sonin.mn
Известия сонины тусгай баг Туркмен Улсад ажиллаж, энэ улс сүйрэн нурж байна гэсэн дүгнэлт хийжээ. Багийн гишүүдийн нийтлэлээрээ гаргаж тавьсан зарим дүгнэлт манай эдийн засаг, улс төрийн орчинд ч ажиглагдаж буйг бид анхаарууштай.
 
Туркмен Улс Социалист хамтын хүрээллийн орнууд дотроо баян орны нэг байлаа.  Өнөөдөр дэлгүүр, хоршоо нь  хоосорч, хөдөөнөөс нийслэл рүү хоол хүнс хайсан хүмүүсийг тээсэн галт тэрэг хөвөрнө.
 
1970-аад оны хүнсний барааны хомсдлын үеийн ЗХУ-ын байдалтай өнөөдрийн Туркмен ижил болжээ. Энэ улс байгалийн хийн баялгаараа дэлхийд айргийн тавд багтдаг атал ард иргэд нь эх орноосоо дүрвэж, улс оронд нь ажилгүйдэл, бэлэн мөнгөний хомсдол нүүрлэжээ.  
 
Хатуу хяналт, шалгалт, нэг хүний дарангуй засаглал нь энэ улсыг Хойд Солонгосын адил дэлхийн хамгийн хаалттай улсын нэг болгожээ.Энд цалин төдий л өндөр биш, гурав, дөрвөн жилийн өмнөөс Засгийн газар бензин, цахилгаан, хий, ус, давсыг улсаас үнэгүй өгөх болжээ.Энэ намраас улс орны байдал огцом муудсан учир Ерөнхийлөгч Гурбангул Берды Мухаммед дээрх халамжийг хасч орхив. Засгийн газар ихээхэн хүч хаяж байж мөнгөний ханшаа арай гэж тогтоодог ч хар зах дээр туркмен манат асар хүчтэй савладаг. Тухайлбал, энэ оны эхээр 1 ам.доллар 9.8-10 манат байсан бол өнөөдөр 18-19 болж ханш нь унав. Үүнээс илүүтэй бараа, бүтээгдэхүүний хомсдол ард олныг нь дайраад байна. Туркменд улсын дэлгүүрүүд бараагаа нэг үнээр зардаг. Өнөөдөр лангуу нь хоосорсон дэлгүүрүүдийн үүдэнд ард иргэд хар үүрээр дугаарлан зогсож байна. Туркмены “Эрх чөлөө” радио станц Дашогуз хотод болсон 600-700 хүн оролцсон цуглаан дээр хүмүүс “гурил!!!!! гурил!!!!! гамбир!!!!! боорцог!!!!! Үүнээс цааш тэсэхгүй нь гэж хашгиралдаж буй бичлэгийг цацаж байна. Сурвалжлагчид нэгэн иргэн “Би өглөө 4-т ирсэн. Нэг хүнд 3 ширхэг хар талх өгч байна. Гурилын бараа ч алга. Хүнсэнд дугаарлан зогсож буй хүмүүс хэрэлдэж, зодоон үүсэх нь байнгад шахам болоод байна. Мужуудад талхыг паспортынх харъяаллыг шалгаж өгч байгаа ба гурил авах бол сарын өмнөөс бүртгүүлэх ёстой болжээ. Хувийн дэлгүүрүүдэд бараа, бүтээгдэхүүнийг ямар нэгэн хориг саадгүй зарж байгаа ч үнэ нь тэнгэрт хаджээ. Казахстанаас оруулж ирсэн 1 кг гурил  (ойлгомжтойг бодож, туркмен манатыг төгрөгт шилжүүлэн бодов) 3 сард 980-6300 төгрөг болж өсчээ. 2 килийн савлагаатай орос гурил 10 дугаар сарын байдлаар 30744 төгрөг болжээ. 
 
1 кг үхрийн мах хувийн дэлгүүрүүдэд 28700, чанамал хиам 27900, тахианы мөч 15800 хүрч байна. Гэхдээ хүмүүст 2 кг-аас илүү өгөхгүй байна. Тамхичид баларч дуусч байна. Улсын дэлгүүрүүдэд тамхи тасраад 2 сар болжээ. Хувийн дэлгүүрүүдэд хамгийн хямд тамхи 2800 төгрөг болжээ. 
Удахгүй бензин үнэд орно гээд Ашхабадын иргэд бензин ихээр авч нөөцөлж байна. Хүмүүс ШТС-ууд дээр өдөр шөнөгүй дугаарлаж, 2-3 цаг хүлээж байж бензин авч байна. 10 дугаар сарын 1-нээс шуудангийн үйлчилгээний хөлс 60 хувиар өсчээ. Туркмен Улс банкны картын систем ашиглах болсноор (Туркмен Улс өмнө нь ЗХУ-ын адил өндөр настнуудын тэтгэврийг шуудангаар өгдөг байсан) өндөр настнууд тэтгэврээ авч чадахаа байжээ. 
Орон нутагт байдал бүр ч хүнд байна. Хот хоорондын замуудад цагдаагийн эргүүл автомашинуудыг зогсоон нэгжиж, дэлгүүрийн бараа тээж явсан бол торгууль төлөхийг шаардаж байна. Мары хотын оршин суугч намайг замд 2 удаа зогсоосон. Эхний удаад торгуулиад өнгөрсөн, 2 дахь удаад нь надад өгөх мөнгө байхгүй байсан учир авч явсан 2 хайрцаг ургамлын тосоо хураалгаж байж саллаа гэж сурвалжлагчид ярьжээ. 
Туркмен албан ёсоор ажилгүй иргэдээ бүртгэдэггүй ч ажилгүйдэл нэгэнт 60 хувьд хүрчээ. Улсын данс улайсан шалтгаан нь эрх баригчид асар том, үргүй төсөл хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. 2016 онд Ашхабад хотод 2.3 тэрбум ам.долларын өртөгтэй, бүргэд хэлбэртэй онгоцны буудал барьжээ. 2017 онд зохион байгуулсан Азийн тоглолт 5 тэрбум ам.доллар залгижээ. Өнгөрсөн 5 сард Туркменбаши хотод 1.5 тэрбум ам.долларын өртгөөр баригдсан усан онгоцны боомт нээлтээ хийжээ. Хар далайн эрэг дээрх Авазын амралтын цогцолборт багагүй хөрөнгө заржээ.Энэ амралтын газарт нь туркменууд өөрсдөө амаръя гэхээр тоолдог хэд нь хүрдэггүй, гадаадын жуулчид визийн хатуу дэглэмээс болоод ирж чаддагүйгээс хов хоосон байдаг байна. Туркмен байгалийн хийгээр асар баялаг хэдий ч Ашхабад гол худалдан авагчидтайгаа хэл амаа ололцдоггүй. Орос, Иранаас бензин, шатах тослох материал авдаг байсан нь өнгөрч одоо зөвхөн Хятадтай л наймаа хийх болжээ. Гэвч Бээжинтэй наймаалцах нь тийм ч хялбар бус байна. 
Туркмены өнөөгийн байдал Венесуэлийн эдийн засгийн сүйрлийг санагдуулж байна. Ашигт малтмалын баялаг нөөцтэй ч бараа, бүтээгдэхүүний хомсдол нүүрлэсэн, олон нийтийг хамарсан үймээн тогтмол гарч буй, инфляци хүчрэгдэхээ байсан, ард иргэд нь нөхцөл байдлыг “эх орноосоо зугтаах”  аргаар өөрчлөхөөр чармайж буй зэрэг.Энэ улсын тогтворгүй байдал нь Афганистан,  Ойрхи Дорнодын хэт даврагсдад  хүрээгээ тэлэх боломж олгож магадгүй юм. Тэр цагт Аугаа их Ерөнхийлөгчид ихээхэн хүнд байх болно.
 
Нийтлэлч. ОХУ-ын Известия сонины сурвалжлагч Игор Кармазин
Зургийг Риа Новости Агентлагын гэрэл зурагчин Рамиль Ситдиков.
2018.10.28
 
Орчуулсан. Г.Чойжилсүрэн