sonin.mn

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Үр могой” өгүүллэгийг уншаагүй, сонсоогүй хүн ховор байх. Ямартай ч энэ асар эмгэнэлтэй сургамжтай санааг Монгол түмэндээ ойлгуулахыг хичээж бодлоо тунгаан байж бичсэн буй заа.

“Нэгэн эхээс үр мэндэлсэн нь хүн бус могой байсан бөгөөд хамаг хүн зэвүүцэн дайжина. Нэгэнт өөрөөс төрсөн үр нь юм хойно тэжээн өсгөсөөр эцэст нь өөрөө хоол нь болж дуусч байгаа эхийн тухай сэтгэл шимширч, айдас төртөл басхүү ухаарал хайрлатал өгүүлдэг”.

“Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд”
гэсэн цэцэн үгийн утгыг эрхгүй санагдуулдаг ийм үйл могойн төрлөөр дамжиж бус хүмүүн заяагаараа бидний нүдэн дээр одоо ч өрнөсөөр байх нь дэндүү эмгэнэлтэй болой. Улс орон даяар улс төрийн сонгууль өрнөж иргэд олны санаа сэтгэлийг ийш нь ч, тийш нь ч нэг ханаруулсан олон үйл явдал шил дараалан өрнөсөөр.

 

2012 оны Улсын Их хурлын сонгууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ард түмнээрээ өрөвдүүлэн байж нэлээдгүй суудал авсан Намбарын Энхбаярын 2011  Улсын Их Хурлын сонгууль болоод өнгөрлөө хөөрхий. Хууль ёсыг зөрчин байж Их хурлын дарга нь өөрийгөө яаран сонгуулж, дараа нь Засгийн газраа сайдын суудал бэлэглэн байж арай нэг байгуулсан тухай нүдтэй, чихтэй, амтай хүн бүхэн л ярьж байна. Ямартай ч гэсэн Монгол улс маань төрийн гурван өндөрлөгтэй болж авав.



“Эрхийн чинээ биетэй
Эрх хонгор дуутай”
 гэдэг шиг хүний орны хүүхэн тэргүүнээс ч намхан гурван тоодгор эр өндөр сэнтийд залраад цод цод хийж л байна.



“Хаантай бол хаантай
Харцтай бол харцтай”
улс шиг улс гэдгийн адилаар яахав Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай болж л байна. Хүний бие жижиг байх тусам үг нь пээдгэр том байдаг гэж олон хүн ярьдаг юм байна билээ. Жишээ нь: Ленин багшийг бодоод үзье л дээ.150 см- ээс жаахан өндөр тэр хүн бүх дэлхийг Хувьсгалжуулаад, өчнөөн олон ном зохиол, сургааль бичиж үлдээгээд, Орос орныг цахилгаанжуулах ажлыг сэдэж хийгээд, Монголчуудыг сөнөж мөхөхөөс аварчихсан л байгаа юм.

 

Хотын маань төвд “Улаанбаатар” зочид буудлын. өмнө хүртэл хөшөө босгуулж заларчихаад “Таван хошуу малынхаа талыг нь надад өгчих” гээд цод цод хийгээд байхлээр нь Нийслэлийн дарга Э.Бат-Үүл аргагүй л “Улсын баатар” хүн тулдаа “буудан” унагаж “хогийн бааз”-ын хашаанд чулуудаж байх вэ дээ. Пээдгэр цод хийсэн үгнээсээ л болсон байлгүй гэж бодох юм даа. За энэ ч яахав.

 


Засгийн газар маань байгуулагдаад “Шинэчлэлийн” гэсэн цод хийсэн гуншин өөртөө зүүгээд ард олноороо албажуулчих санаатай энд тэнд цод цод гээд л гүйж явна, энэ тухай телевизээр л хараад байгаа ш дээ би. Ам ангайхлээрээ л “манай Шинэчлэлийн Засгийн газар” гээд л урсгаж өгөх Ерөнхий сайдыгаа хараад суухлаар бахархмаар ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг.

 


 Засгийн газрынх нь сайд нарыг харахлээр бүгд л нөгөө л хуучин таньдаг нүүр нэрүүд л байгаад байх юм. Ёстой л нөгөө “үхдэггүй ээ” гэдгийн үлгэр харагдаад л мэдрэгдээд л байдаг. Бодвол гавалд байдаг тархи, цээжинд байх зүрх уушиг, хэвлийд байдаг элэг, бөөр, давсаг бас бус юм нь шинэчлэгдсэн юм байлгүй дээ хөөрхий. Өнгө мөнгөнд автсан энэ хорвоод зоостой хүн юугаа ч шинэчилж болдог болоо юм байлгүй.

