Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны хувьд Монгол Улсын эдийн засагт  олон үйл явдал өрнөж сүүл мушгиж байна.Эхний улиралд л гэхэд эдийн засагт 3.2 их наяд төгрөгт эргэлдэж, өмнөх оны мөн үеэс даруй 188 тэрбум төгрөгөөр нэмэгдснээр оны төгсгөлд эдийн засгийн өсөлт  6.4 хувьд хүрч ээлтэй жил болж өнгөрч байна.
 
Энэ оны хувьд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайн салбарын өсөлтөд  жин дарав.
Тодруулбал экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй бөгөөд энэ оны эхний 10 сард манай улс нийт экспортын 41 хувийг нүүрсний экспортоороо бүрдүүлсэн. Улсын хэмжээгээр нийт 2 тэрбум 400 сая ам.долларын 31.3 сая тонн нүүрсийг экспортолсон дүн мэдээ бий. Харин ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Гэвч энэ оны эдийн засгийн өсөлтийг ирэх жилүүдэд бататгахад нэлээд эрсдлүүд гарч мэдэхээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал Монгол Улсын экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортын хэмжээ сүүлийн нэг сард огцом буураад байгаа. Тодруулбал Хятад, Монголын хил дээр буюу Гашуун сухайт-Ганц модны боомтоор  өдөрт 70 гаруй мянган тонн нүүрс гарч байсан бол өнөөдөр 7000 тонн болтлоо буурсан. Энэ нь ирэх оны эдийн засагт ялангуяа төсвийн орлогыг тасалдуулахад нөлөө  үзүүлж мэдэх вий гэдэгт болгоомжлол байна.
 
2016 онд 1,2 хувь хүртэл буураад байсан эдийн засаг энэ онд эрчимжиж 6.4 хувьд хүрсэн ч ажил эрхлэлт 3.1 хувиар өссөнийг гадны шинжээчид бодит өсөлтийг иргэндээ чиглүүлэх нь чухал гэдгийг сануулж байна.
 
Мөн өнгөрөгч онд АХБ Монгол Улсын  эдийн засаг өсөлттэй гарч буй ч  ядуурлын түвшин 30 хувьд хүрсэн нь нийгмийн эмзэг хэсэг рүү анхаарал төвлөрүүлэх хэрэгтэйг онцолсон. Тэгвэл энэ онд  ч тус банк  үүнийгээ дахин тодотголоо. Тодруулбал 2019, 2020, 2021 онд эдийн засгийн өсөлт иргэдийн бодит орлогод эерэгээр нөлөөлөх, дундаж давхаргыг хамгаалж, нэмэгдүүлэх, ажлын байрыг өсгөх, урт хугацааны хуримтлалыг бий болгох чиглэлд дорвитой ажлууд өрнүүлэхэд төвлөрөх хэрэгтэйг сануулав. Улмаар АХБ энэ оны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөнтэй холбон тайлбарлаж байна. Тус банк манай улсын эдийн засгийг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө хэмээн таамаглаж буй бөгөөд эдийн засаг мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх нь чухал гэдгийг зөвлөв. Мөн уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд оновчтой бодлогууд явуулахыг санууллаа. Харин Дэлхийн банк Монголын эдийн засгийн өсөлтийн төлөв цаашид  хэвээр үргэлжилж 2019 онд 6.6 хувьд хүрэх таамгийг дэвшүүлсэн нь хувийн хэрэглээний өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан. Түүнчлэн  богино болон дунд хугацаанд улс төрийн тодорхойгүй байдал бий болох, түүхий эдийн үнэ хэлбэлзэх, хил дээр учирч болзошгүй саад тотгорууд нь экспортод нөлөөлж болзошгүйг анхааруулав.
 
 
Үнэндээ ирэх онд эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээ бататгах жил болно гэсэн хүлээлт байна.  2019 онд төсвийн тухайд  хөрөнгийн зардал нь 60 хувь орчим, урсгал зардал нь 10 хувиар  өсч, өндөр тэлэлттэй байж болзошгүй гэдгийг эдийн засагчид тодотгож байна.Тодруулбал цалингийн нэмэгдэл болон импортын өсөлтөөр дамжин  ханш, инфляцид нөлөөлж, эдийн засаг тэнцвэрээ алдах вий гэдгийг олон хүн хэлж байгаа юм. Харин өнгөрсөн 11 дүгээр сард  Төвбанк мөнгөний бодлогоо чангалах шийдвэр гаргасан нь эдийн засгийг илүү тогтвортой байлгах, инфляцийн дарамтгүйгээр өсөлтийг бий болгоно хэмээн мэдэгдээд байгаа.
Ийнхүү 2018 оны эдийн засаг төсөөлж байснаас илүү өөдрөг гарлаа. Үнийн тогтвортой байдал буюу “инфляци нам бөгөөд тогтвортой байх” нь макро эдийн засгийн олон үзүүлэлтүүд хэвийн, эрүүл байгаагийн толь гэдэг. Тэгвэл энэ оны эхний улиралд нам дор байсан инфляци оны төгсгөлд өсч буй учир  ирэх онд үнийн өсөлт ирж болзошгүй гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд 2014-2015 онд тус салбарын бүтээгдэхүүний ханшийн уналт, экспорт эдийн засагт тодорхой хэмжээний бууралт авчирсан. Харин энэ үед хөдөө аж ахуйн салбар бодит өсөлтөөрөө эдийн засгийг тэтгэснийг тоон үзүүлэлтүүд илэрхийлдэг.  Энэ оны эдийн засгийн эерэг өсөлтийг ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.  Гэсэн хэдий ч нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа бодит нөхцлөө өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх цаг болсон гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 
 
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг