sonin.mn
“Бидний цөөхөн монголчууд” төслийн зохицуулагч Д.Өнөрболортой ярилцлаа.
 
-Таныг хүмүүс “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч гэдгээр нь эчнээ мэддэг. Харин Та өөрийгөө “Бидний цөөхөн монголчууд” төслийн зохицуулагч гэж танилцуулж байна. Ингэхэд яагаад, хэдийнээс “Бидний цөөхөн монголчууд” төсөлтэй хамтарч эхэлсэн юм бэ?
 
-Сүүлийн үед ямар олон хүн надад энэ асуултыг тавьсан гэж санана. Та бид хоёрын яриа энэ асуултаар эхэлж байгаад гайхах зүйл алга (инээв). 
“Бидний цөөхөн монголчууд” төсөл албан ёсоор ажил хэргээ эхэлсний хоёр жилийн ой ирэх жилийн гуравдугаар сард болох гэж байна. 
Миний хувьд төслийн санаачлагч М.Зоригт ахтай аль 20 жилийн өмнө танилцаж,  нөхөрлөсөн “хуурай” дүү нь.
 
10 жилийн хугацаанд 10 сая монголчуудтайгаа очиж уулзах, энэ цагийн түүхийг магадгүй хэдэн зуун жилийн дараах иргэдэд зориулан бичиж үлдээнэ гэдэг маш том амбийц
 
 
Зоригоо ах хоёр жилийн өмнө уулзаад хэлдэг юм. Монгол орон даяар, дэлхийн өнцөг буланд аялж, энэ цагийн монголчуудын түүхийг ямар ч нэмэр хачир, өнгө будаггүй, яг байгаагаар нь дуу, дүрсний өндөр чанартай архивлан үлдээх санаа байна гэж. Надад шууд л таалагдсан. Их гэгээлэг, гоё төсөл харагдсан. Тэгээд энэ санааг ажил хэрэг болгох, үндэсний хэмжээний төсөл болтол нь хөгжүүлэх төлөвлөгөөн дээр санаа оноо нэмэрлэн хамтарч эхэлсэн. Ганц би биш л дээ, Зоригоо ах өөрөө олонтойгоо, талын чинээ хүн шүү дээ. “Бидний цөөхөн монголчууд” маань олон хүн, олон ч байгууллагын дэмжлэг, тусламж хүлээсэн төсөл болон өргөжиж байна. Япон дахь монголчууд дээрээ хүртэл очсон. 2019 онд Солонгосын монголчууд төлөвлөгөөнд орсон. Хаалга нь цоожгүй айл гэдэг шиг хамтарч ажиллах, нэгдэж нийлэх, өөрийгөө сорих хүн бүрт нээлттэй тул хэн ч гэсэн нэгдээд, юу чаддаг мэддэгээрээ туслаад дэмжээд явахад бүрэн боломжтой юм шүү. 
 
Анх би “Бидний цөөхөн монголчууд” төслийн төв дэх зохицуулагчаар ажиллаж байлаа. Гэхдээ одоогийнх шиг хөдөөгүүр хамт яваад, яриа ярилцлага хөтлөх хэмжээнд оролцоно гэж тухайн үедээ бол бодоогүй. Зав зай маруухан. Ингээд өнгөрсөн хавраас “Бидний цөөхөн монголчууд” миний төрж өссөн Сэлэнгэ аймагт буухиалахад би гар бие оролцож ажиллалаа. Одоогийн байдлаар Сэлэнгийн 11 суманд очиж, 500 гаруй хүнтэй уулзаж, ярилцаад ирлээ. Сэлэнгэ аймаг дахь ажлаа түр завсарлуулсан. Цагаан сарын дараа үлдсэн сумд болон аймгийн төвөө дуусгахаар төлөвлөсөн байгаа. Дутуу үлдээснээс гэвэл ирэх онд Сэлэнгээс гадна мөн Ховдын зарим суманд очиж зураг авах төлөвлөгөө бий.
 
