sonin.mn
Гааль гэдэг ойлголт бол маш ерөнхий ойлголт, урт хугацааны туршид ам дамжин хэвшсэн, аль нэгэн улс орны  хилээр нэвтрэхтэй холбоотой бүхийл асуудлыг өөртөө агуулсан ойлголт  бөгөөд энэхүү ойлголтон дотор гаалийн бодлого /буюу гадаад худалдаа түүний  онол, бодлого, үйл ажиллагаа /дотор экспорт, импорт, реэкспорт, реимпорт,  хилээр орж гарч буй барааны бүртгэл, хяналт шалгалт, гаальтай холбоотой хууль сахиулах үйл ажиллагаа, эрсдэл, үндэсний үйлдвэрлэлийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах бодлого, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудал, гаалийн татвар тариф, боомтын тухай ойлголтууд бүгд багтдаг. Гаалийн бодлого бол төрийн гадаад, дотоод эдийн засгийн бодлогын салшгүй үргэлжлэл мөн бөгөөд энэ нь гадаад худалдааны бодлого үйл ажиллагаагаар дамжин хэрэгждэг билээ. Эдгээрийн дотроос хамгийн гол үндсэн чухал ойлголт нь Гадаад худалдааны онол юм.Онол бол практик үйл ажиллагааны эх ундрага нь бөгөөд нөгөө талаар практик үйл ажиллагаа хичнээн өргөн баялаг, олон талтай, олон өнгө хэлбэртэй байлаач онолын хайрцаг дотор л оршдог билээ.
                                                                                                 
Хүн төрөлхтөн одоогоос хэдэн мянган  жилийн өмнөөс буюу Хүй нэгдлийн үеэс эхлэн өөрт байгаа илүү зүйлээ өөрт байхгүй хэрэгтэй зүйлээрээ солилцдог байжээ. Ингэж солилцохдоо ямар нэг үнэлгээний нэгж юмуу металл болон цаасан мөнгөөр орлуулалгүй шууд барааг бараагаар солилцдог байсныг сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Энэ тохиолдолд бараа бүрийг нэг зүйлтэй дүйцүүлэн үнэлэх аргагүй тул энэ бараа тэдэн төгрөг гэх аргагүй тухайн хүний хэрэгцээнээс хамаарч үнэ хөдөлнө. Жишээ нь: Би маш их өлсөж байх үедээ нэг хуушуурыг 1 хонины арьсаар сольж болох ба цатгалан үедээ 1 хонины арьсаа 100 хуушуураар солино гэх....
Хамгийн эртний цутгамал зэс зоос М.Э.Ө 11 дүгээр зууны үеийн Хятадын Шан улсын булшнаас гарч байжээ. Энэ үеэс эхлэн барааны дундаж үнэ ханш гэдэг ойлголт бий болсон байна.  Металл зоосны давуу тал нь эдэлгээ даадаг, хуурамчаар хийхэд хэцүү, өөрийн үнэ цэнээ алддаггүй байсан ба харин дутагдалтай тал нь авч явахад маш хүнд болдог байна. Зоосыг дундаа нүхтэйгээр хийсэн нь олноор нь хэлхээд авч явахад сайн талтай болгосон  байна. Зоосон мөнгө хэрэглэж солилцоо хйих, шууд бараагаар солилцох 2 хэлбэр 2000 гаруй жил үргэлжилсний эцэст Тан улсын үед /618-907/ худалдаанд цаасан дээр бичиж  өгсөн баримт бичгээр төлбөр төлснөө нотлохын зэрэгцээ  тэрхүү бичгээрээ зоос сольж авч болдог олсон юм. Худалдаа наймаа торгоны замыг дамжин өргөжихийн хирээр энэхүү цаасан дээр бичсэн баримтыг илүү ашиглаж эхэлсэн боловч яг цаасан мөнгө хараахан гараагүй байсан. Харин 1100-гаад оны үед Сүн улсын төр хамгийн анхны цаасан мөнгийг жинхэнэ утгаар нь бий болгож түүнийгээ Жяози гэж нэрлэсэн байна. Юан улсын үед Хубилай хаан Чао нэртэй цаасан мөнгийг хэвлэн гаргажээ.  /Эх сурвалж:Asian history.about.com/.  Мөнгө /зоосон, цаасан, бусад төлбөрийн хэрэгсэл/ худалдаанд нэвтэрсэн явдал нь олон улсын худалдаанд бараа бүтээгдхүүний дундач үнэ ханшийг бий болгож түүгээр баримжаалсан  олон улсын худалдаа- бараа бүтээгдхүүний  урсгалыг түргэтгэхэд их түлхэц өгсөн байна. Ингээд олон улсын худалдааны зарим нэг онолуудын талаар товч өгүүлье. Олон улсын худалдаа бол гаалийн байгууллагын анхаарлын төвд байх нэгэн чухал хэсэг нь юм.
Туйлын ба харьцангуй давуу талын онол:
Олон улсын худалдааны онол нь эдийн засагч Адам Смит/1723-1790/ , Давид Рикардо/ 1800-18../ зэрэг эрдэмтэдийн бүтээлүүдэд тодорхой тусгалаа олсон байна. Английн нэрт эдийн засагч Адам Смит “ Аливаа улс орон нь өөртөө илүүдэлтэй байгаа зүйлсийг экспортолж, өөрт дутагдалтай байгаа зүйлсийг импортолдог гэж томъяолсон нь  альч улс оронд илүүдэлтэй ба дутагдалтай зүйл бий түүнийгээ солилцож таарна, үүнээс үүдэн олон улсын худалдаа явагдах нь гарцаагүй гэдгийг баталсан. Тэрээр цааш нь туйлын давуу талын онолыг бий болгосон ба туйлын давуу тал  гэдэгт хөдөлмөрийн нөөц,  байгалийн баялаг, хүн ардын үйлдвэрлэлийн туршлага /технологи/ зэргийг оруулсан байдаг.  Эдгээр үзүүлэлтээрээ улс орон бүр өөр өөр бөгөөд аль нэг улс орон өөр нэгэн улс орноос дээрхи үзүүлэлтээрээ давуу талтай байдаг гэжээ. Энэхүү давуу тал нь тухайн орны хувьд хамгийн хямд зардлаар эд зүйлийг бий болгож илүүдэлтэй хэсгийг нь экспортлоход  туйлын ашигтай нөхцлийг бүрдүүлдэг гэжээ.. Энэхүү онолыг цааш хөгжүүлсэн хүмүүсийн судалгааны үр дүнд гадаад худалдааны хувьд туйлын давуу тал ба харьцангуй давуу тал байдаг түүн дээр үндэслэн гадаад худалдаа явагддаг гэж дүгнэхэд хүргэсэн бөгөөд харьцангуй давуу тал гэдэг нь туйлын давуу талтай бус ч гэсэн зарим нэг талаараа /газарзүйн байршил, зам харилцаа, дэд бүтэц, технологи зэрэг/ давуу байх тохиолдлыг хэлдэг байна. Тэрээр туйлын давуу тал нь хэдийгээр олон улсын худалдааны бүтэц төрөлжилтийг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэдэггүй ба тухайн орон аль нэг  бүтээгдхүүн үйлдвэрлэх боломж, зардлын хувьд хамгийн ашигтай байсан ч гаднаас авах тохиолдол гардаг гэжээ. Түүнээс гадна хоёр улсын тухайд аль нэг бүтээгдхүүн үйлдвэрлэх чиглэлд нэг нь нөгөөгөөсөө давуу байсанч гуравдагч өөр орноос давуу биш байх тохиолдол бий гэжээ. Рикардо олон улсын чөлөөт худалдааны үр дүнд харьцангуй давуу талыг ашиглах зарчимд тулгуурлан барааны нийт үйлдвэрлэлийнхээ нийлбэр хэмжээг нэмэгдүүлж  дотоод хэрэгцээнээсээ давсан хэсгийг экспортлох  түвшинд хүрдэгийг судалгаагаар тогтоожээ. Гэвч Рикардогийн онолд сул талууд байдаг. Манай орны хувьд туйлын давуу талын жишээ газрын үр шим, малын бүтээгдхүүн, ашигт малтмал зэрэгт байх боломжтой.
 
Абсолютизм:  Энэ онол нь төрөөс бүхнийг зохицуулах ёстой, чөлөөт худалдаанд хүртэл оролцох ёстой гэсэн онол юм. Энэ онол нь социолист нийгмийн шинжийг агуулдаг. Гэхдээ зарим зүйл дээр тухайлбал үндэсний үйлдвэрлэлээ гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах үйл ажиллагаанд төрийн зохицуулалтын хэрэгцээ зайлшгүй байх ёстойг анхаарах хэрэгтэй. 
 
Меркантализм: Энэ онол нь төр өөрөө өрсөлдөөнд байгаа учраас төр өөрийнхөө эдийн засгийг байнга өсгөхийн төлөө байх ёстой.  Тиймээс баялгийг хуримтлуул, ялангуяа алт эрдэнэс. Худалдаа хийхдээ байнга ашигтай байж бусдыг худалдааны аргаар хоосруулж хүч чадлыг нь сулруулахыг зорих хэрэгтэй гэсэн харгис онол юм. Энэ онол нь капиталист нийгмийн шинжийг агуулдаг. Энэ онол нь хүчирхийллийг бий болгодог үүний үр дүнд  18 дугаар зууны үеийн колоничлолын их бодлого бий болсон. Хэдийгээр бусад орныг боолчилж алт, эрдэнэс цуглуулсан ч өөрийн орны үйлдвэрлэл саарч, цуглуулсан алт эрдэнэс нь дуусдаг тул явцгүй гэдэг нь батлагдсан.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хамаарлын онолд“орлогын хуваарилалтанд гадаад худалдааны нөлөө” –г онцгойлж үзсэн бол Леонтьевийн парадоксд Берти Олины онолд үйлдвэрлэл явуулахад 3 хүчин зүйл /газар,хөдөлмөр, капитал/ чухал нөлөөтэй байдаг бол Леонтьев 4 хүчин зүйл /  мэрэгшсэн ажиллах хүчин, мэрэгшээгүй ажиллах хүчин, газар, капитал/ голлох нөлөөтэй гэжээ. Манай улсын хувьд хөдөлмөр, капитал 2 нь дутаж байна.
Линдерийн онол: Шведийн эрдэмтэн Линдерн /1961 / Олон улсын худалдааны хэв шинжид нийлүүлэлтээс эрэлт нь илүү нөлөөтэй байна гэж үзжээ. Хэрэглэгчийн хүсэлт, эрэлт хэрэгцээ тэдгээрийн орлогын түвшингээс хамаарна. Дотоодын эрэлт нь тухайн орны үйлдвэрлэгчид ямар бараа үйлдвэрлэхийг тодорхойлно, иймээс улс орнуудын дотоодын үйлдвэрлэл нь тухайн улсын орлогын түвшингээс хамаарна.Улс орнуудын хоорондын  худалдаа нь тэдгээр орнуудын эрэлт давхцаж байгаа бараанд суурилдаг гэжээ.
 
Эдийн засгийн цар хүрээний онол: Энэ онол нь дагнашсан үйлдвэрлэл илүү хямд өртгөөр бий болдог, илүү сайн бүтээгдхүүнийг бий болгож чаддаг тиймээс тодорхой төрлийн барааны үйлдвэрлэлээр дагнан мэргэшсэнээр түүний гарц нэмэгдэж үнэ нь хямдрах бололцоог олгодог ба тэр бүтээгдхүүнээрээ олон улсын худалдаанд оролцдог болохыг нотолсон онол юм. Улс орон бүр өөр өөрийн давуу байдалдаа түшиглэсэн тодорхой төрлийн бүтээгдхүүнийг бусдаас илүү хямд чанартай үйлдвэрлэн өөр хоорондоо солилцоо хийж дэлхийн худалдааны сүлжээг бий болгодог гэж үзжээ. Хэрэв тухайн орон цөөн улстай юмуу эсвэл зөвхөн хөрш оронтой худалдаа хийснээс олон улстай худалдаа хийвэл зах зээлийн тэлэлтийг бий болгож өөрийн бараагаа ихээр үйлдвэрлэж их ашиг олох боломж олгодог тул аль болох олон улстай худалдааны гэрээ байгуулан дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ экспортлохыг зорихын чухлыг тэмдэглэсэн байна.
Портерийн өрсөлдөөний давуу байдлын онол:1990 онд АНУ-ын эдийн засагч Майкл Портер энэ онолыг дэвшүүлсэн ба онолын гол утга нь улс орнуудын гадаад худалдааны үр ашиг нь тухайн улсын үйлдвэрлэлийн хүчин зүйлээс гадна компаниудын өрсөлдөөний стратегиас шууд хамаардаг гэжээ. 
 
 Бид өнгөрсөн 26 жил аль онолоор нь яваад ямар амжилтанд хүрэв?
 
Бид гадаад худалдааны ямар онолыг баримтлах вэ? Манайтай төстэй хөгжиж байгаа орнууд аль онолыг нь түлхүү баримталдаг вэ гэдэг талаар эргэцүүлэн бодож бодлого, үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх ажил дутагдаж байна.
Манай улсын хувьд гадаад худалдааны онол байтугай гадаад худалдааны хууль байхгүй. Тиймээс энэ бол цоо шинэ сэдэв. Мянганы хөгжлийн үзэл баримтлал, Гадаад харилцааны үзэл баримтлал зэрэг цөөн эрх зүйн актанд гадаад худалдааны талаар хальт дурьдсан байдаг. 1990 оноос хойш аль болох олон улстай тэгш эрхийн үндсэн дээр чөлөөт худалдааг хөгжүүлэх бодлого баримталж ирсэн. Манай улс  Дэлхийн  худалдааны байгууллага /WTO/, Дэлхийн гаалийн байгууллагад тус  тус гишүүнээр элсэн орсон. Одоо 150 гаруй улс оронтой гадаад худалдаа хийж байна. Ойрын өнгөрсөн хугацаанд Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлэн тавьсан  Олон улсын худалдааг хөнгөвчлөх момерандиумд гарын үсэг зурсан.
Дээрхи үйл явдлуудыг нэгтгэн үзвэл манай улсын гадаад худалдааны бодлого “Чөлөөт худалдааг дэмжих” чиглэлрүү түлхүү анхаарч байна гэж хэлж болно. Чөлөөт худалдааг дэмжих бодлого сайн муу 2 талтай байдаг байна. Сайн тал нь дотоодын үйлдвэрлэл хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нөхцөлд гадны хямд барааг саадгүй импортолсноор хямд бараагаар дотоодын эрэлтээ хангах боломж нээгдэнэ, барааны хомсдол гарахаас сэргийлнэ. Муу тал нь үндэсний үйлдвэрлэлийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалж чаддагүй үүнээс болж үндэсний үйлдвэрлэл хөгжиж чадахгүй, валютийн гадагш урсах урсгалыг нэмэгдүүлнэ ингэснээр гадаад валют чангарч төгрөгийн ханш унана, импляцийг багасгахын тулд алтны нөөцөө сэгсрэхэд хүргэнэ, дотооддоо хийдэг байсан бараа үйлчилгээгээ хийж чадахаа болино, түүхий эдийн хавсарга орон болно.
Манай оронтой ижил төстэй хөгжиж байгаа улс орнуудын хувьд хөгжлийн төлөө, өөрөө өөрийгөө тэжээдэг чадвартай болохын төлөө, гадны хараат байдлаас гарахын төлөө, цаашлаад хүчирхэг чийрэг улс болохын төлөө элдэв шуугиан тарихгүйгээр,  чимээгүйхэн нүүх үүлний нүүдлээр хурдан шаламгай нүүж байгаа нь анзаарагдаж байна. Тухайлбал Зүүн өмнөд азийн улс орнууд, Латин Америкийн зарим орнуудын гадаад худалдааны бодлого нь чөлөөт худалдаа, гаалиар зохицуулсан дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого 2-ыг маш нарийн зохион байгуулалттайгаар хослуулан хэрэглэж аль болох дотоодын үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүнд гааль тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн дээр нь технологийн дэвшлийг хуулбарлан нутагшуулах онол, Линдерийн онол, туйлын ба харьцангуй  давуу талын онолуудыг хар хайрцагны бодлогодоо ягштал баримтлан ажиллаж байна.
Манай орны хувьд 2018 оны гадаад худалдааны гүйцэтгэлээр импорт харьцангуй өсөх хандлагатай байгаа нь дотоодын хэрэглээ гадаадаас шууд хамааралтай болох нөхцлийг бүрдүүлж байгаад анхаарч үндэсний үйлдвэрлэлийг  гаалийн татвар тарифын бодлогоор  дэмжин урамшуулах, бас хамгаалах шаардлага хэрэгцээ зайлшгүй урган гарч байна.
Тиймээс цаашид импортын хувьд олон улстай хийх худалдааг дотооддоо үйлдвэрлэдэггүй бараа, үйлчилгээн дээр аль болох хөнгөвчлөх, аль болох олон улстай чөлөөт худалдаа хийх, Дотоодод үйлдвэрлэж чадах буюу чаддаг бараа үйлчилгээний хувьд гаалийн татвар тарифийн бодлогоор зохих хэмжээний /эрэлт нийлүүлэлтэйгээ уялдуулсан/ хориг саад тавих, үүний тулд зах зээлийн мэдрэмжийн тооцоо судалгааг маш сайн хийж эрэлтийг угтуулсан бодлого явуулах шаардлагатай байна.  Экспортын хувьд бүрэн боловсруулсан эцсийн бараа бүтээгдхүүнийг дэмжих, хөнгөвчлөх, урамшуулах, хагас боловсруулсан бүтээгдхүүнд бага хэмжээний татвар тогтоох, ямар нэгэн боловсруулалт хийлгүй экспортолж буй түүхий эдийн хувьд татварыг нэмэгдүүлэх, шууд хориг тавих, тарифийн бус хязгаарлалт хийх зэрэг бодлого явуулах хэрэгтэй байна.
Үүний зэрэгцээ туйлын давуу талаа бүрэн дүүрэн ашиглах, харьцангуй давуу талыг олж авахын төлөө бодлого төлөвлөгөөтэй ажиллах, үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн бүх элемэнтүүдийг бүрдүүлэх ойрын /2 жилийн/, дунд хугацааны /4 жилийн/ , алс хэтийн /5-10 жилийн/ төлөвлөгөө гарган ягштал баримталж ажиллах шаардлагатай байна. Ер нь гадаад худалдааны сонгомол онолууд хэмээгдэх хүн төрөлхтөний хуримтлуулсан туршлагаас аль болох уян хатан, тухайн цаг үе, орон зайдаа тохируулан хэрэглэх загвар, мөрдөн ажиллах хөтөлбөр гарган түүнийгээ ямар нэгэн эрх зүйн актаар баталгаажуулан ажиллах цаг болсон болохыг цаг үе анхааруулж байна. 
 
Б.Цэрэн