sonin.mn
Бидний нүүдлийн соёл иргэншил нь Монгол улс өнө мөнхөд туурга тусгаар оршин тогтнох, Монгол хүн эрүүл саруул байхын үндэс суурь төдийгүй хүн төрөлхтөний шуналыг хазаарлан тогтоож, тэднийг бас сүйрлээс аврах асар гүнзгий гүн ухаан үлгэр жишээ юм. Социализмын үед манай гэр аав ээжийн бүх ачаа бараа хөрөнгө зоорь таван тэмээнд багтаж, таван хошуу мал нь 75-ын тоонд, үүнээс бог мал 50, бод мал 25 тоо толгойнд  багтдаг байв. Илүү гарсан новшийг ачааны нэмэр, илүү толгой малыг даахгүй нохойд булуу хурааж яах юм бэ хэмээн аав ээж маань уурлаж уцаарладаг байв.
Мэдээж хүмүүсийн хүсэл мөрөөдөл, өдөр тутмын амьдрал маш олон зүйл шаарддаг ч, бид нүүдэлчин ахуйдаа баригдаж бидний аливаа хүсэл шунал дээд цэг хэмжээ хязгаартай байдаг. Тухайлбал, ээж маань галын хайчаараа тогоон дахь махаа ч төхнөж, галаа ч төхнөж, толгой шийрээ ч хуйхалж гурвын гурван үүргийг нэг л багажаар хийж, аав маань араг сэгсээр аргал хүйдэс ч түүж, авдар сав ч болгож, нүүхдээ биднийг тэмээнд тэгнэх хэрэгслэл ч болгочихдог бол дээлээрээ хувцас хөнжил хийчихдэг зэргээс харж болно.
Харин хүн төрөлхтөн тавин тэмээ ачаа хөрөнгө төдийгүй хичнээн ч хаус алт эрдэнэс адуу мал эд хөрөнгөтэй байлаа ч улам илүү баяжихыг хүссэн хязгааргүй шуналын тулам, гаж сэтгэхүйгээс хэрхэн салахаа хайгаад олохоо байсан энэ үед дэлхийн эрдэмтэд үүнээс гарах гарцыг хоттой малнаас нь эхлээд хүсэл мөрөөдөл эд хөрөнгө бүх юм нь хэмжээ хязгаартай байдаг нүүдэлчин монгол ахуйгаас олж харжээ. Үүгээр ч зогсохгүй нүүдэлчин монгол хүүхдүүд бухан дээр бух биш, харин үнээн дээр бух харайдаг гэдгийг хар багаасаа л харж ойлгож сэтгэдэг учраас өнөөгийн дэлхий нийтийн тулгамдаад байгаа ижил хүйстэн буюу LGBT-ын асуудал ч хөдөөгийн хүүхдүүдийн дунд байдаггүйг мөн л нүүдэлчин ахуйгаас олж харж.
Хэрвээ бид таван тэмээгээ хомнож ачаагаа татаж айргаа исгэж байгаль цаг уурынхаа хатуу ширүүн уур амьсгалаар нэг газраас нөгөөд өдөр сараар нүүдэллэн амьдардаг нүүдлийн соёл иргэншилээ умартаж Дундад Азийн улс түмнүүд шиг устгаад музейд тавьчихаад /зураг дээр/, дэлхийн шунал сэтгэхүйд автагдан зуслан өвөлжөө болгондоо халуун хүйтэн ус хэдэн давхар хаустай, өөрийн эзэмшлийн тариа ногоо тарьсан эдлэн хэдэн зуун га газартай, хэдэн зуун мянган малтай, тэднийгээ хашаад химийн бордоо тариагаар тултал нь бордож, ашиг орлогоо жилээс жилд улам арвижуулах шуналтай болоод тансаглаад суурин амьдралд шилжээд ирэхийн цагт орос хятадын жирийн иргэдээс өгсүүлээд гадны ямарч хүн орж ирээд ийм суурин ахуйгаар төвөггүй амьдраад эхлэх нь үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд аюул учруулж химийн бордоогоор бордсон мах хүнс нь монгол хүний генетикийн бүтцийг өөрчилж эхлэнэ.
 
 
Зуугаад жилийн өмнө Орхон Сэлэнгэ хавиар нүүдлийн соёл иргэншлээ устгаад хятад оросууд их хэмжээгээр ирж суурьшиж аймгийнхаа хэмжээнд долоохон тэмээтэй үлдэж байсан гэх гашуун түүх явган яриа ч бий. Тиймээс монголчуудаас бусад хүмүүс дасан зохицоод амьдрах нь бүү хэл толгойд нь орж төсөөлж чаддаггүй нүүдэлчдийн соёл иргэншил дархлаа түүндээ захирагдсан хүсэл сэтгэхүйн хэмжээ хязгаараа хэдий чинээ удаан хадгална, энэ нь төдий хирээр бид туурга тусгаар оршин тогтнож чадах үндэс болно. Дэлхийн 1, 2-р дайныг хэнээс ч хамааралгүй нүүдэлчид бид маш бага хохиролтойгоор давж гарсан бөгөөд өнөө үед ч ямар нэгэн гамшиг аюулт үзэгдэл ган зуд газар хөдлөл сүйрэл дэлхий нийтийг хамарсан дайн дажин санхүү эдийн засгийн хямрал болоход гэрийн хэдэн унь толгой дээр унасан шигээ, хоттой хэдэн малнаасаа алж идсэн шигээ, аргал хомоолоо түүж задгай галаа өрдсөн шигээ хамгийн бага хохиролтойгоор өнгөрөөх боломж ч бий.
Өнөөгийн улс үндэстэнүүдийн шохоорхоод байгаа Европын холбоо нь үндэстэнүүдийн цоо шинэ нэгдсэн холбоог бий болгож байгаа ч тэнд Эстон Чех Бельги гэх мэт гишүүн орнуудынх нь соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал гэх мэт зүйл үгүй болж, тусгаар тогтнолоо эдгээр үндэстэнгүүд бүгд европын нэгдсэн ашиг сонирхол, европын соёл иргэншил хэмээх нэрийн дор тавиад туучихаж байгаа юм.
Хоёр гурван зуугаад жилийн өмнө дэлхийн гүрнүүд хүчээр дэлхийг зургаа долоохон империйн колончлолд  хуваан авч байсан бол 20-р зуунд тэдгээр нь муу нэртэй луу данстай  коммунизмийн ачаар 200 улс болон задарсан ч 21-р зуунд эргээд “сайн дурын үндсэн дээр” түүх соёл иргэншлээрээ эвлэлдэн нэгдэж холбоо байгуулж байгаа нь шинэ колончлолын тод жишээ юм. Цаашид иймэрхүү маягаар дэлхийн бусад улсууд хоорондоо нийтлэг соёл иргэншилээрээ нэгдээд янз бүрийн холбоо байгуулсан ч биднээс өөр хэн ч амьдарч чадахааргүй дэлхийд ганц нүүдлийн соёл иргэншилээ бид хайрлан хамгаалж өвлөж уламжилж хадгалж чадваас үеийн үед туурга тусгаар байж чадах бөгөөд үүнд бидний соёл иргэншлийг нааштайгаар дэмждэг НҮБ, ЮНЕСКО болон бусад олон улсын хүчин чармайлтыг ч овжин ашиглах нь зүйтэй.
Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншлийн дэлхийн төв, нүүдэлчдийн соёл иргэншил бол зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй, хүнд хамгийн дархлаа сайтай соёл иргэншил учраас нүүдлийн ахуйтай хүүхдийн зуслан кампыг хөхүүлэн дэмжин хүүхдүүдээ хөдөө эмээ өвөө ах дүү хамаатан садан руу нь үе үе явуулж  нүүдэлчдийн соёл иргэншил сэтгэхүйд суралцуулан нар салхи агаар сүү цагаан идээ монгол ахуйд ядаж зуны гурван сар тэднийгээ байлгахад насаараа хаанаас ч хайгаад олохооргүй нүүдэлчин монгол хүний эрүүл бие сэтгэлийн дархлаатай болгохоос гадна хорвоо ертөнцөөр нэг тэнүүчлэн нүүдэлчин ахуйд хорхойтох гадаадын жуулчдыг авчран хонуулж үзүүлж харуулаад л хоногийн зуун ногоон цохиод байх боломж бас бүх малчин айлд байна.  
Эрүүл зөв монгол хүнийг төлөвшүүлэх нүүдлийн соёл иргэншил ахуйгаа  аалзны торон гадаад бодлоготойгоо холбосон байхад Монгол Улсын аюулгүй байдал хэдэн мянган жилээр ч баталгаатай хангагдах бөгөөд энэхүү аалзны торон бодлого нь Монгол Улс хэнээс ч юугаар ч хамааралгүй болох ч харин Монголоос дэлхийн үй олон улс орон байгууллага компани нэр нөлөө бүхий хувь хүмүүс ч улс төр нийгэм эдийн засаг гэх мэт  бусад талаараа нэн хамааралтай болох тэрхүү нөхцөл байдлыг хэлэх бөгөөд энэ талаар дараа илүү тодруулж нийтлэх болно.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт