sonin.mn
Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн талаар Голомтын банкны ахлах эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
 
-Танай банкны судалгааны багийнхан Монгол Улс дахь зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж байсныг санаж байна. Ер нь манай улсад хадгаламж, зээлийн хүү яагаад өндөр байдаг юм бэ?
 
-Санхүүгийн байгууллага бол аливаа нэг газраас хөрөнгө татаж, нөгөө хэсэгт нь зээл олгон, мөнгийг эргэлдүүлж байдаг зуучлагч юм. Бид гаднаас хөрөнгө босгохдоо 7.5 хувийн хүүтэй авна. АНУ-д бол 1.75 хувьтай ч байдаг. Учир нь, манай олон улсын зээлжих зэрэглэл маш муу байна. АНУ болохоор ААА зэрэглэлтэй байгаа нь ямар ч эрсдэлгүй гэсэн үг. Монгол Улс маань В буюу олон улсын зээлжих 20 зэрэглэлийн дороосоо гуравт эрэмбэлэгддэг. Дэлхий дахинд энэ 20 зэрэглэлийн хоёрны нэг (2/1)-ээс доошхийг санхүүгийн хэллэгээр "хог" гэж нэрлэдэг юм. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэх итгэл маш муу, үүнээс шалтгаалан ийм өндөр буюу 7.5 хувийн хүүтэй мөнгө л олдоно. Сүүлийн 10 жилийн дунджийг харахад ам.доллар төгрөгийн эсрэг жил тутамд 6.0 хувиар чангарсан байдаг. Тэгэхээр энэ хэмжээний хувийн хүүг нэмж байж л төгрөгийн хадгаламжийг татна. Ингээд бодохоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшны хэлбэлзэлтэй холбогдон хүү 13.5 хувьд хүрчихэж байгаа юм.
 
-Дээр нь Төв болон арилжааны банкууд хүүгээ нэмэх байх л даа?
 
-Тэгэлгүй яах вэ. Банкны салбарт ажиллаж буй 15 мянган ажилтныг цалинжуулах, ажиллах нөхцөлийг хангах болон бусад зардлыг тооцож үзэх нь тодорхой. Ингээд 15.5 хувиар тооцож зээл олгоё гэтэл эргэн төлөлт нь тодорхойгүй байдаг. Одоогоор Монгол Улсын нийт зээлийн 8.4 хувь нь "чанаргүй" ангилалд багтаж байна. Энэ нь салхинд хийсгэсэнтэй адил учраас "эрсдэлийн шагнал" гэж нэрлэдэг 3-4 хувийг тооцсоноор зээлийн хүүний эцсийн хувь 17.5-18 болчихож байгаа юм.
 
-Энэ бүхнийг зээлдэгч бүр нарийн ойлгодоггүй байх. Ажил үйлчилгээ, үйлдвэрлэлээ явуулах ч юм уу өргөжүүлэхийн тулд ямар нэг байдлаар зээл авах шаардлага тулгардаг. Хүү нь өндөр байдаг. Үүнийг багасгахад талууд хэрхэн ажиллах ёстой вэ?
 
-Зээлийн хүү өндөр байгаа нь дан ганц Монголбанкинд хамаарах асуудал биш. Юуны өмнө Засгийн газрын үйл ажиллагаа хамгийн чухал. Гүйцэтгэх засаглал өрийн менежментийг сайн боловсруулах ёстой.
 
Өнөөдөр манай улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 240 хувьтай тэнцэж байна. Бид өмнөх Засгийн газрын үед гадаадаас босгож ирсэн "Чингис", "Самурай" болон бусад бондын өрийг бага хүүтэй бондын хөрөнгөөр дахин санхүүжүүлэх аргыг л хэрэглэж байгаа нь явцгүй. Нөгөө талаар төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Үүнийг хийхэд магадгүй 10-20 жил шаардагдах байх. Гэхдээ л боломж бий. Бид зөвхөн энэ Засгийн газрын тухай яриагүй шүү дээ.
Бас нэг чухал алхам нь төгрөг, ам.долларын ханшийг наад тал нь гурван жил тогтвортой хадгалах хэрэгтэй. Энэ нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах Төв банкны үүрэг, зорилгод хамаарна. Тэд бодлогынхоо хүрээнд экспортын бүтээгдэхүүнийг хэйжлэх буюу эрсдэлээс хамгаалах секторыг дэмжих ёстой. Мөн гаднаас 100 хувь хамааралтай нефтийн бүтээгдэхүүнийхээ үнэ тарифыг тогтоож өгснөөр ам.долларын гарах урсгалаа зохицуулж чадвал валютын урсгал тогтворжиж, төгрөгт итгэх итгэл нэмэгдэнэ. Банкуудын үйл ажиллагааны зардал зээлийн хүүгийн нэг хувь байдаг ч үүнийг бууруулахын тулд тэднийг нэгтгэх, АТМ-ыг нэгдсэн системд оруулах гээд олон ажил хийж болох юм.
Манай үйлчилгээний нэг томоохон газар (худалдааны төв, кинотеатр гэх мэт)-т ороход олон жижиг банкны өчнөөн АТМ байж байдаг шүү дээ. "Эрсдэлийн шагнал"-ын тухайд манай аж ахуйн нэгж, компани, иргэн бүр банкнаас зээл авсан л бол түүнийгээ буцааж төлөх нь үүрэг гэдгийг ойлгож ухамсарладаг болмоор байна. Үүнд төлөвлөлт маш чухал. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахад Засгийн газар, Төв банк төдийгүй компанийн сайн засаглал, иргэн хүний санхүүгийн боловсрол, ухамсар ч тодорхой нөлөөтэй гэж хэлэх байна. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжил маш чухал үүрэгтэй. Тэд аливаа зээлийн эрсдэлийг үүрэлцэх боломжийг олгож, нөхцөлийг бүрдүүлж гэмээнэ иргэд энэ захыг ойлгож, оролцоо нэмэгдэх нь зайлшгүй гэж бодож байна. Бидний бодож боловсруулсан, одоо олон нийт дэмжиж байгаа Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн гол зорилго, концепц нь дээрх асуудлуудад л чиглэж байгаа юм. Монголбанк болон Голомт банкны судалгааны багуудын хийсэн ажлын үр дүн, үндсэн зарчим, зээлийн хүүг бууруулах арга замууд, дэвшүүлсэн санаа нь төдий л зөрүүтэй байгаагүй. Ер нь эдийн засгийн судалгааны дүн, эцсийн дүгнэлт нь нэг хэв загварт цутгачихсан мэт байх аргагүй. Тийм боломж ч байхгүй. Гэтэл зарим улстөрч олон нийтийн анхааралд байнга байдаг, чухал сэдвийг барьж аваад "тоглолт" хийдэг нь харамсалтай.
 
