sonin.mn
Монгол Улсын их сургуулийн Олон улс судлалын сургуулийн багш, доктор профессор Ж.Баттөртэй хоёр Солонгосын харилцаа, Азийн улс төрийн соёлын талаар ярилцлаа. Тэрбээр Солонгос, Хятад судлалаар мэргэшсэн эрдэмтэн юм.
 
-Сүүлийн үед Пхеньяны Өмнөд Солонгос, АНУ-тай харилцах харилцаа эрс сэргэх боллоо. Энэ хандлагыг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Хоёр Солонгос хуваагдаж олон арван жил өнгөрсөн ч эерэг харилцаатай болж эхэллээ. Хэдийгээр АНУ Пхеньянтай нааштай харилцаж эхэлсэн ч Өмнөд Солонгосын хурдыг гүйцэхгүй байна. Тиймээс Вашингтоны зүгээс хоёр улсыг ойртон нягтруулахын тулд хүчин зүтгэл гарган ажиллах хэрэгтэй болсон. Нөгөө талаар, хоёр Солонгосын ирээдүй хэрхэн шийдэгдэх бол гэсэн таамаг судлаачдын дунд үүсээд байна. Нэг үндэстэн учир дахин нэгдэх хүсэл ард түмэнд нь байдаг. Гэхдээ нэг улс, хоёр систем болох уу эсвэл бие даасан хоёр улс бүхий холбооны тогтолцоонд шилжих үү гэдэг сонголт үлдэж байна. Би судлаачийн хувьд холбооны улс болж магадгүй гэж үздэг. Солонгос гэх нэг угсаатнаас бүрдсэн энэ хоёр улсын нэгдэх үйл явц удаан үргэлжилнэ. Магадгүй 50 жилийн дараа энхтайвны замаар нэг системд шилжих байх. Харин одоогийн нөхцөлд аль аль нь улс төрийн тогтолцоогоо хадгалан үлдэж, эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.
 
-Умард Солонгосын нөөц бололцоо дууссан учир Ким Жон Ун зөөлөн бодлого баримталж байна гэж зарим ажиглагч дүгнэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Умард Солонгос хэдийгээр эдийн засгийн хоригт орж, хүнд нөхцөлд байгаа ч тартагтаа тулсан улс биш шүү дээ. Тус улсын аж үйлдвэрийн бүтэц хэвээрээ байна. Батлан хамгаалах салбар нь хүчтэй, хөдөө аж ахуй өндөр хөгжсөнийг дурдах хэрэгтэй. Мөн 20 гаруй сая иргэнтэй, хүн амын нөөц сайтай улс. Тиймээс Пхеньян дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхийн тулд шинэчлэл хийж эхэлсэн.
 
-Ер нь хоёр Солонгосын хуваагдал юунаас улбаатай болох талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?
 
-Хоёр Солонгосын асуудал маш төвөгтэй, олон зүйлийг ярьж байж ойлгохоор байгаа юм.
Үндсэндээ хоёр хуваагдах эхлэл 1910 онд Солонгос улс Японы колони болсон үеэс тавигдсан байдаг. Япон улс Солонгосын хойгийг тэр чигт нь колоничилсон. Түүний дараа нэлээд хатуу харгис бодлого явуулж байжээ. Тухайлбал, хүн амыг нь нэрээ соль гэж шаардах, япон хэлийг үндсэн хэл болгох гэж оролдож байсан.
Япон зан заншил, соёлыг дэлгэрүүлэх гэж чармайжээ. Дээр нь үндэснийхээ тусгаар тогтнолыг эргэж олъё гэсэн сэхээтэн, тэмцэгчдийг нь шоронд хорих, заримынх нь амь насыг бүрэлгэх гэх мэтээр нухчин дарсан байдаг. Ийм маягаар маш хатуу хандаж байсан учраас нөгөө талдаа Солонгосын тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн эрч хүчээ авсан байгаа юм. 1930-аад оны үед дотооддоо маш их хяналттай байсан учраас тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан солонгос хүмүүс нь Манжуур, зарим нь Шанхай, Хятад руу гарсан байгаа юм. Тэд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл явуулж байхдаа хоёр том бүлэг болж хуваагдаад, нэг хэсэг нь хойд зүгт, нөгөө нь Америк, Хятадын Шанхай хавиар төвлөрсөн байдаг. АНУ, ялангуяа Шанхай хавьд цугларч тусгаар тогтнолын төлөө тэмцэл хийж байсан улсууд 1945 онд Дэлхийн дайн дуусаад, Япончууд бууж өгсний дараа эх нутагтаа очиж, хойдоос ирсэн нь хойноо, өмнөдөд суурьшсан нь тэндээ Засгийн газар байгуулсан. Энэ нь даамжраад яваандаа дайнд хүргэсэн байдаг. Гаднын колоничлол нь эргээд энэ улсыг хуваагдахад хүргэсэн байна.
 
-Солонгосын хойгийн нэгдэлд гуравдагч орнууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаа. Манай улс хоёр Солонгосын талтай найрсаг харилцаатай орны хувьд зуучлагч болох боломжтой юу?
 
-Хоёр Солонгостой найрсаг харилцаатай улс гэвэл Хятад, ОХУ байна. Аль аль нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаа. Манай улс ч Пхеньянтай найрсаг харилцаатай. Солонгосын дайны үед дэмжсэн, социализмын үеийн нөхөрлөл байна. Аль болохоор бие биенээ дэмжиж ирсэн түүхтэй улсууд. Социалист орнууд дотроосоо хамгийн ядуу, буурай хоёр орон байсан нь үнэн.
 
Тийм учраас манай үгийг хойд солонгосууд сонсох магадлал өндөр. Яагаад вэ гэхээр, бидний харилцаанд бие биенээ дэмжиж ирсэн 60-аад жилийн түүх бий. Нэг удаагийн бус, хэд хэдэн удаагийн уулзалт, дипломат ажиллагаа Улаанбаатар хотод болон Пхеньянд очиж албан ёсоор хийсний дүнд бодитой хэрэгжих боломжтой. Нөгөөтэйгүүр манайх хэрвээ санаачилга гаргаад зүтгэвэл өмнөдүүд болон Япончуудад үнэлэгдэнэ. Миний бодлоор зуучлагч гэхээс илүү хоёр Солонгостой гурвалсан хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал. Манай улс Хойд Солонгостой эртнээс дипломат харилцаатай. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй ч гэсэн бусад чиглэлээр идэвхтэй харилцаатай. Тиймээс гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн хувьд ямар ашигтай байх вэ гэдгийг судлах хэрэгтэй.Төмөр зам түшиглэсэн Чойр, Багануур зэрэг хотод Өмнөд Солонгосын технологид тулгуурласан хамтарсан аж үйлдвэрийн парк байгуулж болно шүү дээ. Өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Азийн зах зээлд гарах боломж байна. Умард Солонгос бол хөдөө аж ахуйн салбараа маш сайн хөгжүүлсэн улс. Гэхдээ НҮБ-ын хоригоос хамаарч хүнсний гачигдалд орсон. Тиймээс энэ салбарт хамтран ажиллах боломжтой. Солонгосын хойг манай улсын хувьд чухал бүс нутаг.
 
Чингис хааны үед ч, социализмын үед ч чухал байсан. Яагаад гэвэл, Чингис хаан Азийн бүх улсыг байлдан дагуулчихаад, хааныг нь монгол гүнжтэй суух нөхцөлтэйгөөр үлдээсэн ганц газар Солонгос шүү дээ. Тийм учраас Солонгосын таван хаан нь монгол гүнжтэй ураг барилдсан. Мөн Х.Чойбалсан даргын үед шууд тусламж өгч байсан, Солонгосын дайны үед солонгос хүүхдүүдийг Монголд авчирч, сургаж хүмүүжүүлж байлаа. Ер нь аль ч цаг үед Солонгосын хойг чухал байсан.
 
-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Барууны ардчилагчид" гэгддэг өмнөх төрийн тэргүүнүүдийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ялласан.Гэхдээ ял шийтгэл хүлээсэн улстөрчид нь ард түмнээсээ уучлалт гуйж, Азийн улс төрд тогтсон хариуцлагатай соёлыг олон улсад мэдрүүллээ.Харин энэ тогтолцоо манайд үгүйлэгдэж байх шиг санагддаг?
 
-Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үүрэгт хоёр Солонгосыг нэгтгэхийг хичээдэг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа таван жил бөгөөд дахин нэр дэвшдэггүйгээрээ онцлогтой. Тиймээс Мүн Жэ Ин үлдсэн гурван жилийн хугацаандаа нэгдлийн асуудалд амжилт олох гэж яарч байна. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зорьдог. Азийн орнууд удирдагчдаа нийгэмд үлгэр дууриалал болсон, ухаантай, боловсролтой хүн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Өмнө нь ямар нэг муу зүйлд нэр холбогдоогүй байхыг тэргүүн шалгуур болгодог. Харин манай сонгогчдын хувьд үүнийг гол шалгуураа болгодоггүй. Энэ бүхнийг ажиглаж буй залуу үеийнхэн хүнийг хуурч муу зүйл хийсэн хүн амжилтад хүрдэг гэсэн ойлголттой болж байгаа нь харамсалтай. Хэрвээ улстөрч буруу зүйл хийсэн бол уучлалт гуйх нь Азийн улс төрд тогтсон хамгийн том соёл юм. Харин нөгөө талдаа уучилж чаддаг соёл байна. Өмнөд Солонгост хэн нэг албан тушаалтан хэрэгт холбогдвол албан тушаалаасаа огцорч, хуулийн дагуу шалгуулдаг. Хэрэв гэм буруугүй гэдэг нь нотлогдвол буцаад албан тушаалдаа очдог. Харин гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн тавцанд дахин хөл тавих эрхгүй болно.
БНСУ-д ямар нэг хэрэг гарахад прокурорын байгууллага мөрдөн байцаалт шууд явуулдаг. Харин манайд бусад байгууллагаар дамжиж явсаар хэрэг замхардаг болсон. БНСУ-д улс төрийн албан тушаалтантай холбоотой хэргийг маш хурдан, нэг сарын дотор шийддэг. Энэ системийг манайд оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн улстөрчийн зөв ч юм шиг, буруу ч юм шиг сунжраад байна. Өмнөд Солонгост бол Күнзийн сургаал хүчтэй нөлөөтэй. Күнзийн сургаалд "Удирдагч хүн эрдэмтэй, бусдынхаа төлөө хөдөлмөрлөдөг байх ёстой" гэдэг. Европын үзэл санаа ч адил. Английн Лордын танхимын гишүүн 50 фунт стерлингийн бэлэг авснаа мэдүүлээгүйгээс болж, огцорч байсан. Өөрөөр хэлбэл, төрийг удирдахын тулд ёс зүйтэй байх хэрэгтэй. Хятад, Япон, Өмнөд Солонгосын улс төрийн соёлыг Монголын өнөөгийн улс төрийн соёлтой харьцуулбал тэнгэр газар мэт ялгаатай. Монголд 1990-ээд оноос тогтсон улс төрийн энэ ёс зүйгүй байдал ядуурлын шалтгаан болж байна.
 
-Тэгвэл энэ зүй бус тогтолцоог залруулах боломжтой юу?
 
-Зүүн Азийн орнуудад ичгүүрийн соёл хүчтэй нөлөө үзүүлдэг. Манайхаар бол "Нэр, нүүрээ бодох" гэдэгтэй ижил агуулгатай. Энэ соёл улс төрд нэгдүгээрт байх ёстой. Харамсалтай нь, манайд ичээдэг тогтолцоо алга. Тухайлбал, эрх барьж байсан улстөрчид улс орноо асар их өрөнд оруулж, үр ашиггүй зарцуулалт хийсэн атлаа албан тушаалаасаа зүгээр л буугаад явчих жишээтэй. Хүн амын тал хувь нь дундаас дээш амьжиргаатай байж нийгэм эрүүлжиж, ёс суртахуунтай болдог. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудыг харахад дундаж давхарга нь их, баян болон ядуу давхарга бага хувийг эзэлдэг. Америкийн сэтгэлзүйч А.Х. Масловын хуулиар үүнийг тайлбарлаж болно. Хүн талхныхаа асуудлыг шийдчихээд гоо зүйдээ анхаарч эхэлдэг. Дараа нь нийгэмд хэрхэн хувь нэмэр оруулах талаар боддог. Тэгээд дэлхий ертөнцийн талаар тунгааж эхэлнэ. Бид одоо талхны үе дээрээ буюу анхдагч хэрэгцээгээ хангахын төлөө явж байна. Гэхдээ ядуу гэдэг ойлголт хоёр янз байдаг. Нэг нь бодит ядуурал буюу халаас хоосон явахыг хэлж байгаа юм. Хоёр дахь нь явцуу ядуурал. Монголчууд явцуу ядуурал ихтэй. Өөрийгөө бусадтай жишээд ядуу гэж боддог. Хэчнээн сайхан амьдарлаа ч баяр хөөр, аз жаргалгүй байдаг.
 
-Монголчууд оюуны ядууралд автсан гэж ярих болсон ч бодит ядуурлаас ангижрах талаар төдийлөн арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн шүү дээ?
 
-Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй гэсэн хэмжүүрээр хэмжиж болно. Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүй ядуурлын жишээ гэвэл зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлээ авч чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ. Өдөрт нэг ам.доллароор амьдарч байвал туйлын ядуу, хоёр ам.доллароос бага орлоготой бол дундаж ядуу гэж Дэлхийн банкнаас тодорхойлдог. Ядуурлыг бууруулах гэж олон улсын байгууллагууд маш олон төсөл хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй.
 
-Дэлхийн улс орнууд улстөрчдөө хэрхэн бэлтгэдэг юм бол?
 
-Ихэнх улсад элит сургууль гэж байдаг. Орост Москвагийн их сургууль, БНХАУ-д Бээжин, Чинхуа, Фудан их сургууль, АНУ-д Харвард, Йэл, Стэнфордын их сургууль, Англид Оксфорд, Кембрижийн их сургууль байна. Эдгээр том сургууль нийгэмд хариуцлага хүлээх чадвартай хүмүүсийг бэлтгэдэг гэсэн үг. Ийм сургуулийн төгсөгч бусдаас үлгэр дуурайл авдаг, нэр төрөө хичээдэг, гоо зүйн мэдрэмжтэй, эх оронч сэтгэлгээтэй, философи, нийгэм, эдийн засгийн мэдлэгтэй байдаг. 
 
-Судалгааны тань нэгэн чиглэл болох хятад судлалын талаар асуулгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хятад улсын хөгжлийг та хэрхэн тайлбарлах вэ?
 
-Хятад улс хямд ажиллах хүч, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэн бодлого, засаглалын тогтвортой шинж, хятад хүний ажилсаг зан, мөнгөн хуримтлалыг дээдэлдэг уламжлалт үзэл, дэд бүтцээ зогсолтгүй сайжруулдаг бодлого зэрэг хүчин зүйлд түшиглэсэн өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж сүүлийн 30 гаруй жил дэлхийг хангалаа. Эдгээрийг ерөнхийдөө “Low end" бүтээгдэхүүн гэдэг.
Гэтэл дэлхийн улс орнууд ийм түвшинд хүрээд дэвшил гаргахгүй бол зогсчихдог. Харин Япон, Өмнөд Солонгос зэрэг орон дараагийн шат буюу технологи шингэсэн үйлдвэрлэл рүү эрс хурдан шилжсэн тул эдийн засгаа иргэдийн хөгжил цэцэглэлт, амьдралын өндөр түвшин рүү оруулж чадсан. Технологид түшиглэж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг "high end" бүтээгдэхүүн гэдэг.”High end” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд Хятадын Засгийн газраас шинжлэх ухааны салбаруудаа дэмжих бодлого баримталж байгаа юм. Хятадын Засгийн газраас "Хятадад үйлдвэрлэв 2025" гэсэн томоохон хөтөлбөр зарласан. Энэ хөтөлбөр ёсоор 2025 он гэхэд буюу 10 жилийн дотор Хятадыг инновац эдийн засагтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлага бүхий дэлхийн үйлдвэрлэх хүч болгох зорилт тавьжээ. Энэ хүрээнд нисэх онгоц, агаар сансар, смарт тээвэр, мэдээллийн технологи гэсэн арван салбарт инновацын 40 төв байгуулахаа зарласан. Мөн шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах хөрөнгөөр ойрын арван жилд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн байна билээ. Түүний дотор шинэ технологи нээж буй профессоруудын цалинг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүргэхээр хичээж байна. 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин