sonin.mn
(Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул)
 
Яг нэг жилийн өмнө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “их хүссэн ажлаа” буюу “төрийн жолоог” хүлээж авч байсныг та бүхэн тодоос тод санаж буй биз. Ямар их сүр дуулиантай, ямархан замаар хүлээж авч байсныг харин уншигч та бүхэн гадарлах тул би энд илүү ихийг нурших нь илүүц болов уу. 
Товчхон тоймловол, мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байсан тэрбээр нэг л өдөр “Намайг алах гээд байна. Тагнаж, чагнаад байна. Би үхэхээс айхгүй” гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний гол дүр болсон. Өөрөөр хэлбэл зохион байгуулалттай цацаад эхэлсэн юмдаг.
Өмнө нь УИХ-ын гишүүнээр гурвантаа, Засгийн газрынгишүүнээр дөрвөнтөө  сонгогдож, тухайн үедээ Шадар сайдын хариуцлагатай албыг хашиж байсан түүний үгэнд хүн бүр итгэсэн. Учир нь өмнө нь өч төчнөөн удирдагчдаа их хэлмэгдүүлэлтээр алдсан, мөн Д.Төмөр-Очир, С.Зориг тэргүүтэн улстөрчдөө улс төрийн аллагын золиос болгож байсан ард түмний хувьд энэ үг тоглоомын сэдэв яавч биш байсан нь үнэн.
 
Харин тэрхэн үед бид ганцхан зүйлийг ор тас мартсан бөгөөд У.Хүрэлсүх бол яг Элбэгдорж шиг “цэргийн суртал нэвтрүүлэгийн мэргэжилтэй” гэдгийг ер санаагүй юм. 
 
Намынхаа улаан хамгаалагч болж шатсан туг толгойдоо ороодог дүр. Путинг дуурайж мотоцикл унаж давхидаг имиж. Шалдан цээжиндээ буу мөрлөж, морь унах зураг. Гитар барьж гарч ирээд рок болох төрх. Фитнессээр  хичээллэж булчингаа хөгжүүлж гоё харагдах урлаг.
Цэргийн хүн байсан гээд цэрэг хувцас өмсөж, хурандаа мөрдэс зүүх аархал. УИХ-ын гишүүнийг танхимаас нь татаж гаргаж ирээд шанаадах ааг. Хурган дарга нарыг суулгаж байгаад загнаж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацах заль. Энэ бүхэн түүний хийдэг, дэндүү сайн чаддаг ганц ажил. Энэ чадвараараа тэр МАН-ыг засаг барих болгонд эрх ямба эдэлж байсан нь ч үнэн. 
Гэсээр дээрх үйл явдлын дараа мань хүн Монгол Улсын Ерөнхий сайд болж, удалгүй МАН-ын дарга ч болсон юм. Энэ бүхэн болохын өмнөхөн тухайн үед Засгийн газарт нэг танхимд хамтран сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр “...Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зуруулаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. За, тэгэхээр энэ хүнд засгаа мурьж, өөрийн зам мөрөө хөөхөд шалтаг шалтгаан хэрэгтэй болно доо. Тэр шалтаг нь тагнасан, чагнасан гээд Ерөнхий сайдаа гүтгэж байгаа юм. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хүрэлсүхийн төрсөн эгчийнх нь хүү, цагдаад ажилладаг Амарсанаа, нэг яаманд газрын дарга хийдэг төрсөн дүү нь гээд хэсэг нөхөд ахынхаа санаачилгаар ийм тагнуултай драм зохиосон. Тэр нь баригдаад хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм…” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байлаа.  Эдүгээ хожим дүгнэхэд муу нэртэй ч Н.Номтойбаярын зөв болж, “сайн PR-чин”  У.Хүрэлсүхийн зохиосон зохиол худал бас буруу болох нь батлагдаж байна л даа. Худлаа гэвэл өнөөдөр гүйцэтгэх засаглалын бүх эрх мэдэл атганд нь байхад өнөөх тагнасан, чагнасан гэх хүмүүс нь сулдаа ганхан жороолж, уг хэрэг мартагдаж, мань хүн ч алба авснаасаа хойш үхэж хатах тухайгаа ярихыг больсноор нотлогдоно. Зөвхөн Ерөнхий сайд болж, төрийн эрхийг авахын тулд л жүжиг зохиож, намынхаа нөхдийг “түгжилдэж”, одоогийн хэллэгээр пиардаж явжээ, тэр. Харамсалтай нь бид сэлэм эргүүлж чадах, шударга ёсыг тогтоох Ерөнхий сайдтай болох хүсэлдээ автаад үзүүлсэн илбэнд нь хууртаад үлдсэн нь байж. Зүйрлэж хэлбэл сэлэмтэй юм шиг харагдаж чаддаг, сэлэмгүй хүн гэх юм уу даа. 
Ерөнхий сайдыгаа хэлж байгаа юм биш л дээ. Тэгэхдээ “Эрх мэдлийн төлөө, эхийгээ ч худалдахаас буцахгүй” гэж хоршоо үг байдаг байхаа...
 
БЭЛЭН АМ ШАЛДАН ГУЯ
 
“Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэр замаар “топор муужгай” ч хурандаа болсон” гэж Н.Номтойбаяр ярилцлагадаа шулуухан хэлсэн удаа бий. Үнэндээ У.Хүрэлсүх гэдэг хүн албан ёсны хурандаа байна уу, биш байна уу бидэнд хамаагүй л дээ. Харин хамаатай хэсэг нь Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг утгаар нь тэр хүний хэлсэн үг, хийсэн ажил л бидний амьдралд хамаатай хэрэг. Хэдийгээр У.Хүрэлсүхийн Засаг толгойлсон өнгөрсөн хугацаа богинохон юм шиг боловч, өөрийн нөхдөө цавчиж орж ирж, Засгийн жолоог булаан авсан хүний хувьд бүрэн эрхийнх нь хугацаа хэдийнэ дундаа орчихож.  Тэрбээр яг нэг жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо УИХ-ын чуулганы танхимаас ард, иргэддээ хэлж байсан үгэндээ “МанайЗасгийн газар мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаарнь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэгжурмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрынбүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хуульдээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталжажиллана…” хэмээн өндөр дуугаар амлаж байлаа. Ард түмэн ч алга нижигнүүлэн ташиж хүлээж авсан. Одоо л нэг сайн цагийн эхэн ирэх нь хэмээн битүүхэндээ итгэсэн нь олон. Харамсалтай нь энэ үг хаданд орилсон цуурай болсон нь олон зүйл дээр нотлогдох боллоо. Сахилга батыг үлгэрлэх ёстой яамдын газрын дарга нар нь өрөөндөө архидаж, нэгнээ ажлаас нь хууль бусаар шахаж, өгөхгүй болохоор нь нэгнийгээбүлэглэн зодож алсан хэрэг ч гарсан. Төрт ёс өндөр хөгжсөн, ёс зүйтэй оронд Ерөнхий сайд нь огцрохоор хэрийн асуудал атал манайд бол салбар хариуцсан сайдаараа тахил өргөснөөр хэргийг мухарласан. “Чи үхэхээр би үх” гэдэг шиг л юм даг уу даа. Мөн У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад, МИАТ компанийн дэд захирлаар  томилогдсон Н.Энхбаатаравлига авсан хэргээр АТГ-т шалгагдаж байна. Ах,дүүгийн биш юмаа гэхэд албан тушаалын ойрхон хүн нь түүний хэлсэн хууль дээдлэх ёс, өндөр ёс суртахууныг баримталж ажиллаж чадсангүй. Тэр бүү хэл хууль сахиулах ёстой цагдаа нарын гэрээс саяар тоолох валют гарах болж. 
 
Хамгийн сүүлд гэхэд  “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн захирал хагастэрбум төгрөгийн  авлига  авч байгаад газар дээрээбаригдсан хэмээн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Уг нь Эрчим хүчний сайд нь тэр авилгачийг эртхэн албан ажлаас нь зайлуулах ёстой гэж үзэлцсэн боловч өнөөх нь том дарга нарынхаа далбаан дор сагаж, сайдыгаа харин ч АТГ-аар нь шалгуулах гэж өвчигнөж явсаар энэ. Авилгын өмгөөлөгч нь хэн билээ? У.Хүрэлсүх Та дайсантайгаа тэврэлдэж, багаа хөсөр хаяж увайгүйтэтлээ хувирсан уу?
Энэ мэт Ерөнхий сайд нь шударга ёс, хариуцлага ярьж байх хооронд авлига, албан тушаалын гэмт хэргүүд шил шилээ даран гарсаар л. Ерөнхий боловсролын сургуулийн захирлаас эхлээд хууль сахиулагчид нь хүртэл авлигачин болж байна. Мөнгөн дүн нь ч тооны ихээр өссөөр л. Ерөнхий сайд болохдоо онцолж хэлсэн дараах үг нь “төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үрашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхзамаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхчиглэл баримтална” гэж байлаа. Харамсалтай нь худлаа үг байсан нь саяхан оруулж ирсэн 2019 оны төсвийн төслөөс нь харагдаж байна. 
 
Түүхэндээ байхгүй их, түүхэндээ байхгүй алдагдалтай, түүхэндээ байхгүй үрэлгэн төсөв оруулж ирж байгаа Ерөнхий сайдыг төсвийн сахилга батыг сайжруулж байна гэж хэлж чадахгүй нь. Юу хийх нь тодорхойгүй мөнгийг гишүүд болгоны багцад суулгасныг төрийн үргүй зардлыг багасгаж байна хэмээн харж чадахгүй нь. Зүгээр л нэг жишээ татахад Сангийн сайд нь өөрийнхөө сонгогдсон тойрогт 56 тэрбум төгрөг тавьчихаад улайхгүй сууж чадаж байна. Увс гэдэг ганцхан аймагтай, Улаангом гэдэг ганцхан сумтай бол хамаа алга. Хэвлэлээр бичиж буй шиг засгаа унагахгүй гэсэндээ УИХ-ын гишүүдийг авлигадаж буй мөнгө гэдэгтэй харин санал нэг байна. Эцэст нь хэлсэн “иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн үгэнд итгэх хүсэл байвч бас л чадахгүй нь. 
Учир нь ам.долларын ханшаа барьж чадалгүй алдчихсан. Шатахууны үнийг тогтоож чадахгүй гэдгээ зарлачихсан. Тэмцэнэ гэсэн авлигачид нь дээдсийн суудалд заларчихсан. 60 тэрбумын хэрэг хавтсандаахаагдчихсан. Шийднэ гэсэн Эрдэнэтийн 49 хувь чинь луйварчиддаа оччихсон. Дээрээс нь Эрдэнэтийн үйлдвэр гадны банкны барьцаанд орчихсон. Оюутолгойн гүйлгээ гадаадын банкаар дамжуулах нь тодорхой болчихсон. Таван толгойн хувьцаа үхмэл хэвээрээ гацчихсан. “Улсын өр дарлаа” гэж цаас үзүүлж шоудах боловч өр төлбөр чинь нэмэгдсэндүнгээр өрдчихсөн л байна. Үгүй ядаж л Улаанбаатар хотын түгжрэл улам нэмэгдчихлээ. Утаагаа багасгахын тулд гэр хорооллын янданд 500 мянган төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавьж л шийднэ хэмээн “тэнэгтчихлээ”. Энд би “ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлсэнгүй”, багш нарын ажил хаялт зэргийг хөндөхгүй үлдээе!
Зүгээр таны хэлсэн бас нэг үгийг давтъя. “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж та хэлсэн. Гэвч хэзээний та ард түмнийхээ итгэлийг аль хэдийнээ алдаад эхэлсэн бөгөөд “Хүрэлсүхээс хүлээх зүйл үнэндээ алга” хэмээн ярьж байна. Үнэндээ ч илбэчингээс илбэ үзэж л хууртахыг хүлээхгүй бол илбэ шид нь бодьтой гэдгийг хүлээх нь утгагүй.
 
Та өөрөөсөө айхгүй байна уу? Би бол Танаас айгаад эхэлчихсээн...
 
 ​​​​​​​​​​С.Иххорол