Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал 9 сарын 22-нд хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны даргаа шинээр сонгосон билээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг албан ёсоор нэр дэвшүүлсэн ч танхимаас Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлсэн юм.
Улмаар санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон билээ.
Тэрээр сонгогдмогцоо : "Хийх ажил маш их байгаа. Ялангуяа 2016-2020 оны намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжинд улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана. Намын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад дүүргийн бодит төлөөлөл болсон чадалтай залуусаар багаа бэхжүүлэх ёстой. Мэдээж улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас  үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэд, сонгогчид, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэл рүү улс төрийн бодлогоо нэн тэргүүнд чиглүүлэн ажиллана. Намын анхан шат, үүрт тулгарч буй асуудлыг ойрын хугацаанд ажлын төлөвлөгөө гарган шийдвэрлэж, эхний ээлжинд намын анхан шатны хороо, үүрээс ажлаа эхэлнэ. Түүнээс гадна дүүргийн улс төрийн байгууллагыг бэхжүүлэх, нам, улс төрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн төсөвтэй холбоотой, нийслэлд тулгамдаж байгаа аж ахуйтай холбоотой олон асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөтэй хамтран ажиллана" хэмээсэн юм.
Мөн НИТХ ч хуралдан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг хангалттай ажиллаж байна хэмээн дүгнэсэн билээ.
 
Харин улс төрийн хүрээнд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулж, өөрийн фракцийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг болгох гэж байна гэсэн яриа явсан нь үнэн болж байна.
 
Тодруулбал одоо хуралдаж  буй МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар Нийслэлийн засаг дарга Су.Батболдыг огцруулах шийдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зуржээ. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх учиртай. МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дууссаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болох аж.
 
С.Сарнай