sonin.mn
Өчигдөр ЗГХЭГ,УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс АИ-80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахыг үүрэг болгосон билээ. Үндсэндээ бол дэлхийн  зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус  буурч байгаатай холбогдуулан  энэхүү шийдвэрийг гаргасан байна. 
Монгол улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг  шат дараатай бууруулж,өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байгаа.
Ерөөс стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Засгийн газар бүрт шатахууны үнийг барих бичигдээгүй үүрэг ногддог. Засгийн газар бүр энэ үүргээ биелүүлэхийн тулд янз бүрээр ажилласаар ирсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар монголын төр хэдий болтол шатахуун импортлогч 10-аадхан гэр бүлд бууж өгч, тэднийг  баяжуулан, ард түмний халаасыг улам бүр нимгэлэх вэ үүнийг таслан зогсоож, импортлогчдын тусгай зөвшөөрөлтэй шууд ярьж, бусдад боломж олгох замаар чөлөөт өрсөлдөөн бий болгох зэрэг арга хэмжээ авч ажиллана гэдгээ хатуу анхааруулан ажиллаж байна. 
 
Өнгөрсөн жилүүдэд шатахуун импортлогчид үнээ үгсэн нэмдэг, үе үеийн Засгийн газруудыг шантаажилж бизнесээ амжилттай авч явж ирсэн түүх бодит үнэн. Хэдхэн гэр бүл энэ зах зээлд монополь болж, тэдний арга улам бүр нарийссан байдаг.  Төрөө үл хүндэтгэн ард түмнийг “сэтгэл зүйд нь дасгах” технологоор өнөөг хүртэл шатахууны үнэд туйлдуулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл өчнөөн өдөр шатахууны үнэ 2000 төгрөг хүрнэ гэсэн мэдээллээр бөмбөгдүүлчихсэн иргэд “ Өө үнэ нэмэгдчихэж” гэж хүлээж авна. Яг ийм байдлаар тэд төр засгаа шантаажилж, төр засаг нь буулт хийсээр ирсэн түүхтэй. 
Ямартай ч Монгол улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдрөөс шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурч хэрэглэгчдэд очих ёстой. Хэрэв шатахууныг үнийг буулгахгүй бол тэдэнд хариуцлагын тогтолцоо үйлчлэх юм. 
 
Ч.Явуу