-Бидний ярьж байгаа сэдвээр нэгэнт улстөрчдийн талаар дурдагдсаных цөөн зүйлийг тодруулъя. Тухайлбал, өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга зээл бүхий иргэдийн эргэн төлөлтийг нэг удаа "тэглэнэ" гэж мөрийн хөтөлбөртөө амласан байдаг. Тийм боломж бий юү?
 
-Энэ бол цэвэр улстөржилт, худал амлалт. Монголын банкуудын зээлийн багц 15 их наяд төгрөг байгаа. Энэ их мөнгийг хаанаас гаргасан, ямар хөрөнгөөр нөхөж эсвэл байхгүй болгох гээд байгааг ер ойлгохгүй юм. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдийн мөнгө үгүй болсон шүү гэсэнтэй адил сонсогдоно. Ийм сонин, бүхэл бүтэн улс орны санхүүгийн системийн эсрэг л юм ярьсан. Ямар ч боломжгүй амлалт.
 
-Манай зарим улстөрч ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх боломж байгаа тухай ярьж, холбогдох яам, тамгын газарт мэдэгдэл, тооцоо хүргүүлсэн гэсэн. Ийм зүйл байж болох уу?
 
-Тэр хүн судалгаа тооцоонд үндэслэсэн гэдэгт би л лав итгэхгүй. Яагаад гэвэл, энэ талаарх боломжийн судалгаа одоо ч манайд байхгүй. Харин ипотекийн зээл монголчуудад хэрэгтэй юу, үгүй юу гэж яривал өөр хэрэг. Монголд кредит систем олигтой хөгжөөгүй, санхүүгийн зах зээл дэх бүтээгдэхүүний хүү өндөр байгаа өнөөгийн нөхцөлд залуус, иргэддээ бага зэргийн хөнгөлөлт үзүүлээд орон сууцжуулах хэрэгтэй. Ипотекийн зээлийн найман хувь нь манайд үйлчилж байгаа Монголбанкны мөнгөний бодлогын хувиас доогуур байгаа нөхцөлд үлдсэнийг нь хэн нэгэн төлж таарна. Үүнийг одоо татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгааг би хувьдаа зөв гэж дэмждэг. Наад талдаа, нэг залуу гэр бүл миний татварын мөнгөөр зээлийнхээ зарим хэсгийг төлүүлээд хожиж байгаа мэт боловч угтаа эцсийн дүнд би ч хожиж байна. Утааны бохирдол багасна, нэг өрх айл аз жаргалтай амьдарна, захын гэр хорооллоос машин унаандаа юмуу нийтийн тээвэрт зарцуулдаг мөнгө нь хэмнэлт болж, ажлын бүтээмж нь нэмэгдсэнээр эдийн засаг өсөхөд хувь нэмрээ илүү их оруулна. Үүнээс бүгд л хожно. Ингээд бодохоор ипотекийн зээл хувь хүн, тухайн байгууллага, цаашилбал улс орны эдийн засаг, хөгжилд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ зээлийн хүү нь хэд байх вэ гэдэг нь бас л өөр асуудал. 2013 оны зургаадугаар сараас ипотекийн зээлийг олгож эхлэхэд, сардаа 180 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан нь цэвэр популист арга байсан. Барилгын салбар мөнгөөр "хахаж", олон компани үүн рүү шуурч, хэдэн зуун мянган айлын орон сууцыг барьсан. Одоо 16 мянган айлын орон сууц эзнээ хүлээгээд хов хоосон байж л байна. Дээрээс нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хөөрөгдсөн алдаа байлаа. Үүнийг бүхэлд нь буруутгаж байгаа юм биш. Гагцхүү эрэлт, нийлүүлэлтийн харьцааг тэнцүүлэн барьж, аажмаар хөгжүүлэх ёстой байсан юм. Нэг сард 180 тэрбумыг тухайн салбарт зарцуулдаг байснаа хоёр гурван жилийн дараа оны турш 400 тэрбум төгрөг олгодог, ийм харьцангуй байж болохгүй л дээ. Ипотекийн зээлийн найман хувийн хүүг би нэг их биш гэж боддог. Гэхдээ олон нийтийн амьжиргааны түвшинг харгалзаж багасгасан ч болно. Харин хэдэн хувьд байхыг нарийвчлан судлах л ёстой.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин