“Автобусны зогсоолд автомашинаа байрлуулбал жолоодох эрхийг нь хасч байна” гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан Баянгол дүурэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.ОТГОНТАМИРААС тодрууллаа.
 
-Автобусны зогсоолд автомашинаа байрлуулсан тохиолдолд жолоочийн жолоодох эрхийг хасах арга хэмжээ авч байгаа юм уу?
 
-Замын хөдөлгөөний хуучин дүрмээр суудлын автомашин автобусны зогсоолд түр хугацаанд зогсч болдог байсан. Харин шинэчилсэн дүрэмд заасны дагуу 06.00-22.00 цагийн хооронд чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу автобусны зогсоолд суудлын автомашиныг түр болон удаан хугацаагаар зогсоох ёсгүй. Зогссон тохиолдолд жолоодох эрхийг нь хасахгүй. Харин хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авдаг, Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд 2-3 автобус зогсох боломжтой. Гэтэл тухайн зайд суудлын автомашин зогсч, хөдөлгөөнд нь саад учруулдаг. Үүнээс болж автобус хоёрдугаар эгнээнд зогсч, зорчигчоо буулгаж байгаад хүн гэмтэж бэртсэн тохиолдол гарч байсан. Нийслэлчүүдийн 70-80 нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог. Тиймээс зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс энэ талаар Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой тусгасан нь давуу тал болж байна.
 
-Торгуулийн арга хэмжээ гэдгийг тодруулна уу?
 
-Хэрэв, автобусны буудал дээр зогсвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арван нэгжээр торгож, нэг оноо хасдаг. Зөрчил гаргасан тухайн жолооч нэг оноотой байсан тохиолдолд оноо нь дуусч, жолоодох эрхгүй болно гэсэн үг. Үүнийг зарим жолооч эрх хасч байна гэж ойлгож байж магадгүй. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрэмд автобус болон суудлын автомашины жолоочийн эрх, үүргийн талаар тодорхой тусгасан. Тодруулбал, чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч зорчигчийг буулгаж, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү ойртож хашлагад 0.5 метрээс илүүгүй зайд шахаж зогсох ёстой. Мөн чиглэлийн тээврийн хэрэгсэл байр эзлэх эсвэл саад тойрохоос бусад тохиолдолд хоёр, гуравдугаар эгнээгээр зорчихгүй. Харин чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад нь байр эзлэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй. Үүний хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллаж байна. Ирэх намар автобусны буудал бүрт хяналтын камер байршуулахаар шийдсэн юм билээ.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин