sonin.mn
Х.Чойбалсан эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон гавьяатай. Хойд хөршид багаасаа сурсан тэр дараа нь харийн ноёлогчдын утсан хүүхэлдэй болж, үг бүрийг нь хичээгүйлэн биелүүлээд зогсолгүй, тэдний хэлмэгдүүлэлтийг өөрийн хувийн өш хонзон, атаа жөтөөнд ашиглах гэж чармайн ажилласан нүгэл буйг бүх түүх судлал нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Хэзээ нэгтээ хамгийн өчүүхэн байдлаар ч дургүйг нь хүргэж асан бүх хүнийг тэр хороолгох буюу хориулжээ. 
Нэг хүнийг тахин шүтэх үзлийг дуртайяа дэлгэрүүлж, тэр нь одоо ч юм уншдаггүй боддоггүй хүмүүсийн дунд амь бөхтэй оршиж, сөрөг нөлөө үзүүлж байна. Эх оронч, баатруудаа хүндэтгэхгүй танихгүй, харийн цуурайнуудыг шүтэж, тэдний үйлс эх орончид, баатруудынхаас эрхэм мэт ойлголт энэ нийгэмд байсаар.
 
Х.Чойбалсан хувийн зугаа цэнгэлийг ч үлэмж хөөцөлдөж явав. Харин үндэсний үзэл түүнд байсан янзтай юм. Монголын Тагна Урианхай аймгийг ЗХУ тоглоомын улс болгосон, өөртөө хавсарган нэгтгэх зорилгоор эзэгнэж байсантай эвлэрдэггүй байжээ. Үүний гол буруутан нь Салчиг Тогоо хэмээн Х.Чойбалсан түүнийг дарамталдаг байсан нь Тува ЗХУ-д хууль бусаар нэгдэхийг түргэсгэж орхисон ч гэдэг.
 
Нэгдэх асуудлыг Тувагийн АИХ шийдэх ёстой атал, УБХ хагас дутуу хуралдаан, гарын үсэгтэйгээр шийдэж орхисон нь хууль бус болсон юм.
ЗХУ Туваг хавсарган нэгтгэхдээ Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэнэ гэж Чойбалсанг тайтгаруулж байв. Мэхлэгдсэнээ мэдсэн Чойбалсан янз бүрийн юм ярьж дургүйцэх болсон тул түүнийг эмчлэх нэрийн дор Москвад аваачиж аажим доройтуулан хорлосон бололтой. Хамгийн их зүтгэсэн монгол хүндээ зөвлөлт засаг ингэж талархжээ.
Манай Амар, Гэндэн, Чойбалсан, Цэдэнбал зэрэг төрийн тэргүүнийг хойд хөрш улсдаа аваачин, амь насыг нь егүүтгэж байлаа. ЗХУ Монгол улсад хэлмэгдүүлэн хорлосон нь ч цөөнгүй. Монголын удирдагчдын эрлэг нь ЗХУ байлаа.
 
Ч.Мөнхбаяр