sonin.mn
Өмнө нь байнга хяналтандаа байлгасаар ирсэн нефтийн зах зээлээ ОПЕК хянаж чадахгүйд хүрчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп, Ерөнхийлөгч Владимир Путин, угсаа залгамжилсан ханхүү Мохаммед бен Салман гэсэн гурван хүний явуулж буй үйл ажиллагаа нь 2019 онд болон түүнээс цааших хугацаанд нефтийн үнэ ямар байх вэ гэдгийг тодорхойлох болно. Үүний сацуу энэ гурвын хэн хэнд нь өөрийн гэсэн тодорхой зорилго бий. 
ОПЕК-ийн гишүүн орнууд ерөнхий зорилт, стратегиа боловсруулах гэж чармайж буй энэ үед АНУ, ОХУ, Саудын Арави гурав дэлхийн нефтийн нийлүүлэлтэд давамгайлсан хэвээр байна. Эдгээр гурван улс ОПЕК-ийн бусад 15 гишүүн орны олборлож буйгаас илүү хэмжээний нефть олборлож байгаа юм. Энэ гурван улс дээд амжилт тогтоох хэмжээнд  олборлолт явуулж байгаа  ба ирэх онд олборлолтоо нэмэгдүүлж магадгүй байна. Гэхдээ гурвуулаа ийм алхам хийх эсэх нь эргэлзээтэй. 
6 дугаар сард болсон ОПЕК+ хурлын үеэр 2017 оны эхнээс үйлчилж ирсэн олборлолтыг хязгаарлах тохиролцоог цуцлах санаачилгыг чухамдаа Саудын Арави, Орос хоёр идэвхийлэн гаргасан юм. Үүний дараа тус хоёр улс олборлолтоо дээд хэмжээнд хүртэл өсгөлөө. Энэ үед мөн АНУ-д олборлолт гэнэт өссөн байна. Учир нь, Техас муж улсын баруун нутаг дахь Permian Basin гэдэг занарын ордод нефть олборлож байсан компаниуд Мексикийн хойгийн зүүн эрэгт олборлолт хийж эхэлжээ.
Эдгээр өөрчлөлтөөс гадна эрэлт өснө гэсэн таамаглалыг бага зэрэг буурна гэж өөрчилсөн, Ираны нефтийг худалдан авагчдыг хоригоос чөлөөлөх тухай Трампын шийдвэр нь зах зээлийн уур амьсгалыг өөрчилсөн байна. Нийлүүлэлт буурна гэсэн айдас нь ойрын гурван сарын хугацаанд зах зээл хэт ханаж магадгүй гэсэн болгоомжлолоор солигдлоо. 2017 оны эхнээс багассаар байсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын нефтийн нөөцийн хэмжээ одоо дахиад өсч байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн дунджаас давж магадгүйг Олон улсын эрчим хүчний байгууллагын мэдээлэлд дурджээ. 
Нефтийн үнэ аажмаар буурч буй энэ үед Саудын Арави “ирэх сард экспортоо өдөрт 500 мянган баррелиар багасгана” гэдгээ мэдэгдсэн ба олборлогч түнш орнууддаа хандан, 10 дугаар сарынхтай харьцуулахад олборлолтоо өдөрт 1 сая баррелиар бууруулах хэрэгтэй гэж анхааруулжээ. Үүнд Путиний зүгээс “хүйтэн хандлага” гаргасан бол Трамп твиттер хуудсандаа эрс буруутгасан мэдэгдлүүдийг бөөнөөр нь хийв.  
 
 
Бен Салманы хувьд Саудын Аравийг өөрчлөн шинэчлэх хэтийн төлөвлөгөөгөө санхүүжүүлэх, мөн шинэчлэлийн явцад хохирч магадгүй хүмүүсийн зүгээс дэгдээж болзошгүй эмх замбараагүй байдлыг таслан зогсооход нь нефтиэс олох мөнгө түүнд хэрэгтэй байгаа юм. Олон улсын валютын сангийн /ОУВС/ таамаглаж байгаагаар, ирэх онд нефтийн үнэ 73,3 доллар байсан тохиолдолд Саудын Арави улс төсвийн тэнцлээ хангаж чадах аж. Одоогийн байдлаар нефтийн үнэ дээрх түвшнээс 5 доллароор доогуур байгаа ба үүний сацуу тус улс нефтиэ хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа юм. Олборлолтыг танах хугацааг 3 дахь жилдээ дахин сунгах нь Саудын Арави улс өөрт ашигтай үнийг тогтоох цорын ганц арга билээ.   
Гэвч тус улсын энэ эрмэлзэлд Путин, Трамп хоёрын зүгээс саад тотгор учруулна. Оросын Ерөнхийлөгчийн хувьд олборлолтыг дахиад танах хэрэгтэй гэдэг тал дээр төдийлөн идэвхтэй хандлага гаргахгүй байх шиг. 2016 онд нефтийн зах зээлийг тэнцвэржүүлэхийг Орос улс зөвшөөрч байсан тэр үетэй харьцуулахад өнөөдөр Оросын төсөв нефтийн үнээс хамаарах нь нэлээд багасчээ. Өдгөө Оросын компаниуд хөрөнгө оруулсан орд газрууддаа олборлолт хийхийг хүсч байна.
Харин угсаа залгамжилсан ханхүүтэй улс төрийн сайн харилцаагаа хэвээр хадгалахын тулд Путин бага зэргийн золиос гаргаж магадгүй юм. Гэхдээ нефть олборлогчид 12 дугаар сард Вена хотод цугларах үеэрээ олборлолтыг танах хугацааг сунгахыг Орос улс зөвшөөрнө гэж шуудхан хэлэх боломжгүй. Нефтийн үнэ 70 долларын орчимд эргэлдэж байхад л бүрэн хангалттай гэж Путин мэдэгдэж байгаа билээ.
Харин Трампын зүгээс илүү ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Трамп, ханхүү хоёр улс төрийн харилцаагаа хадгалан үлдэхийг оролдож байгаа бол Америкийн Сенатын гишүүд Йемений дайн болон сэтгүүлч Ж.Хашоггийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Саудын Аравийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна.  
 
 
Трампын жиргээ гэхэээсээ илүүтэйгээр Саудын Аравийн төлөвлөгөөнд аюул учруулж байгаа хүчин зүйл бол Техаст ажиллаж буй нефтийн компаниуд юм. Америкийн олборлогчид сүүлийн 12 сарын хугацаанд ОПЕК-ийн гишүүн Нигери улсын олборлож байгаатай тэнцэх хэмжээгээр олборлолтоо нэмэгдүүлсэн байна. Эрчим хүчний Департаментын мэдээллээр, 4 дүгээр сар гэхэд олборлолтын хэмжээ өдөрт 12 сая баррельд хүрч магадгүй байгаа аж. Энэ нь ердөө сарын өмнө таамаглаж байсантай харьцуулахад олборлолтын хэмжээ хагас жилийн өмнө ийм  үзүүлэлтэд хүрсэн гэсэн үг юм.
2019 онд нефтийн зах зээлийг тэнцвэржүүлнэ хэмээн найдаж буй Саудын Арави улсын хувьд Трампын уур бухимдал ба Путиний хайхрамжгүй хандлага, түүнчлэн АНУ-д занарын нефтийн олборлолт эрс өсч байгаа гэсэн бодит байдалтай тулгарах нь.
 
 
Орчуулсан: Б.Адъяахүү