Дашрамд хэлэхэд, 10 жилийн хугацаанд 10 сая монголынхоо төлөөлөлтэй амьдран суугаа газарт нь очиж уулзах, энэ цагийн түүхийг энэ цагт дэлхий дээр бүтээгдсэн дуу дүрсний хамгийн шилдэг техник, технологиор 50, 60, бүр магадгүй хэдэн зуун жилийн дараах иргэдэд зориулан бичиж үлдээнэ гэдэг өөрөө маш том амбийц, монгол хүн бүрийн сэтгэлийг  догдлуулсан үйл явц шүү дээ. Тиймээс би энэхүү түүхэн үйл явцад гар бие оролцсоноороо хувь хүнийхээ хувьд бахархдаг. 
 
 
 
-“Бидний цөөхөн монголчууд” бол Таны эрхэлдэг бизнесээс тэс өөр чиглэлийн төсөл учраас зохион байгуулах, дотор нь орж ажиллахад бэрхшээл гардаг уу?
 
-“Бидний цөөхөн монголчууд” төслийн багт мэргэшээгүй, эсвэл хийж байгаа ажилдаа дургүй хүн байдаггүй учраас энэ нь надад маш амар байдаг. Гэхдээ ажлын явцад би шинэ хамт олноо уран бүтээлчдийн баг, өвөрмөц дотоод ертөнцүүд гэдгийг хатуу ойлгох хэрэг гарсан. Зураглаач, гэрэл зурагчин, сэтгүүлч хүн гэдэг чинь сонирхсон зүйлээ олохоороо хэчнээн цаг хугацаа өнгөрч байгааг үл тоон ажилладаг, өөрийнхөө өнцөг, хэв маягийг бүтээлдээ шингээхийн төлөө эрсдэл гаргахаас айдаггүй, дахин давтагдашгүй онцгой уран бүтээлийг эрэн хайгчид, тэмүүлэгчид байдаг.
 
Нэг хүний хөргийг, эсвэл нэг байгалийн үзэгдлийг, нэг л түүхэн замналыг 15 хүн өөрөөр харж, хэрхэн илэрхийлэхээ 15 янз сэтгэж байгааг би маш сайн мэдрэх, тэдэнд дүйж ажиллах ёстой болсон. Үүнийг бэрхшээл гэхээсээ надад тулгарсан сорилт гэвэл онох болов уу.
Харин Таны асуусан бэрхшээл гэвэл, би хүүхдүүдээ, хүүхдүүд маань ээжийгээ их санах юм. 70 гаруй хоног гэр бүлээсээ хол байна гэдэг чинь бас овоо юм байна. Бага охины маань гомдол одоо хүртэл тасрахгүй байгаа гэхээр бид хэд “хэцүүдсэн” байгаа биз(инээв).
 
-Та өөрөө хэр сэтгүүлч болж байна вэ?
 
-Өө, юун сэтгүүлч болох вэ. Энэ төслөөс сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг ямар нарийн ширийн, бас хүнд хэцүү ажил болохыг ойлгосон. Хүнээс олон талын мэдлэг, мэдрэмж, авьяас шаардах юм. Би ярилцаж байгаа хүндээ аль болох өөрийгөө мэргэжлийн сэтгүүлч биш гэдгээ, энэ ярилцлага, нэвтрүүлэг маань өөрөө уран сайхны жанр биш, баримтат түүх болж үлдэх зүйл гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Өөртэй нь яг адилхан камераас болж сандарч тэвддэг, үүнээсээ болж хэлэх гэсэн санаагаа мартдаг, тиймээс хоёулаа элдэв тавилтгүй, үнэнээрээ, яг л байгаагаараа л байхаас өөр замгүй гэдгээ хэлчихдэг. Тэгэхээр нөгөө хүн маань надтай улам ойртоод, тайвшраад ирэх юм билээ (инээв).
 
Асуулт тавих тал дээр бол би хэрэгт дуртай талдаа. Гэхдээ сэтгүүлчдийг арай гүйцэхгүй байх аа. Надад настай хүмүүсийн бага нас, төлөвшил, уналт босолт, ажил амьдралын туршлага, хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл маш сонирхолтой санагддаг. Даанч олон хүнтэй ярилцдаг учраас хүн болгонтой хэдэн цагаар уулзах боломж гардаггүй. 
 
-Дараагийн аймаг Дорнод гэж зарласан байна лээ?
 
 
-Сэлэнгэ аймагт нийтдээ 70 гаруй хоног ажиллахдаа өнгөрсөн хаврын тариалалтын үеэрх сэлэнгэчүүдийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, тэгээд энэ намрын ургац хураалт, тариаланчдын ажлын үр шим гээд ард түмний ахуй байдал, байгалийн өнгө дөрвөн улиралд хэрхэн хувирч үзэмжээ гайхуулдгийг бүрэн зураглахыг хичээсэн. Одоо өвөл цаг, өвлөөс урь орж эхлэх үеийн зураг авалтууд үлдлээ. Сэлэнгийн гоёмсог өвөл, ажилсаг хөдөлмөрчөөрөө Монголдоо зартай ард түмнийх нь эрхэлдэг олон төрлийн аж ахуйн өвөрмөц онцлогуудыг гүйцэд харуулж хараахан амжаагүй учраас түр завсарласан. 
 
2018 оны төлөвлөгөө ёсоор 11, 12 дугаар сард Дорнод аймагт ажиллах ёстой. Багийн бэлтгэл хангагдсан, өнөө, маргаашгүй замд гарна. 
Дорнод аймагт энэ өвлийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ ирсэн. Дорнодын ард иргэд, малчид маань өвлийн бэрхийг хэрхэн даван туулж, аж төрж буй хийгээд бас ёс заншил, уламжлалт түүх соёлоо хадгалан авч үлдсэнтэй нь удахгүй манай төслийн баг танилцах нь. Хараа үл гүйцэм цэлгэр тал нутгийн өвөл биднийг хүлээж байна даа. Дорнодоос маш олон захидал, мессеж ирж байна. Хурдан ирээч, энд ийм сонин байна, тэнд тэглээ, Баян-Уул сумын нэгэн малчныд бамбарууш өвөлжихөөр болсон шүү гээд л.
 
Ард түмний ахуй байдал, байгалийн өнгө дөрвөн улиралд хэрхэн хувирч үзэмжээ гайхуулдгийг бүрэн зураглахыг хичээсэн
 
 
Зоригоо ахын маань ээж Дорнодын Матад сумын уугуул. Манай төсөлд дотооддоо баримталдаг зарчим, дагаж мөрддөг нэг сайхан заншил бий л дээ. Юу гэвэл, бид хэн нэгнийхээ төрсөн сум суурин, эсвэл ээж, аавынх нь нутагт ажиллахдаа төслийнхөө удирдагчаар тухайн хүнийг сонгож, аль болох заавраар нь хөдөлдөг. Тэгэхээр Матадад л гэхэд Зоригоо ах илүү санаачилгатай ажиллах байх. Зоригоо ах “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч боловч төслийн удирдлагыг өөр залуу хэрэгжүүлээд, өөрөө бол зурагчин, лайвчин, жолоочоо хийгээд л явж байхдаа жаргалтай харагддаг юм. 
 
-Зоригоо ахтайгаа санал зөрөх үе гарч байна уу?
 
-За бас ганц нэг гарах л юм. Намайг “Чи зөрүүд, аль аюултай, эрсдэлтэй юм руу зүтгэдэг хүн юм аа” гэж байна лээ. Санасандаа хүрчихээд дараа нь инээлдээд, хэцүү зүйл ард хоцорсны дараах кайфаа хуваалцаад суух чинь жаргал шүү дээ, тийм ээ.
 
-Та энэ удаагийн аяллаас мартагдахааргүй ямар дурсамжтай үлдэв?
 
-Олон доо. Мандалаас 100 км-ын зайтай хэр нь бартаат замаар нэлээд олон цаг давхиж хүрдэг Хонин нуга гэж байгалийн үзэсгэлэнт газарт бид очсон юм. Ёстой л гэрэл зурагчид, киноныхны диваажин. Оройн хэрд нэгэн отогт хүрч буудаллачихаад өглөө сэртэл эрчүүд маань камеруудаа ачаалж байна. Би шууд л унтлагын хувцастай чигээрээ гадуураа курткаа өмсөж, гутал угласан болоод 31-ийнх нь кабинд ороод суучихсан. Бас ойр зуурын юмтай үүргэвчээ авч амжсан гэж байгаа. Зоригоо ах гадаа ирээд зогсчихсон намайг буу л гэнэ, үлд л гэнэ. Зургийн баг 31-ээр өргөн гол гаталж, хүний хөл хүрээгүй газарт очиж ажиллах гэж байхгүй юу. Би тэр болтол явчихаад хамгийн сайхан юмнаас нь хоцрох арай л харамсалтай биз дээ. Гараа кармандаа хийтэл нүдний тень, уруул өнгөлөгч таарахаар нь гаргаж ирээд будчихлаа. Зоригоо ахын анхааруулга сэрэмжлүүлгийг тоохгүй, шийдсэн царайлж байгаа нь тэр. Машин хөдлөн хөдөлтөл Зоригоо ах намайг болих байх гэсэн найдлагатайгаар ятгасаар л байсан. Тэгээд явлаа, ганц цаг ч хүрэхээргүй явсны дараа ёстой л дуу алдам онгон зэрлэг, тансаг гоё байгальд очив.
Манайхан нар шингэхээс өмнө отог руугаа хөдөлсөн юм. Буцах замдаа гол гаталж байтал тэхий голд нь 31 маань унтарчихдаг юм. Кабинд юу юугүй ус нэвчин дээшилсээр суудалд тулаад ирсэн. Жолооч машиныхаа хамрыг нээх гээд цонхоороо гараад явчихлаа. Тэгэхээр нь би бас өөрийнхөө талын цонхоор гадагшилж тэвш рүү авиртал манайхны царай нэг хачин. Үхтлээ айчихсан ч юм шиг инээдтэй харагдаж билээ. Тэгээд намайг тэднийг шоолж инээсний дараа л тайвширсан уу, яасан энгийн царайндаа шилжсэн шдээ. Одоо болохоор камертаа зовсондоо л тийм царай гаргасан гэж тайлбарлацгаах л юм билээ (инээв). Би машин унтарсны дараа гар утсаараа бичлэг хийсэн юм. Дараа нь тэр видеогоо үзтэл би тэр өглөө зөрүүдэлж байхдаа үдэшлэгт явах гэж байгаа аятай айхтар тод будаж амжсанаа анзаарч бас бөөн инээдэм болсон доо.  
 
-Томоохон компанийн захирал хатагтай тухтай оффис, тохилог орон гэрээ орхиод 70 гаруй хоног хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн хөдөө ажиллаж чадлаа гэхэд итгэхэд хэцүү санагдсан? 
 
-Есдүгээр сарын цас, цөөн хэд хоногийн хүйтнийг эс тооцвол аравдугаар сар дуустал харьцангуй налгар намар байлаа. Хээр хонох сайхан шүү дээ. Голын чимээ, өвс ногооны үнэр, сумын төвийн гэрэл тээр тэнд сүүмэлзэх, хаа нэг адуу тургилах гэдэг чинь дээрээ таван сая одтой буудлын тансаглал. Өглөө босоод хяруун дээгүүр хөл нүцгэн алхаж голд очоод хага ташсан усаар нүүр гараа угаана гээд бод доо. Хүмүүс намайг голын усанд есдүгээр сард ороход гайхаад байсан. Харин би тэр хүмүүсийг гайхсанд нь их гайхлаа. Ажлын ачаалал, хотын бухимдлаа ор мөргүй алга болгочихоод л ирлээ дээ.  
 
Хүмүүсийг хот, хөдөөгийн гэж хоёр ангилдаг. Би хөдөөгийн охин. Хөдөөгийнхнийг дотор нь бас хоёр ангилдаг юм шдээ. Аав ээжийн хүүхэд, өвөө эмээгийн хүүхэд гэж. Тэгвэл би өтөл настай эмээ, өвөөдөө ойр өссөн хүүхэд байхгүй юу. Тэд минь наддаа хайраа, ухаанаа, тэвчээр хатуужлаа гээд хамаг сайхан бүхнээ харамгүй өгөөд явсан байхад аль юмнаас атгын чинээ болох гэж. 
 
Би бас өөрийнхөө өрөөсөн дугуйтай ханилчихсан, бүр амар. Манайх хөдөө гарахгүй сар болбол хотын чигжүү хэмнэлд бүтэж үхчих гээд байдаг айл. Нөхөр бид хоёр майхан сав, хоол хүнсээ ачаалаад, гурван хүүхдээ ардаа суулгаж аваад л хотоос гарчихдаг. Зундаа бол амралтын өдрүүдийг алгасахгүй л голын эрэг сахиад зусдаг гэхэд хилсдэхгүй. Нэг онигоо ярьж өгье. Манай найзуудын дотор хөдөө гарахаараа тохилог гэгчийн амралтын газарт очиж унтдаг нэг гэр бүл байна аа. Нэг удаа бид хоёр хөдөө гарч хээр унтъя гэж ятгасаар дагуулж явлаа. Тэгээд давхисаар хөлөөс зайдуухан хоноглох болдог юм. Тэгсэн нөгөө хоёр маань эзгүй хээр айгаад байна гээд ойрмогхон сумын төвийн захад айлын гадаа, хонь малынх нь дунд шахам майхнаа бариад хоносон байгаа юм даа.
 
-Би бүр Таныг өөрийнхөө ресторанаас хоол ундаа зөөлгөдөг ч байж магад гэж тааж байлаа шдээ?
 
-Арай л амьдралаас тасархай юу(инээв). Хотоос гарахдаа нэг их сүрхий хэрэг болгож заавал авч явдаг хэрнээ буцаагаад бүтнээр нь аваад ирдэг нэг л зүйл байна. Тэр нь кофе. Харин манай Зоригоо ах өглөө босуутаа л кофегоо чанаж, хотын соёлыг тээж явна шүү дээ.
 
-Хүмүүс ямар нэг ажил, төсөл, шинэ зүйлээс сургамж, олз авдаг бол Таны хувьд “Бидний цөөхөн монголчууд” юу өгч байна вэ?
 
-Энэ төслөөс өмнө би ямар ч олон төсөл санаачилж, бичиж, хэрэгжүүлсэн юм. Бодлоготой юутай хийтэй нь хийж амжуулсан хэрнээ би өөрийнхөө доторх Би-г одоо л, “Бидний цөөхөн монголчууд” төслөөр л бүрэн олж байх шиг ээ. Өөрийн минь дотор байсаар байсан ч би өөрөө анхаарч тордоогүй, харамсалтай нь орхиж мартсан олон чанарыг, олон талыг нөхөн нээсэн гэж хэлж болох байх. Хот, хөдөөгийн цаг хугацаа гэж асар ялгаатай хэмнэл байна аа.
 
