Тэмээгээр аялагч бүсгүй Н.БАЙГАЛМААГААС  “Adventure travel” сайтын Мэттьюгийн авсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Тэд БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит муж болон Казахстаны хилийн заагт ярилцжээ.
 
-Тэмээгээр аялах санаа хэрхэн төрсөн бэ?
 
-Би Монголын аялал жуулчлалын салбарт 12 жил ажилласан. Чөлөөт цагаараа ууланд аялах дуртай байлаа. Би Монголын өндөр оргилуудаас гадна Эльбрус, Климанжора ууланд авирсан. Найман жилийн өмнө Австралиас Унгар руу аялсан Тим Копегийн талаар би анх удаа сонссон. Би түүнтэй адил өвөрмөц аялал хийхийг хүсч, тэмээгээр аялахаар шийдсэн юм. Би тэмээтэй 3000 км аялж байгаа анхны монгол эмэгтэй. Тэмээгээр Лондон хотод хүрэх нь миний зорилго. Энэ бол түүхэн дэх хамгийн урт тэмээн аялал болно. Мөн Монголын соёлыг дэлхий даяар сурталчлах, эмэгтэйчүүд зорилгодоо хүрэх чадалтайг батлахыг зорьсон.
 
-Таны аялалын хамгийн хэцүү хэсэг нь юу байсан бэ?
 
-Миний хувьд хамгийн том сорилт бол хүйтэн цаг агаар байлаа. Энэ аяллыг долоон хүн эхлүүлсэн ч цаг агаарын шалтгаанаар надаас бусад нь шантарсан. Бид говь цөлийг өвөл туулсан бөгөөд зарим шөнө -58 хэмийн хүйтэнд майханд унтаж байлаа. 
 
-Тэмээтэй гаднын улсын хилээр гарахад ямар нэгэн асуудал тулгардаг уу?
 
-Энэ тал дээр Монгол Улсын Гадаад харилцааны яам тусалж байгаа ч гаднын гаалийн хүнд суртлаас болоод дөрвөн сар хүлээх хэрэгтэй болсон. БНХАУ-ын хил дээр би зөвшөөрөл авахаар таван сар хүлээсэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Казахстан руу нэвтрэх зөвшөөрөл хүлээж байна. Би аливаа асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж Казахстанаас тэмээг худалдаж авахаар шийдсэн. Эх орноосоо унаж гарсан тэмээнүүдээ Монгол, Хятадын хилийн цэргүүдэд бэлэглэнэ. Дараагийн улсын гаалийн зөвшөөрөл цаг хугацаа бага шаардаасай гэж хүсч байна.
 
-Тэмээтэй аялна гэдэг романтик ч хүнс, тэжээлийг нь тааруулах хэцүү юү?
 
-Амьтантай аялах нь автомашинтай явахаас ялгаатай. Тэмээний тавхай маш зөөлөн тул хатуу хучилттай замаар удаан явахаар хагарч цус шүүрдэг. Энэ тохиолдолд аялалаа түр зогсоож тэмээнүүдээ амраадаг Би ядарч туйлдсан байсан ч эхлээд тэмээнүүдээ усалж, өвс тэжээл өгч амраахыг чухалчилдаг. Турк хүртэл бид гол төлөв цөл, тал хээрийн бүсийг туулна. Харин Европын уур амьсгал, газар зүйн байдал ондоо. Тиймээс тэмээгээр аялахад бэршээлтэй болох байх.
 
-Та ирэх сард хаана хүрэхээр төлөвлөөд байна вэ?
 
-Ирэх сард Узбекстан, Туркменистанд хүрэхээр төлөвлөсөн.
 
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин