sonin.mn
Аливаа улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт өөрийн гэсэн технологитой. Улс төрийн өөрчлөлтийг эхлүүлэхдээ ямар муу, муухайгаас салах тухай ”Манифест” буюу “Тунхаг”-аа бичиж дараа нь ямар сайн, сайхныг бүтээх тухай “Тунхаглал” буюу “Декларац”-аа гаргаж байж хэрэгжүүлдэг. Энэ нь дараагийн үедээ сургамж, туршлага болон үлдэнэ. “Манифест”(Maniefsto) болон “Декларац”-ыг (Declaration) тухайн үндэстний сор болсон улс төрийн философичид бичдэг түүхтэй.
Монголд ХХ зууны эхнээс өнөөг хүртэлх аливаа улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт  “Манифест” ч үгүй, “Декларац” ч үгүй явж ирсэн. Учир нь монголд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн философичид байгаагүй, байх боловсролын тогтолцоо ч бүрэлдээгүй байсантай холбоотой.  Тиймээс бид өөрийн орны нөхцөл байдалд тохирсон улс төрийн шинэчлэлтийг туйлбартай хийж чадалгүй гадныхныг дууриах, хуулбарлах байдлаар явж ирсэн нь өнөөгийн гаж тогтолцооны  шалтгаан болсон юм.   
Францын Гадаад Харилцааны сайд, Ерөнхий сайд байсан Dominique de Villepin Францын Le Figaro гэдэг өдөр тутмын сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа: барууны ардчилсан төрийн тогтолцоонд алдаа гарсныг мэдэгдэж, энэ нь дэлхийн II дайнаас өмнө эхэлсэн бөгөөд урт удаан хугацаанд үргэлжилсээр байгаа тухай онцолжээ. 
 
Улс орнууд уг гажуудалд  нэг хэсэг ач холбогдол өгөхгүй байсаар хоёр лагерийн хоорондох “хүйтэн дайн” намжмагц сая нэг сэхээртэл  уг алдаа илт гүнзгийрсэн нь тодорхой болсон.
 
Барууны ардчилсан төрийн алдаанаас болж Америк болон Европын ардчиллын  үнэт зүйлд аюул учруулахуйц популизмын улс төр газар авснаар ард түмнүүдийн дургүйцлийг өдөөн эмх замбараагүй байдал уруу түлхэн нийгмийг бүхэлд нь хямрааж, улмаар ардчилсан төр хүнд сорилттой тулгарч байгаа тухай мэдэгдсэн. Үүний сацуу энэ хүнд сорилтуудыг даван туулах шийдэл нь байгаа тухай мөн мэдэгдсэн байна.
 
Dominique de Villepin хэлэхдээ: “АНУ-ын популист ерөнхийлөгч Доналд Трамп төрийн эрхэнд гарсны дараа “АНУ дэлхийн аюулгүй байдлын төлөө дангаар хариуцлага хүлээхгүй” гэснээс болж АНУ, түүний Холбоотнууд тухайлбал, Скандинавын орнууд, Польш, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд санаа зовж байхад энэ нь харин бидэнд маш сайн боломжийг олгож байна.  Франц улс өнө удаан жил байсан жагсаалын цэргээс урагш гарч еранхий командлалыг гартаа авснаар дахин дэлхийн аюулгүй байдлын хариуцлагыг хүлээх стратеги ч бидний гарт байна.
 
Популизм толгой өндийлгөснөөс болж нийгэм, эдийн засаг, соёлын бүх салбарт хүчирхийллийн аргаар шийдэлд хүрэх үзэгдэл нь ардчиллын үнэт зүйлийг мэддэг нийгмийн давхаргад амаргүй сорилт тулгарч байгаа хэдий ч энэ байдлаас гарах нь тодорхой. АНУ-д  дундаж давхарга, ажилчин анги хохирогч болж  зах хязгаар нутаг ерөнхийдөө хаягдсан. Франц улс дунд зэргийн хот суурин, эдийн засгийн даярчлалаас үүдэж болох сорилтыг урьдчилан мэдэж тодорхой арга хэмжээ аваагүйгээс болж Францын зах хязгаар бүс нутаг мөн адил хаягдсан.
Барууны ардчилсан тогтолцооны гол алдаа нь улс төрийг орхигдуулснаас болсон. Үүний нэг гол илрэл нь дэлхийн ардчилсан орнуудын удирдагчид, элитүүд хүйтэн дайнаас хойш улс төр “ач холбогдлоор бага боллоо” гэсэн төөрөгдөлд амьдарч ирснээс болсон. Тэд эдийн засгийг улс төрөөс дээр тавьж хууль санаачлагч, хуулийг хэрэгжүүлэгчийн хүрээнд хуулийн засаглалыг төрийн дээр тавьснаар ялангуяа батлан хамгаалахын салбар дахь ёс суртахууны хэм хэмжээ алдагдаж улмаар улс төрд бий болсон хоосон орон зайг цэрэг, дайны хүмүүс эзлээд дууссан.
Барууны ардчилсан төр эдийн засгийг ярих бус улс төрийг ярих цаг болжээ. Учир нь улс төр нь нийт ард түмний төрийг ард түмний төлөө ажиллуулах цорын ганц арга зам харин эдийн засаг бол улс төрийн доторхи нэг л салбар юм. Хуулийн засаглал төрийн толгой дээр гарч болохгүй, төрийн эзэн нь ард түмэн. Төр нь үндэсний хүсэл, үндэсний үнэт зүйл, үндэсний эрх ашиг, үндэсний халдашгүй бүрэн эрхийг баталгаажуулахын тулд хуулийг зохиодог. Хуулийн засаглалыг төрийн дээр тавьбал тухайн хууль нь үндэсний тусгаар тогтнол, үндэсний хүсэл, үндэсний үнэт зүйл, үндэсний эрх ашиг, үндэсний халдашгүй бүрэн эрхийг, цаашлаад нийт ард түмний эрх ашгийг хохироодог. Олигархууд, авторитари, популизмыг дэвэргэгч нар тэр ч байтугай хулгайч, луйварчид хүртэл төрийн эрх мэдэлд хүрч өөрсдийн эрх ашигт илүү нийцсэн “эргэлзээтэй” хуулиудын гол санаачилагчид нь байсан бол тэр хуулийн засаглалыг ардчилсан төр авч хэрэгжүүлж болохгүй. Тиймээс төр бол үүрд хуулийн засаглалыг засаглаж, хянаж байх үүргээ гүйцэтгэх ёстой.
 
Эдийн засаг нь улс төрийн толгой дээр гарч, хуулийн засаглал нь ардчилсан төрийн толгой дээр гарсан, милитаризм нь улс төрийг орлосон үзэгдэл нь 1970-аад оноос улбаатай неолиберализмыг дэлхий дахинд хөөргдсөнөөс болсон юм. Неолиберализмын идиологи нь эдийн засгийг улс төрийн дээр, хуулийн засаглалыг төрийн дээр милитаризмыг улс төрийг орлуулах идиологи болж байна.
Төр сульдаснаар өнөөдөр ардчилсан төрүүд сөгдөн доройтож дэлхий дахин зэрлэгшиж байна. Тухайлбал, ойрхи дорнод, африкийн зарим орнууд болох Ирак, Сомали, Ливи, Сири-д төрийн дархлаа алдагдаж терроризм засаглалын эрх мэдлийн түвшинд гарч цаашлаад бүх дэлхийн аюулгүй байдалд ноцтой гамшгийг үүсгэж байна.
Одоо барууны ардчилсан төр улс төрийг эдийн засгийн болон хуулийн засаглалын дээр тавьж хүн төрөлхтний үнэт зүйл болсон хүний тэгш эрхийг хамгаалж, хүн чанараа алдсан, хүн төрөлхтний үнэт зүйлийг уландаа гишгэсэн популизмыг түүхийн тавцангаас арчиж хаях цаг нь болсон.
Ардчилсан төр байнга чөлөөт мэтгэлцээн, хэлэлцүүлэг явуулж үнэн худал, зөв бураа, сайн муу, сайхан муухайг ялган салгах соёлоо гээснээр ардчиллын үнэт зүйл алдагдаж байна. Бас нэгэн шалтгаан бол хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг ойлгоогүй, бүтээгээгүй, улс үндэстнүүдийг ялган салгах ухамсрыг төрийн бодлого, улс төрийн бодлого болгоогүйгээс болж ардчилал урьд өмнө байгааүй сорилтонд тулж ирсэн ч энэ нь түр зуурынх бөгөөд  үүнийг шийдэх туршлага, сургамж, мэдлэг, мораль бидэнд бий.
 
Ардчилсан төрд тулгарч буй сорилтуудыг даван туулахдаа халдашгүй бүрэн эрхийн ёс суртахууныг хатуу чанд сахиж, улс төрийн гэнэн, нялхасаг зуршлаас салж, ард түмний төрийг хүчирхэг байлган улс төрийг эдийн засгийн дээр тавьж, ардчилсан төрийн хуулийн засаглалыг чиглүүлэгч тогтолцоог сэргээх ёстой. 
 
Төрийн халдашгүй бүрэн эрхийн этикийг баримталж төрийн халдашгүй бүрэн эрхийн “эрдэм” (sovereign virtue )-ийг сэргээх хэрэгтэй”. (Ronald Dworkin-ны “Sovereign Virtue: the theory and practice of equality” ном)
Ноён Dominique de Villepin-ны анхааруулга өдгөө Монгол улсад нүүрлээд буй улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хямралаас гарах гарц, боломжуудаа ашиглах ухаарал, сэдлүүдийг өгч байгаагаараа ач холбогдолтой юм. Яг л цагаа олсон мэт. Тиймээс энэ талаар чөлөөт мэтгэлцээн, хэлэлцүүлгийг идэвхитэй өрнүүлж өөрсдөө боловсорч, бодит байдлыг ойлгох аваас бид энэ байдлаас хурдан гарч хөгжлийн хурдаа нэмэх боломж бий болно.  Тэгвэл Монголын “Манифест”, монголын “Деклорац”-г хэн бичих вэ? Хэзээ гаргах вэ?
 
 
Тэнгэр биднийг ивээг!
 
Н.Хичээнгүй