sonin.mn
Утааны талаар сайн мэдээ дуулаагүй уджээ. Энэ нь сайн сайхан зүйлийг бид олж хараж чадахгүй болсонтой болбоогүй байх. Харин утаа арилгах нэрээр хөрөнгө буруу гараар ордогт хэргийн учир байгаа болов уу. Нийслэлийн утааг арилгах нэрээр 2008 оноос эхлэн чамлахааргүй хөрөнгө зарцуулжээ ( хэвлэлээр цацагдах мөнгөн дүн зөрүүтэй ). Тэр цагаас эхлэн утаанд зарцуулсан хөрөнгийн 48 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэнэ. Түүнээс бусад нь буруу гараар орсон бололтой. Цэвэр агаар сангийн дарга, ня-бо нар шүүхээр шийтгүүлж байсан.  Алдаа завхрал эндээс эхтэй байж болно. Энэ талаар албаны хүмүүс  зөв мэдээллийг нийтэд өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол болж бүтэхгүй бүх зүйлийг нийслэлийн утаан дээр авч ирж овоолох болжээ. Бусармаг бүхэн овоологдож байгаа нийслэлийн утааг улс төрч тойрохгүй байгаа юм.
Бүр давраад УИХ-ын дарга М.Энхболд огцорвол улс төр дэх МАНАН арилж, нийслэлийн утаа байхгүй болно гэж хүртэл зарим гишүүн цуурлаа. Үнэндээ бол нийслэлийн утааг арилгахад хэтдээ орон сууцжуулах нь чухал. Түүнд хүрэхийн тулд богино хугацааны арга хэмжээг зөв эрэмбэлж хэрэгжүүлбэл үр дүнд гарна. Нийслэлийн утааг нэг дарга огцруулж маргааш нь арилах зүйл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б. Авид утааг тодорхой хүрээнд авч үзэж 7-9 жилийн хооронд арилгах боломжтой гэж ярьж байна.
Энэ хүрээнд эрх баригчид 2019 оны 5 дугаар сарын 15- аас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгжээс бусад аж ахуй нэгж, айл өрхөд түүхий нүүрс түлэхийг хориглосон  тогтоол гаргалаа. Тогтоолыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд боловсруулсан түлшийг утааны голомтод хүрэлцээтэй үйлдвэрлэх үүрэг даалгаварыг зохих байгууллага албан тушаалтнуудад үүрэг болголоо. Тухайлбал Төрийн өмчийн  “Таван толгой түлш” компанийг байгуулсан билээ. Түүнээс гадна төрийн болон хувийн найман аж ахуйн нэгж шахмал түлш үйлдвэрлэх бэлтгэл хангасан гэж албаны хүмүүс тайлбарлалаа.
Шахмал түлш үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Сонгинохайран дүүргийн 7, 8 дугаар хороо болон утааны голомтод энэ жил туршилтаар борлуулж байгаа аж. Үлдвэрүүдийн нийт  хүчин чадал өдөрт 100 мянган тн түлш үйлдвэрлэх хэмжээнд байгаа гэнэ. Түүнийг 200 мянга болгосон тохиолдолд нийслэлийн айл өрх гал алдахгүй хэмжээнд хүрэх аж. Туршилт юм болохоор одоогоор шахмал түлшээр нийслэлийн гэр хороолол бүрэн хангагдаагүй байна. Шахмал түлш 25 кг нэг уутай нь 3750 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө тохируулж жигдрүүлэхээс гадна бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа бололтой. Тэр бүхнийг  ирэх өвлийн бэлтгэл гэж тооцож болно.
Харин өнгөрөсөн жилээс эхлэн сургууль, цэцэрлэгүүдэд тасалгааны агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурьлуулж эхэлсэн билээ. Суурьлуулсан тоног төхөрөмжийн ашиглалт муу байгаа талаар мэргэжшлийн хяналтын байгууллага мэдээлэл өгч байна. Тэдний хувьд уг тоног төхөөрөмжийг хэрэн ажиллжжлж, ашиглах талаар заавар зөвлөмж өгч сургууль, цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллаж байгаа гэнэ. Сайн хэрэг. Дандаа бусдаас өв, сэв хайж торгоно, хаана гэж сүрийг үзүүлж явдаг мэргэжлийн хяналтынхан ажлынхаа арга барилыг өөрчилж зөвлөж, тусалж хамтарч ажиллах хэрэгтэй л дээ. Тэгж байж ажил урагшилж хөгжил, дэвшилд хүрэх арга зам нээгдэх биз ээ. Аж ахуй эхлэгчид ажлын төлөө зүтгэж байдаг. Тэд бас ч гэж дандаа бусдыг хорлоно гэж бодохгүй шүү дээ. Харин мэдэхгүй, чадахгүй зүйл тэдэнд цаг үргэлж тулгарч байдаг  гэж хэлж болно. Тэр тулгарлалтаас нь мэрэгжлийн хяналтынхан гаргаж өгөөд байх юм бол тэдний урам сэргэнэ. Тэгээд ч “бурмаар тэжээхээс урмаар тэжээ” гэж хэлдэг. Төр  айл, сургууль, албан газар, хувийн хэвшлийнхнийг үе үе ингэж урмаар тэтгэж байх хэрэгтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Сургууль, цэрэлэгт байрлуулсан тасалгааны агаар цэвэршүүлэгчийг хамгийн сайн ашиглаж байгаа сургуулиар Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургууль гэж хэвлэл мэдээллийнхэн танилцуулж байна. Тус сургууль найман байртай. Тэнд өнгөрсөн онд 150 сая төгрөгөөр 212  тасалгааны агаар цэвэршүүлэгч авч байрлуулсан байна. Агаар цэвэршүүлэгчийг зааврийн дагуу технологийн зөрчилгүй ажиллуулснаар тус сургуулийн сурагчдын дунд өвчлөл буурсан талаар сургуулийн эмч нь бахархан ярьлаа. Харин цахилгааны үнэ хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн аж. Тус сургууль энэ зөрүүг урсгал зардалдаа шингээжээ. Харин 2019 оны төсөвт тасалгааны агаар цэвэршүүлэгчийн цахилгааны мөнгийг суулгасан гэнэ. Энэ жилийн хувьд урт сайхан намар болсон тул  дулаан авах өдрөө хойшлуулж зардал хэмнэн, цахмлгааныхаа алдагдлыг нөхжээ.
Утаанаас  сурагчдаа хамгаалах ажлыг нийслэлийн бүх сургууль энэ жишгээр хийвэл бага ч гэсэн боломж байгаа юм байна шүү. “Дүлийдээ найдаж унгараг “ гэдэг шиг утаанд хамаг буруугаа чихээд гарын доорх зүйлийг ашиглаж утаанаас өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар  дэндүү цөөхөн хүн санаачлага гаргадаг  бололтой. “Ашиглавал нөөц, хийвэл ажил маш их  байдаг” гэж ахмадууд сургадаг. Тэр үнэн байна.
 
 
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг