-Вьетнам орны тухай тэмдэглэл-
 
Эхлэл. Далай түшсэн амьдрал
 
Алба, амины ямар ч ажлаар Вьетнамд очсон зочдод үзүүлэх хөтөлбөрүүдийн тэргүүн эгнээнд вьетнамын уламжлалт усан дээрх хүүхэлдэйн тоглолт ордог байх. Үндэсний хөгжим, ардын дууны аялгуунд усан дээрх хүүхэлдэйнүүд төрөл бүрийн үзүүлбэрүүд үзүүлнэ. Тэр нь мэдээж вьетнам ард түмний аж амьдралыг бүхий л талаар харуулна. Одос үхрээ унасан тариачин эр газраа хагалж тариа, ногоогоо тариалах, хураах, тариачдын намрын ургацын баяр хөөр, шувуугаа адгуулж арчлах аж ахуйч хүмүүс, далайд загасчлах далайчид, хүн төрөх агшин хийгээд ертөнцийн мөнх бусыг үзүүлэх зан үйл,  хаад, язгууртны ордон хийгээд хөдөөх тосгодын амьдрал, товчилбол ус, далай дагасан хүмүүсийн амьдрал, аж төрөхүйн ёс хэрхэн өрнөдгийг бодит байдал хийгээд үлгэр, домгийн өгүүлэмжээр вьетнам оронд ирсэн хүн бүгдэд нүдэнд нь үзэгдэж, сэтгэлд нь дурайтал харуулах.
 
 
 
 
Бид ийм үзүүлбэрийг Ханойн төвд орших үзэсгэлэнт Сэлэмт нуур (Hoan Kiem lake)-ын хойд эрэг дээр байрлах Танг Лонг (Thang Long water puppet theatre) усны хүүхэлдэйн театрт сонирхов. Вьетнамын ард түмний уламжлалт өв соёлын нэг усан дээрх хүүхэлдэйн урлаг нь 1000 гаруй жилийн настай, XI-XII зууны үед хөгжлийнх нь оргил үе байжээ. Анх угсаа залгамжлах хааныг төрөх үеэр ийм хүүхэлдэйн шоу үзүүлбэр үзүүлж тэмдэглэдэг байснаа хожим ардын урлаг болж хөгжсөн юм байна.
Тоглолт үзээд сууж байхад болон тоглолтын дараа вьетнамын ард түмний далай, ус түшсэн хэдэн мянган жилийн амьдрал хэрхэн өрнөж ирсэн түүхийг өөрийн эрхгүй эргэн харах хэрэг гарч байгаа юм. Вьетнамчуудын түүх хийгээд өнөөдрийг үзэхэд нэг талаар баялаг амьдрал, нөгөө талаар баатарлаг амьдрал туулсан хүмүүс юм даа гэж санагдана. Харь гүрнүүдийн эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж, байгалийн элдэв бэрхшээлийн өмнөөс сөрж, бас түүнд үйл амьдралаа нийцүүлж зохицуулан, улмаар өнөөгийн орчин үеийн хөгжилтэй улс орон болсон түүхийг тэд бүтээжээ.
 
 
Өдгөө Вьетнам улс 95 сая орчим хүн амтай, Азийн төдийгүй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орон юм. Хүн амынх нь дундаж наслалт 74, тэтгэврийн нас нь эрэгтэй 60, эмэгтэй 55 байгаа бөгөөд удахгүй эрэгтэй 63, эмэгтэй 60 болгох гэж буй аж. Вьетнам эрчүүд дунджаар 30, эмэгтэй нь 27 настайдаа гэрлэдэг, ихэвчлэн 2 хүүхэдтэй байдаг юм байна.
 
 
ХАНОЙ ХОТОД
Өмссөн хувцас, үүрсэн цүнхтэйгээ Ханойд хөл тавив
 
Вьетнамын мэдээллийн агентлагийн урилгаар сэтгүүлч солилцооны хөтөлбөрт хамрагдан Вьетнам орныг үзэж танилцахаар болсон бид Улаанбаатараас Ханой орох гэж 22 цагийг туулав. Улаанбаатараас Бээжин 2 цаг, Бээжингээс Ханой хүртэл 5 цаг орчим, нийт 7 цагийг агаарт нисч өнгөрүүлэв. Үлдсэн цагийг нь Бээжинд хүлээж өнгөрөөв.
Багагүй ядарсан хүмүүс 9 дүгээр сарын 16-ны өглөөгүүр Вьетнамын нийслэл Ханой хотын Ной Бай олон улсын нисэх буудалд газардаж байгаа юм. Биднийг урьсан Вьетнамын мэдээллийн агентлаг (VNA)-ийн Гадаад харилцааны ахлах ажилтан, ноён Нгуен Конг Там, хатагтай Ву Виет Чанг нар тосч авлаа. Гэтэл тээшинд өгсөн цүнхнүүд маань байдаггүй ээ. Улаанбаатараас МИАТ-ын онгоцонд суухдаа шууд Ханой гэж тээшинд өгсөн цүнхнүүдийг минь “Эйр Чайна” компанийнхан Бээжингээс авч ирээгүй болж таарав.
Ингээд өмссөн хувцас, үүрсэн цүнхнүүдтэйгээ Ханойд хөл тавилаа. Тосч авсан 2 маань тээшний бичиг хийгээд бусад холбогдох зүйлсийг зохих газар нь тэмдэглүүлэв. Нисэх буудлын ажилтнууд учрыг олоод мэдэгдэнэ гэжээ.
 
 
Ханойн онгоцны буудлаас гудамжинд гараад ирэхэд бүгчим, чийглэг, халуун агаар тосч байгаа юм. Улаанбаатарт сэрүүхэн байсан болохоор нэг талаараа таатай. Онгоцны буудлаас зочид буудал хүртэл 40 минут орчим явна гэв. Өглөөгүүр болохоор хөл хөдөлгөөн багатай, яг л цагтаа зочид буудалд ирэв. Ноён Там, хатагтай Чанг 2 маань биднийг буудалд оруулж өгөөд “Одоо ингэсгээд өглөөний цайгаа уугаад сайхан амарчих, өдөр шууд эндээ өдрийн хоолоо идээрэй. Бид 2 14.00 цагт ирээд хөтөлбөрийнхөө дагуу Ханой хотоор аялна” гээд түр салах ёс хийв. Вьетнам, Монголын хооронд 1 цагийн зөрүүтэй юм. Цүнхнүүдээ хаа байгааг нь үл мэдэх болсон 2 хүн чинь бас жаахан санаа сэтгэл түгшүүртэй өглөөний цай уугаад амарлаа. Өдрийн хоолоо ч эртхэн босоод идчихэв.
 
 
Ханойн гудамжинд эр эмгүй мотоцикльтой сүлжилдэн давхих нь содон сонин. Мотоцикль дээрээ хүүхдүүдээ дундаа суулган давхих гэр бүлийн хоёр ч олон харагдана. Бараг 1 хүн 2 мотоцикльтой байдаг сураг сонсов. Одоо үндэсний сүрлэн малгайгаа ихэнх нь өмсөхөө болиод орчин үеийн мотоциклийн хамгаалалтын малгай өмсөх болжээ.
 
Вьетнам массаж ба донг, долларын үнэ ханшийн тухай
 
Хөтөч 2 маань товлосон цагтаа ирээд биднийг машиндаа суулгаад хөдөллөө. Уг нь Ханойн төвд байх Сэлэмт нуур, түүний эргэн тойрныг үзэх хөтөлбөртэй. Гэвч удалгүй нэгэн массажны газрын үүдэнд зогслоо. Вьетнамын уламжлалт массажны газар гэнэ. Биднийхээ алжаал ядаргааг тайлах юм байна. Бас цүнх сав нь ирээгүй хүмүүсийн сэтгэл санааг ч сэргээх гэсэн бололтой. Дөрвүүлээ нэг өрөөнд орлоо. Бүгдийг нь зориулалтын урт сандалд суулгаад гутлыг нь тайлуулж, халуун бүлээн ус (ядраа алжаал тайлах ургамлын хандмалтай байх) бүхий савтай усанд хөлийг хийж тус бүр нэг эмэгтэй ойр зуур хөл барилаа. Удалгүй 2 эрэгтэйг нь цаад өрөөнд оруулж өмд, цамцыг нь тайлуулаад зориулалтын хувцас өмсгөв. Ингээд буцааж хэвтүүлээд хөл, гараас эхлэн бүтэн биеийн массаж хийж, завсар зайгаар нь ундаа жүүс, цайгаар дайлав. Урд өдөр нь Бээжингийн олон улсын нисэх буудалд өдөржин холхиж өнжөөд, үргэлжлүүлэн шөнийн хагасыг онгоцонд өнгөрөөсөн ядаргаа тайлагдаж, сэргээд ирж байна шүү. Вьетнам нөхөддөө баярлаж талархаснаа илэрхийлээд тэндээс гарлаа.
Одоо түрүүвчинд байгаа хэдэн доллараа вьетнамын үндэсний мөнгөн тэмдэгтээр солиулж авахгүй бол болохгүй. Гудамж, зээлээр явахад бэлэг дурсгалын зүйлээс эхлээд ойр зуурын юмс авч таарна. Энэ тухайгаа хэлтэл шууд давхиад валют солих газар ирэв. Вьетнамын мөнгөн тэмдэгт нь донг. Хамгийн дээд тал нь 500.000 донгийн дэвсгэрт байна. Тэгээд 200.000, 100.000, 50.000, 20.000, 10.000, 5000, 1000 донгийн дэвсгэртүүд лавтайяа байдаг юм билээ. Ихэнх нь нүүр талдаа Хо Ши Мин удирдагчийнхаа хөргийг залсан. Ардаа харин түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудын зурагтай.
 
 
 
Монголын 1 төгрөг вьетнамын 9 донгтой тэнцэж байна. За тэгээд 1 төгрөг = 10 донг гээд тогтоочихсон. 500.000 донгоор худалдаа хийвэл 50.000 төгрөг боллоо гээд л бодчихно. 100 ам.доллар 2.330.000 орчим донг болж байгаа юм. Тэгэхээр 1 ам.доллар 23.300 орчим донгтой тэнцэж байгаа юм уу даа. Гэхдээ ийм байлаа гээд Вьетнамд мөнгөний ханш муу гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш Монголтой ойролцоо, зарим талаараа бүр манайхаас ч хямд байна лээ. Жишээ нь Ханойд 1 аяга кофе 60.000 донг байгаа юм. Манай кофе шопуудад 1 аяга кофе дунджаар 6000 төгрөг л байдаг биз дээ.
 
