sonin.mn
Нобелийн шагналтануудыг тодруулдаг уламжлал ёсоор жил бүрийн аравдугаар сард дэлхийн хамгийн эрхэм дээд нэр хүндтэй шагналын энэ оны эздийг зарлан тунхаглаж дуусаад арванхоёрдугаар сарын энэхүү өдрүүдэд гардуулж эхлээд байна. Энэ жилийн Нобелийн Энх Тайвны шагналд  331 хүн тус шагналд нэр дэвшсэний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар байсан ч Нобелийн хорооноос 2018 оны Энх тайвны шагналыг дайн зэвсэгт мөргөлдөөн бэлгийн хүчирхийлэлийн эсрэг тууштай тэмцэгч Денис Муквегэ, Надиа Мурад нарт олгохоор шийдвэрлэжээ.
Нобелийн Энх тайвны шагналыг улс төрч Михаил Горбачёв, Нельсон Мандела, Барак Обама зэрэг дэлхийн энхтайваны олон зүтгэлтэн хувь хүмүүс хүртэж байсан. Нобелийн шагналыг хувь хүнээс гадна байгууллага хувь хүнд хамтатгаж бас өгдөг. Тухайлбал, 2005 оны Нобелийн Энх тайвны шагналыг Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон түүний Ерөнхий захирал Мохамед ЭльБарадей хоёрт  50:50-иар нь хувааж эзэмших эрхтэйгээр хүртээж байв. Энэхүү шагнал нь бас ОУАЭА-д ажиллаж байсан монголчуудын хөдөлмөр гавьяаг үнэлсэн шагнал. Нобелийн шагналыг мөн байгууллага хамт олонд олгодог.
 
Тухайлбал, 2013 оны Нобелийн Энх тайвны шагналыг Гаагад байрладаг Химийн зэвсгийг хориглох байгууллагад олгосон.  Тухайн үед манай Химийн зэвсгийг хориглох байгууллага Ирак Сири Ливийг эгнээндээ нэгтгэн тэдгээрийн химийн зэвсгийг нь устгаж байсан бөгөөд таван жилийн өмнөх энэхүү өдрүүдэд миний бие тус байгууллагын мандаттай тусгай томилолтоор явж байхдаа дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс бидэнд Нобел хүртээх болсон тухай сонсоод тэнд ажиллах боломж олгосон  НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсынхаа тусгаар тогтнолоор л хамгийн ихээр бахархаж байлаа \зураг дээр\.
 
 
Тус шагнал нь байгууллага хамт олны шагнал учраас Химийн зэвсгийг хориглох байгууллагын албан хаагч зэвсгийн шинжээчид, түүний дотор байгуулагдсан цагаас нь эхлэн хориод жил залгамж халаагаа хадгалан химийн зэвсгийн шинжээчээр өдөр шөнөгүй  тэнд ажилласан генерал Монтойн Хүрлээ, хурандаа Загдын Нармандах,  Доржпаламын Эрдэнэцогт, Догсомын Ганбаатар нарын дэлхий дээрхи химийн зэвсгийн нөөцийг устган энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлсэн, цаашлаад үндэсний шинжээчдээ хориод жил илгээн ажиллуулсан Монгол Улсын даян дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагнал төдийгүй олон улсын мандаттай зэвсэг хураалтын энэхүү үр дүнд хойд урд хоёр хөрш маань зуун хувь аюулт химийн зэвсгээс ангижрсан нь тэр хэмжээгээр Монгол Улсын аюулгүй байдал хангагдахад чухал түлхэц болж байгаа юм.
 
Өнөөдөр монгол залуучууд дэлхийн боловсрол эзэмшиж дэлхийн шилдэг их дээд сургууль, лабораториудад ажиллаж шинжлэх ухааны шинэ нээлтүүд хийж байгаа өнөө үед монгол генүүд аав ээжээс заяасан нэрээрээ Алберт Эйнштэйн шиг дангаараа хувиараа Монгол Улсынхаа нэрийг дуурсган эрт орой хэзээ нэгэн цагт Нобел хүртэх нь дамжиггүй. Өмнө нь Монгол Улсаас Л.Түдэв гуай, Г.Мэнд-Ооёо яруу найрагч  нарын цөөнгүй хүмүүс Нобелд нэр дэвшиж байсан, өнөөдөр ч манай урлаг утга зохиолын салбарт Нобелийн шагналын болзол хангасан, дэлхийн уншигчдын дунд нэр хүндтэй, ном зохиолууд нь гадаадын олон орны номын дэлгүүр интернэтэд эрэлт хэрэгцээтэй байдаг Чинагийн Галсан нараас авхуулаад уран бүтээлчид цөөнгүй бий.
 
Харин манай улс төрчдөөс Нобелийн шагналд нэр дэвшиж байсан хүн одоогоор байхгүй ч барууныханд ад үзэгддэг улс төрийн тогтолцоотой хойд урд хоёр хөршийн дунд оршдог  эрэмгий хүлэг морьд шигээ эрх чөлөөнд нугасгүй монголчуудын ардчилал эрх чөлөө нь өчүүхэн ч гэсэн хумигдаад эхэлбэл, бидний нөгөө муу хэлээд байдаг ч Азидаа ардчилалын  арслан гэгддэг Монгол Улсад цаазын ялыг халж одоо Олон улсын цаазын ялын эсрэг комиссын Бүрэн эрхт комиссараар томилогдоод байгаа Цахиагийн Элбэгдоржийг Нобелийн Энх тайвны шагналд улс төрийн бодлогоор нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. Хэдэн жилийн өмнө төр засаг командлалаас өгсөн үүрэг даалгаврын дагуу албан үүргээ гүйцэтгэсний улмаас харийн шоронд жил гаран хоригдож байсан иргэнээ эзэрхэг цагт аав нь хүүгээ хар гэрээс суг татан аврахын адил харийн шоронгоос Монгол Улсын иргэнээ суга татан онгоцоор эх орондоо авчирч байснаас нь харахад Элбэгээ гадаадад түүний дотор Баруунд ямар их нөлөөтэй нэр хүндтэй эрхэм нэгэн гэдгийг ажиглаж болно.
 
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт