Хүмүүсийн цалин хөлс нэмэгдэх нь нэн чухал боловч сургаар нь хувийн хэвшлийнхэн худалдаачид бараа бүтээгдэхүүн, бензин тосны үнээ дураараа нэмж хэрэглэгчдийг дарамталж байдаг. Тэгвэл үйлдвэрчний эвлэлийнхэн юуны өмнө үнийн ийм дарамтаас ард иргэдээ хамгаалсан тэмцэл өрнүүлэх нь илүү чухал байна.
ҮЭ-ийн зохиож байгаа ажил аймаг орон нутгаас эхлээд нийт системийн хэмжээнд тодорхой мэдрэгдэхгүй болж "Үйлдвэрчнийхэн хийх ажлаа олж яддаг болж" гэсэн шүүмж яригдах болсныг дуулгахад илүүдэхгүй биз ээ! Манай үйлдвэрчний эвлэлийнхэн сүүлийн үед Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт их шүтэж нийгэмд тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэчих юм шиг ойлгож дээд талаас нь конторын цонхоор харж тэр нь зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд шийдвэрлэх гэж оролдоод байгаа ч юм шиг. Өнөөгийн нөхцөлд үйлдвэрчний эвлэлийн анхаарлаа төвлөрүүлэх цэг аймаг, сумд болон тэнд ажиллаж байгаа томоохон үйлдвэр, уул уурхай болоод байна. Үйлдвэрчний эвлэлийн салбарын олон холбоод системийнхээ орон нутаг дахь нэгжүүдэд хүрч ажиллахгүй зөвхөн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвараас нь аймгийн холбоодтой булаалдаж хувь хүртэхээс хэтрэхгүй байгаад дүгнэлт хиймээр байх шиг. Жинхэнэ хөдөлмөрийн хүмүүсийнхээ дунд орж ажилламаар байна шүү! Энэ бол нийгмийн захиалга болоод байгааг анхаарах цаг болжээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялтанд оролцохыг хуулиар хориглосон байхад салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нь уриалаад телевизээр их чанга дуугарч, омогтой нь аргагүй ярьж байна билээ. Энэ бол хууль зөрчиж, их эрх мэдэлтэй хүн болж олонд харагдах гэсэн оролдлого юм. Хэн ч хуульд захирагдах ёстой. ҮЭ салбаруудынхаа системээр ажилгүй хүмүүсийг нарийн судалж шинээр ажлын байр бий болгуулах талаар харин төр засагт шаардлага тавьж байвал илүү үр дүнтэй ажил болно. Ер нь үйлдвэрчний эвлэл нийгмийн эрин үедээ зохицож төрийн зарим үүргийг өөртөө авч ажиллах талаар судалж, санал санаачилга дэвшүүлж хуульчлан батлуулж ажиллавал үйлдвэрчний эвлэлийн үүрэг роль, нэр хүнд өсөх болно гэж бодох юм. Энэ чиглэлээр та бүхэн дэлхийн олон орны үйлдвэрчний эвлэлийн практик туршлагыг судалбал зохилтой.
 
Үйлдвэрчний эвлэлийн ахмад ажилтан Д.ОЙДОВДОРЖ 
Өмнөговь аймаг