sonin.mn
Генерал Ш.Жадамбын хүү Энхбаяр гэгч 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж буй билээ.
Энэ хугацаанд улс орон, иргэдэд хэрэгтэй бодитой хийсэн бүтээсэн зүйл үгүй тэрээр эсрэгээрээ богино хугацаанд хөлжиж, өдгөө хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дундаа дээгүүрт бичигддэг.
Тэрээр 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд "Газар холдинг" ХХК, "Газар капитал Партнерс ББСБ" ХХК-ийг эзэмшдэг, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон юм.
Шударга ёсны тухай чанга дуугаар олонтаа ярьдаг түүнийг цөөнгүй хүн шударга улс төрч гэж боддог байсан ч ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь, "Газар капитал Партнерс ББСБ" нь иргэдэд жилийн 30 хувийн хүүтэй зээл олгож мөнгө хүүлдэг байсан илэрч, ард түмэнд үнэн төрхөө таниулсан билээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр мөнөөх Ж.Энхбаяр гэгч шударга мэт дүр эсгэн, бусдыг УИХ-ын чуулганд оролцох эрхгүй гэх мэтээр ярив.
Үнэн хэрэгтээ Ж.Энхбаяр, Н.Учрал, Х.Нямбаатар нарын балгаар л Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал үүссэн нь хэнд ч илэрхий билээ.
Гэтэл иргэдийнхээ боломжийг хулгайлж, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд гай болсон ЖДҮ-гийн "хулгайч" Ж.Энхбаяр УИХ-ын чуулган дээр ч иргэдээр тохуурхан ийн аашилж буй нь "NTV" телевизийн зураглаачийн дуранд ийн буужээ.
 
С.Сарнай