sonin.mn
ЛОНДОН. /Theglobepost/. Монголд улс төрийн тогтворгүй байдал хэдэн сарын турш үргэлжилсний эцэст тус улсын УИХ-ын дарга суудлаасаа огцорлоо.
Ард иргэд улс төрийн авлига, хээл хахуулийг эсэргүүцэн Улаанбаатар хотын төв талбайд өвлийн хахир хүйтэнд жагсаал зохион байгуулж, улмаар УИХ-ын дарга огцорсон юм. Энэхүү үйл явдал нь Монголын ардчиллыг тасралтгүй шиншлэн дагах улс төрийн дуулиан шуугианы сүүлийн хэсэг болсны зэрэгцээ байгалийн нөөц баялаг ихтэй ч эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байгаа Монгол улсын парламентын тогтолцоо ирээдүйд юу болж хувирах вэ? гэсэн асуултыг үүсгээд байна. Монголын ард иргэд улс төрчдөд асар их хилэгнэж буйгаа жагсаал цуглаанаар илэрхийлж, тэднийг өөр өөртөө үйлчилж, улсын хөрөнгийг хувьдаа завшиж байна гэж үзэж байгаа юм. 
Монголыг олон намт парламентын ардчилсан тогтолцоотой болгох алхмыг тавьсан 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Сүхбаатарын талбайд олон нийтийн хэд хэдэн жагсаал болсон билээ. Харин энэ удаагийн жагсаалын зорилго нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах явдал байсан юм. М.Энхболдыг огцруулахын тулд УИХ дахь МАН-ын гишүүд шинэ хуулийн төслийг баталж, улмаар нэгдүгээр сарын 29-нд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулсан. Үүнээс 3 хоногийн дараа УИХ-ын шинэ даргаар Г.Занданшатарыг томилсон билээ.
 
 
М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулсан нь Монгол улсад хамгийн сүүлд болсон улс төрийн гэнэтийн өөрчлөлт байсан бол өмнө нь 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явдал болж байсан юм.
 
Монголын ардчилсан хувьсгал
 
2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн “Ардчиллын баян бүрд” гэж тодорхойлж байсан Монгол улс 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийх хүртлээ ЗХУ-ын дагуул улс байсан юм. Хувьсгал болсон цаг үеэс хойш Монгол нь авторитар дэглэмтэй улс орнууд, тодруулбал ОХУ, БНХАУ-ын хүч давамгайлсан бүс нутагт ардчиллын гэрэлт цамхаг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон билээ.
 
 
Гэвч энэхүү хувьсгал нь Монголыг эдийн засгийн гэнэтийн цохилт руу хөтөлж, төрийн өмчит компаниуд болон нөөц баялгийг цөөн тооны хүний гарт оруулсан юм. Үүний үр дүнд улс төрийн холбоо сүлбээ, бизнесээс хамаарал бүхий супер баячуудын шинэ давхарга бий болжээ.
Дөнгөж л зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол улс хүн амынхаа дийлэнх хувийг тогтвортой, хангалттай ажлын байраар хангаж чадахгүй байгаа юм. Монголын нийт иргэдийн 30 орчим хувь нь өдрийн 2 ам.доллартой тэнцэх хэмжээний цалин авч, ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай байна. Монгол улсад баячуудыг улам баяжуулах эдийн засгийн номлол үйлчилж байгаа бөгөөд зарим сэтгүүлч улс төрийн эрх мэдэл болон хөрөнгө мөнгөний дийлэнх нь 30-хан гэр бүлийн гарт орсон гэсэн асуудлыг дэвшүүлээд байгаа юм. Монголын хамгийн баян эрхмүүдийн дийлэнх нь улс төрчид. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2009-2012 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байсан Сү.Батболдын нэгэн адил ам.долларын тэрбумтан гэсэн цуурхал ч бий.
 
Авлигын дуулиан шуугиан
 
1990-ээд оноос хойш үүдэлтэй улс төрчдийг тойрсон авлигын дуулиан шуугиан тасрах төлөвгүй байна. Монгол ардчилсан парламенттай болсон цаг үеэс хойш улс төрчид нь хувийн эд баялагтай орооцолдож, улс төрийн томоохон намууд санхүүжилтийн төлөө бизнес эрхлэгчдээс хэт хамааралтай болжээ. Нэг үйлдвэрлэгч нь өөрийн намыг үүсгэн байгуулах, санхүүжүүлэх замаар улс төрийн нэгэн зуучлагчийг бий болгоно. Эрэл группын Б.Эрдэнэбатын байгуулсан Эх орон нам парламентын сонгуулиар хэд хэдэн суудал авч, улмаар тэрбээр 2006 онд Түлш, эрчим хүчний сайд болсон түүх ч бий.
Гэсэн хэдий ч тэр цаг үеэс хойш парламентад Монгол Ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/ хоёр л ноёрхож, Монголын улс төр тэр чигтээ хоёрхон намын мэдэлд орсон юм. Эвслийн засгийн газрууд, авлигын эцэс төгсгөлгүй дуулиан шуугиан 10 гаруй жил үргэлжилсний эцэст 2016 онд МАН парламентын сонгуульд илт давуу ялж, 65 суудал авсан. Харин АН-ын хувьд бүлэг болон хуваагдаж, хоорондоо эв түнжин муутай байсны улмаас ийм ялагдал хүлээсэн юм гэж Кембрижийн их сургуулийн Азийн судалгаа хариуцсан нэгжийн захирал Дэвид Снит бичжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг