sonin.mn
Тэнгэр эцгийн зүүрмэглэх зуур зүүднээс нь хувилан бууж эх дэлхийд төрөөд газрын гүнжтэй гэрлэсэн нэгэн хүү Монголд байсан юмаа. Анх заяасан газар Төв аймгийн Авдар баян сумын нутаг нь үндэс цэцгээ дэлгэн бэлгэшээж, малчин залуу Шарав үртэй болов хэмээн баярлаж, номт хүнээр шүүлгэн байж нэрийг нь Сүрэнжав хэмээн оноож хайрласан домогтой. Энэ домог 1938 оноос эхтэй нь даруй хоёр жарны нүүрийг үзжээ. Гэвч эцэг тэнгэрийн ганц өдөр зүүрмэглэх нь эх газрын 100 жилтэй арай л дүйцэмгүй гэнэ...
 
"Онгодын цагт тэнгэрийн харьяат бөлгөө” хэмээн нэгэн цагт “ам алдсаныг” нь үзэхүл нэрт соён гийгүүлэгч Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч түүний онго хоноглосон сэтгэл онгод хөөрсөн гарыг нь тэртээ дээрээс захиран хөдөлгөдөг байсан болов уу...
 
хувилсан тэнгэр нь түүнийг чухам дураар эрхлүүлсэн бөлгөө. Тэрбээр газрын охин Л.Цэндээтэй гэрлэж, хайрын үр дөрвөн сайхан хүүхдийг төрүүлж, цэцгийн баглаанд дарагдаж, уран шүлгээр хорвоог тайтгаруулж, үзмийн дарсаар онгодын цагаан хүлгээ ундаалж явсан. Эгэл малчны хүү болсон тэрбээр бага насыг чулуун гэрээр тоглож, тугал хурга эргүүлэн, тараг айраг цалгиаж өссөн. Эрдмийн мөрд шамдах идэрхэн залуу насандаа бага дунд сургууль, МУИС-ийг дүүргэж улмаар Москвагийн Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсгөсөн үгийн урлаач уран зохиолч утга зохиолын ажилтан байлаа. Монголын радио телевизэд утга зохиолын ажилтан, МЗХ-ны мэргэжлийн зохиолч, яруу найргийн эрхлэгч, Дуурь бүжгийн эрдмийн театрт утга зохиолын ажилтан зэрэг энэ улсын оршихуйн үндэс болсон хэл зохиол, утга яруу, уянгын гал тогоо болсон газруудад ажиллаж эх хэл, үндэсний соёлын үрийг улам улмаар дэлгэрүүлэн, улс ардаа соён гэгээрүүлж иржээ.
Их содон намтартай баялаг амьдралтай түүний хувь заяа тэнгэр эцгийн гарт байсан гэдгийн гоц жишээ нь тэрбээр томилолтоор Завхан аймаг явахаар гэрээсээ гарч онгоцны буудалд танилтайгаа таарч ялигүй дарс хүртэж суутал орхиод нисчихсэн онгоц нь сүйрч эмгэнэлт явдал үүдсэн байв. Ингэж л хийморилог тэнгэрлэг түүнийг Бурхан зориуд саатуулан авч үлдсэн байдаг.
Төрийн шагналт Шаравын Сүрэнжав нь 1963 оноос өнөөг хүртэл Монголын соёл утга зохиолын хөгжилд түүхэн хувь нэмрээ оруулсан, давтагдашгүй уран бүтээлтэй, нэрт соён гэгээрүүлэгч хүн байв. Тэрбээр нийгэм улсын хөгжлийн үе шатыг аялдан цагийн салхиар хувирч явсангүй, улс төрд үйлчилж дээдэст тал засдангүй, үгээ худалдсангүй... чухам тэнгэрээс заяасан тэр л үүргээ үнэнчээр гүйцэтгэж, утга зохиолын өв сандаа бүтээл туурвилаа нэмсээр, Монголын шинэ үеийн уран зохиолд ханьцашгүй нэгэн, харьшгүй авьяастан байв.Тэрбээр улсын Ерөнхийлөгчид, төр засгийн тэргүүнүүдтэй эн тэнцүүхэн уулзаж, үгээ хэлж үнэт зөвлөгөө өгөн, авьяас бүтээлээ үнэлүүлж явсны ганц жишээ гэхэд Ю.Цэдэнбал дарга хүндэтгэн дуудахдаа энгэрт нь өөрийн гараар Алтан гадас одон зүүж өгсөн юм гэдэг. Ар араасаа цувсан алдар хүндийн эх анхны шагнал тэр байв.
Тэрбээр дэлхийн энх тайвны зүтгэлтэн XIV Далай ламаас хамгийн анх соёрхол хүртэж номын абшиг авсан гэгээн хүн байв. Ардчиллын анхны Их хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хуулиа туурвилцсан төр нийгмийн зүтгэлтний хувьд түүний намтрын зарим хэсэг хувь хүнийх бус улс орных байж таардаг. Ш.Сүрэнжав хариуцсан ажилдаа олон үйл явдлын анхдагч болж, бүр зарим талаар ШБОС нэвтрүүлдэг байв. Монгол хүн сансарт нисч, алдраа дуурсган тэнгэрээс бууж ирэхэд анхны мэдээллийг мөн л Тэнгэрийн хүү маань олон нийтэд хүргэжээ. Хавчиж хяхах үзэгдэл суутнуудыг тойрдоггүй, тэр л утгаар зарим шүлэг найргаараа хэлсэн үгээрээ үзэл суртлын бахиар орж үзсэн ч түүнийг тэгтлээ дараагүй нь гарцаагүй үнэн үг яруу утгынх нь буян байжээ. Үзэг нэгт Р.Чойномынхоо мандаж буурч явах үед нь андын ёсоор нөхөрлөж, одсон хойно нь уран бүтээлийнх нь өв санг хадгалж, адалж муушаах үзэгдэлд нь өмөөрч, үгээ хэлсээр явж түүхчлэн гаргаж ирсэн нь түүний мөн чанарынх нь ганцхан илрэл байв.
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын бүтээл туурвилыг энэ өчүүхэн зайнд дурдаад бардаг ч юм бишээ, тэгэхийн шаардлага ч үгүй. Насаараа л хүний сэтгэлийн галыг манаж итгэлийн очийг бадраах найргийн хураар хүн бодгалийг тэжээн тэтгэсэн түүний бүтээлээс хөгшин залуугүй алдарт “Ерэн баатарын дууль’’-ийг мэднэ, шүлэг найраг, эх орон гэдгийг энэ шүлгээр төлөөлүүлэн ойлгож эхэлсэн мянга мянган залуус өдгөө зохиолч найрагч болсон нь буй. Тэд цөм шавь нь мөн. Тэнгэрлэг аялгуу зуусан олон зуун шүлгээс нь “Миний ардын сэтгэл цагаан”, “Намуун үдэш”, “Итгэлийн дуу” зэрэг омголтсон уруулыг чийглэж, одсон сэтгэлийг эргүүлсэн дуунууд хэдэн арав төрснийг хэлээд ч яах вэ. “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” хэмээх гурван цуврал киногоор нь бид наадмаа эхлүүлж, өрнүүлж, жаргаадаг болсон нь жирийн хэрэг бус, монгол түмний өв соёл, уламжлалт ахуй, нүүдэлчний эх оронч сэтгэлгээний онцлог, ахуй үндсээ хамгаалсан эр зоригийг бид өөр хаанаас ч харах билээ...
Түүний бүтээлийг олон орны хэлээр орчуулан гарч дэлхийн соёлт гүрнүүдэд монгол хэл соёлын элч болжтүгсэн. Тэрбээр өөрөө ч олон улс орны утга зохиолын индрээс үгээ хэлж шүлгээ дуудаж явсан. Гучаад жилийн түүхтэй Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын холбооны тэргүүнээр олон жил улиран сонгогдож, өдгөө Хүндэт зөвлөхийн хэмжээнд ажиллаж байв. Цаг үеийн шаардлага, утга зохиолын хөгжлийн чиг хандлагаар Монголын зохиолчид хоёр салж туурга тусгаарлахад нэрт гүүш Ж.Бадраа, Ш.Гаадамба, Ж.Бямба, О.Дашбалбар нарын эрхмүүдтэй хамт МҮЧЗХ-ны галыг асаасан билээ. Тэрбээр монгол хүн болж төрснөөрөө бахархдаг байсан, С.Удвал ахайтны гарын үсэгтэй 100 дугаартай үнэмлэхээрээ бахархдаг байсан, яруу найрагч болж төрснөөрөө бахархдаг байсан...
Тиймээ эгэл бусын орноос хувилж төрсөн эгэлгүй нэгэн хүн өөдлөн одлоо. Энэ жил тэнгэрийн оронд оюун сэтгэлгээний ордон үүд хаалгаа нээснийх биз, олон найрагч залуусыг минь аван одсон, тэднийгээ багцлан бариулахаар соён гэгээрүүлэгч түүнийг дуудсан нь газарт туурвисан бүхнээ тэнгэрт дуурсга хэмээснийх буйза. Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Намдагийн нэрэмжит шагналт, нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Шаравын Сүрэнжав минь сарыг тохойлдон сууж, эрхсийг хэлхэн шүлгээ тэрлэж, Хэрлэнгийн баръяагаар онгодоо хөглөн, орчлонт ертөнцийг монгол найргаар сүлж, “Би тэнгэрийн харьяат” хэмээн омогшин суугаа нь магад аа...
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЧӨЛӨӨТ ЗОХИОЛЧДЫН ХОЛБОО