sonin.mn


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хувийн "Сонор рекордс" компани компаниар Туул голын хөвөөнд рашааны 5000 метрт хууль бус барилга бариулж байгаа гэж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн .

Уг асуудалтай холбоотой  Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Б.Чулуудай:  “Сүүлийн үед миний аавын нэр хүнд рүү доромжлон дайрсан мэдээлэл хэвлэлээр  гарах боллоо. Энэ бол МАН-ны сонгуулийн сурталчилгаа шүү. Д.Амарбаясгалангийн хэлээд байгаа "Эрдэнэний төгөл" хотхон бол "Сонор рекордс" компанийн асар том бүтээн байгуулалт юм. энэ 1 га газрыг эзэмших хүсэлтээ анх би 1998 онд  тухайн үеийн хотын захиргаанд тавьж байсан. Хүсэлт маань буцаагдсаар 2007 онд  газар эзэмших эрхээ авсан юм. Тухайн үеийн нийслэлийн засаг дарга Ц.Батбаярын гарын үсэгтэй тус газрыг эзэмших зөвшөөрлөө авсан. "Эрдэнийн төгөл" төслийнхөө дагуу бид дуу бичлэгийн студи, кино телевизийн студи, бүжгийн студи зэрэг зүйлийг барьж байна. Энэ төслүүдийг анхнаасаа нууж байгаагүй.

 

Төсөл маань одоогоор амжилттай хэрэгжээд явж байгаа. Хэвлэл мэдээллээр дайрч байгаа энэ зүйлийг би хувьдаа буруушааж байна. Ямар нэгэн байдлаар миний хийж байгаа ажил аавтай маань холбоогүй. Энэ бол 100 хувь манай компанийн хийж байгаа үйл ажиллагаа юм. "Сонор рекордс" компани 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дуу бичлэг, шоу бизнесийн, чиглэлээр ажиллаж ирсэн. Ер нь би цаашдаа хийж байгаа ажлаа ил тод байлгана. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах болно. Хэвлэлээр дайрч доромжилж байхын оронд холбогдох байгууллагад нь хандан хууль дүрмийн дагуу шалгуулах хэрэгтэй. Би энэ газрыг авахдаа ямар ч хууль дүрэм зөрчөөгүй гэж хэлмээр байна. Орон сууц, соёлын төв гэсэн зориулалттайгаар баригдаж байгаа. Тус газрыг 10 жилээр эзэмших эрхтэй байгаа" хэмээсэн юм.

Э.Мягмардорж