sonin.mn
Хэдхэн хоногийн дараа “Бүсгүй ертөнц” тоглолтоо хийх гэж байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.ЧУЛУУНЧИМЭГТЭЙ цөөн хором ярилцлаа.
 
-Үзэгчдийг “Бүсгүй ертөнц”-өөр аялуулах гэж байгаа таны тоглолтын оргил хэсэг нь юу байх бол?
 
-“Бүсгүй ертөнц” бол миний тав дахь удаагийн тоглолт бөгөөд бие даасан уран бүтээлийн хоёр дахь цэнгүүн юм. Би тоглолтоороо эмэгтэй хүний дотоод сэтгэлийн дандаа гэгээлэг зүйлийг харуулахыг зорьсон. Тоглолтын найруулга олон нийтийг хамруулсан байхаар байгаа төдийгүй 20 гаруй дуугаа үзэгчдэдээ хүргэнэ. 
 
-Тоглолтыг энэ үед зохион байгуулахаар болсон нь ямар нэгэн шалтгаантай юу?
 
-Тоглолт хийхээр жилийн өмнө товлосон. Цагаан сарын дараа Мартын 8-ны өмнө хийхээр тухайн үед төлөвлөсөн юм. Тоглолтын дараа буюу энэ сарын 24-нөөс эхлээд бүх аймгаар аялан тоглоно. Улмаар аялан тоглолтоо ирэх сарын 23-нд өндөрлүүлэхээр төлөвлөөд байна. 
 
-Хэдхэн хоногийн өмнө та цомгийн баяраа хийсэн. Таны хүссэнээр болсон болов уу? 
 
-Тэгэлгүй яах вэ. Би эхний 100 хүнд цомгоо бэлэглэсэн. Төсөөлснөөс илүү олон хүн ирж, цомгийн өдөрлөгт оролцож хөл хөдөлгөөнтэй болсон. Баярыг минь хуваалцахаар охид эмэгтэйчүүдээс гадна хөөрхөн хүүхдүүд хүрэлцэн ирснийг харах сайхан байлаа. Миний дууг ихэвчлэн охид эмэгтэйчүүд, хүүхдүүд сонсдог байсан бол цомгийн баярт хөвгүүд ирсэн. Охинтойгоо хамтран дуулсан дуу цацагдсанаас хойш бяцхан сонсогчид нэмэгдсэн байна гэж бодсон шүү. Цомгийн баяраар нэгэн хүү надтай хамтран дуулмаар байна гэж хэлэхийг сонсоход сайхан байсан.
 
-Та охиндоо мэргэжлээ өвлүүлэх үү. Охины тань дуулж байгааг сонсоход их эвлэгхэн хоолойтой юм билээ?
 
-Өөрийнх нь хүсэл сонирхлыг дагана гэж боддог. Охин минь одоо дөнгөж нэгдүгээр ангид сурч байна. Хэрвээ өөрөө дуулах сонирхолтой бол авьяасыг нь хөгжүүлнэ.
 
-Та дуурийн дуулаачаар сургуулиа төгссөн. Цаашид энэ төрөлд авьяасаа сорих уу?
 
-Мэдээж төгссөн мэргэжлээрээ ажиллахыг хүсэх үе бий. Гэхдээ одоогоор сонгодог урлагт өөрийгөө сорино гэж хэлж чадахгүй.
 
Нийтийн дуу бол Монголын ард түмний дийлэнх нь сонсдог том орон зайтай урлагийн нэг хэсэг нь.
 
Энэ салбарын төлөөлөл болох гэж уран бүтээлээ эхлүүлснээс хойш 10 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд маш их хөдөлмөрлөж өөрийн орон зайг бүрдүүлчихээд өөр төрөлд хүч үзэхийг тийм ч их хүсэхгүй байна. Гэхдээ цаг үеэ дагаад дуугаа хөрвүүлэн хүргэж байгаа гэж боддог. Тухайлбал, хамгийн сүүлд “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч, миний цомгоо нэрлэсэн “Бүсгүй ертөнц” дууг зохиосон, хөгжмийн Д.Бердибектэй хамтран хамтдаа” нэртэй поп дуэт дууг дууллаа. Бид энэ дуугаа тоглолт дээрээ дуулна.
 
-Удахгүй Мартын 8 болно. Хэдийгээр та энэ баяраар Улаанбаатарт байхгүй ч ээжийгээ хэрхэн баярлуулахаа төлөвлөчихсөн яваа болов уу?
 
-Энэ дэлхийн эцэг, эх болгон үр хүүхэд нь сайн сайхан явахыг хараад баярладаг. Мэдээж Мартын 8-аар ээждээ бэлэг өгнө. Гэхдээ түүнээс илүүтэйгээр охин нь амжилттай, эрүүл энх явааг харах хамгийн том бэлэг болох болов уу. Тиймээс би сайн сайхан явж ээжийгээ баярлуулахыг боддог.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин