УИХ-ын нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы харьяа Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан нь ил болоод буй билээ.
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцлийн дуулианаар уг хэргийг замхруулж, мартуулахыг уг асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд хүсэж, тэр бүү хэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гэгч "ЖДҮ чинь зүгээр л зээл юм билээ" гэх мэтээр тайлбарлаж эхэллээ.
Гэвч үнэндээ энэ нь "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцон хуульчилсан бөгөөд хэрэв энэ хэргийг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг хасч, найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай" ноцтой хэрэг юм.
 
Мөн ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын зарим гишүүд Банк Бус Санхүүгийн Байгууллага ажиллуулж буй нь ихээхэн анхаарал татна. Хэрэв тэд ХХААХҮЯ-ы харьяа Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас авсан зээлийнхээ мөнгөний багахан хэсгийг ч болтугай ББСБ-даа оруулсан бол энэ нь мөнгө угаасан ноцтой гэмт хэрэг болох юм.
 
Оруулаагүй байсан ч ер нь УИХ-ын гишүүн ББСБ ажиллуулж, ядарсан иргэдэд их хэмжээний өндөр хүүтэй зээл олгох нь ёс зүйгүй үйлдэл билээ.
20-р зууны эхээр Монгол оронд Манж, Хятадын дарангуйлагчдын мөнгө хүүлэлтийн хүү жилийн 19- 24 хувь байсан тухай судлаачдын бүтээл байдаг. 
Гэтэл Монголын армийн нэртэй генерал Ш.Жадамбын хүү, шударга ёс ярьж жүжиглэх дуртай УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувийн "Газар партнерс" ББСБ-ын зээлийн хүү 30 хувь байгаа нь үнэхээр эмгэнэлтэй явдал юм.
Мөн үг, үйлдлийн хооронд ямар их зөрүү байдгийн нэг жишээ ч гэж хэлж болно.
Манж, Хятадын буюу харийн шуналт мөнгө хүүлэгчдийн зээлийн хүү 19 хувь байсан байхад Монголын армийн генералын хүү нь ЖДҮ-гээс хууль бус зээл авч, Монголчууддаа 30 хувийн хүүтэй зээл өгч, "мөнгө хүүлж" байгаа нь ичгүүртэй гэхэд багадах хэрэг билээ.
 
н.Амарсанаа