sonin.mn
ТАВДУГААР ХЭСЭГ
 
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг буцааж авах ажиллагаанд зарцуулах гэж байсан 1.3 сая ам.доллар “олдсоноор” энэ ордыг “од” болгов. Энэ ордын тухай бид мэддэг болсон хэрэг л дээ.
Салхитын мөнгөний орд бол Монголын газар доорх асар их баялгийн нэгээхэн хэсэг юм. Гэхдээ энэ ордыг дагасан асуудал шүүх, цагдаагийн байгууллагаар шалгагдах болоод гурван жилийн нүүр үзсэн байна. Бидний сэтгүүлчид энэ хэргийн мөрөөр сурвалжлан гадаадын хөрөнгө оруулалт, түүнийг дээрэмдэх гэсэн Монголын хууль хяналтынхан оролцсон байж болзошгүй хэргийн холбоотой баримтуудыг олж авсан юм. Энэ талаараа “…Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу” хэмээх тав дахь цувралаа хүргэж байна.
Ингээд энэ хэрэг асуудал хэд хэдэн учир зангилаатай болохыг, бас эргэлзээ төрүүлсэн нэлээд асуулт байгааг олж мэдсэн юм.
 
“ЖИ ПИ ЭФ” ХХК-ИЙГ БАЙГУУЛСАН, ДАРАА НЬ “СИ СИ ЭМ ИКС” ХХК-Д ХУДАЛДСАН ТҮҮХ
 
Шаравын Мөнгөншагай гэдэг залуу, хүргэн дүү Ганхуягийн Жаргалангийнхаа хамт  2010 оны арваннэгдүгээр сарын 12-нд гадаад худалдаа хийх үйл ажиллагааны чиглэлтэй “Жи Пи Эф” ХХК -ийг байгуулжээ. Ш.Мөнгөншагай 60, Г.Жаргалан 40 хувийг нь эзэмшиж Г.Жаргалангаа компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байгаа юм.
“Жи Пи Эф” ХХК-иа бусдын л адил ганц ганцхан ширээ, скайнер, компьютер, принтер зэрэг 1.0  сая төгрөгийн хөрөнгөтэй байгуулж байжээ. Харин компани байгуулснаасаа гуравхан хоногийн дараа 2010 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Их Монгол майнинг” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг шилжүүлэн авчээ. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд  Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр тус тусын эзэмшдэг хувиа ашигт малтмалын лицензүүдийн хамт “Си Си Эм Икс” ХХК-д 800 мянган ам.доллараар зарж, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Ш.Мөнгөншагай Баянгол дүүргийн III хорооллоос “Кристал таун” руу нүүж, 9922-той гар утасны дугаараа 9911…….. болгож, өөрөө морь уяж хөдөө амьдардаг болжээ. Г.Жаргалан нь IV хорооллоос 220К хотхон руу нүүсэн байна.  Тухайн үед “Жи Пи Эф” компани нь ямар нэг үйл ажиллагаа явуулж, улсад татвар төлж эхлээгүй байжээ. 2012 оны долдугаар сарын 30-нд “Жи Пи Эф” ХХК-ийн  шинэ ТУЗ хуралдаж 05 тоот шийдвэрийнхээ дагуу Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёрыг бүрэлдэхүүнээсээ хасчээ.
“Жи Пи Эф” компанийг худалдаж авсан  “Си Си Эм Икс” ХХК  ашигт малтмалын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг А буюу ашиглалтын лиценз болгон ажиллаж эхэлсэн байна. 7.0 тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийжээ. Гуравхан жилийн дараа 2015 он гэхэд тэнд 40 гаруй үндсэн ажилтантай, 100 орчим ажилчинтай уурхай ажиллаж эхэлсэн байна.
Мөн хуулийн дагуу татвараа ч хангалттай төлж эхэлсэн байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л 2014 онд 91.100.000 төгрөг, 2015 онд 1.319.913.602 төгрөг, 2016 онд 4.396.893.516 төгрөг, 2017 онд 700.000.000 төгрөгийг төлжээ.
Бусад татварын тухайд 2013 онд 344.675.444 төгрөг, 2014 онд 708.470.908 төгрөг, 2015 онд 2.295.708.626 төгрөг, 2016 онд 5.541.248.601 төгрөг, 2017 онд 912.110.460 төгрөг, нийтдээ 9.802.214.038 төгрөгийн татварыг “Жи Пи Эф” ХХК Монгол Улсад төлсөн байгаа юм.
 
ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ГЭНЭТ ГАРЧ ИРСЭН Ш.МӨНГӨНШАГАЙ­ГИЙН “ГОМДОЛ”
 
Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар ханджээ.Тэрээр 2015 оны тавдугаар сард “Ш.Мөнгөншагай миний бие “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны долдугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. “Си Си Эм Икс” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани юм байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржид “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжаргал нь 2015 оны зургадугаар сарын 22-ны 8/8456 дугаар Өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн.Улсын бүртгэгч Ч.Батцэцэг нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэлийг хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд “Жи Пи Эф” ХХК-ийн дээрх хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Бас “Иргэн Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн гурван шаардлагыг тавьсан байна.
Өмгөөлөгч нь ч бас “Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хурдан морины уяач, адуучин бөгөөд голдуу хөдөө амьдардаг учир компанийн дийлэнх хувьцааг эзэмшигчийн хувьд үйл ажиллагааны бүхий л эрхээ Гүйцэтгэх удирдлагад бүрэн шилжүүлж, итгэл үзүүлэн ажиллаж байсан. “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь компанийг 2010 оноос удирдан ажилласан. Тэрээр 2012 он хүртэл “…Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Уул уурхай зогсонги байдалд орсон тул хятад хөрөнгө оруулагч хайж байгаа. Хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа” гэдэг мэдээллийг нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд өгч байсан. Улмаар Г.Жаргалан нь 2012 оны сүүлчээс нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгаас холбоогоо тасалсан. Иймд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-д шилжсэн болохыг мэдсэн. Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн гэх гэрээнүүдэд гарын үсэг зураагүй. Мөн  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй юм” гэжээ.
Мөн Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “……Нотариатч М.Саранцэцэг нь Нотариатын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн эзгүйд “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайн зөвшөөрөл байхгүй байхад “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Г.Жаргалангийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2012 оны долдугаар сард үйлдсэн боловч Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчих зорилгоор гэрээнүүдийн огноог 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болгож өөрчилсөн. Нотариатч М.Саранцэцэг болон “Си Си Эм Икс” ХХК-ийн эдгээр хууль бус үйлдлүүд нь нотлох баримтуудаар нотлогдсон” гэсэн байгаа юм.
 
ШҮҮХ БОЛОН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН ИНГЭЖ ШИЙДЭВ
 
Ш.Мөнгөншагай­гийн гомдлын дагуу шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдсэн байна. Энэ дагуу ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч Э нь 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн  4433 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  “…Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Жи Пи Эф” ХХК-ийь 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдагч …Шарав овогтой Мөнгөншагай гэсний ард зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Щ.Мөнгөншагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна”, 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний компанийг үүсгэн байгуулагч “…Шарав овогтой Мөнгөншагай” гэсний ард зурагдсан гарын үсэг Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна.
 
… 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн “Хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай гэсний өмнө гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
 
Бүх шатны шүүх энэ дүгнэлтийг барьж шийдвэрээ гаргаж, эцэстээ Улсын Дээд шүүх ч “…Хариуцагч тал нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг гарын үсгээ өөр өөрөөр зурдаг гэж гарын үсгийн хэлбэрийн талаар маргасан боловч гар бичвэрийн зөрүүтэй байдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй, шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгээгүй, шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй болно.
“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 60 хувийг “Си Си Эм Икс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх дээрх хоёр гэрээнд Ш.Мөнгөншагай гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй тохиолдолд шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ” гэж шийдсээр иржээ.
 
ШҮҮХЭД “ТООГДДОГГҮЙ” НОТАРИАТЧИЙН ӨЧИЛ
 
Гэтэл энэ хэргийн гол учир зангилаа нотариатчийн хэлсэн үг, хийсэн баталгаажуулалтад байдаг юм байна. Гэвч үүнийг нь шүүх тоогоогүй нь ихээхэн хачирхалтай бөгөөд энэ бүхний цаана хуулийн ажиллаж ирсэн байна гэсэн эргэлзээг төрүүлэх хамгийн том шалтгаан болж байгаа юм.
Учир нь нотариатч М.Саранцэцэг 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр өмгөөлөгч Банзрагч гэдэг хүн утсаар холбогдон Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэргийн талаар ярьж, түүний нэхэмжлэлийг надал танилцуулсан. Уг нэхэмжлэлд дурьдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Мөнгөншагай, Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэйн хамт над дээр ирсэн тул бодит байдлыг маш сайн санаж байна.
Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биелэн ирж, “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүслтэй байгаагаа илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэг татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ард талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн. Иймд миний хувьд Нотариатын хуулийг зөрчиж хууль бусаар гэрээ гэрчилсэн зүйл байхгүй.
Гэрээний он, сарын тухайд талууд өөрсдөө надаас “Манай компани ямар ч ашиггүй байгаа, хөрөнгө оруулагч олдсон дээр нь бушуухан шилжүүлмээр байна, он сарыг нь урагшлуулах хэрэгтэй байна” хэмээн гуйсан. Хамгийн гол нь гэрээ байгуулах үед талууд бүгдээрээ байсан. Гарын үсгээ зурсан, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд гэрээний агуулга нь яг адил байсан тул он, сарыг өөрчилсөн гэрээн дээр нь би тамга тэмдгээ дарсан. Гэхдээ энэ нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл биш учир аль аль гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар компаниа шилжүүлж байх үед хуучин Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулиар үнэн хэрэгтээ хувьцаа эзэмшигчдийн буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад ямар нэг гэрээ шаардлагагүй байсан. Одоогийн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд “Иргэний хуульд заасан гэрээ” л гэсэн байгаа бөгөөд Иргэний хуулиар энэ төрлийн гэрээг заавал батлуулах, өөрөөр хэлбэл нотариатчаар батлуулж байж хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт байхгүй. Иймд заавал батлуулах шаардлагагүй гэрээг талууд өөрсдөө хүссэн тохиолдолд батлуулж болдог. Өөрөөр хэлбэл, гэрээг хэдийд ч байгуулж болно. Түүнийгээ хэдийд ч батлуулж болно.
Иймд дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Мөнгөншагай, Жаргалан яаж инэгж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэжээ.
Мөн тэрээр Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст энэ талаар мэдүүлэхдээ “…Би тухайн үед хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж гэрээг гэрчилсэн. Тухайн компанийг шилжүүлэхэд тухайн компанийн эзэмшигч бүх хүмүүс бүгдээрээ байж байгаад гэрээг хийсэн. Тэр үед Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай, нэг нь Бямбарагчаа гэх хүмүүс нөгөө талаас нь нэг хятад иргэн орчуулагчтай байсан. Г.Жаргалан гэх хүн уг компанийн 40 хувь, Ш.Мөнгөншагай гэх хүн 60 хувийг эзэмшиж байсан. Тэр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь “Жи Пи Эф” ХХК-ийг хятад иргэний нэр дээр шилжүүлсэн. Тэр компанийг шилжүүлэхэд тэр хүмүүсийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг шалгаж хуулийн дагуу үйлдсэн. …Тэр гэрээнүүдийн эх хувь төв архивт байгаа байх. Надад бол байхгүй. …Миний ярьсан бүгд үнэн. Миний хувьд хуулийн дагуу ажиллагааг хийсэн. Хууль бус үйлдэл хийгээгүй” гэж ярьжээ.
 
ЭЦЭСТ НЬ
 
Энэ хэрэг асуудлын улмаас хэд хэдэн хүн хоригдож шалгагдаж байна. Бас 1.3 сая ам.доллар энэхүү  “Жи Пи Эф” ХХК болоод Салхитын мөнгөний ордын лицензтэй холбоотой Монголд ор ирсэн нь бараг тодорхой болсон. Хууль хяналтынхан одоо энэ мөнгийг эздэд нь буцаагаад олгочихсон ч байж мэдэх тухай эх сурвалжийн мэдээлэл ирж байна. Ер нь бол түр зуур амсхийсэн хуулийн мафи дахиад ажиллаад эхэлбэл шүүхийн шийдвэр, шинжээчийн дүгнэлт дахин “амилна” гэсэн үг. Гэвч хуультай, төртэй Монгол Улсад ийм үйл ажиллагаа явуулах боломж улам бүр хумигдаж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтад хуулийн дагуу хамгаалалт нь ч байх ёстой юм. Сэтгүүлчид бид Салхитын мөнгөний ордыг тойрсон маргаантай асуудлын араас сурвалжлахдаа зөвхөн энэ хэргийн талаар “сонирхож” асуусангүй.
Хуулийн мафийн хөл гараа дүрж ирсэн олон хэрэг ил болж магадгүй сэжүүрийг ч атгах шиг болсон. Үргэлжлүүлнэ.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин