sonin.mn
Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаан болж авто зам болон авто тээврийн салбарын нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжиж буй Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км, Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дуусаж, зарим шийдвэрлэх шаардлагай ажлын талаар тус яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд онцоллоо. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дээрх хоёр чиглэлийн авто замын барилгын ажил бүрэн дууссанаар тухайн чиглэлийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, хөдөлгөөний ачааллыг бууруулах боломж бүрдэх юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Цахир-Тосонцэнгэл, Булган-Үенч-Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замын үлдсэн ажлыг эрчимжүүлэн ажиллах шаардлага байгааг хэлээд ирэх жил бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхийг хариуцсан газрын даргад даалгалаа.
 
 
Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол олон улсын ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тээвэрлэлтийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгэх шаардлага байгааг хэлэлцсэн юм.
Энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд Монгол улс, Унгар улсын хооронд "Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулснаар тус улсруу ачаа, зорчигч тээвэрлэх нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн Орос, Монгол, Хятадын гурван талт хэлэлцээр болох Азийн автозамын сүлжээний дагуу олон улсын тээврийн гүйцэтгэлийн хэлэлцээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард соёрхон баталснаар ирэх оноос эхлэн тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болсныг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд онцоллоо. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улс болох Чех, Словек, Польш, Гүрж, Литив, Герман зэрэг улстай гэрээ хэлэлцээр байгууллахаар хэлэлцээрийн төсөл солилцох шатандаа явж байна.
Олон улсад тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг 2010 оны нэгдүгээр сарын 25-нд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Монголын автотээврийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус холбоо зөвшөөрлийн бичгийг олгож эхэлсэн. Цаашдаа олон улстай ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээр байгуулагдснаар зөвшөөрлийг мэргэжлийн холбоонд олгоод явах нь зүйтэй гэж сайдын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулахаар боллоо.
Өнгөрсөн хавар Монгол улсын автотээврийн салбар өөрийн гэсэн бие даасан бодлогын баримт бичигтэй болж, бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд дамжин өнгөрөх хэлэлцээр байгуулагдсан зэрэг авто тээврийн салбарт бодлогын томоохон шийдвэр гарсан. Цаашид эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд Зүүн өмнөд Ази болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засгийн коридор, Европын холбооны улс руу коридороо холбох ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Европын 10 орчим улстай хэлэлцээр байгуулан ажиллахаар төлөвлөж буй бөгөөд Европын холбооны тээврийн сайд нарын бага хурлын протоколд Монгол улс нэгдэн орох хэрэгцээ байгааг хэллээ. 1953 онд байгуулагдсан, дэлхийн 50 гаруй улс гишүүнчлэлээр орж, тээврийн нэгдсэн баримт бичиг гаргадаг уг протоколд нэгдэн орсноор Монгол улс олон улстай тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад дөхөм болох юм. Эхлээд Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч судлах, цаашлаад Гадаад харилцааны яам, Засгийн газарт саналаа танилцуулах чиглэл баримтлахаар боллоо.
 
 
Монгол улсын иргэд Европын холбооны улсад зорчих, аялахад даатгалын систем үйлчлэхгүй байх эрсдэл үүсдэг. Хэрвээ хилийн чанадад иргэн зам, тээврийн осод өртвөл Монгол дахь даатгалын систем Европод үйлчлэхгүй тул энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстойг сайдын зөвлөлөөр хэлэлцлээ. Олон улсын даатгалын ногоон картын системд Монгол улс нэгдэн орсноор энэ асуудлыг шийдэх боломжтой болох аж. Иргэд тухайн оронд зам тээврийн осол гаргавал хаана хандахаа мэдэхгүй байдаг бол тус картын системд нэгдснээр эд хөрөнгө болон амь насны даатгалд хамрагдаж, тээвэрчдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах боломжтой болно. Энэ ажлыг яаралтай судлах учиртайг сайд Я.Содбаатар хэлээд улс дамнасан тээврийн хэрэгслийн системийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.
 
Зам, тээврийн хөгжлийн яам