sonin.mn
НЭГЭН ЗҮЙЛ.
 
Өнгөрсөн зууны эхээр Их хүрээнд анги Шагдар гэж билиг танхай хувраг байжээ. Одоогийнхоор бол Төв аймгийн Бүрэн сумын уугуул юм гэсэн. Нэг өдөр шавиа бараалхах гээд ортол мань хүн “Жадамба” судар дээр завилчихсан байв гэнэ. Шавь нь сүнсээ зайлтал айгаад, дэмий л “Миний нүдний гэм боллоо. Би яасан их нүгэлтэй амьтан бэ, багшийгаа ингэж харах гэж байх уу” гээд л мөргөж залбираад сүйд майд болсонд Шагдар гавж: “Мадагтай Жадамба дээр мадаггүй Шагдар сууж байна. Бос, бос. Чи нүгэлгүй” гэжээ. Жаддонба буюу Найман мянгат хэмээх их хөлөгний эл судрыг “га” Жадамба гэдэг. Энэ юу гэж байгаа юм бэ? гэвэл төвд цагаан толгойн эхний үсгийг “га” гэдгээс гадна Ганжуур буюу “Зарлигийн орчуулга” гэгч 108 боть судрын тэргүүн нь гэсэн санаа. Тийм учраас суух байтугай дээр нь судар залахыг цээрлэн, их хөлөгнийхний хамгаас дээдэлдэг ном нь. Шагдар гавж яагаад тэгэв? гэхлээр түүнийг шүүгээд үзэхэд алдаатай байснаас уг “хэрэг” манджээ. Энэ бол зүй нь дээдийн ч бай, доодын нь ч бай ном мадагтай л бол ном биш гэж үздэг байсных юм гэж Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны уугуул ард төвдөч Ишцоогийн Дэмбэрэл гэгч оройгүй их эрдэмтэн буурал хорь гаруй жилийн өмнө ярьж байсныг дурсахад ийм байна.
Бидний улс ард нийтээрээ хүлээн зөвшөөрч, баталсан зөв бичих дүрэм бүхий өөрийн бичиг үсэгтэй. Түүнийг их номч Хатгин Ц.Дамдинсүрэн гуай тэргүүлэн, бичгийн мэргэд уламжлалт бичиг, соёлоо түшиглэж, хүн төрөлхтний бичиг, соёлын жишигт нийцүүлэн үүсгэсэн шинэ бичигхэмээх кирилл үсгийг 1946 оноос хэрэглээд, 72 оныг улирааж байна. Энэ хооронд НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллга ЮНЕСКО бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгои гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст олгодог Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг нь 1970 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хүртэж, тус шагналын хамгийн анхных нь болсон гайхамшигт түүхтэй ард түмэн шүү дээ, бид чинь. Гэтэл эдүгээ эгшиглүүлж буй Төрийн дууллын шүлэгт утгын түлхүүр болдог цэг, цэглэлийн дүрэм болон ер хүн төрөлхтний бичгийн соёлын ололтыг ул ойшоон, дутуу хэрэглэсэн нь бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй харанхуйдуу ард түмэн гэхэд мэлзэх аргагүй том гэм хийчихсэнээ цагаатган, тухайн үеийн төрийн томчууд, гар өргөн зөвшсөн УИХ-ын гишүүд юугаа хэлж, хуйхаа маажих болж байна? Ийм юм үзсээр, мэдсээр байж төр, түмнийхээ төлөө дуугүй байж түвдэхгүй байна. Үүний тулд доорхыг бичив.
Төрийн сүлд, төрийн дуулал, тусгаар тогтнолын бэлгэдэл бол төр буй цагт ард түмнийх нь нандин шүтээн мөн. Тэгэхлээр урьдаар зарим их гүрэн сүлд дууллынхаа шүлэгт цэг, цэглэлийн зарчмыг хэрхэн баримталсныг хэдэн мөрөөр тухайлъя.
 
Гимн России
 
(Орос Улсын сүлд дуулал)
Россия - свящённая наша держава!
Россия - любимая наша страна!
Могучая воля, великая слава -
Твоё достоянье на все времена.
 
American national anthem
 
(Америк үндэстний дуулал)
Oh, say, can you see, by the dawn’s early light
What so proudly we hailed at the twilight’s lasted gleaming?
Whouse broad stripes and bright stars, througt the perilous fight,
O’ er the ramparts we watched, were so gallantly streaming.
And the rockets’ red flare, the bombs bursting in air,
Gave proof through the night that our flag was still there.
Oh, say, dous the star-spangled banner yet wave
O’ er the land of the free and the home of the brave?
 
