sonin.mn
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын асуулгад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуллаа. Асуулгын хариулгыг сонссоны дараагаар гишүүд саналаа хэллээ. 
 
 УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 
 
-Валютын ханш иргэдийн гол асуудал. Энэ асуулгыг Ерөнхий сайдад тавьсан. Өнөөдөр Сангийн сайд байхгүй байна. Монгол банк энд зайлшгүй байх ёстой. Засгийн газар дэндүү хариуцлагагүй болж дууслаа. Одоо бүгдээрээ окопондоо ороод нуугдчихлаа. Сүүлийн үед улс төрийн нөхцөл  байдлыг хараад  байхад хариуцлага алдсан улс нь нуугдаад алга болчихсон. Ганцхан Г.Занданшатар нохойд барьдаг төр шиг байж байдаг. Тийм учраас ард түмэн бидэнд дургүй байна. Тийм учраас би горимын санал гаргаж, энэ асуудлыг хойшлуулах санал гаргаж байна.
 
 УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж "Хуульзүйн байнгын хороо ирц хүрэхгүйгээс хуралдаж чадахгүй байна. Тогтвортой байдаг Ардын нам яасан бэ. Ажил хийхгүй байна. Энэ асуулгын хариулгад Монгол банкны удирдлагууд байх ёстой" гэсэн юм.  
 
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Монгол банк, Сангийн яам ОУВС-гийнхантай хэлэлцээр хийж байгаа юм. Энэ хэлэлцээрээр валютын ханшийг бууруулах чиглэлд үнэлгээг шалгаж байна хэмээн хариулав.  
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 
 
-Валютын ханшийн өсөлтийг Засгийн газар тавиад туучихсан. УИХ, Засгийн газрын зарчим яриад удлаа. Г.Занданшатар сайд сайд нараа дуудаач ээ. ЖДҮХС-гийн асуудал гарч, сайд нар нь холбогдлоо. Нэг хэсэг нь уралдаж зээлээ төллөө. Үнэн үг хэлснийхээ төлөө биднийг хэвлэлээр захиалга өгч намнаж байна. Үүндээ хүрэх юм бол Засгийн газар нь ч огцрооч, УИХ нь ч тарах ёстой. Ер нь хуулийн дагуу УИХ-ын гишүүд нь санаачлага гаргаад "УИХ-аа тараая".  
 
Би УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ. Одоо болъё. Намайг дэмжиж байгаа гишүүд гарын үсэг зураарай хэмээлээ.  
 
Д.Эрдэнэбат гишүүний гаргасан горимын саналаар хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулав. Уг горимын санал олонхийн дэмжлэг авч чадаагүй учир хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо.
 
Э.Сүрэн