sonin.mn
…Хэрвээ надад ажил хэрэгч сайн чанарууд байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Хүнтэй болзохдоо цагаасаа хоцрохгүй байх, хэн нэгэнд ямар нэгэн зүйл амалсан бол түүнийгээ заавал биелүүлж байх, ѳнѳѳдѳр хийх ажлуудаа ѳглѳѳдѳѳ тѳлѳвлѳж, ѳдѳртѳѳ юу хийснээ унтахдаа эргэцүүлэн дүгнэж байх, хийж эхэлсэн зорилгуудаа ѳѳрийн хэмжээндээ хамгийн сайнаар заавал гүйцэтгэн дуусгаж байх гэхчилэн үнэ цэнэтэй чанаруудаа бусдад заавал зааж сургаж байх хэрэгтэй байна.
…Хэрвээ надад амьдралын сайн туршлага байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Амьдралд тохиолдож байгаа саад бэрхшээл бүрийг заавал давж гарч байх нь илүү боломжийг авч ирдэг гэдгийг, их унших хэрээрээ амьдралын дүр зургийг илүү томоор харж болдог гэдгийг, “эдгэшгүй хүнд ѳвчин, эргэж ирэхгүй үхлээс” бусад нь ерѳѳсѳѳ ч зовлон биш гэдгийг, амьдралд хамгийн эрхэм зүйл нь ѳѳрийн байгаа хэмжээндээ сэтгэлийн амар амгаланг ѳѳртѳѳ бүтээх гэдгийг, харамсаж боломгүй ѳнгѳрсѳн цаг хугацаа болгон чиний “шалгуур” гэдгийг бусдад заавал хэлж ойлгуулж байх хэрэгтэй байна.
 
…Хэрвээ надад хүмүүстэй харилцах сайн чадвар байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Бусдад ѳѳрийгѳѳ магтан дѳвийлгэхээс бусдыг анхааралтай сонсож ойлгохыг хичээх нь чухал гэдгийг, хэн нэгэнтэй маргалдаж хэрэлдээд хэзээ ч “ялагч” болдоггүй болохоор тэсч дуугүй байх нь чухал гэдгийг, хэнийг яаж ч муулаад хүн ѳѳрѳѳ үнэний шүүгч байж чаддаггүй цаг хугацаа жинхэнэ шүүгч мѳн гэдгийг, хэн нэгнийг үзэн ядахаас илүүтэй уучлан ойлгож байх нь чамд хүндлэл болон эргэн ирдэг гэдгийг, хүн болгоныг мѳн чанараар нь ойлгон хүндэлж байх нь сэтгэлийн тань амар амгалангийн баталгаа болно гэдгийг бусдад үлгэрлэн мэдрүүлж байх хэрэгтэй байна.
…Хэрвээ надад жаахан ч гэсэн соёл байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Энэ ертѳнцѳд нэгэн нарны дор хамт амьдарч байгаагийнхаа тѳлѳѳ тааралдсан хүмүүстэй заавал мэндэлж байвал сайн гэдгийг, ѳѳрийн алдаа хийгээд буруу зүйлийн тѳлѳѳ бусдаас уучлал гүйж байвал сайн гэдгийг, чамд их бага хэмжээгээр ч болов сэтгэл гарган тусалж байгаа хүмүүст заавал хариу талархал илэрхийлж байвал сайн гэдгийг, хаалганы дэргэд тааралдсан бүсгүй хүнд хаалга нээж заавал урдуураа оруулж байвал сайн гэдгийг, чамд дуртай ч бай, дургүй ч бай хүмүүст заавал инээмсэглэн харилцаж байвал сайн гэдгийг бусдад ухааруулан үхамсарлуулж байх хэрэгтэй байна.
 
…Хэрвээ надад бусдыг хайрлах хайр байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Жинхэнэ хайрыг хүндлэл, итгэл дагалдаж явдаг болохоор “бүтэн” байж чаддаг гэдгийг, хүүхдүүддээ ѳгсѳн хайр бүхэн тань эргээд танд цэцэг мэт дэлгэрч ирдэг гэдгийг, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрласан хайр л бусдын сэтгэл зүрхийг галын илч мэт дулаацуулж чаддаг гэдгийг, энэ амьдралын хамгийн бѳх тулгуур нь бусдыг чин сэтгэлээсээ хайрлах хайр юм гэдгийг, энэ амьдралын хамгийн сүүлийн мѳчид чамайг хайрласан хайр авсан дээр тань нулимс болон дэвтээдэг гэдгийг бусдад ойлгуулан баярлуулах хэрэгтэй байна.
…Хэрвээ надад бусдад туслах боломж байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй харамсмаар. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй болоход бусад хүмүүст боломж заавал байдаг гэдгийг, бусдад ѳѳрийгѳѳ “рекламдах” гэж бус чин сэтгэлээсээ тусалсан тус тэр хүнийг жинхэнээр нь баярлуулдаг гэдгийг, чин сэтгэлийн тусад “том”, “жижиг” гэдэг хэмжүүр байдаггүй бѳгѳѳд чин сэтгэлийн хандлага түүнийг хэмждэг гэдгийг, чи бусдад чин сэтгэлээсээ туслах тусам бусад хүмүүс ч чамд ѳѳрийн боломжоороо туслахыг хүсдэг гэдгийг, бид бусдын тус дэмжлэггүйгээр дэндүү ѳчүүхэн бас юу ч бүтээж амжилтад хүрч чаддаггүй гэдгийг бусдад ойлгуулан уриалах хэрэгтэй байна.
 
Хүмүүс бид энэ ертѳнцѳд амьдрахдаа материаллаг баялгаас гадна зүрх сэтгэлийн их баялгийг бүтээдэг. Материаллаг эд баялгийг авсандаа аваад орж болдоггүйтэй адил зүрх сэтгэлийнхээ их баялгийг ч авсандаа аваад одвол үнэхээр харамсалтай.
 
Хүн болгоны энэ амьдралдаа цуглуулсан туршлага, ухаарал, сэтгэлгээний үнэ цэнэ гэдэг асар их баялаг. Хэрвээ чи үүнийгээ бусадтай хуваалцахгүй, бусдад түгээхгүй юм бол дэндүү хувиа хичээсэн үйлдэл болох бѳгѳѳд чиний амьдрал үүний тѳлѳѳ ямар ч үнэ цэнэгүй болдог. Зүгээр л “асан” гэдгээс ѳѳр ямар ч тодотгол чиний нэрний ѳмнѳ дуудагдахгүй. Зѳвхѳн ѳѳрѳѳ л ѳѳртѳѳ МУНДАГ амьдраад яах ч билээ дээ, харамсмаар.
Тэгэхээр хүмүүс ээ! бие биенээ амьдад нь хайрла, алив сайхнаа бусдаас бүү харамла. Зүгээр л бие биедээ урам ѳгч чин сэтгэлээсээ хайрла, бас бусдад чин сэтгэлээсээ тусла. Мэддэг чаддаг зүйлээ харамгүй хэлж, зааж сурга. Тэд хариуд нь танд талархан дурсах болно. Яг ѳнѳѳдѳр л монголчууд бие биенээ сонсож ухаарах хэрэгтэй болж байна. Үхэл амьдралын зааг дээр хүн ѳнгѳрсѳн амьдралаа эргэцүүлдэг шиг, ѳнгѳрсѳн хугацааны мунхаглал, тэнэглэл бүхнээ одоо л эргэцүүл. Жилийн ѳмнѳ гоёсон шинэ жилийн гоёл тань хуучраагүй байхад дараа жилийн шинэ жил тулж ирж байгаатай адил амьдралын хүрд дэндүү хурдан эргэсээр байгааг анзаарч ухаар. Нэг л мэдэх дор бид энэ амьдралаас буцах болно. Тэр ѳдѳр юуг үлдээж, юуг авч явж байгаагаа эргэцүүлж амжихгүй ч байж магад. Харин ѳнѳѳдѳр эргэцүүлэх боломж байна.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах