sonin.mn
Дэлхийн гоо бүсгүйчүүдийн авьяас чадвараа сорьдог тэргүүлэх зэргийн тэмцээн болох "Miss universe"-д энэ жил Монгол Улсаас анх удаа мисс Д.Долгион оролцохоор болсон. Хэдхэн хоногийн дараа хилийн дээс алхах гэж буй түүнтэй тэмцээндээ хэрхэн бэлтгэж байгаа талаар нь ярилцлаа.
 
-66 жилийн түүхтэй олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа танд бэлтгэх ажил их байгаа болов уу?
 
-Олон жилийн түүхтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцох гэж байгаа нь миний хувьд маш том хариуцлага юм. Би долоо хоногийн дараа Тайландыг зорино. Тэнд нэг сарын хугацаанд 92 орны гоо бүсгүйчүүд байрлаж, авьяас чадвараараа өрсөлдөнө. Тиймээс бэлтгэлээ шаргуу базааж байна. "Miss Universe" бусад  тэмцээнээс шалгуур, үнэт зүйлсээрээ маш их онцлогтой. Оролцогчдын хувьд чийрэг, эрүүл байх шалгуурыг илүүд үздэг. Гоо сайхан гэхээр зөвхөн гадаад үзэмжийг бий болгоод зогсохгүй, дотоод хүн нь хэн юм бэ гэдэгг ихэд анхаардаг. Ер нь эрүүл байхыг хамгийн том гоо сайхан гэж үздэг. Энэ утгаараа тэмцээний оролцогчдод биеийн зөв хөгжилтэй, спортлогоос гадна бусдыг энэ бүхэнд уриалдаг байх шаардлагыг тавьдаг. Хамгийн гол нь оролцогчийн дотоод гоо сайхныг онцлон үздэг. Тэмцээний сүүлчийн шалгаруулалт ирэх сарын 17-нд болно. Тэр болтол намайг дэмжээрэй гэж монголчуудаасаа хүсье.
 
-"Miss universe"-ээс бусад олон улсын тэмцээнд оролцож байгаа монгол миссүүд авьяас номинацад ихэвчлэн бүжиглэж, уран нугарч өрсөлддөг. Та тэдний нэгэн адил үндэсний урлагаа гаднын үзэгчдэд толилуулах гэж байна уу. Эсвэл өөр зүйл бэлтгэсэн үү?
 
-Энэ тэмцээний нэг онцлог нь авьяас номинацгүй. Харин үндэсний хувцасны шалгаруулалтыг голчилдог. Тухайн улс орны өв соёл, урчуудын ухааныг илтгэдэг учир энэ шалгаруулалтад ихээхэн анхаардаг юм. Түүнчлэн гоёлын даашинзыг чухалчилж, дизайнеруудын урласан хувцсыг маш нарийн шалгуураар шалгадаг. Тэмцээний өмнө хувцасны материал болон загвар гээд бүх зүйлээ зохион байгуулагчид руу явуулдаг.
 
-Миссийн тэмцээнд оролцогчийн гоо үзэмжээс гадна боловсрол, зохион байгуулсан сайн үйлсийн ажлыг чухалчилдаг. "Miss universe"-д энэ шалгуурыг хэрхэн дүгнэдэг бол?
 
-Ер нь хүмүүнлэгийн ажил нь нэгдүгээр шалгуур болдоггүй. Хэрвээ оролцогчийн дэвшүүлсэн санаа, оролцсон номинацдаа тэргүүлбэл нэг жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэн хүмүүнлэгийн үйлсэд зайлшгүй оролцдог. Энэ тэмцээнд авьяас чадвараа сориход надад олон хүн зааж, зөвлөж байгаа. Хэдийгээр нэр хүндтэй тэмцээнд би биечлэн оролцож байгаа ч цаана нь Монгол Улсын нэр давхар дурдагдаж байдаг. 
 
-Дахин давтагдашгүй бүтээл урладаг уран гартай дизайнерууд Монголд олон бий. Тэдгээрээс та хэнтэй нь хамтран ажиллаж, тэмцээнд өмсөх даашинзаа оёулж байна вэ?
 
-Дизайнер Д.Отгонжаргал тэмцээнд өмсөх даашинзыг маань урлаж байна. Үндэсний хувцасыг "Торго" салоны хамт олон, дизайнер О.Болд хийж өгөхөөр болсон.
 
-Ний нуугүй хэлэхэд манай зарим мисс олон улсын тэмцээнд оролцохдоо асуулт хариултын хэсэгт бүдэрдэг. Энэ нь мэдээж гадаад хэлний мэдлэгтэй холбоотой. Таны хувьд гадаад хэлний талд асуудал үүсэхгүй байх гэж бодож байна?
 
-Би тэмцээн уралдаанд оролцохдоо өөрөө өөртэйгөө өрсөлддөг. Ялангуяа өөртөө итгэх итгэл, сэтгэл зүй маш чухал байдаг. Тиймээс дотроо бясалгаж, хүндтэй үүргээ ухамсарлах хэрэгтэй гэж боддог.
 
-Миссийн тэмцээнд гадаадын оролцогчид бүтэн баг бүрэлдэхүүнээрээ оролцдог юм билээ. Та тэмцээндээ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна вэ?
 
-"Miss universe"-д миссүүд хатуу дүрмийн дагуу оролцдог. Сарын хугацаанд бусад орны миссээс өөр хэнтэй ч уулзаж, ярилцаж болдоггүй. Аливаа үйл ажиллагаанд ганцаараа явдаггүй. Тиймээс миссүүд сарын хугацаанд хоёр, хоёроороо нэг өрөөнд байрлана. Миний хойноос  "Мongolian beauty association" төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Анхбаяр, гэр бүл, найз нөхөд гээд олон хүн дэмжихээр очно гэсэн.
 
-"Miss universe" таны оролцож буй сүүлчийн тэмцээн гэсэн нь үнэн үү. Энэ тэмцээний дараа миссийн карьераа өндөрлүүлнэ гэсэн үг үү?
 
-Тийм ээ. "Miss universe" миний оролцож байгаа сүүлчийн тэмцээн болж байна. Хүмүүс тэмцээний дараа аль салбарт хүч үзэх гэж байгаа талаар асууж байгаа. Шинэ он гараад тодорхой болох учир үүнийг нууц хэвээр нь үлдээе. Цаашдаа ажил мэргэжил болон хувийн амьдралдаа хийхээр төлөвлөсөн олон зүйл бий.
 
-Олон жил ажилласан мисс, моделиуд хувийн агентлаг нээн ажиллуулдаг. Танд тийм төлөвлөгөө бий юү?
 
-Агентлаг байгуулахгүй. Би загварын салбартаа маш их хайртай. Тиймээс Монгол Улсынхаа хөгжил түүнчлэн загварын салбартаа өөрийн хувь нэмрээ оруулаад явах болно. Гэхдээ энэ нь миний амьдралын гол үзүүлэлт болж явахгүй болов уу. Би оролцсон тэмцээн болгоноосоо туршлага хуримтлуулж шинэ зүйл сурдаг байсан. Дээр нь сайхан хамт олны нэг хэсэг болсон нь миний сайхан дурсамжуудын нэг. Одоо олон улсад нэр хүндтэй тэмцээнд оролцох гэж байгаа нь ч эдгээр дурсамж, туршлагын үр дүн юм.
 
- “Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал
- ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал
- "New Face 2009" наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал
- "Moda Art 2010" наадмын Шилдэг оролцогч
- "TV Miss International 2010" тэмцээний Дэд байр
- "Miss Mongolia 2012" тэмцээний Тэргүүн байр
- "Miss International 2012" тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци
- "Kerasys 2015" наадмын Шилдэг загвар өмсөгч
- "Miss World Peace 2015" тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг
- "Miss Intercontinental 2015" тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци
- "Гоёл 2017" наадмын Шилдэг загвар өмсөгч
- "World Supermodel 2017" тэмцээний дөрөвдүгээр байрын шагналтай.
 
-Хүн л юм чинь сэтгэлээр унах, шантрах үе гардаг байх. Тэр үед таныг түшиж, тулдаг хамгийн дотнын зөвлөх тань хэн бэ?
 
-Миний ээж. Ээж миний хамгийн дотнын найз, хамгийн хатуу шүүмжлэгчээс гадна хамгийн ойрын багш минь юм.
 
-Мисс, моделиудын амьдрал, ажлыг тойрсон элдэв яриа, хэл ам тасардаггүй. Саяхан болсон тэмцээний дараа таны талаар ч гэсэн цуурхал гарсан. Та үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ?
 
-Хүмүүс серөг мэдээлэлд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг талаар сонирхож асуудаг. Би тэр бүгдийг миний зорилгыг мохоох хэмжээнд ач холбогдол өгч ойшоодоггүй учраас элдэв хэл амыг тоодоггүй. Хэрвээ миний нэр хүндэд халдсан зүйл байвал хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ. "Уулын мод урттай, богинотой". Тиймээс энэ талд санаагаа чилээж, цагаа дэмий өнгөрүүлдэггүй.
 
 
 
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин