sonin.mn
Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар ажлын хэсэг гарч БСШУСЯ дээр ажиллаж байна.
Тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй хэмээн ЗГХЭГ-т шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд үүний дагуу ажлын хэсэг гарч өнөөдрөөс тус яаман дээр ажиллаж байгаа аж.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тухайд тус яаманд гурав дахь сайдтайгаа ажиллаж байгаа нь энэ бөгөөд өмнө нь мөн л салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр Г.Чулуунбаатар сайдын үед Засгийн газрын тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан. Гэвч уг тогтоолыг эсэргүүцэн шүүхэд хандсанаар жил гаруйн дараа шүүхийн шийдвэр Б.Баярсайханы талд гарч тэрээр өнгөрсөн наймдугаар сард ажилдаа эргэн орсон. Ажлаа аваад хагас жил ч болоогүй байхад яамныхан нь дахин түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн нь ноцтой явдал. Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй түүнийг өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар өмчилсөн, төрийн өндөр албан тушаалтанд байж боломгүй ёс зүйн ноцтой алдаанууд гаргасан, яамны ажилчиддаа хууль бус шаардлага тавьж дарамталдаг, төрийн яаманд хувийн компанидаа байгаа мэт авирладаг гэх мэтээр хэвлэлээр байнга шуугиж байсан. Тийм ч учраас төр гэж байдаг бол, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ гэж байдаг бол түүнийг нухацтай шалгаж, шударга шийдвэр гаргана гэдэгт салбарынхан нь болоод олон нийт найдаж байна. 
Он гараад төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ шалгуураар Б.Баярсайхан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцэхгүй. Учир нь тэрээр өмнө нь төрийн албанд ажиллаж байсан мэдлэг, туршлагагүй нэгэн. Шинэ хуулиар яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын байранд тавигдах нэн тэргүүний шаардлага нь төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх шалгуур юм.      
 
Б.Аз