sonin.mn
Бээжин хотоос холгүй орших Ваньшоушан буюу Түмэн наст уулын Куньмин нуурын хөвөөнд Чингис хааны зөвлөх байсан Елюй Чуцайн бунхан байрладаг. Эл газар нь сэрүүн уур амьсгал, цэнгэг агаартай тул Манжийн хааны зуны ордонг байгуулжээ. Елюй Чуцай албан ажпаар Бээжинд ирэх бүртээ энэ нуурын эрэгт амардаг байсан агаад насан эцэслэсний дараа энд нутаглуулахыгхүссэн гэдэг. Хожим Мин улсын үед монголчуудтай холбоотой бүхнийг устгах үеэр энэхүү бунхан сүйдсэн ч Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны зарлигаар 1751 онд сэргээн засварлаждэ. Сэргээн засварлалтын ажпыг дуусгасны дараа Тэнгэрийг тэтгэгч хаан бунхны гол сүмд дурсгалын үг бичсэн нь өдгөө ч бий.
Елюй Чуцай бол Чингис, Өгэдэй хааны төрд шударгаар шадарласан, Их Монгол Улсын төр, засгийг бататган бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түшмэл юм. Чингис хаан таалал төгсөхдөө үр, ачдаа “Чуцай болбоос тэнгэрээс манай гэр бүлд хайрласан хишиг болой. Хожим цэрэг засах болон ард иргэний хэрэг явдлыг түүнд найдваас зохимуй” хэмээн гэрээсэлсэн гэдэг. Елюй Чуцай багаасаа утга уянга, одон орон, зурхай, бурхны сургаал, бумбын суртахуун, эм эмнэлэг, түүх судар, хууль цааз, газарзүй зэрэг олон төрлийн мэдлэгтэй эрдэмтэн байжээ. Түүний Хятад орныг засан тохинуулах, гааль татварыг цэгцлэх, эрдэмтэн мэргэдийг хүндэтгэн үйл хэргийг хэрэглэх, эдийн засаг хөгжүүлэх бодлогыг Өгэдэй хаан үнэлж, Төв бичгийн мужийн тэргүүн сайдаар томилсон байдаг. Өгэдэй хааныг тэнгэрт хальсны дараа Дөргэнэ хатан төр барьж байхдаа Елюй Чуцайг улсын хөрөнгийг ихээр шамшигдуулсан хэмээн гүтгэжээ. Улс төрийн гүтгэлэг, янз бүрийн дарамт шахалтын улмаас Елюй Чуцай 1244 онд Хархорумд таалал төгсчээ. Мөнх хаан сууринд суусны сүүлээр түүний шударга ариун гавьяа зүтгэлийг үнэлж, Вэнчэн буюу “Төв соёлт” хэмээх цол, Гуаннин ван хэргэмээр нэхэн өргөмжилсөн байна. Түүний хүү Елюй Жу чинсан эцгийнхээ захиас ёсоор чандрыг нь Түмэн наст уулнаа залах шийдвэр гаргасан нь “Вэнчэн Юаний ариун сүм” хэмээн өдгөө олноо алдаршжээ. Энэ сүм нь Манжийн хаадын зуны ордны зүүн талд байрладаг. Бунхны барилгын ажил 1261 онд дууссан ба мөн оны арваннэгдүгээр сарын 14-нд суут түшмэл Елюй Чуцайн чандрыг байрлуулсан байна. Елюй Чуцайн хүү Елюй Гуны зарлигаар бунхны гол хаалган дээр “Юань улсын төрийн их сайдад хүрэх зам" хэмээн бичүүлсэн ба их түшмэлийн намтар бүхий чулуун хөшөөг сийлүүлжээ. Энэ бичээсийг Елюй Чуцайн албыг залгамжилсан Сун Зи Чэн түшмэл бичсэн байна. Бунхны гол сүмд Елюй Чуцай, түүний эхнэрийн гантиг баримлыг залсан аж. Мөн Елюй Чуцайн хүү Елюй Жуг энд бунхалсан гэдэг. Англи-Францын цэргүүд 1860 онд зуны ордонд дайрч орохдоо Елюй Чуцайн бунхныг эвдэж, тоносон байдаг. Дашрамд дурдахад, Бээжинд цаазлуулсан шадар ван Чингүнжавын шарилыг энэ бунханд залжээ.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин