sonin.mn
Хэрлэнгийн Хөдөө арал бол их түүхийн хоймор нутаг. XII-XIII  зууны үед Тэмүжин- Чингис хаан энд суурьшин нутаглаж Хамаг Монголыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулан, улсынхаа нэрийг даян дэлхийд мандуулсан түүхтэй. Эдгээр их түүхэн үйл явдалтай холбогдох мэдээ баримт, үйл явдал олон байдгийн нэг хэсгийг их хаадын хаан ширээнд заларсан түүх зайлшгүй эзэлнэ. Гуравдугаар жарны шарагчин тахиа жил Тэмүжин Хамаг Монголын хаан ширээнд  заларч Чингис хаан цол хүртсэн бол эзэн Чингисийн гуравдугаар хөвгүүн Өгөдэй 1229 онд Их Монгол Улсын хоёр дахь их хаан, мөн ач хөвгүүн Мөнх 1251 онд, Жүн ван Гамалийн хүү Есөн төмөр 1323 онд Хэрлэнгийн Хөдөө аралын Ауруг ордонд Их Монгол Улсын хаанаар тус тус өргөмжлөгдсөн түүхтэй. Үүний зэрэгцээ эзэн Чингисийг тэнгэрт хальсны дараа отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг хоёр жил эрхлэн явуулж байгаад 1229 онд ах Өгөдэйдээ шилжүүлэн өгсөн түүхтэй.
Эдгээрээс гадна "Мандухай сэцэн хатан эзэн Чингисийн ургаас хаан суулгах уламжлалыг тасалдуулахгүйн тулд 1470 онд Ауруг ордонд ирж, эзэн Чингисийн алтан ордны өмнө тангараг өргөн Батмөнхийг хаан ширээнд суулгаж, өөрөө хатан нь болохоо тангараглав" гэсэн байдаг. Мөн Боди алагхаан зүүн гурван түмнээ авч найман цагаан гэрт мөргөж хаан суув гэх мэтийн мэдээ түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Иймээс Хөдөө арал бол их хаадын елгий нутаг болох нь тодорхой билээ. Эдгээр хаадын дотроос Их эзэн Чингис хаан, түүний хүү Өгөдэй хаан нарыг он цагийн хувиар онцгойлон авч үзэх нь зүйтэй гэж бодож энэхүү сэдвийг хөндөн бичлээ.
Тэмүжинийг "Хөх нуур"-т нутаглаж ахуйд Алтан, Хучар, Сача бэхи нарын нөлөө бүхий ноёдын санаачлагаар Онц их хуралдаан хийж, хаанд өргөмжлөх асуудлыг хэлэлцэж тогтсон гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэмүжинийг хаанд өргөмжлөх ёслолыг нутаглаж байсан газрынх нь хамгийн өндөр оргил болох /Хөх нуураас 20 гаруйхан км-ийн зайнд байгда/ Дэлгэрхаан хайрхны оройд хийж Чингис хаан цол олгож, андгай тангараг өргөн, сур харваж, морь уралдуулан наадам хийсэн гэдэг. Тэмүжинийг хаан суусан насыг билэгдэж Дэлгэрхаан хайрхны оройд 27 овоо босгосон нь өнөөг хүртэл түүхийн гэрч болон сүндэрлэсээр байдаг. "Хаан суусан он цагийг гуравдугаар жарны шарагчин тахиа жилийн зуны эхэн сарын 18-ны цагаан могой өдөр буюу аргын тооллоор 1189 оны тавдугаар сарын 5-ны өдөр байсан" гэж түүхчид тэмдэглэжээ. Монголын түүхийн сурвалж бичиг "Шар тууж", "Эрдэнийн товч", "Эрдэнийн эрих", "Лу Алтан товч" зэрэг 10 гаруй судар бичигт Тэмүжинийг Хөдөө аралд хаан суусныг тэмдэглэсэн байдаг бол Өвөр Монголын лам Жамбадоржийн 1849 онд бичсэн "Болор толь"" номонд "Хэрлэн хэмээх их мөрний Хөдөө уудам дэлхийн Дэлгэрхаан нэрт газраас  их хаан болгон өргөмжилж суулгавай" гэж хаан суусан газрын нэрийг хүртэл тов тодорхой бичсэн байдаг.
Их Монгол Улсын хоёрдахь их хаанаар Өгөдэйг билгийн тооллоор 1229 оны наймдугаар сарын 22- ны өдөр Хөдөө аралд хаан ширээнд суулгасан гэж түүхэнд бичжээ. Өгөдэй хаан эцгийнхээ гэрээслэлийг ёсчлон биелүүлэхээ амлаж "Эцэг их хаан Чингисийн байгуулсан улсыг бүү зовооё, хөлийг нь хөсер. гарыг нь газар тавиулж жаргуулъя. Хаан эзний бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоцгооё" гэж тангарагласан байдаг. Өгөдэйн хаан суусан 13 жилд Их Монгол Улс дэг, журам, хүч, хөгжилтэй, нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн, ёстой улс шиг улс байжээ гээд энэ бол Өгөдэй хааны түүхэн тэмдэглэжээ.
Эдгээр түүхэн баримтуудаас үзэхэд эзэн Чингисийн хаан ширээнд заларсны 830 жилийн ой, Өгөдэйхааны Их Монгол Улсын хоёр дахь их хаанаар өргөмжлөгдсөний 790 жилийн ой ирэх 2019 онд давхцан тохиох гэж байна.
Иймээс хоёр их хааны хаан суудалд заларсаны ойг төр, засгийн хэмжээнд ёс төртэйгөөр тэмдэглэх нь зүйтэй болов уу гэдэг саналыг миний бие энэхүү өгүүллээр дамжуулан төр засгийн удирдлагуудад дэвшүүлэн тавьж байна. Тэгэхдээ Хөдөө аралд урд нь тэмдэглэж байсан зарим нэгэн ой шиг түүхэнд үлдээсэн зүйлгүй, ор нэр болгосон наадам төдийгөөр бүү өнгөрүүлээсэй гэсэн сэтгэгдлээ дурдаад дараах хэдэн саналыг дэвшүүлэн тавьж байгааг болгоон соёрхохыг хичээнгүйлэн хүсье.
1. Их Монгол Улсын анхны нийслэл оршиж, "Монголын нууц товчоо"-г туурвисан нутаг  болохын хувьд Хэрлэнгийн Хөдөө аралын түүхт нутгийг олон улсын оюуны өвд бүртгүүлж, төрийн хамгаалалтад авах.
2. Их Монгол Улсын анхны гал голомтын нутаг болсон Хэрлэний Хөдөө аралын түүхт нутгийн болон Их эзэн Чингис хааны улс эх орныхоо төлөө байгуулсан гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өсвөрийн залуу үе, нийт ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг өргөнөөр зохион байгуулах хэрэгтэй болов уу.
3. Их эзэн Чингис болон Өгөдэйн хаан ширээнд заларсан газар болон нутаглан амьдарч байсан уул, усанд нь хөшөө дурсгал босгож таних тэмдэг тавьж сурталчлах болон зохих хамгаалалтад авах.
4. Монгол Улсын анхны гап голомтын нутаг болохын хувьд Их хаадын цогцолбор буюу "Монголын нууц товчоо"-ны ёслол хүндэтгэлийн ордон байгуулж, улсын ба их хаадын түүх, билиг сургаалыг сурталчлан таниулж, түүх уламжлалаа сэргээн дээдлэх хөдөөгийн төв болгон ашиглах зэрэг саналыг тавьж байна.
 
Хөдөө аралын уугуул иргэн, ахмад настан Ю.ПҮРЭВ