 

Өөлөөд бодоод байвал янз янзын юм байх л даа хөөрхий. Шинэчлэл гэдэг нь бодвол Бодлого үйл ажиллагааны шинэчлэл хийх гэсэн утга юм байлгүй. Ийм байж чадвал сайн л хэрэг гэж олон хүн хүсэн хүлээсэн байх. Засгийн газарт байсан олон хүмүүс өнөөдөр гудамжинд “шидүүлж” цалингаасаа саллаа. За яахав ээ егзөр хүнд сурталтангууд “шидэгдсэн” юм байгаа биз гэж би бодлоо.

 

Нийслэлд ажиллаж байсан мөн л олон хүн гудамжинд лааз өшиглөх боллоо. Болж муу сайн хүнд сурталтнууд гэж би бас л дэмжиж бодлоо. Аймаг, дүүргийн гээд л олон Засаг дарга, удирдах хүмүүсийг хууль шүүхээр татаж эхэллээ. Муу сайн хүнд сурталтан, авлигачид сөнөтүгэй гээд л би бүр баярлан “дэвхэцлээ”.
Улс орон, Нийслэл даяар маань гайхалтай сайхан халаа сэлгээ хийгдэж байснаа гай болсон Орон нутгийн сонгуулийн хугацаа тулж огцом зогсов. Яагаад энэ сайхан ажил эрчээ авч эхлэнгүүтээ зогсчихов оо гэж олон хүн бодов.

 

Орон нутгийн сонгуулиас өмнө цөмийг нь халчихвал нөгөө хүнд сурталтнууд чинь Монгол улсын иргэний хувиар сонгуульд оролцоод манай Ардчилсан Намыг унагачих магадлалтай тул энэ удаа халаа сэлгээг түр зогсооё, харин Ардчилсан Намаа сонгуульд ялсны дараа муу сайн хүнд сурталтнуудыг манаач, цэвэрлэгч гэлгүй бүгдийг шинэчилж сольё гэсэн шинэчилсэн бодлого барих болсонтой холбоотой гэнэ.

 


Өмнө 1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл Засгийн эрхийг авчихаад муу сайн хүнд сурталтнуудыг хуу хамаад халаад хаячихсан онд байгуулсан МАХН-ын өнгө царайг харахлаар өөрийн мэдэлгүй л гайхширах сэтгэл төрөх боллоо. Монгол улсын нөлөө бүхий том улс төрчийн нэгээр зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг Н.Энхбаяр гуай зарим өрсөлдөгчдөө гомдсон “өсгөж өндийлгөсөн” Монгол Ардын Намаа хагаслан бутаргах замаар тайлсан даан ч тоогүй хэрэг болсон нь Үр могойн “үнэрийг” харуулсан явдал болохын зэрэгцээ “Өөдөө хаясан чулуу Өөрийн толгой дээр унах”-ын балгийг дагуулж байна уу гэлтэй өрнөлийг авч ирлээ.

 

Түүний өсгөн өндийлгөж тэжээн тэтгэсэн гэх журмын нөхөд нь УИХ-ын гишүүн, сайд даргын суудал авмагцаа “загалмайлсан эцэг”- ээ мартаж орхих нь тэр. Хааяа нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмөөрч ярьсан дүр үзүүлэгч тэд үйлийн үрээр Энхбаяр гуайд заяасан “Үр могойнууд” болов гэлтэй.

 


Үйлийн үр нь үүгээр дууссангүй...

Түүний “төрсөн” хүү Э.Батшугар гэх залуу аавынхаа нэр хүндийг наймаалцан, “аавын” хаалга татуулсан нөхдүүдтэй тохиролцож Монгол банкны дэд ерөнхийлөгч болж байвал яах вэ! Юун нөгөө чинь, нөгөө золигнууд нь сонгуульд санап өгдөг гэдгийг мартсан том алдаа болсон гэнэ. Тэгээд энэ удаа хуучин Ардчилсан Холбоо эвслийнхээ тэр алдааг орон нутгийн сонгуулийн өмнө гаргалгүйгээр ажиллах Шинэчилсэн бодлого боловсруулсан бололтой.

 

Би үүнийг ч бас зөв бодлого байна гэж бодлоо. Хэрэв ингэж нуухгүй бол наад зах нь манай дүүргийн ЗДТГ-ын ажилтнууд, бүх байгууллагын хүнд сурталтнууд Ардчилсан намыг сонгуульд унагачихна шүү дээ. Нуух л хэрэгтэй зөв. Ер нь ялахын тулд нөгөө Их хурлын сонгуулийг будилуулсан гэгдээд байгаа “автомат” машинаа ч хэрэглэнэ гээд хуулиа хүчээр баталчихсан гэдэг нь бас л “Шинэчилсэн” бодлого юм байна шүү. Зөв л байна.

 


Бүх зүйлийг шинэчлэх нь зүйтэй юм байна гэж би бодлоо. Шинэчлэх бодлогыг дэмжих хүсэл өдрийн бодол болж гүйцэв байна.
Нэг өдөр би ингэж зүүдэллээ. “Эх орон даяар минь шинэчлэл явагдаж манай гэрт хүртэл сайхан шинэчлэл ирээд би гэдэг хүн эхнэрээ хүртэл шинэчилчихсэн байна. Царай зүс, бие хаа гэж тасарчихсан сайхан “шинэ эхнэр" маань буйдан дээр тухалчихсан, түүний өмнө олон амттан, улаан цагаан дарс төрөл төрлөөрөө өрөөстэй.

 

Бас болоогүй гар, хөл, дал мөрөндөө массаж хийлгээстэй гэж байгаа юм. Үзсэн хүн өнгөнд нь гялбаж өөрийн мэдрэлээ алдаж сөхрөн унаж, гар хөлийг нь үнсэж байсан гээд л бодчих. Харин бага ч гэсэн өөртөө зорилготой, бага гэж чамлагддаг ч гуйлга гуйгаад байдаггүй орлоготой байсан би "шинэчлэгдээд ” ямар болчихсон байсан гээ.

 

Дэндүү тасарчихсан барлаг болчихоод шинэ авгайнхаа хөлийг угаагаад, хоолыг нь хийж зөөгөөд, архи дарсанд нь байгаа хэдэн мөнгөө зараад банкны давхар давхар барьцаанд байр машинаа тавьчихсан, орон дээрээ биш шалан дээр хаясан нэг гудас шүү юман дээр пальто цуваа давхарлан хөнжил болгон нөмрөөд унтдаг нэгэн болчихжээ. Еэ бүү үзэгд.

 

Гараад зугатах гэхээр царай зүс, уянгат дуунд нь илбэдүүлээд чадахгүй, байгаад байя гэхлээр хоол цай, архи зөөж, өмд гутлыг нь угааж, хөл гарынх нь массажийг хийх гээд л бөөн там. Нөгөө муу хэдэн хүүхдийн маань эх, "тасраад” орж ирэхэд үглэсээр угтдаг ч оронд минь оруулаад өгдөг, гутал хувцсыг маань угааж индүүдээд тослоод өгдөг, цай хоолныхоо дээжийг аягалаад өмнө барьдаг, авчирсан хэдэн цаасыг нь яаж ийгээд л амьдралд хүргэчихээд илүү зүйл нэхээд байдаггүй бор эхнэр маань амьдралын минь “нар ” байж, гэтэл би хөөгөөд явуулчихсан байдаг гэж уйлж толгойгоо шааж байтал хэн нэгэн намайг шинэ эхнэрийн минь дэргэдээс сэвхийтэл өргөөд хаалгаар аваад гарав Еох бурхны аврал. Ашгүй энэ бүхэн зүүд байж.

 

Муу эхнэр хүүхдээ тайван унтахыг хараад тэдэндээ залбирав. Муу явахгүйсэн, муухай харагдахгүйсэн гэсэндээ л үглэж дуулахад нь үл тоож, бусадтай ам нийлэн хааяа муулчихдаг эхнэр маань ямар ч “шинээр” сольшгүй гайхамшиггай эрдэнэ минь мөн байна гэж тэрхэн зуур би бодов. “Хүний хуучин нь, Дээлний шинэ нь” гэдэг ч аргагүй л үнэн үг юм даа.

 


Би хааяа нэг Улаанбаатар явна, алба амь нийлсэн ажлаар ганц нэгэн албан газраар орж албан тушаалтны үүдийг сахина. Сайхан сайхан төрийн ажилтнууд дарга цэрэг гэхгүй байж л байдаг, саар гэж боддог этгээд ч бас байж байдаг. Саяхны нэг өдөр ганц нэг газрын хаалга үүдийг сахив. Ухаан сайтай жинхэнэ төрийн хүн дээ гэж тоож биширч явдаг Дондог гэдэг хүнтэй уулзаж зөвлөгөө авах санаатай л яваа нь тэр.

 

Өрөөгөөр нь шагайтал шал танихгүй сайхан залуу сууж байна. Хүйс нь эрэгтэй болохоос яаг нөгөө зүүдний шинэ эхнэр шиг эрхэмсэг бөгөөд ямбалаг харагдана. Өөр өрөө рүү шагайчихав уу гэж гайхвал яах аргагүй Дондог гуайн өрөө. -Дондог гуай бий юу гэтэл ажлаас чөлөөлөгдсөн гэж байна. Гайхлаа би миний аав шударга хүн гээд, аавынхаа төлөө бүх зүйлээ зориулна гээд амлаад байсан нь үнэнхүү хөөрхий бас л “Үр могой” байсан аж.

 

Албан тушаал, Аав хоёрын аль илүү гэж үзсэнийгээ сонгож. Ингэхэд яагаад шадарласан нөхөд нь, төрсөн үр нь Н.Энхбаярыг ийнхүү бүдэрсэн үед нь хүний үнэргүй зан гарган орхиод байна ? Учир утга нь энэ нөхөд болоод үрд нь байна уу эсвэл Энхбаяр гуайд байна уу? Бодох л зүйл. Хорвоод сайн муу хоёр нь сүлэлдэн байдаг тул цав цагаан Энхбаяр, тас хар хань нөхөд, үр хүүхэд гэж үгүй л болом уу.

 

Тэртээ 1921 онд эх орон, ард түмнээ харийн дарлалаас чөлөөлж, мөхөж мохож байсан Монгол орныг сэхээн босгосон Монгол Ардмн Намынхаа коминтерний шахалтаар түүхийн тодорхой хугацаанд авч хэрэглэж байсан МАХН нэрийг ашиглан “нүгэл” хийсний гор биз ээ гэж үзэх эгэл жирийн түмэн олон Монголчууд маань байна. “Эхийнх л өрийг өшиглөсөн” Үр могойн балаг өдгөө ч Монгол түмнээ олон хуваан харийн идэш болох нөхцлийг тавьсаар бус уу. Н.Энхбаярын тарьсан ард түмнээ хуваасан балаг, намаа хуваасан балаг Хамаг Монголд маань эцэс төгсгөл болоосой доо.

 


Хотоор жаал явлаа, ганц нэгэн хүнтэй тааралдав. Сонин сайхнаа мэдэлцээд ажил албыг нь асуухад:

-Хөгшин нь албанаасаа чөлөөлөгдсөн ш дээ гэх нь дэндүү олон.

-Яагаад, чи чинь ажлаа хийдэг гол хүн нь байсан биз дээ гэхлээр Яах вэ дээ  шинэ  боловсон хүчин байна, Та ажлаа өг л гээд байх юм байна шүү дээ. Хөгшин нь одоо хувийн компанид мэргэжлээрээ зөвлөгөө өгөөд л явж байна гэх.
Би бодож байна. Нөгөө хүнд сурталтангууд ашгүй зайллаа гэж баярлаад суусан чинь юу вэ? Гол мэргэжилтэн нь солигдоод оронд нь ямар хүмүүс очоод байгаа юм бол доо? гээд л...

УИХ-аар 2012 оны Төсвийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэхээсээ эхлүүлээд түмэн оньсого дагуулсан Засгийн газрын шинэчилсэн бодлого гайхшрал дагуулсаар. Нөгөө сайдыгаа гадаад руу жилд 2-оос илүүгүй явуулна гээд “ам тангараг” өгөөд байсан Ерөнхий сайдын маань нүүр царай юу ч болоод байгаа юм, хичнээн ч тэрбум төгрөг гадаад айлчлалдаа тусгана гээд зүтгүүлээд байгаа юм, 50 тэрбум төгрөгийг зардлын төрөл зүйлийг нь тусгалгүйгээр батлуулж яах гээд байгаа юм.

 

2013 онд хийх хөрөнгө оруулалт бүтээн босголтын ажил байгаа юм уу үгүй юу, цөмхшийн үйлдвэрлэлийг нууцаар эрхэлж Монгол орноо булшлах бодлогыг явуулж эхлэв үү ч гэх шиг, бөөн холион бантан. Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал хүртэл Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хурцаар шүүмжилж байхыг харлаа.

 


Шинэчлэл гэдэг шинэ бодлого байдаг юм бол улирсан баларсан хуучин бодлогоо сэргээгээд, нуугаад байгаа нь чухам яаж байгаа хэрэг вэ гэж бодох боллоо би. Хүнд сурталтан, авилгачин нэр цол зүүгээд хомроголон халаад эхэлсэн нь шинэчилсэн бодлого гэхээсээ илүү “буудаж хороогоогүй” л болохоос үзэл бодлоор нь ялгаварлан дэндүү намчирхаж жирийн олон төрийн албан хаагчийг цалингаас нь салгаж гэр бүлийнх нь амьжиргааг самарч сүйтгэж байгаа ажил бус уу.

 

Би бодлоо, бодолд маань нөгөө “зүүдний шинэ эхнэр” бууж байна. Шинэчлэлийн гэсэн сайхан нэрний цаана “Шинэ эхнэрийн” нүүр төрх нуугднам бус уу гэж бодлоо. /Үзээгүй хүнд сайхан л даа/ 1937 он гээд ярихад олон хүн хохирсон гэдгийг хүн болгон нь мэддэг. Олон хүний амь нас хохирсон гэдгээр нь нийгэм илүү мэдэрдэг. Тэр үед цаг үеийн байдал асар хүнд Монголын төр тал талын хавчлага шахаасанд байж.

 

Зөвлөлт Орос улс, Монгол улс хоёрыг дэлхийн бүх капиталист буюу хөрөнгөлөг улсууд гадуурхан шахаж байж. Дотроо самуунтай гаднаа дайсантай тэр хэцүү цаг үеүдэд үнэн мөнийг олж учрыг тунгаах цаг хугацаа боломж хомс байж. Энэ бүхний уршгаар олон сайхан хүн давхар хэлмэгдсэн бөгөөд хэлмэгдүүлж байсан этгээд нь ч хохирогсдыг “дайсан” гэж итгэн үнэмшдэг байж.

 

Мэдээж олон хүний дунд хувийн өс хонзонгоор зориуд хэлмэгдүүлдэг ч байсан гэдэг. Харин одоо цаг үе ийм тайван айх аюулгүй байхад Шинэчлэл нэрийн дор үзэл бодлоор нь ялгаварлаж “үсгүй” хусдаг байж арай л боломгүй санагдав.


Шинэчлэл нэрийн дор “хаяггүй” хөрөнгө мөнгийг батлуулахаар улайрч арай л боломгүй бодогдоно.
Ардчилал гэсэн сайхан нэрийн дор арай нөгөө “шинэ авгай” нуугдчихаад байгааг солих өөрчлөхийн хэнээ туссан бид олж харахгүй хөөрөөд байна уу даа.
Шинэчлэл гэхлээр бодлого шинэчлэх тухай юм болов уу гэсэн ойлголт надаас холдож эхэллээ.

 

Тэгэхлээр бодлогын шинэчлэл лав биш байх нь.
Хэрэв хүнийг “шинэчлэх” тухай юм бол ядаж улиг болсон өөрсдийгөө шинэчлэх буюу сайхан залуучуудаа өөрсдийнхөө оронд тавьчихмаар даа. Тэгж бас чадахгүй л төрийн өндөрлөг өөд мацсаар байх юм. Явж явж “Шинэчлэл” гэсэн үгэнд “шинэ” гэсэн “үндэс” нь л үлдэх бололтой.
Олон түмэн минь, хийдэг, хэлдэг хоёрын ялгааг олж, хэрэгжүүлдэг, хийрхдэг хоёрын мөн чанарыг ухан ойлгож сайн ажлын туршлагатай хүмүүстээ итгэж, тэднийгээ дэмжиж өөдрөг амьдарцгаахыг та бидний сэтгэлийн чин зориг мэдмой.

Н.Эрдэнэ