sonin.mn
МАН-ын III бага хурал түр завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Ирц 80 хувьтай, хуралдаан хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна. 
 
МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Н.БАТСҮМБЭРЭЛ:
 
 
Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг намаа гүтгэдэг асуудал байна. Энийгээ болиосой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг зодоон цохион хийсэн гэж гүтгэхгүй байхыг хүсч байна. Жагсаал цуглаан хүртэл хийж нам руу давшилж байна. Нэгэн цагт намынхаа хамт олныг удирдаж явсан хүн байж намынхаа хамт олныг гүжирдэж гүтгэдэг, харлуулдаг, нам руу чиглүүлж жагсаал зохион байгуулдаг асуудлаа зогсоо. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 
 
 Сүүлийн 27 жилийн туршид хуримтлагдаж хөшигний ард байсан асуудлыг ард түмэн мэддэг болсон. Шинэ жил болоод мартана гэж ярьж байгаа. Ямар нэг баяр ёслол болоод мартана гэж байхгүй болсон. Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой асуудалд хариулт өгч чадахгүй бол нийгэм өөрөө хариулт өгнө. М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. 
 
Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиалын штаб энэ тэр гээд нэлээд юм ярьж байгаа. Энэ хүнийг үнэндээ та л өөрөө ял авах гэж байхад нь өршөөгөөд  өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. 
 
Өнөөдөр бага хурал шийдвэрээ гаргах ёстой. Өөр хаана шийдвэр гаргах юм. Бага хурал нь их хурлын төв субъект. Цагаа сунгаад шөнөжингөө ярьж хэрэлдээд ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Өнөөдөр бага хурал дотроо шийдэхгүй бол нийгмийн асуудал болж хувирна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: 
 
 
Өнгөрсөн 2012-2016 онд би Иргэдийн хуралд наймуулахнаа С.Бат-Үүл даргатай нэгнээ үзэж ажилладаг байсан. Тухайн үед Ардчилсан нам олуулаа хэрнээ хоорондоо хагаралтай, улсад юу ч хийхгүй байгааг хараад хэрвээ бид олуулаа болвол их зүйл хийнэ дээ гэж мөрөөдөж байсан. Харамсалтай нь өнөөдөр чадаагүй. Бонд, үнэ тогтворжуулах, цэвэр агаар сан, АСЕМ гээд зөндөө олон асуудлууд огт шийдэгдээгүй. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Зөвхөн Дубайн гэрээнээс гэхэд бид 2 тэрбумын алдагдал хүлээгээд сууж бйна. Гудамж төслөөс, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг олон тэрбумын асуудал байна. Эдгээртэй холбогдсон бүх хүмүүс бүгд гудамжинд зүгээр явж байна. Харин тэдний гар хөл болсон генералууд, хүчнийхэн тэднийг хаацайлсан ойлгомжгүй тайлбарууд хийж эхэлсэн. Тэр бүх мөнгө авсан хүмүүс нь хаана байна? Гаргаж ирсэн нь ЖДҮ. Энэ ЖДҮ гэдэг чинь барьцаатай зээл. Үүнийг зориулалтын бусаар ашигласныг харин судлах хэрэгтэй, зориулалтын бусаар ашигасан бол харин хариуцлага тооцох хэрэгтэй. Гэтэл энэ хэргээр хөшөө хийчхээд араар нь Эрдэнэт, Стандарт банкны асуудал зэрэг том том асуудлууд нуугдаж байна. Гадаадад гараад энгийн хүнээс асуугаад үз! Бүгд л шударга байдал хүсч байна. Өнөөдөр бүгдээрээ шударга байдлыг тогтоох гэж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй.