sonin.mn
Ховд /МОНЦАМЭ/  Ховд аймаг дахь БОЭТ-ийн Гэмтлийн тасагт мэс заслын баг түнхний үений хугарлын үед хиймэл үе солих мэс заслыг анх удаа амжилттай хийсэн байна. 
Тус тасгийн 10 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг хоёрдугаар сарын 9-нд ГССҮТ-ийн эмч нартай хамтран түнхний үений хугарлын үед хиймэл үе солих мэс засал 2 хүнд, энэ сарын 18-ны өдөр 3 дахь удаагийн мэс ажилбарыг БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эмч нар бие даан амжилттай хийж, орон нутагтаа дунд чөмөгний хүзүүний толгой буюу дунд чөмөгний үеийг солих мэс заслын аргыг нэвтрүүллээ.
Энэ төрлийн хагалгаанд орсон өвчтөнүүд 2 дахь хоногоосоо хөл дээрээ гишгэж, 10 дахь хоногт шарх нь бүрэн эдгэрч, 2 хөлөөрөө эмнэлгээс гарсан гэж БОЭТ-ийн Гэмтлийн тасгаас мэдээллээ. 
Сүүлийн үед замын халтиргаа, гулгаа их байгаагаас хөл, гар нь хугарсан, мултарсан гэмтэлтэй иргэд  БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хандан эмчлүүлдэг. Тэдгээр иргэний дийлэнх хувь нь 60-аас дээш настай ахмадууд байдаг. Гэмтэл бэртэлтэй иргэдийн үений хөдөлгөөнийг идэвхтэй болгох, 3 сар гаруй шохой, гипстэй хэвтэж байж хагас дутуу хөл дээрээ босдог, хэвтрийн улмаас арьсны холголт цооролт үүсэх зэрэг хүндрэлээс сэргийлэх зорилгоор тус тасгийн хамт олон мөчний хугарлыг эмчлэх мэс ажилбар, ялангуяа шилбэ, дунд чөмөгний хугарлыг эмчлэх мэс заслыг 2014 оноос хойш хийж эхэлсэн юм.
Цаашид энэ төрлийн мэс заслыг орон нутагтаа бие даан хийхээр зорьж байгаа бөгөөд ирэх 3 дугаар сарын эхээр өвдөгний үе солих мэс засал хийхээр төлөвлөж байна. 
 
 
Н.Лхагва
Эх сурвалж: Монцамэ агентлаг