Малын гаралтай түүхий эдийн дийлэнхийг арьс  шир эзэлдэг. Ноос, ноолуур, арьс шир гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүн бий. Ноолуур бол үнэ цэнэтэй бүтээгдэхүүн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чиглэлд төр бодлогоо боловсруулаад Хөгжлийн банкны зүгээс санхүүжилтын шат дараалсан дэмжлэг олон хэлбэрээр үзүүлж байна.
 
Ноосны хувьд үнэ ихээхэн өссөн. Гадны худалдан авагчид дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдгүй болгох хэмжээнд хүргэсэн өндөр эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.
Харин арьс ширэн дээр ийм өрсөлдөөн байхгүй. Тиймээс арьс ширээ үнэд оруулахын тулд бодлого боловсруулан ажиллаж эхнээсээ дорвитой үр дүнд хүрээд байна. Тухайлбал Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд эко технологи нутагшуулж экспортод илүү их бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.
Энэ чиглэлд зөвхөн анхан шатны боловсруулалт хийгээд бүх бохироо дотооддоо авч үлддэг, байгальд ээлгүй технологи хэрэглэдэг хэмээн олон нийт шүүмжилдэг. Энэ бол төрийн бодлого биш. Арьс ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингээн, экспортыг дэмжиж эдийн засгийн эргэлтийг сайжруулах бодлогыг бид хэрэгжүүлэх учиртай.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран арьс ширний хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж үр дүнгээ үзэж эхлээд байна.
Арьс ширний хөтөлбөрийн санхүүжилт хэрхэн үр дүнгээ өгч буй талаар аж ахуйн нэгжийн төлөөлөл болон албаны эх сурвалж дараах байр суурийг илэрхийллээ.
 
ДОТООДЫН 200 ГАРУЙ АЖ АХУЙ НЭГЖЭЭ САЙН, ЧАНАРТАЙ АРЬСААР ХАНГАДАГ БОЛЛОО
Мон-Ирээдүй ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Биндэръяа:
 
"Зээл авснаас хойш бидний хөдөлмөрийн бүтээмж 60 хувиар нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэгч нар импортын арьс авах магадлалыг 70 хувиар багасгасан гэж үзэж байгаа. Энэ хэрээр их хэмжээний мөнгө гадагшаа урсах эрсдлийг бууруулж эх орондоо авч үлдэж чадлаа"
 
Ухаж биш ундарч гардаг баялагтай орон баялгаа боловсруулаад дэлхийн хэмжээнд танигдсан бүтээгдэхүүн гаргаж ажиллахад ойрхон байдаг. Ямар ч улс орон үйлдвэрлэгч байж хөгждөг болохоос биш импортоор бүх бүтээгдэхүүнээ авчихаад хөгжиж байсан тохилдол байхгүй.
Манай компанийн хувьд 2017 оны байдлаар 3,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг Итали, Турк, Хятад, Солонгос зэрэг улс орнуудад экспортлоод байна. Бид цаашдаа экспортоо нэмэгдүүлэхийн тулд дотооддоо гүйцэт боловсруулсан арьсыг гаргах юм бол экспортын хэмжээ нэг дахин нэмэгдэнэ. Ингэснээр Монгол Улсад орж ирж буй мөнгөн урсгал нэмэгдэх давуу талтай.
Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтын хүрээнд 600 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж, 550 орчим сая төгрөгийг эргэлтийн хөрөнгөнд зарцуулж ажилласан. Үүний үр дүнд дотоодын үйлдвэрлэгч нар цэрэг, цагдаа армийн тендэрийн хувцасны болон гутлын арьсыг боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлсэн.
Зээл авснаас хойш бидний хөдөлмөрийн бүтээмж 60 хувиар нэмэгдсэн.
Бид сайн чанарын химийн бодисыг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгч нар импортын арьс авах магадлалыг 70 хувиар багасгасан гэж үзэж байгаа. Энэ хэрээр их хэмжээний мөнгө гадагшаа урсах эрсдлийг бууруулж эх орондоо авч үлдэж чадлаа. Бид дотоодын 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтарч ажилладаг.
Мөн гутал болон хувцас үйлдвэрлэгч  компаниудтай хамтран ажиллаж цэрэг, цагдаа, Онцгой байдлын ерөнхий газар, уул уурхайн компаниуд ажилчдынхаа гутал болон хувцасны бүх арьсыг дотооддоо үйлдвэрлэж, хамтарч ажиллаж байна. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авсны томоохон үр өгөөж юм.
 
600 сая төгрөгийг техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулсан байна. Энэ нь үйлдвэрлэлийн ямар шатанд инновацийн дэвшлийг авчирсан бэ?
 
Тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр Монгол арьс, Солонгос болон Турк арьснаас ялгагдахгүй, маш чанартай арьс гарч байгаа. Ингээд хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд бид 2017 онд дахин өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж гутлын 500 гаруй сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмж оруулж ирсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэг дахин нэмэгдүүлсэн.
Арьс ширний салбар улирлын чанартай, түүхий эд нь гуравдугаар сар гээд дуусчихдаг. Эргээд есдүгээр сараас түүхий эд нь гарч ирдэг. Энэ хугацаанд ажилчид сул зогсож, ажилгүй болох тохиолдол гардаг байсан. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтын хүрээнд манай бусад үйлдвэрлэгчид эргэлтийнхээ хөрөнгийг нэмэгдүүлж, хөдөөнөөс авч буй түүхий эдээ нөөцөлдөг болсноор жилийн дөрвөн улиралд ажиллах боломжийг өсгөсөөр байна. Ажлын байрыг 40-50 хувиар нэмэгдүүлсэн нь хөтөлбөрийн бас нэг үр өгөөж хэмээн харж байна.
Ямааны арьс өөртөө маш их чийг татдаг. Дайны үед цэргүүд ямааны арьсаар хийсэн гутал өмсөөд хөл нь сайртаж байсан гэдэг. Тэгэхээр хүний эрүүл мэндэд тун сайн гэсэн үг. Одоо бол хүүхдүүд ихэвчлэн урдаас орж ирсэн, хямдхан чийг татдаг гутал өмсөөд байдаг. Энэ хүүхдүүд 10 жилийн дараа ихэнх нь бөөрний өвчтэй болох вий гэж энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлдэг. Бид дотоодын зах зээлээ ч чанартай, үнэ боломжийн арьсан гутлаар хангах бүрэн боломжтой гэж харж байна.
 
Тэгэхээр арьс ширний үйлдвэрийн хийж байгаа бүтээгдэхүүн зөвхөн өөрсдийнх нь бизнес биш юм. Ерөөсөө л улсын хүн амын эрүүл мэндтэй ч холбоотой байх нь. Тиймээс зөвхөн экспортод гаргах, мөнгөн дүнг өсгөхөөр ач холбогдлыг хязгаарлаж болохгүй болов уу?
 
Гутлын арьс ямар байх талаар бид туршсан. Үүний үр дүнд гутлын арьсны чанар сайжирсан. Гутал үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар “Үнэхээр сайн байна. Орос арьсаар хийсэн гутлыг гурван сар өмсөх, Монгол арьсаар хийсэн гутлыг зургаан сар өмсөхөд манай арьсан гутал яах ч үгүй байна. Монгол арьс бол үнэхээр давуу талтай. Бид үүнийг сайжруулах тал дээр анхаармаар байна гэж ярьж байгаа.
 
ТЕХНОЛОГИЙН  ҮНДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН 90 ГАРУЙ ХУВИЙГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧИЛЖ, БЭЛЭН БАЙДАЛД ОРУУЛСАН
Монгол Шевро ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэн-Өлзий
 
 
 
"Хромын исэл, хүнд металлуудыг хэрэглэхгүй байхыг гол чиглэлээ болгож эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтанд эко буюу ургамлын идээлгийн процессийг онцгой анхаарч байна. Тосыг дутуу авснаас, арьсны бүтцээс гүйцэд салгаж чадаагүйн улмаас үнэр гарах явдал байсан. Тиймээс бидний нэн тэргүүний гол зорилго бол технологи дээр онцгой анхаарах юм"
Арьс ширний салбар байгаль экологид сөрөг нөлөөтэй гэж үздэг. Арьс ширний салбарт технологийн дэвшил эко чиглэл рүү эрчимтэй явж байна. Хромын исэл, хүнд металлуудыг хэрэглэхгүй байхыг гол чиглэлээ болгож байна. Тийм учраас бид өнгөрсөн оноос эхлэн эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтанд эко буюу ургамлын идээлгийн процессийг онцгой анхаарч байна. Цагаан идээлэгтэй, хромын бодис ороогүй технологийн жоруудад туршилт хийлээ. Үүний үр дүнд эхний бүтээгдэхүүнүүдээ гаргаж, зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Тоног төхөөрөмж байхгүй эсвэл хуучирснаас болж үйлдвэрлэл явахгүй байна гэдэг асуудлыг бүрэн халлаа. Технологийн  үндсэн тоног төхөөрөмжүүдийн 90 гаруй хувийг бүхэлд нь шинэчилж, бэлэн байдалд болгосон. Үүний үр дүнд бид богийн арьсыг үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаар бүрэн гүйцэт боловсруулах найдвартай үйлдвэртэй болсон. Энэ нь зээлийн гол ач холбогдол юм.
 
Монголоос арьсан бүтээгдэхүүн авахаар арьс нь халаад үнэр гардаг гэдэг. Үүн дээр технологийн дэвшил, шийдлүүд яригдах ёстой биш үү? Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ технологийн энэ мэт асуудлыг шийдэж чадсан уу?
 
Өрсөлдөх чадвар боловсруулалтын түвшингээс хамаардаг. Үүнд бид онцгой анхаарч ажиллаж байна. Туршилтын цехүүд байгуулж, Итали болон Туркийн технолгийн компаниудтай эрчимтэй хамтран ажиллаж байна. Мөн Японы компаниудтай хамтарч ажиллаж эхэлсэн.
Үнэр гарч буй нь манай хоцрогдсон технологийн гол жишээ болон яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, манай арьс тос маш ихтэй. Тос авалтын процесс нь технологийн хамгийн гол хэсэг. Тосыг дутуу авснаас, арьсны бүтцээс гүйцэт салгаж чадаагүйн улмаас үнэр гарах явдал байсан. Тиймээс бидний нэн тэргүүний гол зорилго бол технологи дээр онцгой анхаарах юм.
 
Хөгжлийн банкнаас зээл авснаас хойш үйлдвэрийн ажилчдын тоо, нэг ажилтны цалингийн хэмжээ, татвар төлөлт яаж өөрчлөгдсөн бэ?
 
Монгол Улсад үйлдвэрлэлийн төрөлжсөн салбарууд бий болоход арьс ширний үйлдвэр гарцаагүй, зүй ёсоор орох ёстой. Бидэнд арвин баялаг мал сүрэг байна. Үүнээс бэлтгэгдэж байгаа түүхий эд бол бодитой, үнэ цэнэтэй баялаг юм. Тийм учраас хүний оюун ухаан шингэсэн, Италийн боловсруулсан арьс ширтэй өрсөлдөхүйц хэмжээний арьс шир боловсруулахад үгүй гэх газаргүй. Тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Зээлийн үр дүнд 20-иод ажлын байр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, ургамлын идээлэгтэй шинэ дэвшилтэт технологиор боловсруулсан арьс ширээрээ цүнх үйлдвэрлэх цех шинээр бий болгосон.
 
БУСДААС ХИЙЦЭЭРЭЭ ЯЛГАРАХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬДОГ
Maris брэндийн дизайнер Б.Хулан
 
 
"Гадны тэр өндөр шаардлагад нийцсэн илүү өнгөлөг, чанартай, хэрэглээ талдаа эвтэйхэн бүтээгдэхүүн байх хэрэгтэй байдаг"
Манай брэндийн онцлог илүү шинэлэг загвартай, содон өнгөтэй, хэрэглэхэд тохиромжтой, олон загвартай гээд хийцээрээ бусдаас нилээд ялгаатай.
Гадны зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргая гэвэл бүх юман дээрээ давуу талаа тусгаж өгөх хэрэгтэй болдог. Жишээлбэл гадны тэр өндөр шаардлагад нийцсэн илүү өнгөлөг, чанартай, хэрэглээ талдаа эвтэйхэн бүтээгдэхүүн байх хэрэгтэй байдаг. Дотоодын зах зээл дээр жижиг эдлэл, эмэгтэй цүнхнүүд илүү их зарагддаг.
 
ГҮН БОЛОВСРУУЛСАН АРЬСААР ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЦЭВЭР ХАНГАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН
ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батхүү
 
"Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны хуулинд нийцсэн байдлаар төслөө боловсруулаад ороод ирэх юм бол арьс ширний үйлдвэрийг бүрэн дэмжих боломжтой"
Хөгжлийн банкнаас олгосон зээлийн үр өгөөж харьцангуй өндөр байгаа. Манай үйлдвэрүүд технологио сайжруулсан. Гэхдээ технологи гэдэг тоног төхөөрөмж авчирч тавих тухай асуудал биш. Дээр нь ноу-хау байна. Үүнийг Асамак холбоотой хамтраад Монгол Улсад консалтингийн үйлчилгээ үзүүлээч, мэргэжилтэй боловсон хүчнийг сайжруулж өгөөч, ноу-хау талдаа дэвшил гаргах хэрэгтэй байна гэдэг талаар ярилцсан. Хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дурьдсан.
Арьс ширний үйлдвэрийн салбарын аж ахуй нэгжүүдийг хянаж, дэмжихэд маш хялбар. Учир нь цөөхөн аж ахуй нэгж байдаг. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д заасны дагуу бид гүн боловсруулалт, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү орж ирж байгаа төслүүдийг хянаж, дэмжих боломжтой.
Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны хуулинд нийцсэн байдлаар төслөө боловсруулаад ороод ирэх юм бол арьс ширний үйлдвэрийг бүрэн дэмжих боломжтой.
Анхны хөтөлбөр дуусангуут үргэлжлүүлээд бид эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл зэрэг эдийн засгийн орчноос нь дэмжих, дээр нь хууль эрхзүйн орчноор дэмжих, мэргэжилтэй боловсон хүчин, гадаад зах зээлийг нээх, ноу-хау гэх мэт хөрөнгө оруулалтын тухай асуудлуудыг шийднэ. Арьс ширний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг тусад нь боловсруулах ёстой.
Нийт 28 гүн боловсруулах үйлдвэр байдаг. Олон үйлдвэрүүд технологио шинэчилж, хөрөнгө оруулалтын зээл авсан. Ингэснээр технологи илүү сайжирч, Монгол Улс гүн боловсруулалтын түвшин нилээн өндөр болсон. Гүн боловсруулсан арьсаар дотоодын зах зээлийг цэвэр хангах боломжтой болсон.
14 сая ширхэг арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгож эргэлтэд оруулбал нэг их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэсэн тооцоо бий.
 
АРЬС ШИРНИЙ ГЭМТЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР МАЛЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРЧ БАЙНА
Хөдөө аж ахуйн биржийн арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ
 
 
"Малчид арьс ширэнд анхан шатны тордолт хийгээд үндэсний үйлдвэрт нийлүүлснээр үнийг тогтворжуулна. Одоо бол ченжийн тогтолцоогоор үнэ тогтож байгаа. Тэгэхээр малчид түүхий эдээ зах зээлийн ханшаар үнэ хүргэх боломжтой болох юм"
Нядалгааны өмнөх гэмтэл, нядалгааны гэмтэл, нядалгааны дараах гэмтэл маш өндөр түвшинд байгаа учраас малчдаас авч байгаа арьс ширний үнэ унадаг. Өөрөөр хэлбэл, арьс шир үнэ цэнэгүй болсон гэсэн үг. Гэтэл манай арьс ширний онцлог бол зуны халуунд 40 градус, өвлийн хүйтэнд 40 градусын цаг агаарын нөхцөлд байдаг учраас чанар нь дэлхийд дээгүүрт жагсдаг.
Бид ХХААХҮЯ-тай хамтран арьс ширний гэмтлийг бууруулах зорилгоор Дархан-Уул аймгийг сонгон авч малчидтай хамтран ажилласан. Дархан меат фүүд, Дархан нэхий үйлдвэртэй хамтраад малчид малаа махны үйлдвэрт авчраад тэндээс арьсаа гэмтэлгүйгээр анхан шатны тордолт хийж, нядлуулна. Ингээд боловсруулах үйлдвэр лүү махаа, Дархан нэхий рүү арьсаа өгөхөд үр дүнд нь гэмтэлгүй арьс шир зах зээлийн үнээр борлуулагдаж байгаа юм.
Бид 2017 оноос эхлэн биржээр арьс ширийг арилжих туршилтын арилжааг явуулж эхэлсэн.
 
Арьс ширийг Хөдөө аж ахуйн биржээр арилжиж байгаа нь ямар давуу талууд бий болгож байна вэ?
 
Малчид арьс ширэнд анхан шатны тордолт хийгээд үндэсний үйлдвэрт нийлүүлснээр үнийг тогтворжуулна. Одоо бол ченжийн тогтолцоогоор үнэ тогтож байгаа. Тэгэхээр малчид түүхий эдээ зах зээлийн ханшаар үнэ хүргэх боломжтой болох юм.
 
2014 ОНООС ХОЙШ 57 АЖ АХУЙ НЭГЖИД 85,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛАН ОЛГООД БАЙНА
Монгол Улсын Хөгжлийн банкны Байгууллагын зээл, санхүүжилтын хэлтсийн захирал Б.Уянга
 
 
"Манай банкны зүгээс ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй арьс ширний салбарыг дэмжих хөтөлбөр үйлдвэрлэгчид төдийгүй улсад үр ашигаа өгч эхэллээ"
 
Үйлдвэрийн салбарын үр ашиг бол нийгмийн өндөр ач холбогдолтой. Маш олон ажлын байрыг бий болгож хангаж байдаг. Хүн амыг ажилтай, орлоготой болгоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа салбар бол хөнгөн үйлдвэрийн салбар. Экспортын бүтээгдэхүүнийг солонгоруулах зорилтод ч мөн энэ салбарын малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүнийг гадагш экспортлоход ихээхэн анхаарч байна. МУХБ-ны шинэчилсэн хуульд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжих, нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрт олгохоор тусгасан. Энэ хүрээнд хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.
Манай банкны зүгээс ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй арьс ширний салбарыг дэмжих хөтөлбөр үйлдвэрлэгчид төдийгүй улсад үр ашиг өгөөд эхэлж байна. УИХ-ын 74 дүгээр тогтоол болон 2014 оны Засгийн газрын 198 дугаар тогтоолын дагуу арьс ширний хөтөлбөрийг санхүүжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ арьс ширийг дотооддоо гүн боловсруулах, түүгээрээ бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг санхүүжүүлсэн юм. Энэ хугацаанд нийт 57 аж ахуй нэгжид 85,7 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоод байна.
 
Эх сурвалж: Ийгл телевиз Хөгжлийн банкны цаг нэвтрүүлэг