Эднийхэн бичгийн соёлоо туйлаас дээдлэн, цэг цэглэлийнхээ дүрмийг бахархмаар баримтласныг харж байгаа биз дээ? Тэгэхэд та биднийг төлөөлөн, УИХ-д сууж асан нөхөд төрийн дуулалд байх ёстой цэг цэглэлийг хэрхэн “мартсан”-ыг нь үзэгтүн.
“Монгол Улсын Үндсэн хууль. Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль. Төрийн бэлгэ тэмдгийч тухай хууль” Эмхэтгэсэн Р.Мухийт, 2008 оны зургаадугаар сар. Хууль зүйн үндэсний төвийн хэвлэх үйлдвэр “ гэсэн товхимлын 47-р талд:
 
Төрийн бэлгэ тэмдгийн тухай
Монгол Улсын хуулийн хавсрал №1
 
Үгийг Ц.Дамдинсүрэн
Аяыг Б Дамдинсүрэн Л.Мөрдорж
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
 
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт,
Далай их дээдсийн гэгээн үйлс 
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө.
Хамаг дэлхийн шударга улстай 
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж,
Хатан зориг, бүхий чадлаараа 
Хайртай Монгол орноо мандуулъя!
Өндөр төрийн минь сүлд ивээж,
Өргөн түмний минь заяа түшиж,
Үндэс язгуур, хэл, соёлоо 
Үеийн үед өвлөн бадраая!
Эрэлхэг Монголын золтой ардууд 
Эрх чөлөө, жаргалыг эдлэв.
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур 
Жавхлант манай орон мандтугай!
/Энэ хавсралтыг 2006 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан / хэмээсэн нь энэ.
Энэ бол зэрэгцсэн нийлмэл үгүүлбэрийн
 
 
зохиомж бүхий хүүрнэсэн, шийдэн хүссэн, ерөөн хүссэн цагаан шүлэг юм. Цэг цэглэлийн дүрмээрээ бол анхаарлын тэмдэг 3, таслал 10, цэг 2 байвал зохилтойгоос ердөө л 4 таслал талбижээ. Зарим газрынхад нь хоёр таслал, эсвэл хоёр цэг ч байна билээ. Хуучин монголоор бичээд, түмний сүлжээнд оруулж тараасан нь гуравхан таслалтай. Дөрөвхөн бадаг шүлгийг наанадаж 76 хүн өөрчлөн найруулж, соёрхон баталсан нэр хэмээгээд, улсынхаа хот хөдөө, гэрт гадаагүй З.Ядмаа зохиолчийн хэлснээр ёстой л “Луутай тэнгэрийн доор, лустай газрын дээр, цуутай түмний дотор цуурхал мэт тараасан” улирсан түүхийн унхиагүй явдал бус уу. Хэрхэх учиртай байсныг нь толилуулвал:
 
Үгийг Ц.Дамдинсүрэн
Аяыг Б.Дамдинсүрэн Л.Мөрдорж
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
 
Дархан манай тусгаар улс 
Даяар Монголын ариун голомт,
Далай их дээдсийн гэгээн үйлс 
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө.
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж,
Хатан зориг, бүхий чадлаараа 
Хайртай Монгол орноо мандуулъя!
Өндөр төрийн минь сүлд ивээж,
Өргөн түмний минь заяа түшиж,
Үндэс язгуур, хэл, соёлоо 
Үеийн үед өвлөн бадраая!
Эрэлхэг Монголын золтой ардууд 
Эрх чөлөө, жаргалыг эдлэв.
Жаргалын түлхүүр, хөгжпийн тулгуур 
Жавхлант манай орон мандтугай!
Одоогийн УИХ-ынхан үүнийг сэхээрч, дахин хуульчлахгүй бол төрийн хэрэг түмний үйлс огоот өөдлөх нигүүргүй. Төр гэдэг дээд, дунд, доод зиндааных нь албан тушаалтан буюу төрийг төлөөлөн бие, хэл, сэтгэл, сүр хүчийг нь илтгэгч хүч юм. Гэтэл тэд төрийнхөө дуулалд “Үндэс язгуур, хэл, соёлоо үрийн үрд өвлөн бадраая!” хэмээн өөрсдөө уриалан хуульчилчихаад, эх хэл юүгээ өвлөх нэгэн чухал хэрэгсэл болсон бичиг үсгийнхээ зөв бичих наад захын дүрэм горимыг ийнхүү хөсөрдүүлснийг санамсаргүй хэрэг гэхэд хэцүү еэ.
 
НЭГЭН ЗҮЙЛ.
 
Та бидний эх хэл захирах, хүсэх, захих үйлийг хэлэх, бичих дор яавал зохилтойг хэлнийхээ хөгжлөөс угшуулан, мэргэн ухаант, цэцэн билигт дээдсийн тунгаан болгоож нэрлэснээр “Үйлийн биеэр төгсгөх нөхцөл” гэж ялгаж тогтоосон нэг зүйл буй нь чухам энд хамаатайгаас нэгдүгээр биеийн шийдэн хүсэхийн - е, - ё, - я нөхцөл, тухайлбал, ... мандуулъя,... бадраая гэдгийн -“я” төгсгөл. Өөрөөр хэлбэл “Төрийн дуулал” хэмээн өмчилж хүртсэн төр өөрөө буюу түүний төлөөнийхөн "... би хайртай Монгал орноо мандуулъя. ... Би үрийн үрд өвлөн бадраая” гэсэн санаа. Нэг үгээр хэлбэл “ард түмэн та нар үүнд хамаагүй, би л өөрөө энэ бүгдийг хийе, гүйцэлдүүлье” гэсэн мэт.
Хэрэв анх 1950 онд оноож өгсөн “Бүгд найрамдах Монгол Ард Улсын Улсын Сүлд Дуулал” гэдгээ өвлөн, ядахдаа “Монгол Улсын Сүлд дуулал” гэсэн бол ёсгой ард нийтийн эрхэм дээд шүтээн, сахиус нь гэсэн агуулгатай болж хэн ч аялсан, сонссон элгэмсэг, өөртөө хамаатуулан сүжрэн, дээдлэх байсан билээ. Тийм л учраас төрийн биш, чухамдаа “Улсын сүлд дуулал” гэсэн бөгөөд дээрх “мандуулъя, бадраая” гэдэг түүндээ яв цав тохирсон хэллэг Харин төр түүнийг эрхшээж буйгаараа бол түмэндээ энэ бүх нандин зүйлээ мандуулах, бадраахыг чухалчлан хандаж, хоёрдугаар биеийн хүндэтгэн захирах төлөвөөр “мандуулагтун! бадраагтун!” гээд “жавхлант манай орон мандтугай!” хэмээн гуравдугаар биеийн ерөөн хүсэхээрээ жаргаасан бол зүйтэй болох байв.
Энд дахилтыг нь үндсэн бадаг болгоны дараа оруулах юм уу, эсхүл Дахилт гэж бичдэг уламжлалт зарчмаа яасан бэ?
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн долдугаар бүлгийн 26-р зүйлийн “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно” гэснийг төрийн албан тушаалтнууд өөродөө албан ёсныхоо хэлний цэг цэглэлийн дүрмийг хөсөрдүүлэн, ийнхүү зэрэмдэглэж доордуулан, бусдын доог тохуу болгож буй нь дээрх хуулийг зөрчсөн болохгүй юү? Нөгөө Шагдар гавжийн хэлснээр “мадагтай дуулал" мөнөө дөө.
 
НЭГЭН ЗҮЙЛ.
 
1973 онд хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай Батлан Хамгаалах Яамны сайд Ж.Ёндон генерал, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай нарын хүсэлтээр сүлд дууллыг үндэстнийхээ шинжид оруулан, үлээвэр найрал хөгжимд шинэчилж найруулсан юм билээ. Энэ талаар Монгол Улсын Ардын жүжигчин, СГЗ, хөгжмийн зохиолч Хаянхярваа гуайн сурвалжлагчтай ярилцсан зүйлээс тоймлоё.
...Намайг 1973 онд төрийн дууллыг найруулгажуулсныг үлээвэр найрал хөгжмийнхөн тоглоход хоёрхон хүн ажигласан нь С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав. “Аятайхан дуугараад байна. Та нар янзалсан юм уу? Үүнээс ч сайн болгож болно. Анхаараарай” гэж хоёул сануулж байсан. Монголд өчнөөн мундаг хөгжмийн зохиолч байхад ялгааг нь тэр хоёр л сонссон нь их сонин, мундаг мэдрэмжтэйн шинж.
-Монгол хүн төрийн дууллаа үндэстнийхээ шинжид оруулж ийнхүү найруулсан байтал яагаад Оросын хөгжмийн зохиолч В.Руновын найруулаад, 1950-аад онд нааш нь ирүүлсэн нь Монголын Үндэсний радиогоор эгшиглэдэг юм бол?
-Манайхны залхуугийнх байх. Би уг нь Улсын филармони, ДБЭТ-ынханд бичээд өгсөн. Оросоос ирсэн бэлэн бичлэг байгаа учир радиогийнхон шинээр бичье гэж түвддэггүй байх. Ийм хүмүүс гудиг ч үгүй ард олноор тэжээлгээд, түмний нүд, чих болсон газар шургалсан байх нь ээ, одоо хэр. Бушуухан шийдэх ёстой асуудлын нэг байна шүү дээ, энэ чинь.
 
НЭГЭН ЗҮЙЛ.
 
Өнөөгийн төрийн дууллыг 2006 онд өөрчлөн найруулсан гэхлээр шүлгийг нь зохиосон гэж буй Ц.Дамдинсүрэн гуай 1986 онд таалал төгсгөсөн байдаг. 1950 онд зохиогоод, хойтон жил нь Х.Чойбалсангийн шагнал хүртсэн тэр шүлгээс нь өм цөм хасч, нэмсэн нь эл төрийн дуулалд зөндөө. Тэгвэл тэр өөрчилсөн зохиогчийн эрхийг зөрчих нь эс хэл харин ч хамгаалах ёстой УИХ-ыхан яагаад тоосонгүй вэ? гэж санадаг байсан чинь, нийтийн сүлжээнд мэдээлснээр хэдэн буурал зохиолчид уг ажлыг даалгасан юм гэнэ. Тийм аваас тэр олон хүний нэрийг бичилтэй нь биш гээд, анхны зохиогчоор нь байлгах гэж шийдсэн бололтой.
Харин цагийг эзэлсэн тэр мундаг зохиолчид “Дуутай тэнгэр хургүй...” гэгчээр цэг цэглэлийн үүргийг эрхэмлэн “утгын хөтлүүр” хэмээн чухалчилсан Дамдинсүрэн гуайн анхааруулгыг тоогоогүй нь маш харамсалтай. За, яахав, үгтэй хөөцөлдөж үүлгэртээд, тэр хэдийг мартсан гэж бодъё. Харин тэр үеийн УИХ -ын гишүүдийн 76 сэргэлэн тэргүүн, 152 соргог мэлхийд өртөөгүй нь бүр ч гайхалтай.
Энэ ялдамд уламжлахад, 1950 оны сүлд дуулалтай холбоотой нэгэн чухал мэдээ Ц.Дамдинсүрэн гуайгаас 1950 оны тавдугаар сарын 17-нд Д.Цэвэгмид гуайд бичсэн захидалд байна. Тэр нь, түүнийг БНМАУ -ын СнЗ -ийн орлогч дарга байхад олон жил нарийн бичгийнх нь дарга байсан эрдэмтэн С.Эрдэнэмаамын эмхэтгэж нягтлан хэвлүүлсэн “Дондогийн Цэвэгмид абугайн хувийн тэмдэглэл, дурсамжуудаас...” номын 208 дугаар талд: “Жич нэгэн зүйл. Сүлд дууг батлагдсанд танд баяр хүргэе. Сүлд дууны хоёр бадгийг засахад эрхэм нөхөр чухал сануулга өгч тусалсныг би тэмдэглэж, урагш мэдэгдсэн боловч ганц миний нэрээр сонинд хэвлэгдсэн байна. Өршөөхийг гуйя. Энэ тухай жич ярихад, би хэзээ ч зөвшөөрнө...” гэснийг бодохул Д.Цэвэгмид гуайг сүлд дууны шүлэг хамтран зохиосон хүн гэж болох ундэстэй, түүхэн үнэнийг гэрчилсэн баримт гэхэд болохгүй гэх юм алга. 
Да багш маань өөрөө л буруутай юм шиг их гэмшиж явж дээ, хөөрхий. Монгол хүн хэзээнээс л алба амины явдал мөр самууран, уруу дорой болох дор “Тахилыг нь буруу тавих, бурхнаа бургасаар туучих гэгч болж л дээ” гэдэг. Одоо бид яг иймдээ тулчихсан байна. Энэ мэтийн зүйл зүйлийн буруу зөрүүгээ залруулж өөд нь татахгүй бол болохоо ч байлаа шүү. Ийм байхад “Тос дотроосоо хухуурч, загас толгойноосоо ялзардаг" жамаар төр маань дээрээсээ илжрэхүйд зон олондоо тэр нь тахал мэт халдаад, сүйд болж байна даа.
1950 оны Улсын сүлд дууллын эх нь мөн оны дөрөвдүгээр сарын 26-ны “Үнэн” сонинд зарлиг, шүлэг, ая дан юутай хүүтэйгээ дурайж байгаа. Хэн ч байсан нэг үзчихэд яахав дээ, сонин сайхан байхгүй юү.
 
Буян болтугай!
 
Уламжлал судлагч, Утгач овгийн Ц.ЦЭРЭН-ОЧИР