Сэлэмт нуур хийгээд яст мэлхийн домог
 
Ингээд доллараа солиулж сая саяар нь донг халаасалсан хүмүүс Ханойн төвд орших түүх соёлын дурсгалт газар төдийгүй амралт зугаалгын төв Hoan Кiem буюу Сэлэмт нуур (Sword Lake) руу ирэв.
 
 
Ням гараг, амралтын өдөр таарсан учраас энэ хавийн автомашины замуудыг чөлөөлж, манайхаар бол машингүй өдөр болгодог аж. Ингээд гадаад, дотоодын жуулчид төдийгүй Ханой хотын иргэд гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, амраг садан, найз нөхдөөрөө энэ орчимд амралтаа өнгөрөөдөг юм байна. Хөл хөдөлгөөн гэж тоймгүй их. Нуурын зүүн талд Индира Гандийн нэрэмжит соёл амралтын хүрээлэн гэж байна. Тэнд өдгөөгийн Вьетнам улсын нутаг дээр байсан тухайн үеийн Ли гүрэн (1009-1225)-ий анхны хаан Ли Тай То (Ly Thai To)-н аварга том хөшөө байна.
 
 
Нуурын өмнө болон хойд талаар төрөл бүрийн ресторан, кафе, театр, зочид буудлууд харагдана. Харин баруун талд нь дэлгүүр, мухлагууд гэх мэт худалдаа наймааны газрууд төвлөрчээ. Ус, ундаа, хөнгөн зууш, бэлгэ дурсгалын зүйлсээ дэлгэн суусан чөлөөт худалдаачид ч хаа сайгүй, нуураа тойроод Ханойчуудын амьдрал буцалж байдаг юм байна.
 
 
 
Нэг их том биш хэмжээтэй Сэлэмт нуурын дунд эртний нэгэн суварга харагдана. Тэр бол Thap Rua буюу Яст мэлхийн суварга (Turtle tower) гэдэг нь аж. Домогт өгүүлснээр бол XV зууны үед энэхүү орныг захирч байсан Ли Лой (Ly Loi) гэх хаанд тэнгэр бурханаас нэгэн алтан сэлэм хайрлаж, түүний хүчээр уг хаан дайснаа дараад эх нутагтаа ирэхэд нь энэхүү нуураас нэгэн яст мэлхий гарч ирээд хааны сэлмийг зуугаад нуур руу орчихжээ. Хаан үүнийг тэнгэр бурхан сэлмээ буцаан авав гэж ойлгоод нуурыг Сэлэмт нуур хэмээн нэрлэж, нуурын дунд яст мэлхийд зориулан суварга босгожээ.
 
 
Нуурын хойд буланд буй Ngoc Son буюу Хаш чулуун сүм (Jade Mount)-ийн дотор Сэлэмт нуурын яст мэлхий хэмээн нэгэн яст мэлхийн хатаамлыг шилэн хоргонд залсан байхыг ноён Тамыг дагаж хальт орж үзсэн билээ.
 
 
Учир нь энэхүү Хаш чулуун сүмд засварын ажил ид хийгдэж, зөвхөн гадна орчныг л үзэгчдэд үзүүлж байсан үе таарсан юм. Дараа нь нуурын хойд эрэгт байх нэгэн кафед орж жүүс, кофе ууцгаагаад түүний дээд давхарт байх усан дээрх хүүхэлдэйн театрын тоглолтыг үзэв. Тоглолтыг гадаадынхан төдийгүй өөрсдөө их үзэх юм. Цаг цагийнх нь билетийг аваад тэр хавиар нь хүлээгээд суучихдаг аж.
 
Вьетнам бараа бүтээгдэхүүн, хоолны талаар товчхон
 
Тэндээс гараад нуурын баруун эргийн худалдааны газрыг сонирхов. M2 гээд Вьетнамын экспортын барааны дэлгүүрийн сүлжээ байдаг юм байна. Тээшинд өгсөн цүнхнүүд ирээгүй, өмссөн хувцастайгаа л яваа хүмүүс чинь ганц нэг хувцас авья ч гэж бодлоо. Учир нь маргааш Вьетнамын мэдээллийн агентлаг (VNA)-т зочилж, дарга нартай уулзах ёстой. Өмд, цамц зэрэг ойр зуурын зүйлс авлаа. Ер нь хямдхан юмаа. Монголд авах үнээс тал үнээр нь л ойр зуурын юм авчихаж байгаа юм. Хамт яваа Д.Сайнбаяр сэтгүүлч маань ч цөөнгүй зүйлс авч.
Вьетнамд ирсэн хүмүүс гавар, цагаан барын тос, шингэн гаа зэрэг зөвхөн энд л байдаг ховор бараанаас эхлээд вьетнам хийцийн алт, мөнгөн эдлэл, таримал сувд (байгалийн цэвэр сувд ховордсон учир ер таараагүй, байвал үнэ нь өндөр гэсэн), торго дурдан, бэлэн хувцас, цай, кофе гээд юм юм л авдаг аж. Бид ч бас зах зухаас нь авлаа. 2017 оны байдлаар бөс даавуу, бэлэн хувцас үйлдвэрлэлээр Вьетнам улс дэлхийд гуравдугаарт буюу БНХАУ, БНЭУ-ын дараа оржээ. Тиймээс хувцасны дэлгүүр алхам тутамд тааралдана. Вьетнамд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд, хувцас хунар нь хямдхан, чанартай, загварын хувьд ч боломжийн санагдсан. Бас алт, мөнгөн эдлэл, сувд энэ тэр нь чанар хийц сайтай, үнэ ч боломжийн хямд байна гэж манай Д.Сайнбаяр сэтгүүлч хэлж байв.
 
 
Ер нь хямд, худалдаа наймаа хийхэд тааламжтай орон чинь Вьетнам юм байна. Дараа дахин явах аз завшаан таарвал овоо хэдэн доллартай явж, багагүй худалдаа хийх юм шүү гэж бодогдсон шүү. Ханой хотыг нэг талаас нь худалдааны хот ч гэмээр. Гудамж талбайн ихэнх нь дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд. Тэр нь бас дотроо төрөлжсөн байна. Нэг гудамж тэр чигээрээ үнэт эдлэл, бэлэг дурсгалын дэлгүүр байхад нөгөө гудамж нь бэлэн хувцасны, гуравдахь нь гутлын, дөрөвдэх нь ном сэтгүүлийн, тавдахь нь цүнх, түрүүвчний худалдаа байх жишээтэй. Ихэнх иргэдийнх нь амьжиргааны гол эх үүсвэр худалдаа наймаа байдаг нь илт.
 
 
Шөнийн Ханойн гудамж хөл хөдөлгөөн ихтэй гэж жигтэйхэн. Худалдаа наймааны газруудын зэрэгцээ ууш, хоолны газрууд нь хүнээр дүүрэн. Жижигхэн дөрвөлжин ширээнийн дөрвөн талд нь байх жижиг сандлууд дээр суугаад нөгөө ширээн дээрээ идэж, уух зүйлсээ тавиад сууцгаачих юм. Гудамжны худалдаанаас бас ойр зуурын бэлэг дурсгалын зүйлс, ар гэр, хүүхэд багачуудад өгөх бэлэг сэлт авав. Би өөрөө хонх цуглуулдаг болохоор хамгийн түрүүнд нутгийн онцлог бүхий хонхоо л хайлаа. Конус хэлбэрийн сүрлэн малгайгаа барьсан эмэгтэй бүхий “Vietnam” гэсэн бичигтэй хонхоо ч олж авлаа.
Оройн хоолыг вьетнам үндэстний хоолны газар иднэ гэнэ. Тэр нь бидний явж байгаа газрын ч ойрхон юм байна. Ресторанд ноён Буй Зуй Чинь угтав. ОХУ-д Москвагийн Улсын Их сургууль төгссөн тэрбээр өнгөрсөн жил манай агентлагийн дарга, хатагтай Б.Ганчимэгийг айлчлах үеэр үйлчилж байсан хүмүүсийн нэг, Монгол оронд өмнө нь ирж байсан, биднийхээ талаар багагүй мэдлэгтэй, хөгжилтэй эр байна.
Далайн эрэг дагуу амьдардаг хүмүүс болохоор вьетнам гал тогоо далайн бүтээгдэхүүнээр голлон хоол хийдэг. Мэддэгээс загас, хясаа, наймаалж, хавч гээд төрөл бүрийн далайн амьтны махаар шарсан, хуурсан, жигнэсэн, шөлтэй, будаа, гоймон, жимс, хүнсний ногоонуудаар хачирлаж, амталсан янз янзын л хоол идлээ. Идэж болохгүй юм алга. Ёстой л өгсөн бүгдийг нь хүртэж явав. Даруулганд нь “Vodka Hanoi” гээд 39.5 градусын цагаан будааны архи, улаан дарстай. Францын нөлөөлөлтэй байсных ч юмуу вино нь сайхан амттай, чанартай санагдсан. Бас төрөл бүрийн самар, жимс... Вьетнам гал тогоо бол Азийн бас нэгэн гайхалтай соёл, уламжлалыг тээж яваа ажээ.
Хоолны дараа бидний “алдагдсан” цүнхнүүдийн сураг гарав. Ямар ч байсан олдсон гэнэ. Гэхдээ маргааш биш нөгөөдөр өглөөний онгоцоор Ханойд ирнэ гэв.
 
“Vietnamese style”
 
Маргааш өглөө нь ноён Там, Чинь 2 ирээд Д.Сайнбаяр сэтгүүлчийг маань маникюрт оруулж, тэр хойгуур намайг вьетнам эрчүүдийн өглөөний хэв маягтай танилцуулна гэв. “Vietnamese style” буюу вьетнам хэв маяг гэдэг нь тэд өглөөг үндэсний онцлог бүхий кофе ууж эхлүүлдэг юм байна. Ийм кофе нь архи, дарс, пивотой байхаас гадна өндөг зэрэг бусад орцтой ч байдаг аж. Кофений газар ч хэдэн мянгаараа байна. Нэгэнд нь бид 3 оров. Энгийн даруухан газар. Дүүрэн хүнтэй. Эрчүүд өглөөнийхөө кофег ууж суугаа нь тэр. Эндээс бөөн эрч хүч, сэтгэлийн таашаал олж аваад ажилдаа шуурхайлан ордог юм уу даа.
 
 
Урд өдөр вьетнам массаж хийлгэж аян замын алжаалаа тайлчихсан, 2 цүнхний маань сураг гарчихсан болохоор сэтгэл санаа ч өөдрөг. Нөгөө 2 маань жоготой харж, хоорондоо инээгээд
-За Та ямар кофег нь захиалах уу? гээд меню дөхүүлж байна. Хатуухан орцтой, нэг ёсондоо архи, дарстай кофе л захиал гэж байгаа бололтой. Вьетнам эрчүүдийн хэв маяг нь тэр учраас надад түүнийгээ үзүүлэх гэсэн хэрэг.
Хар өглөөгүүр хатуухан орцтой кофе уух ч дээ, тэгээд ч энэ халуунд зохимжгүй гэж бодоод өндөгтэй кофег нь захилаа. Сайхан амттай, оросын өтгөрүүлсэн сүү шиг өтгөн, чихэрлэг кофе байна. Аяга нь бас тийм ч жижиг биш ээ. Хүмүүсийг харахад халбагаараа хутгаж хутгаж таашаалтай гэгч балгах юм. Вьетнам хэв маяг нь юм байгаа биз ээ. Кофе уучихаад, гудамжаар ойр зуурын зураг дараад маникюрын газраа иртэл Д.Сайнбаяр сэтгүүлч маань ихэд сэтгэл хангалуун хүлээж сууна. Маникюрын газрын үйлчилгээ ихэд таалагдаж, хийлгэсэн гоо засал нь сэтгэлд нийцсэн гэнэ.
 
 
Ер нь вьетнамчууд ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг, элдэв хуурамч зангүй, хөдөлмөрч хүмүүс гэдэг нь ирсэн өдрөөс л харагдаж байв. Бид өмнөх өдөр массажны газраас гарахдаа л энэ тухай хоорондоо ярилцаж байсан юм.
 
 
Үдээс хойш МОНЦАМЭ агентлагтай олон жилийн турш идэвхтэй хамтран ажиллаж буй Вьетнамын мэдээллийн агентлаг (VNA)-т зочлов. Агентлагийн орлогч захирал, ноён Ли Чуок Минь тэргүүтэй хүмүүс биднийг халуун дотноор хүлээн авч уулзан үйл ажиллагаагаа танилцуулж, дараа нь тус агентлагийн Түүхэн алдрын танхимыг үзэж сонирхов.
Оройн зоогийг Вьетнамын мэдээллийн агентлагийн Ерөнхий захирал, ноён Нгуен Дук Лой барьж, хоёр орон, хоёр агентлагийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, бидний аялалд амжилт хүслээ.
 
1000 жилийн түүхтэй хуучин Ханойн гудамжаар
 
Оройн хоолны дараа зочид буудлын үүднээс унадаг дугуй бүхий бүхээгт тэргэнд суугаад Ханойн хуучин гудамжийг сонирхов. Миний суусан унадаг дугуйны хөтөч-жолооч сэргэлэн эр байна. Жуулчдыг бүхээгтээ суулгаад хуучин Ханойг үзүүлээд сурчихсан бололтой, замаар зэрэгцэн хурдлах машин, мотоцикльтой хүмүүстэй эвтэйхэн зохицож урагшлах зуур дөрөөгөө жийнгээ тэрбээр,
 
-Та хаанаас ирсэн бэ? гэж асууж байна.
 
-Монголоос ирлээ...
 
-Өө...Улаанбаатар... гээд эрхийгээ гозойлгов. Тэгснээ замын урд тал руу заагаад,
 
-Сүм... сүм гэлээ. Харуй бүрийд замын урд талд нэгэн сүрлэг хийцтэй католик сүм харагдав. Хэдийгээр Ийсүсийн шүтлэггүй ч уг сүм буудлаас холгүй байсан тул газрын багцааг баримжаалаад маргааш өглөө эрт ирж сонирхоё гэж бодов.
 
 
1000 гаруй жилийн түүхтэй хуучин Ханой нь бидний буусан буудлаас холгүй юм.  Жуулчдын үздэг гол газруудын нэг юм байна. Энд тэндгүй зочид буудлууд, хоолны газар, худалдаа үйлчилгээний газрууд. Жуулчид ч их харагдана. Барилгуудын ихэнх нь хуучирсан ч хэв маягийг нь хадгалаад жуулчдын гол очдог, буудаллаж амарч зугаалдаг газруудын нэг болгожээ. Эндээс зүүншээ нэг их холгүй бидний очсон Сэлэмт нуурын орчин байгаа.
 
 
Маргааш өглөө нь эртхэн босч өглөөний цайгаа уучихаад нөгөө урд шөнө харсан католик сүм рүү гэрэл зургийн аппаратаа үүрээд алхчихав. Ханойд шөнөжин бороо ороод түр намжжээ. Энэхүү католик сүм бол 1886 онд буюу Францын колоничлолын үед готик загвараар баригдсан Гэгээн Йосеф (St. Joseph`s Cathedral)-ийн цогчин дуган юм байна. Өмнөх талбайд нь Энхийн хатан хаан (Regina Pacis)-ы сайхан хөшөөтэй аж. Сүм өглөөний 8.00 цагт онгойчихож. Орж сонирхоод гарахдаа үүдний бэлэг дурсгалын дэлгүүрээс нь хүүгээ тэвэрсэн Мари эхийн жижигхээн сийлбэрийг дурсгалд авав.  Энэ сийлбэр бас л вьетнам маягийн загвартай буюу сүрлэн малгай барьчихсан байгаа юм.
 
Ханойн бэлгэдэл Утга зохиолын сүм
 
Хөгжил дэвшлээрээ Азид тэргүүлэгч хотуудын нэг болж чадсан Ханойн одоогийн дүр төрхийг илтгэх орчин үеийн загвар бүхий алба, амины зориулалттай барилгууд, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгүүд, зам, талбай зэрэг бүтээн байгуулалтууд сүүлийн хагас зуу хүрэхгүй жилийн дотор бий болжээ. Одоо Ханой хот 10 сая гаруй хүн амтай.
 
 
 
Тус хотын бэлгэдэл нь эртний түүхт эзэн хааны академи Van Mieu буюу Утга зохиол, номын сүм аж. 1070-аад оны үед байгуулагдсан Күнзийн суртлын уг сүм нь Вьетнамын хамгийн анхны их сургууль юм байна. Эрдэм номд шамдагсад энэхүү сүмд сууж ном үзээд улмаар цааш эзэн хааны элч төлөөлөгч-төрийн албанд орох шалгалт өгч, тэнцвэл түшмэл болдог. Эрдэм номтой сайн түшмэл цаашид хэн ч болж ахиж дэвшиж болдог тийм дэг жаягтай байжээ. Нэг ёсондоо эрдэм мэдлэгийн өлгий, эртний вьетнамын эрдэмтэн мэргэд, язгуур угсаатнууд, ухаант түшмэдийг төрүүлсэн ариун номын газар ажээ.
Сүмийн хаалгаар ороход бяцхан цөөрөм байх ба түүнд нь өнгө өнгийн жижиг загаснууд тайван сэлнэ. Цөөрмийн баруун талд яст мэлхийн чулуун хөшөөнүүд цуварна. Яст мэлхийн хөшөөнүүд дээр хятад ханзаар зайгүй олон нэрсийг бичсэн байх ба эдгээр нь амжилттай суралцагсдын нэр гэнэ. Тэр байтугай яст мэлхийн хөшөөний хамгийн өндөрт бичигдсэн нэрс бол хамгийн шилдгүүдийнх ажээ.
 
 
Ёслолын их хаалга буюу Голын сүмийн үүдэнд чулуугаар урласан 2 хаалгач зогсох бөгөөд цааш ороход 2 том төмөр шувуугаар хамгаалуулсан шүтээний ширээ байна. Цаашлаад Күнз болон түүний шавь нар, эзэн хааны академийн ректорт зориулсан тахилын ширээ, суралцагсдын өмсөж байсан хувцас,  сүмийн шүтээн ариун яст мэлхийн алтадсан шаазан дүрс зэрэг гадаад, дотоодын жуулчдын үзэх, мөргөж сүсэглэх олон зүйл бий. Үндэсний их найрал (оркестр)хөгжмийн тоглолт үзүүлдэг танхим хүртэл бий юм билээ, бид түүнийг нь үзэж амжаагүй.  Энд гадаад, дотоодын жуулчдаас гадна түүх соёлын дурсгалт зүйлтэй танилцах аялал хийж буй оюутан, сурагчдын хөдөлгөөн огт тасардаггүй гэнэм.
Ноён Чинь энэ сүмийн бэлгэ дурсгалын дэлгүүрээс надад нэгэн хятад хийцийн хонх авч бэлэглэв. Бэлгэдэл нь оюун ухааныг тэтгэгч гэж тайлбарлав. Тэрбээр хамт явсан сэтгүүлч Д.Сайнбаярт бас нэгэн хонх бэлгэлэв. Тэр нь аз жаргалыг бэлгэддэг аж.
Утга зохиол, номын сүмийн хашаанаас гараад урдхан талд нь байх Ханой дахь Вьетнамын үндэсний урлагийн музей( The Vietnam national museum of fine arts)-г мөн үзэж сонирхов. Уг музейд эртний чулуун болон хүрэл, төмөр зэвсгээс эхлээд аяга таваг, ваар сав, шүтээн сахиус, бурхад зэрэг эртний вьетнамчуудын ахуй амьдралд холбогдох ховор олдворууд, орчин үеийн дүрслэх урлагийг төлөөлөх уран зураг, хатгамал, уран баримал зэрэг шилдэг бүтээлүүд тавигджээ.
 
 
 
 
 
 
 
Ханойд очсоноос хойш 3 дахь өдөр нь энэхүү урлагийн музейн хашаанд бид “алдагдсан” 2 цүнхээ “Эйр Чайна”-г төлөөлөх ажилтнаас хүлээж авав. Зочид буудалдаа ирээд цүнхээ онгойлготол Улаанбаатараас авсан 1 шил архи маань хагарчээ. Азаар тэрүүхэндээ миний хувцсанд шингээд бэлэг дурсгалын зүйлсийг гэмтээгээгүй байсанд баярлаад өнгөрсөн дөө.
Үдээс хойш бид Вьетнамын их удирдагч Хо Ши Миний бунхант талбайгаар дайрч зураг хөргөө авахуулаад Халонг буланг зорьсон билээ.
Ханой хотын дундуур урсах Улаан мөрөн дээгүүр тавьсан гүүрээр гарч, өөдөө сөөргөө давхилдах машин, мотоцикльтонгуудтай уралдан явсаар Ханой хотоос холдов.
 
 
ХАЛОНГ БУЛАНД
 
Халонг хот
 
Ханой хотоос 130 км, дунджаар 2 цаг орчим яваад л Халонг хотод ирчихэж байна. Саяхан ийшээ цоо шинэ автозам тавьж ашиглалтад оруулжээ. Халонг нь 230 мянга орчим хүн амтай, Чуанг Нинь (Quang Ning) мужийн нийслэл, 1-р зэрэглэлийн хот юм байна. Аялал жуулчлалын өлгий алдарт Халонг булан байхаас гадна бас Вьетнамын нүүрсний нөөц бүхий нутаг аж. Түүнчлэн далайн боомт юм.
 
 
Халонг дахь Чуанг Нинь музейг үзэж явахад энд эрт цагаас хүмүүс амьдарч байсан, далайн амьтад, эрдэс баялгийн асар их нөөцтэйгээс гадна нүүрсний ордуудтай нь харагдана.
 
 
 
 
 
 
 
Халонг хотод одоо ч бүтээн байгуулалт ид өрнөж байна. Удахгүй асар том амралт зугаалгын шинэ хүрээлэн байгуулагдахаар баригдаж байна. Бас шинэ шинэ орон сууцны хороолол, зочид буудал, үйлчилгээний газрууд үүдээ нээж, зочдоо хүлээж авахад бэлэн болж байна. Хөндлөнгөөс харахад энд усан дотор бүтээн байгуулж байна.
 
 
Халонг хот өөрөө усан дунд байдаг учраас тойроод л усан онгоц, завьнууд...Жинхэнэ далай дагасан баялаг амьдрал энд буцалж байна.
 
 
Вьетнамыг зорьж ирсэн жуулчид төдийгүй алба амины ажлаар ирсэн бараг хүн бүр Халонгт урт богино хугацаагаар саатна. Зочид буудлынхаа үүдэнд тамхи татангаа зогсож байхад л автобус автобусаар жуулчид ирж, явах нь тасрахгүй харагдана. Үүнийгээ дагаад худалдаа, үйлчилгээ хөгжсөн. Яг Ханойн адил хаа сайгүй худалдаа наймаа, хоол, ууш, амралт цэнгээний газар. Дун, хясаагаар хийсэн жижиг бэлэг дурсгалаас эхлээд шүр, сувд, хаш, алт мөнгө, ахуй амьжиргааны бусад зүйлс бүгд байна. 2017 онд Вьетнамд 10 сая гаруй жуулчин ирснээс 3 сая гаруй нь Халонгт ирсэн тухай тоо баримт байна лээ.
Халонг хотод зочид буудалд буусан жуулчид үдээс өмнөхөн усан онгоцоор далайд гарч, үзэсгэлэнт арлуудын дундуур зугаалчихаад нэг их оройтохгүй буцаад ирчихнэ. Орой нь хотод шөнийн клубт пиво эсвэл дарс шимэнгээ хааяа хөгжмийн аянд бүжиглэн алжаал ядаргаагаа тайлсан шиг сууж байна. Амарч аялахад маш таатай энэ байдал нь цаашид улам л их жуулчид татах биз ээ.
 
 
“Луу заларсан” орчинд аялахуй
 
Халонг хотын эргэн тойрон орших 1969 арлыг бүхэлд нь Халонг булан хэмээнэ. Вьетнамын аялал жуулчлалын гол бүс, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй, байгалийн үзэсгэлэнт Халонг булангийн бэлгэдэл нь “Эр, эм тахиа” хад. Хойд талаасаа үнэхээр хошуугаа нийлүүлсэн хоёр тахианы дүртэй. Харин өмнөд талаасаа харахад эцэг, эх хоёр тахиа дэгдээхэйгээ дагуулчихсан яваагаар харагдана.
 
 
Халонгийн үзэсгэлэнт ногоон арлуудын дундуур явж байхад “Бурхан вьетнамчуудад байгалийн сайхныг харамгүй хайрлажээ” хэмээн эрхгүй бодогдож байв. Төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий, том жижиг янз бүрийн энэ арлуудын дундуур усан онгоц, завинд суун эргэн тойрноо шимтэн ширтэж явах үнэхээр таатай.
Домгоороо бол Халонг булангийн энэ орчмын газарт эрт цагт тэнгэрийн агуу хүчит луу залран бууж, уг лууны бие нь ийнхүү олон үзэсгэлэнт арал болоод тогтчихжээ. Халонг гэдэг нэр нь “Луу заларсан газар” гэсэн агуулгатай юм байна.
 
 
Бид Халонгт 2 хонохдоо эхний өдөр Халонг хот болон түүний ойр орчимтой танилцаад, 2 дахь өдөр нь багашаархан усан онгоцоор Халонг булангаар аялсан юм. Тэр өдөр цаг агаар үнэхээр сайхан байв. Тэнгэр цэв цэлмэг. Хэдийгээр нар шарах ч усан дундуур яваа болохоор үе үе салхи сэвэлзэн сэрүү татуулна.
 
 
Халонгийн булангаар аялуулдаг усан онгоцууд ихэнх нь гэр бүлийнх байдаг бололтой. Аав нь онгоцоо жолоодоод ээж нь ерөнхий зохион байгуулагч хийчихнэ. Хүүхэд багачууд, хүргэн бэрүүд нь хоол унд бусад үйлчилгээг хариуцчихна. Онгоц дээрээ шүр сувд, бэлэг дурсгалын зүйл бүхий жижигхэн худалдаатай. Бас л нэг далай түшсэн амьдрал.
 
 
 
Үдээс өмнөхөн боомтоос хөдлөсөн усан онгоц алгуурхан явсаар Сунг Сот (Sung Sot cave) агуйд ирэхэд үд голлож байна. Сунг Сот агуй бол энэ хавьдаа хамгийн том, үзэсгэлэнтэйд тооцогддог, асар том байгалийн тогтоц бүхий оромж юм. Дотогшоо ороход агуй гурван хэсэгтэй аж. Жуулчдад зориулаад гэрэлтүүлэг, шат бүхий зам тавьчихсан, тэр дагуу байгалийн өвөрмөгц тогтоцыг үзэж тойрч явсаар байгаад гараад ирнэ. Гэхдээ агуй дотор маш халуун, яг саунд орчихсон юм шиг хөлөрч байв. Гэхдээ аялах, шинэ сонин зүйлс үзэх хэзээд сайхан байдаг шүү дээ.
 
 
Ингээд агуйгаа үзэж гарч ирээд усан онгоц дээрээ далайн бүтээгдэхүүн голлосон үдийн хоолоо идэнгээ буцаад нөгөө олон үзэсгэлэнт арлуудынхаа дундуур явсаар боомтдоо ирэхэд 17.00 цаг болж байв.
 
Төгсгөл. Баярлалаа, анд нөхөд минь
 
Вьетнамын Социалист нам, Засгийн газрын дэргэдэх Вьетнамын мэдээллийн агентлаг(VNA) бол 2500 гаруй ажилтан албан хаагчтай, үүний 1200 гаруй нь сэтгүүлч, орчуулагч, редактор хийдэг, вьетнам хэлээс гадна англи, франц, испани, хятад зэрэг хэлээр мэдээллээ бэлтгэн цацдаг, дэлхийн 60 гаруй орныг хамарсан сурвалжлагчдаа 30-аад оронд суулгасан хүчирхэг байгууллага юм.
МОНЦАМЭ агентлаг 1960-аад оноос хойш тус агентлагтай хамтран ажиллаж буй бөгөөд өнгөрсөн жил манай хоёр агентлаг хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулсан билээ.
МОНЦАМЭ, VNA нь жил бүр 2 сэтгүүлчийг харилцан солилцож тус тусын оронд хүлээн авдаг юм. Энэ жил МОНЦАМЭ агентлагийг төлөлөн очсон биднийг VNA агентлагийн байранд орлогч захирал, ноён Ли Чуок Минь хүлээн авч уулзаж, орой нь агентлагийн Ерөнхий захирал, ноён Нгуен Дук Лой зоог барин халуун дотноор ярилцаж суусан юм.
 
 
Тэд хоёулаа Монгол Улсад зочилж байснаа дурсаж байв. Тухайлбал, ноён Нгуен Дук Лой 2011 онд Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага (OANA)-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлыг МОНЦАМЭ агентлаг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулахад ирж оролцож байжээ. Харин ноён Ли Чуок Минь 2016 онд АСЕМ-ийн мэдээллийн редакторуудын хуралд оролцож байсан юм байна.
 
 
Бид Вьетнамын мэдээллийн агентлагийн удирдлага, хамт олонд Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага (OANA)-ын гүйцэтгэх болон техникийн зөвлөлийн 2019 оны ээлжит хурлыг эх орондоо хүлээн авч зохион байгуулах болсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн үзэсгэлэнт сайхан вьетнам оронтой танилцах боломж олгосонд талархлаа илэрхийлсэн билээ. Анд нөхдийн сайхан харилцаа цаашид улам өргөжих нь дамжиггүй.
 
 
Вьетнам дахь сүүлчийн шөнө 1.00 цаг болж байхад бид Халонгт буусан зочид буудлаа хүлээлгэн өгөөд Ханой руу хөдлөв. Яг 2 цаг давхиад л Ханойн Ной Бай олон улсын нисэх буудалд ирж, бүртгэлээ хийлгээд хүлээлгийн танхим руу орлоо.
Вьетнам орны нэгэн хэсгийг бидэнд танилцуулж үйлчилсэн ноён Там, Чинь хоёр маань дараа дахин уулзахын ерөөл тавиад гараа даллан инээмсэглэсээр үдэв.
 
Ш.Батболд
Д.Сайнбаяр
Ханой-Халонг-Улаанбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг