sonin.mn
Евразийн баруун хэсэгт хагарал бутралд өртөмтгий Европ тив оршино. Бүх талаараа арал хойгуудаар хүрээлэгдсэн учраас энэ тивийнхний хувьд нэгдэн нягтрах нь бэрхшээлтэй байдаг. Түүнээс гадна, тивийн хойд хэсэг нь тэгш тал газарт орших ба мушгиралдсан богино голууд нь тэнд орших улс орнуудад эрч хүчийг өгдөг учраас тивийн бусад улстай хамтран ажиллах шаардлагагүй болдог. Тивийн өмнөд хэсэг нь уулархаг газар нутаг учраас нэгдмэл хүчирхэг эдийн засгуудыг бий болгоход саад болсоор ирсэн. Ийм шалтгаанаар Европ тив нь хоорондоо маш ялгаатай олон соёлын гал голомт болдог ба олон соёлын хооронд эвлэршгүй зөрчлүүд үүсэх нь олонтоо.  
 
2019 ОНЫ ГОЛ ХАНДЛАГУУД  
Еврогийн бүсэд учрах эрсдэлүүд
 
Итали улс еврогийн бүс дэх санхүүгийн гол эрсдэл хэвээр байх болно. Европын Комиссын зүгээс тавих хоригийг хойшлуулахын тулд Италийн эрх баригчид төсөв, татварын бодлогодоо өнгөн хэлбэрийн өөрчлөлтүүд хийж магадгүй. Тус улсын санхүүгийн байдлыг тогтворгүй болгож буй гол аюул нь Европын Холбооноос /Брюссель/ бус харин санхүүгийн зах зээлээс ирж байгаа юм. Италийн төсөв-татварын бодлого нь хөрөнгө оруулагчдыг “энэ улс өрөө төлж чадах болов уу” хэмээн эргэлзэхэд хүргэнэ. 
Хэрвээ Италийн улс төр, санхүүгийн тогтворгүй байдал хэвээр үргэлжлэх аваас зээлийн хүү нэмэгдсэнээс үүдэн Өмнөд Европын орнууд хохирох болно. 
Италийн банкуудын өр олон тэрбум еврогоор хэмжигдэж байгаа нь тэдгээр банкуудыг эмзэг байдалд оруулж байна. Хэрвээ банкууд тусламж хүсэх аваас Ромын эрх баригчдын хувьд ЕХ-той хэлэлцээ хийхээс аргагүйд хүрнэ. Үүний сацуу Италийн эвслийн засгийн газрын доторх зөрчилдөөн нь сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахад хүргэх ба ингэснээр улс төрийн тодорхойгүй байдлыг улам даамжруулна. 
 
2019 он-Брекситийн жил
 
Их Британи улс ЕХ-ноос гарах үйл явцад маш олон саад бэрхшээл тулгарах ба Лондон, Брюссель хоёр Брекситийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг хамгийн бага хэмжээнд байлгахыг оролдоно. ЕХ-ноос гарах тухай гэрээнд үндэслэн Лондоны эрх баригчид тус холбоог орхин гарахыг хичээх боловч энэ талаар Британийн парламентыг тийм ч амархан итгүүлж чадахгүй. Хууль тогтоогчид энэхүү гэрээг батламжилсан тохиолдолд Их Британи улс 2019 онд ЕХ-ны нэгдсэн зах зээлд хэвээр үлдэнэ. Парламент батламжлахгүй байсан ч гэсэн Лондон, Брюссель хоёр түр хугацааны хэлэлцээр байгуулах ба эдийн засгийн эмх замбараагүй байдлыг хазаарлахын тулд тус тусдаа үйл ажиллагаа явуулна. Үүнд тулд авах арга хэмжээнүүдийн нэг бол гэрээний 50 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцээний үеийг сунгах явдал бөгөөд ингэснээр Брекситийн үйл явцыг хойшлуулах боломжтой. Хэрэв Британийн парламент хориг тавих аваас худалдаа, арилжааны нислэг, шилжилт хөдөлгөөн зэрэг хоёр талын харилцааны бүхий л асуудлууд тодорхойгүй байдалд орно. 
Хэрвээ хэлэлцээ болж байх үед Их Британийн засгийн газар огцорч, шинээр сонгууль явуулахаар шийдвэрлэслэн тохиолдолд Брекситтэй холбоотой нөхцөл байдал улам эгзэгтэй болно.
Брекситийн үйл явц хэрхэн өрнөхөөс үл хамааран Их Британи болон ЕХ хоёр талын худалдааны харилцаа ирээдүйд ямар байх ёстой вэ гэдгийг хэлэлцэнэ. Их Британийн эрх баригчид АНУ болон бусад улстай чөлөөт худалдааны асуудлаар хэлэлцээ хийж эхэлнэ. Хэлэлцээ хүнд хэцүү байдалд болж, нэлээд сунжрах тул 2019 онд багтаж дуусах нь юу л бол. 
 
Худалдаанд гол анхаарлаа хандуулна
 
ЕХ-ны хувьд ирэх онд чөлөөт худалдааны гэрээг АНУ-тай байгуулж амжихгүй боловч аж үйлдвэрийн бараатай холбоотой арай “даруухан” гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна. Үүнээс гадна, худалдаан дахь тарифын бус хориг саадыг арилгах асуудлаар хэлэлцээ хийхийг ЕХ эрмэлзэнэ. Иймэрхүү үйлдэл үзүүлснээрээ ЕХ-нд үйлдвэрлэсэн автомашинд ногдуулах татвараа нэмэгдүүлэхгүй байхыг АНУ-д ятгах гэж европчууд оролдож байна. Хэрвээ Цагаан ордон татвараа өсгөвөл Европ тивийнхэн хариу арга хэмжээ авах болно. Үүний сацуу ДХБ зэрэг олон талт талбарт АНУ-тай хамтран ажиллахыг ЕХ хичээнэ. Төрөөс татаас өгч байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа зэрэг асуудлаар Хятадад шахалт үзүүлэх үед нь Цагаан ордныг европчууд дэмжинэ.     
 
Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Америкийн худалдааны холбоо болох МЕРКОСУР-тай хамтран ажиллах боломжийг ЕХ эрэлхийлнэ. Түүнчлэн Зүүн-Өмнөд Азид экспортын шинэ зах зээлүүдийг олж нээхийг эрмэлзэх болно.
 
“Олон талт харилцааны зарчмыг хамгаалах тал дээр Хятад улс бол АНУ-ын эсрэг тэнцвэржүүлэгч нөлөөтэй” гэж ЕХ үзсээр байх болно. Гэвч Герман, Франц зэрэг эдийн засгийн хувьд хүчирхэг улсууд хятадууд Европ руу нэвтрэхэд,  ялангуяа технологи болон дэд бүтцийн салбарт нэвтрэхэд нь саад хийнэ. Үүний сацуу жижиг улс орнууд эдийн засгийг нь хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж Хятадын хөрөнгө оруулалтыг талархан хүлээн авах болно. Худалдааны асуудлын тухайд, ЕХ нь Австрали, Шинэ Зеландтай хэлэлцээ хийж, Өмнөд Америкийн худалдааны МЕРКОСУР байгууллагатай хийж буй хэлэлцээгээ дуусгахыг эрмэлзэнэ. Үүний сацуу, Азид экспортын шинэ зах зээлүүдийг эрж хайна. ЕХ-ны хувьд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх тодорхой асуудлыг шийдэхэд хүндрэл учрах боловч хэлэлцээний явцад ахиц дэвшил гаргахыг хичээнэ.   
 
