sonin.mn
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдорж  утга зохиолын шилдэг бүтээлд олгодог  “Алтан-Өд”  шагналыг хоёр дахь удаагаа  хүртлээ. Тэрээр 2015 онд “Галдан бошгит” түүхэн зохиолоороо энэ шагналыг хүртэж байсан бол энэ жил   хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрөлд “Өндөр хөхийн унага” роман нь шилдгээр шалгарсан юм. Эрхэм зохиолчтой ярилцсанаа хүргэе.
 
-Уншигчдынхаа болон уран зохиолд хайртай монгол түмнийхээ өмнөөс танд  баяр хүргэе. “Алтан Өд”-өөр бичих болсон энэ өндөрлөгөөс  анх үзэг цаас нийлүүлж байсан үеэ эргээд дурсахад танд юу бодогдож байна вэ?
 
-Баярлалаа. Энэ эрхэм хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа хүртсэндээ  баяртай байна.
Анх уран зохиолд шимтэн дурлаж, анхны шүлгээ  бичсэнийг дурсвал   сонин  түүх бий. Би 1964 онд 14 настайдаа шинэ жилийн баяраар “Миний аав” гэдэг шүлэг бичээд МХЗЭ-ийн хорооноос шагнал  гардан авч байлаа. Тэр үеэс бичиг, цаастай нөхөрлөсөн. Уран зохиолд дуртай болсон минь миний өвгөн аав “Цоохор” Бадамдорж  гэдэг хүнээс эхтэй. Өвгөн аав маань үлгэр их ярьдаг хөгшин байсан юм. Дээр нь ном, зохиол уншиж өгнө. “Жангар” гээд цоохор хавтастай номоос салахгүй, байнга уншиж  өгдөг сөн. Ингэж өвөө минь намайг уран зохиолын амтанд оруулсан. Тэр үед зурагт, радио гэж байсангүй. Харин 10 жилийн дунд сургуульд “Шил” Баасанжав гэж багш маань олон хүүхдийг уран зохиолоор хөглөсөн ачтан байлаа. 1968 онд би Ховдын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд аймгийнхаа Багшийн дээд сургуульд элсч, давхар яруу найргийн  дугуйланд орж байлаа. Түүнээс хойш өнөө хүртэл бичиг, цаастай нөхөрлөж явна.
 
-“Алтан Өд” шагналыг хоёр удаа, тэр дотроо үргэлжилсэн үгийн том хэмжээний бүтээлээр хүртэнэ гэдэг их хөдөлмөр, судалгаа, цаг хугацааг зориулсан байх? 
 
-Би дууны шүлэг,  яруу найраг голлон бичдэг, үргэлжилсэн үгийн зохиол бол  цөөхнийг бичсэн хүн. Нас ахиад ч тэр юм уу, сүүлийн үед бодож санах дурсах юм их байна. Өвгөдийн ярьж үлдээсэн түүх, домог ч их юм.  Баримтат болоод  түүхэн  тэмдэглэл, үргэлжилсэн үгийн зохиол түлхүү бичиж байгаа. Бас жүжиг, киноны зохиол руу ч орсон. “Өндөр хөхийн унага” бол миний анхны роман юм.
Би хөдөөний хүн. Сэлэнгэ аймагтаа амьдарч, уран бүтээлээ  бичиж, туурвиж яваа. Хөдөө амьдарсан хүний дурсамж сэтгэлд тод байдаг юм байна. Тэр үед ажиллаж, амьдарч байсан хүмүүсийн ярьж, хэлж байсан зүйлүүд сэтгэлд тод үлдсэн. Тэдний яриа хөөрөө, тэр хүмүүсийн үйл, амьдрал сэтгэлд кино зураг шиг тод буусан. Хэзээ ч балрашгүй тэр сайхан дурсамжийг бичиж үлдээх нь зөв гэж бодоод уран зохиолын янз бүрийн төрөл жанрт шингээж туурвисан. Энэ удаа роман бичсэн нь энэ. Монгол хүн морио бичихгүй бол болохгүй. Монголын сайн эр, сайхан бүсгүйчүүдийг бичихгүй бол болохгүй.  “Өндөр хөхийн унага” романд сайн эр, сайхан бүсгүйн  тухай гарна.  Түүхэн цаг үеийг баримттайгаар тусгаж, 1911 оны Ховд хотыг чөлөөлөх түүхэн үйл явцыг нэлээд дүрсэлсэн  ийм бүтээл. Шүүгчид, уран зохиол судлаачид тэр талаас нь анхаарсан байх. Олон том зохиолч, утга зохиолын салбарын баатруудтай өрсөлдөөд түрүүлсэнд сүрдмээр байна.
 
-Монголчууд аливаа юмны бүтэж бүрэлдэх явцыг “хувьсгалын тохироо бүрдэнэ” гэлцдэг. Зохиол төрсөн түүхээс хуваалцаач?
 
-Бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл дээ. Би Ховд аймгийн Мянгад сумын уугуул. Хотгойдын Чингүнжавын албат, хотгойдууд  1750-аад онд  хөөгдөж, туугдаж Ховдод очсон бүлэг иргэн Мянгадад бий. Би тэр бүлэг иргэний нэг өчүүхэн цус. Монголын  бүх нүүдэлчин овог, аймаг  өөр, өөрийн түүхтэй. Манай Мянгад түмний дотор өөрийн түүх, соёлоо дурссан дурсамж, домог их бий. Тэр бүхнийг уран зохиолоор гаргая гэж бодож, зорьж бичсэн. Нөгөө талаас, манай хошууны хамгийн сүүлчийн ноён Санжжавын 140 жилийн ой болж, тэр ойд зориулж ном бичих санаа төрсөн. Тэр хүний тухай бичихийн тулд Мянгадын түүхийг бичих болно. Мянгадын түүхийг бичихийн тулд судлах шаардлага гарна. Судлах явцдаа түүхэн цаг хугацаа руу оруулж, баримтад тулгуурлаж романаа бичсэн. Амжилттай болсонд нь баяртай байна.
 
-Хамгийн сайн шүүгч бол уншигчид гэдэг. Тэднээс ямар санал, сэтгэгдэл ирэв?
 
-Ялангуяа, үүх түүхээ мэддэг нутгийн хүмүүсээс  хол, ойроос  ярих нь ярьж, ирэх нь ирж, баяр талархал дэвшүүлж байна. Дахин ном бичих, бүтээх санаа оноо өгч, үүх түүх ярьж байгаа хүмүүс байгаа.
 
-Үүний өмнө та “Галдан бошигт хаан” түүхэн зохиолоор 2015 онд “Алтан Өд” хүртээд зогсохгүй, Ховд аймгийн Хөгжимт драмын театрынхан дуулалт жүжиг болгон  амилуулснаар “Гэгээн Муза”-гийн эзэн болсон. Түүх бичлэгт уран сайхныг хоршуулж зохиол болгох амаргүй байх?
 
-Тухайн үед Зүүнгарын хаант улс буюу Ойрадын хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийг ойг Ховд аймагт  тэмдэглэж даншиг наадам зохион байгуулсан юм. Тэр үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьсан юм. Өмнө нь би “Ану хатан” жүжиг бичиж Ховдын театрт тавьсан байсан. “Ану хатан”-г бичихийн тулд нэлээд судалгаа хийсэн маань “Галдан бошигт хаан”-ыг бичихэд илүү ойр дөт дөхөмтэй болгосон. Түүхийн мэргэжлийн олон хүнтэй уулзаж судалгаагаа гүнзгийрүүлсэн. Галдан бошигт хааны тухай олон жүжиг, кино, роман, тууж гарсныг манай уншигчид сайн мэдэж байгаа. Тэгэхдээ Галдан гэдэг хаан байсан, хувилгаан байсан, бурхан, чөтгөр байсан гэдэг хувь хүн талаас нь биш Монголын түүх гэдэг өнцгөөс харж цомнолоо бичсэн нь тэр.
 
-Өнөөдөр ч гэсэн  монголчууд Галдан бошигт хааны аж төрж байсан  ороо бусгаа цаг үеийг эргэж санахад илүүдэхгүй байх. Та ч гэсэн монгол хүний хувьд,  зохиолчийн хувьд эмзэглэж явдаг байх?
 
-Тэр бол маш  эмгэнэлтэй түүхэн цаг үе шүү. Өнөөдөр түүхэнд байр сууриа эзэлсэн том хүмүүсийг бид  үнэлж дүгнэхгүй, ямар нэг байдлаар  шүүхгүй нь тодорхой. Тийм эрх ч байхгүй. Гэхдээ нэг харамсмаар зүйл байдаг нь хэрэв Галдан бошигт хаан, Түшээт хан Чахундорж хоёр эв зүйгээ олсон бол өнөөгийн Монгол Улсын газрын зураг огт  өөр байх байсан. Гэтэл манайхан түүхээсээ  сургамж авах бус өнөө цагийн ихэс ч гэсэн яг ийм байдалтай байгаа нь  Монгол Улсад аюултай бөгөөд хор хөнөөлтэй. Галан бошигт, Чахундорж нарын аль аль нь мундаг эх оронч хүмүүс байсан ч Орос, Хятад, Манж, Түвд гэсэн гадныхны хаясан ясанд хахаж бүдрэн, Монголоо эмгэнэлт байдалд оруулсан нь үнэн юм. Энэ гашуун түүх өнөөдөр ч гэсэн  бидэнд сургамжтай.
 
-Та сүүлийн үед  ямар зохиол, бүтээл бичиж  байна?
 
-Кино, жүжгийн зохиол дээр сууж байна. Тэр дотроо дуулалт жүжгийн зохиол дээр түлхүү ажиллаж байна.  Саяхан хоёр  зохиолыг гараасаа гаргаж   найруулагчдад өгсөн. Удахгүй кино болгох юм гэсэн. Би орчин үеийн залуусын талаар бага мэднэ, их төлөв хөдөөгөө бичдэг болохоор тэр л сэдвээрээ бичсэн.
 
-Ингэхэд Монголын шилдэг 10 киноны нэг “Бор чоно” уран сайхны кино таны зохиол байх аа?
 
-Тийм. Өргөн дэлгэцээр хийсэн кино байгаа юм. Орчин үеийн хэлбэрт буулгах сан гэж бодож явдаг  юм.
 
-МЗЭ-ийн 90 жилийн ойн энэ өдрүүдэд уншигчиддаа, зохиолч нөхөддөө хандаж юу хэлэх бол?
 
-МЗЭ-ийн 90 жилийн ой бол манай  уншигчид, утга зохиолд хайртай монгол түмэн, зохиолч, уран бүтээлчид гээд хүн бүрийн хүсэн хүлээж байсан том баяр юм. Зөвхөн уншигчдын юм уу, зохиолчдын баяр биш. Монгол түмний баяр, оюун санааны баяр гэж би бодож байна. Хүн эхээс төрөөд бүүвэйн дуу сонсдог, уран бүтээл, яруу найргаар амьсгалдаг. Тэгэхээр МЗЭ-ийн 90 жилийн ой бүх ард түмний баяр юм шүү. Хүн бүхэн ном уншиж байгаасай.
Сүүлийн үед хүүхдүүд интернэт орчин руу татагдаж, ном уншихаа больжээ. Ном уншихад хүний оюун задарч, мэдлэг тэлнэ. Энэ бүхнийг болгоогоосой.  Дээр нь  нэмж хэлэхэд, Монголын нүүдэлчдийн соёл, уламжлал алга болчих вий гэсэн эмзэглэл сэтгэл дотор минь байдаг болохоор тийм байсан, тэр нь алга болчих вий, ийм юм нь гээгдэх вий гэсэн бодол байнга эргэлдэж байдаг. Энэ бүхнээ эрхэмлэж яваарай гэсэн санааг зохиол бүтээлдээ шигтгэн бичиж, туурвиж байдаг даа. Хүн болгон   соёл, уламжлалаа хадгалж, хамгаалж, хойч үедээ үлдээн өвлүүлж, соёлын эргэлтэд оруулж  яваасай.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин