Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны хамгийн тод жишээ нь УБТЗ юм. Төмөр зам гэх их айлын тулгыг нь тулж, ханыг нь шийрлэж өгсөн хүмүүс бол яах аргагүй орос ах нар. Үндэсний төмөр замчдыг бэлтгэх, дагалдуулан сургахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Бидний үеийнхэн ч Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээс их зүйлийг сурсан даа.
Миний хувьд 1982-1986 онд Сайншандын депод ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байлаа. Мэргэжилтэн Кулько, Шутик, Варховых нар депогийн он дараалсан ерөнхий инженерүүд. Одоо эргээд санахад тэд нэг л хүн шиг, яг л Монголын төмөр замчин шиг гологдол, зөрчил гарвал дарга нарт цуг зэмлүүлж, ололт амжилт бүтээвэл хамт, магтуулж баярлаж явсан. Үс, зүс, хэл өөр ч. эзэмсэн мэргэжил, зорьсон зорилго нэгтэй бид говийн наранд адилхан гандаж, нүдгүй шороон шуурганд ижилхэн балбуулж, амандаа элс шажигнатал зажлаад л бужигнаж явсан цаг саяхан мэт тод санагдана. Ажилласан тос түлшний нэг л танил үнэртэй деподоо өөрийн гэртээ байгаа мэт амьдарч байсан тэр цаг үеэ, мөр зэрэгцэн ажиллаж асан нөхдөө эргэн дурсахад сэтгэлд нэг л жаргалтай.
 
Мэргэжилтнүүд бие биедээ зарчимч хандана. Нэг удаа суудлын хөдөлгөөнд зурмагийн тасалдал гараад би ерөнхий инженер Кульковт "Та албаны даргад илтгэлээ өгөөдөх" гэж утсаа шилжүүллээ. Манай албаны дарга С.Д.Ишутин гэж нэлээд шазруун, гүжирмэг хүн байлаа. Сайншандад хааяа ирэхээрээ өглөө эрт гүйгээд бараа нь тасардаг хөнгөн шингэн, хөмсөг сормуус нь давхацсан, цэнхэр нүдээрээ өрөмдсөн ширүүн харцтай хүн байх. 
Албаны дарга утасны цаанаас манай ерөнхий инженерийг толгой түрүүгүй тачигнан загнаж, хараал ч урсгаж, Кульковын маань хөлс ширээи дээр под под дусалж, би ч хажууд нь түүнийг өрөвдөхийн зэрэгцээ одооны яриагаар өөрөө "амьтан" болж байв. Тэр үед ажлын төлөө, төмөр замын төлөө шаардлага иймэрхүү байсан юм.
Сүүлд 1989-2006 онд Улаанбаатар  татах хэсэгт ажиллахад ерөнхий инженер Дрозод гэж буржгар халимагтай,  хүүхдэрхүү зантай, голдуу л инээмсэглэж  явдаг өндөр шар залуутай 1992 он хүртэл хамт ажиллаж байв. Энэ үед Улаанбаатар татах хэсгийн өргөтгөлийн ажил ид дундаа, депогийн дарга Х.Лхагвасүрэн, ерөнхий инженер Дрозодод тогтмол үүрэг өгч, их барилгын зурган дээр тэр хоёр толгой өндийхгүй "тонгойцгооно".  Улаанбаатар татах хэсгийн өргөтгөлийн олон арван сая рублийн төсөв амилж, боссон нь Дрозодын өдөр шөнөгүй ажилласан хөдөлмөр байсан. Депогийн дарга Х.Лхагвасүрэн, ерөнхий инженер Дрозодын үүрэг зүтгэл үнэхээр их байсны үр дүнд татах хэсгийн барилгын ажил. доторх машин, тоног төхөөрөмжийн суурилалт, угсралт амжилтгай хийгдэж, ашиглалтад орсон юм.
Улаанбаатар татах хэсэгт иймэрхүү  мэргэжилтэн олон байснаас бас нэг хүнийг би онцгойлон дурьдая. 1989-1997 онуудад татах хэсгийн технологич, инженер Ч.Н.Трибис гэж биерхүү 100 давсан жинтэй, тэмээний тавхай шиг ергөн палигар гартай "Тунгалаг  тамир" киноны Петр шиг эр байсан юм. Нэлээд зузаан линз шилний цаанаас ухаалаг давхараатай хар нүд нь амгалан тайвныг өгүүлэх. Ч.Н.Трибис Улаанбаатар татах хэсгийн А.Сүрэнжав, П.Энхмөнх, Д.Нямлхагва, Д.Чимэд, Б.Баттулга нарын олон инженер, техникчийг засварын нарийн технологит жинхэнэ утгаар сургасан.
Нэг үгээр хэлбэл, маш сайн багш байв. Ажлын цэнхэр хувцаснаасаа салахгүй. Түүний халаасанд зузаан тэмдэглэлийн дэвтэр, үзэг зэхээстэй явна. Хаана ч Ч.Н.Трибис  хүмүүсийг  тойруулчихсан засварын хэмжээ, дүрмийг ярин ойлгуулах гэж мэрийж, ойлгохгүй бол ойлготол нь дагуулж тэргэн дотор завсарын тавиур дээр дизель эд ангийн задаргаа эсвэл өрөөндөө зураг диаграмм дэлгэчихсэн үзэж тарна. Нэг удаа ачаанд тэрэг хүрэлцэхгүй засварын илчит тэрэг яаралтай гаргахыг орлогч дарга шаардтал, Трибис инженер зөвшөөрвөл хоёр ч бий гэж хэлээд би Трибисийн өрөөнд ороод "Засварт зогсож байгаа хоёр тэргээ өнөөдөр бидэнд өг" гэхэд "Заавал рестат хийх шаардлагатай. Болохгүй нөхөр даргаа" гэв. Тэгэхээр "Та нар товчилсон рестатыг тэргэн дээр нь хийдэг болсон гэсэн. Түүнээ хийгээд л явуул" гэж ширүүхэн тулгатал "Нөхөр даргаа, болохгүй. Заавал бүрэн рестат хийх ёстой. Би таниас  чин сэтгэлээсээ гуйж байна" гээд өндгөн дээрээ лагхийн сууж, гараа дэлгэн учирлахад би өөрөө ч эвгүй байдалд оров. "Мэргэжилтнээ өмнөө бохируулчихаад, чи хэн бэ?" гэж хэн нэг нь хэлэх шиг болж, сандрахдаа "Та босоочээ. Би ойлголоо, рестатаа хий" гэж хэлээд бушуухан гарч билээ. Хожим хойно ч Трибисийн тэр дүр төрх санаанаас гарахгүй нүднээ буусаар байв. Монголын төмөр замын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн тийм сайхан сэтгэлтэй, шударга хүн байсан юм. Орос хүний ажилсаг, шаргуу, үнэнч чанар төмөр Замчин бидний зүрхэнд  удамшиж шингэсэн. Тэр л утгаар өнөөдрийн УБТЗ-ын ган зам зурайж, галт тэрэг хурдалж байна.
 
Трибис Чеслав Никодимович
 
 
Монгол Улсын Гавьяат Тээвэрчин Ю.Идэрчулуун