ЕХ дахь манлайллын төлөөх тэмцэл
 
5 дугаар сард болох Европын парламентын сонгуулийн дүнд дотроо үзэл бодлын зөрүүтэй, хагаралтай хууль тогтоох байгууллага бүрэлдэнэ. ЕХ-г хэвээр нь хадгалахын төлөө байгаа намууд парламентад хяналтаа хадгалах боловч үндсэрхэг үзэлтнүүд ба Европын нэгдмэл байдалд үл итгэгчид /eurosceptics/ нэлээд хүчтэй дэмжлэг авна. Тэдний зөрчлөөс үүдэн хууль батлахад улам хүндрэлтэй болно. Сонгуулийн дараа Европын Комиссын даргыг сонгох үед үзэл бодлын зөрчилдөөн үүснэ. 
Европ тив дэх бүс нутгуудын хоорондын зөрчилдөөн нь чухал шийдвэрүүд гаргахад цаг алдахад хүргэх ба ингэснээр томоохон шинэчлэл хийх боломж хумигдана.
Өмнөд европынхны хувьд, эрсдэлүүдийг ЕХ-ны дотор жигд тараан хуваарилж чадахуйц бүрэлдэхүүнтэй Европын Комиссыг байгуулахыг хүсч байгаа бол хойд европынхон санхүү-төсвийн сахилга батыг тогтоож, эрсдэлийг бууруулж чадах тийм комисс байгаасай хэмээн хүсч байна. ЕХ-ны орнууд Европын Төв банкны даргыг сонгох ёстой. Өмнөдийнхөн мөнгө-зээлийн хөхиүлэн дэмжих бодлогоо үргэлжлүүлэхийг шаардах бол хойд европынхон уг бодлогын зарим зүйл заалтыг цуцлахын төлөө байх болно.   
 
 
Герман ба Францад үүсэх асуудлууд
 
Германы эрх баригч намууд хоорондоо салан зааглагдахыг эрмэлзэх ба ингэснээр улс төрийн бодлого нь зүүн, баруун тийш савлана. Ийнхүү туйлширснаар төв эзгүйрэхэд хүрнэ. Засгийн газрын дотор дэгдсэн сөргөлдөөн нь түүний үйл ажиллагааны үр дүнг саармагжуулж, улмаар хугацаанаас өмнө сонгууль явуулахад хүргэж магадгүй. Сонгууль дахин болсон ч гэсэн дотооддоо зөрчилтэй парламент дахиад л бүрэлдэх ба ингэснээр эвсэл байгуулах асуудлаар хүнд хэцүү хэлэлцээ хийж эхэлнэ. Үүний улмаас ЕХ-н дахь Герман улсын тэргүүлэх байр суурь суларна.
Францын засгийн газар төрийн байгууллагууд ба эдийн засагт шинэчлэл хийх, ялангуяа тэтгэврийн тогтолцоог бүрэн шинэчлэхийг оролдоно. Энэ нь эсэргүүцэлтэй тулгарах ба энэ нь эдийн засгийг замбараагүй байдалд оруулж болзошгүй. Парисын эрх баригчид төлөвлөсөн ажлынхаа ихэнхийг хэрэгжүүлж чадах боловч иргэдийн зүгээс засгийн газрын бодлогыг улам хүчтэй эсэргүүцнэ. Дотоодод хуримтлагдсан асуудлаас үүдэн нэгдмэл Европын үйл хэрэгт нөлөөлөх  Франц улсын нөлөө хязгаарлагдмал болно.
 
Баруун ба Зүүний хагарал
 
Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлыг ашиглан Төв ба Дорнод Европын орнууд АНУ-тай тогтоосон улс төр, цэргийн хэлхээ холбоогоо аль болохоор гүнзгийрүүлэхийг эрмэлзэнэ. Цагаан ордны зүгээс Польш, Румынд хандан, Америкийн пуужингийн цогцолборуудыг байрлуулах хүсэлт тавина. Үүний зэрэгцээ, Польш, Унгар, Румын улсууд ЕХ-ны зарим дүрэм журмыг эсэргүүцнэ. Гэхдээ өөрсдийн ЕХ дахь гишүүнчлэлийг эрсдэлд оруулахаас зайлсхийнэ.  
 
Бие даах эрмэлзэл
 
ЕХ-ны гишүүн орнууд батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Байнгын бүтэцлэгдсэн хамтын ажиллагаа, Европын батлан хамгаалахын сан зэрэг санаачилгуудыг хэрэгжүүлнэ. Европын цэргийн хүчин чадлыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг Франц улс удирдах боловч гишүүн орнуудын дунд үүссэн зөрчлүүд нь урагшлах хөдөлгөөнийг сааруулж магадгүй. Гадаад бодлого, татварын бодлогод өөрчлөлт оруулахын тулд бүгд санал нэгтэй батлах бус харин олонхийн саналаар шийдвэр гаргадаг байхын тулд ЕХ-ны шийдвэр гаргах үйл явцыг хялбаршуулах, оновчтой болгох үүднээс санал хураах системийг өөрчлөхийг оролдоно. Гэхдээ бүтэлтэй болох нь юу л бол, учир нь, санал хураалтын системийг өөрчлөхийн тулд санал нэгтэйгээр шийдвэр гаргах ёстой, гэтэл зарим улс орнууд хориг тавих эрхээ хадгалан үлдэхийг эрмэлзэх болно. 
Сонгодог хэлбэрийн, ээдрээтэй удирдлагын тогтолцоо ба “хараал идсэн” зөвшилцөл нь ЕХ-ны хэтийн төлөвлөгөөнд саад болно. 
АНУ-аас үл хамаарах олон улсын төлбөрийн сувгуудыг бий болгох, долларын оронд еврог дэлхийн нөөц валют болгох, хөрөнгийн зах зээлд гишүүн орнуудын интеграчлалыг бэхжүүлэх зэрэг хэтийн томоохон төлөвлөгөөнүүдээ ЕХ хэлэлцэнэ. Гэвч Европт манлайллын хоосон орон зай бий болсон, дээрх төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлүүд нь  төлөвлөснөө ирэх онд хэрэгжүүлэхэд нь ЕХ-нд саад тотгор учруулна.
 
Бусад таамаглалууд  
 
-Хүний хувийн амьдралын халдашгүй байдлыг хамгаалахад ЕХ тэргүүлэгч байр сууриа хадгална.
-Бүтцийн өөрчлөлтийн талаарх Өмнөд Европын орнуудын төлөвлөгөө нь эдийн засгийн зохион байгуулалтыг алдагдуулж, улс төрийн хямралд хүргэнэ.
-Европын орнууд хиймэл оюун, робот техникийн салбарт инновацийг нэвтрүүлэхийг дэмжихэд чиглэсэн санаачилгуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боловч Европын компаниудын хувьд Хятад ба Америкийн өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлэхэд хэцүү хэвээр байх болно.
-Оросын болзошгүй түрэмгийллийг таслан зогсоохын тулд Балти орчмын улс орнууд НАТО ба АНУ-тай ойртон нягтрахыг эрмэлзэнэ.
 
Чухал үйл явдлууд
 
3 дугаар сарын 29. Их Британи улс ЕХ-ноос гарах өдөр
3 дугаар сарын 23-26. ЕХ-ны орнуудад Европын парламентын гишүүдийг сонгох сонгууль болно.
8 дугаар сарын 25-27. G7-гийн дээд хэмжээний уулзалт Францад болно
10 дугаар сарын сүүлч: Европын Комисс ба Европын Төв банкны дарга нарыг сонгох эцсийн хугацаа дуусна.
11 дүгээр сар. Польшид бүх нийтийн сонгууль болно.
11 дүгээр сар. Европын Зөвлөлийн даргыг шинээр сонгоно.
 
 
Орчуулсан: Б.Адъяахүү