Миний хамгийн их хайрлан дээдэлдэг хүн чанар, ёс суртахуун гэгч эрхэм нандин зүйлс хөдөө нутагт дэндүү элбэг юм
 
 
Хотод бол бизнес хийж байгаа хүн галзуу хулгана болчихдог юм байна. Маш хурдан хэмнэлээр ажиллахыг өөрөөсөө шаардаж, 20 гаруй жилийн турш нэг төслөөс нөгөө төсөл, нэг өрсөлдөөнөөс нөгөө өрсөлдөөн, нэг уулзалтаас нөгөө уулзалт гэсэн шаргуу хэмнэлд амьдарсандаа би өөрөө ч дасчихаж. Амьдралыг тогтож харах, нөхцөл байдлыг тогтож ойлгох, хүнтэй тогтож ярих, ажиглах, эргэцүүлэх, өөрөөр сэтгэх цаг хугацаа ингэж нэг олдтол дотор нь намайг нээсэн, сорьсон, дурсамж сэргээсэн томоос том, бас маш нандин олз байлаа. 
 
Бас миний хамгийн их хайрлан дээдэлдэг хүн чанар, ёс суртахуун гэгч эрхэм нандин зүйлс хөдөө нутагт дэндүү элбэг юм. Үнэнч шударга, ажилч хичээнгүй, элдэв баггүй, жүжиг тавилтгүй, эгэл боргил хүмүүсийн дунд байх боломж хөдөөд л байх шиг. Сэлэнгийн сум болгонд уулзсан ахмадуудын түүхээс сонсоход хөрвөх чанар гэдэг зүйл монгол хүний гойд ур чадвар юм шиг. Атрын аян монгол эмэгтэй гэж чухам хэн болохыг тунхаглаж өгсөн юм билээ. Сангийн аж ахуйн үед ажиллаж амьдарч байсан бүсгүй хүн гэдэг талбайд гарахаараа комбайнч, хашаандаа ирэхээрээ механикч, гал тогоонд тогооч, мал дээр гарахаараа саальчин, сампин баривал нягтлан гээд чадахгүй, мэдэхгүй юмгүй байж. Бид энэ чанараа гээлгүй хадгалж үлдмээр санагдсан. 
 
-Та бол бүтээн байгуулалтын салбарын хүн. Мэдээж хөдөөгийн амьдралыг бизнесийн нүдээр харах, “Бидний цөөхөн монголчууд”  төслийн ажилтны нүдээр харах хоёр адилгүй байх, тийм үү?
 
-Төсөл маань энэ агийг эгэл буйгаар нь бичиж байгаа. Гэтэл бизнес эрхлэгч хүн бодит байдлыг харахдаа өнөөдрийнхөөс илүү сайн нөхцөлд хүрэх боломж,  арга замуудыг тооцохыг хичээнэ. Миний бодлоор Сэлэнгэ аймагт хөгжлийн бүх боломж бүрэн бий. Олон голын сав дахь үржил шимтэй хөрс,  байгалийн тогтоц, цаг уурын харьцангуй таатай нөхцөл, зах зээл, дэд бүтэц, хамгийн гол нь атрын гурван аяны үр дүнд бий болсон туршлага, аж ахуйн ухаантай, ажилсаг, хөдөлмөрч иргэд гээд хөгжилд шаардлагатай бүх хүчин зүйл байна. Энэ үхэнтэй харьцуулахад Сэлэнгийн одоогийн хөгжил шуудхан хэлэхэд тун ч хангалтгүй байгааг би харсан. Бидний яг одоо бичиж байгаа түүхийг 10 жилийн дараа үзэх иргэдийн амьдралын чанарт тодорхой ахиц гаргах нь боломжгүй зүйл биш шүү дээ.
 
 Хашаандаа ногоо тарьж, түгээрээ хоолоо залгуулдаг айлын тоо цөөрч байна гэж ногоочид халаглаж байна 
 
 
Би маш энгийн нэг жишээ татъя. Малчдыг төр ноосны урамшууллаар, тариаланчдыг гэхэд л эрхэлж байгаа бизнесийг нь дэмжих бие даасан сангаар нь дамжуулан дэмжсээр ирсэн. Хөдөөгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, ногооч дод ямар дэмжлэг байна? Өрхийн үйлдвэрлэгчид буюу ногоочдын багавтар талбайд, эсвэл хашаандаа тарьж ургуулсан хүнсний ногоо гэдэг чинь хамгийн эко хүнс шүү дээ. Зэрлэгийг нь гараараа зулгаана, усална, малын өтөг бууцханаар л бордоно. Энэ чинь л төрийн бодлогоор дэмжих учиртай жижиг, дунд үйлдвэрлэлийн тод жишээ юм биш үү? Ээж, аав нь нүдэн дээр нь ажил хөдөлмөр хийж байгааг харж, гар хөлийн үзүүрт нь гүйж, ухаажсан хүүхэд Монгол Улсын ирээдүйд тийм л чанартай иргэн болж өсдөг амьдрал дээр батлагдсан хууль байна. Өрх гэр ажилтай байвал хэтэвч төдийхнөөр үл хэмжигдэх онцгой үр ашиг бол тухайн айлын хүүхдүүдийн хүмүүжил,  төлөвшил байдаг. Ийм айл өрх хэдий чинээ олон байна, Монголын ирээдүйд төдий чинээгээр чанартай иргэдийн тоо өснө.
 
Одоо хашаандаа ногоо тарьж, түгээрээ хоолоо залгуулдаг айлын тоо цөөрч байна гэж ногоочид халаглаж байна. Газар тариалангийн салбарт том компаниуд олноор төрөн гарч байгаа ийм үед тэд жижгүүдээ буюу ногоочдын уламжлалт зах зээлийг хамгаалж, тэднийг дэмжих арга замуудаа тодорхойлоод явахад бүрэн боломжтой санагдсан.
 
 
-Сүүлийн хэдэн өдөр хэвлэл, олон нийтийн сүлжээнд ЖДҮС-гаас улстөрчид онцгой хөнгөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авсан мэдээлэл хурц сэдэв болж байна. Нэгэнт бид хоёрын яриа жижиг, дунд үйлдвэрлэгчдийн асуудлыг хөндсөн хойно Та энэ мэдээлэлд ямар байр суурь илэрхийлэх вэ? 
 
-Мэдээлэл, эрх мэдэлд ойр байгаагаа зүй бусаар ашиглаж, ёс зүйгүй үйлдэлд улстөрчид олноороо хамрагдсан нь харамсалтай. Хөнгөлөлттэй зээл өөрийн гэсэн зорилтот бүлэгтээ үйлчилж байж эдийн засагт үр өгөөжөө өгдөг. Тэр зээлийг буцааж төлүүлээд ногоочин, гуталчин, оёдолчин гэх мэт хөдөөд баялаг бүтээгчдэд яг тэр онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр нь өгөх хэрэгтэй. Нэг даргын авсан зээл хэдэн мянган жижгүүдийг босгоод л ирнэ. Олон айлын хүүхэд аав, ээжийнхээ хөдөлмөрийн үр шимийг мэдэрч ажилч хичээнгүй, зөв ёс суртахуунтай, шударга хүмүүс болж өсөг л дээ.
 
-“Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд авсан гэрэл зураг, видео дүрс, яриа ярилцлагуудаа нутаг ус тус бүрээр нь эмхэлж цэгцлэх, нэгдмэл бүтээл болгон олон нийтэд хүргэх, архивлах гэдэг нүсэр ажиллагаа. Гэтэл та бүхэн нэг аймгаас нөгөө аймаг руу нүүж ажиллахдаа дунд нь маш цөөн хоног завсарлаж байгаа нөхцөлд бүтээлээ боловсруулж амжиж байна уу? 
 
-Явсан аймаг тус бүрээр гэрэл зургийн үзэсгэлэн, ном, телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бэлтгэх төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. 1000 гэрэл зургийн үзэсгэлэн гаргахад бэлэн болсон. Гэтэл түүнийгээ дэлгэж үзүүлэх зав гарч өгөхгүй байна. Ном хэвлэлтэд удахгүй орно. Баабар гуай, Д.Цэнддоо гуай хоёр тайлбар сэлтийг нь тун донжтой бичсэн байгаа. Эхний аймгуудаас бэлтгэсэн нэвтрүүлгүүд маань МҮОНТВ-ээр цацагдаж байгааг үзэгчид хэдийн мэдэх боллоо. Соошлд бидний бэлтгэдэг лайв ярилцлага тогтмолжсон. 
 
-Та дээр өөрийгөө Сэлэнгэд төрж өссөн гэлээ. Тэгэхээр сая Сэлэнгэд өнгөрүүлсэн хавар, намрын ажил тань хүүхэд насаараа аялсан сонирхолтой аялал болсон байх, тийм үү?
 
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Би ч нэг их уяхан, уйламхай хүн биш л дээ. Гэтэл өвгөн хүн харахаар өвөө минь юм шиг санагдаж, эмээ нарт үнсүүлэхээр нулимс цийлэгнээд л явлаа. Би Сэлэнгэ аймгийн Мандал сум, хуучнаар Зүүнхараагийн сангийн аж ахуйд төрсөн, Түнхэл тосгоны дунд сургуульд наймдугаар анги төгссөн хүн шүү дээ. Нэгээс тавдугаар анги төгстлөө орос сургуульд сурч, хүмүүсийн ярьдгаар “унаган” орос хэлтэй болсон юм. Түнхэлдээ наймдугаар анги төгсөөд Улаанбаатар хотын 13 дугаар дунд сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай есдүгээр ангид шилжин ирж, тэндээ аравдугаар ангиа дүүргээд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Солонгос судлалын ангид элсэж байлаа. Ингэж л би анх хотын хүн болсон. Бага нас, аав ээжтэйгээ хамт амьдарсан, эмээ өвөөгийнхөө сургаалиар хорвоо ертөнцтэй танилцсан үе минь Сэлэнгийн Мандал, Түнхэлд өнгөрсөн. 
 
“Бидний цөөхөн монголчууд” төсөл Сэлэнгэ аймаг дахь ажлаа Мандал сумаас, дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолоос эхэлсэн юм. Тэнд маш олон жижигхэн Өнөрболорыг олж харсан. Тэр өдрийн оройноос би дурсамж, тэмдэглэл бичиж эхэлсэн. “Бидний цөөхөн монголчууд” төслөөр хөдөө ажиллаж эхэлсэн маань бас чиг оройд суугаад тэмдэглэл хөтлөх завтай болгосон хэрэг. Нэг их өндөр амжилтад хүрсэн, хэдэн арванаар хэмжигдэх туршлага хуримтлуулсан хүн биш ч гэлээ миний хүрсэн өнөөдөр олон олон бодит өчигдөртэй. Тэр болгон тодорхой хүмүүсийн нүдэн дээр өнгөрсөн өөрийн гэсэн гуйвшгүй үнэнтэй боловч зарим хүний чихэнд дэндүү худлаа мэдээлэл болж хүрсэн байдгийг би гадарлана. Хөдөөгийн буйдхан тосгоны хүүхэд хотод ирээд юуг даван туулж өнөөдөртэй золгосон минь хэдийгээр миний л түүх боловч олон хүүхэд залууст туршлага болоосой, унаад босоход нь түшиг, уйлж шантрахад нь өмөг болоосой гэх хүслээр бичсэн юм. 
 
-Ном гэсэн үг үү?
 
-Үгүй дээ, арай ч дурсамж ном бичих насанд хүрээгүй байна. Тэмдэглэл дундаасаа залуу хүмүүст хэрэгтэй, бас сонирхолтой байх болов уу гэсэн хэсгээ хуваалцъя гэж бодож байгаа. Арга зам нь заавал ном байх албагүй шүү дээ. Олон нийтийн сүлжээгээр нийтэлдэг юм билүү л гэж. 
 
 
 
 Б.Энхцэцэг