sonin.mn
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Балжинням бэйсийн талаар түүхийн ухааны доктор  Хатанбатын Мэндсайхантай ярилцлаа.
 
-Энэ жил Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 110 жил, Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жил гээд хоёр том ой тохиож байна. Энэхүү хувьсгалт тэмцэлд гавьяа байгуулсан олон хүн байдаг. Тэдний нэгэн болох Балжинням бэйсийн тухай таныг судалсан гэж сонслоо. Энэ хүний талаар таньтай хөөрөлдөхөөр ярилцлагандаа урьсан юм. Тэгэхээр эхлээд Балжинням бэйсийн талаар товчхон танилцуулна уу?
 
-Юуны өмнө ярилцлагад урьж оролцуулж буй “Зууны мэдээ” сонины хамт олонд талархсанаа илэрхийлье.  Балжинням бэйс нь Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үед төрийн хэрэгт оролцож, Дотоод яаманд бичээч ажиллаж, Баруун хязгаарын илбэн тохинуулах сайдад да лам Цэрэнчимэд томилогдоход бичээчийн албанд тохоогдож дагалдан явсан байдаг. Онцлон хэлүүштэй зүйл бол  Богд хаан, Дондогдулам нарын тамганы үсгийг бичсэн хүн юм. Хосгүй сайхан бичдэг, бичиг соёлын өндөр боловсролтой нэгэн байсан нь холбогдох түүхийн баримтуудаас үзэхэд ажиглагддаг. Бас 1921 онд Хятадын гамин цэрэг, Барон Унгерний цэргийн түрэмгийлэгчдийг үлдэн гаргахад амь биеэ хайрлахгүй зүтгэсэн эх орончдын нэгэнд зүй ёсоор тооцогдох хүн мөн юм.
 
-Аль аймаг, хошууны  хүн юм бол угсаа гарлынх нь талаар яривал?  
 
-Балжинням бэйсийн эцэг Аюуш нь  Батмөнх даян сэцэн хааны угсааны хүн юм. Тэгэхээр алтан ургийн хүн болж байна. Тэр 1893 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны “Чандмань цагаан хад” (одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сум нутаг) гэдэг газар тайж Аюушийн гуравдугаар болж мэндэлсэн байна. Эцэг Аюуш  нь 1920-оод оны эхээр одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт мал маллах ажил эрхэлж байсан мэдээ бий. Балжинням бол хар залуугаасаа эхлээд төрийн хэрэгт зүтгэж яваад, 1930 оноос нутагт ирж, Дорноговь аймгийг байгуулах ажилд оролцсон юм билээ.
 
-Та түрүүнд  хаан, хатны тамганы үсгийг бичсэн тухай ярилаа.  Ер нь төрийн тамганы үсгийг бичсэн томоохон гавьяатай хүн гэж ойлголоо.
 
-1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослон баригч хаанд өргөмжилж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулснаа зарлан тунхагласан өдөр болохыг монголчууд бүгд мэднэ шүү дээ. 
Богд хаан төрийн хаш тамга, мөнгөн тамга, шашны үйл хэрэгт хэрэглэх алтан тамга гэсэн, нэг ёсондоо гурван тамга хэрэглэж байсан. Тодруулбал, “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-т хаш эрдэнэ тамга, мөнгөн эрдэнэ тамгыг тархаах зарлиг, хэлтрүүлэх зарлиг, өргөмжлөл, жуух шар торгоны бичигт хэрэглэнэ гэсэн байна. Төрийн тамгыг хар гарт лам Лувсангомбо гэдэг уран хүн хийсэн, Эх дагины тамгыг Сэцэн хан аймгийн дархан Барайшир урласан гэж судлаачид бичсэн байдаг. Бид ер нь тамганы үсгийг Лувсангомбо бичээд дараа нь сийлсэн байх гэсэн ойлголттой байлаа. Гэтэл Балжинням бэйс бичсэн болохыг архивын баримтаар нотлон гаргаж байгаа нь түүхийн судалгаанд шинэ зүйл юм. Бэйс Балжиннямд Богд хааны алтан тамганы үсгийг бичсэнд тэргүүн зэрэг тайжийн зэрэг хүртээж, мөн хаш эрдэнэ тамга ба Улсын эх дагины тамганы үсгийг бичсэнд Улсын түшээ гүнгийн зэрэг бөгөөд тэргүүн зэрэг тайжийн хэргэмийг үе улиран тасралтгүй залгамжлуулах өргөмжлөл олгосон тухай баримт Үндэсний төв архивын хөмрөгт хадгалагдаж байна. Тэгэхээр Монголын төрийн тамгыг бүтээлцсэн гавьяатнуудын  нэг мөн юм. Үүгээр зогсохгүй бас аймаг, чуулганы дарга, хутагт хувилгаад шанзудба лам нарын болон хязгаарын жанжин сайдуудад олгуулах тамганы үсэг, өргөмжлөл жуух бичгийг хүртэл бичсэн байна.
Бас нэгэн шинэ зүйлийг нэмж хэлэхэд, 1912 онд Хаант Оросын Засгийн газар санаачилан Монгол Улстай найрамдал ба хавсран тогтоосон худалдааны гэрээ байгуулсан нь  Монголд Оросын худалдаа, эдийн засгийн онцгой эрхийг тогтоох үндэс болсон гэж судлаачид үздэг. Үүнээс гадна, бас нэг бичгийн тухай ярих хэрэгтэй байх гэж бодож байна.
 
 
 
Архивын баримтад тэмдэглэгдснийг хэлбэл, 1913 онд Орос улстай найрамдлын гэрээ хэлэлцэн харилцан дөрвөн зүйлийн батлах бичгийг зохиосныг манж хэл сургагч түшмэл Пүрэвжав, Дотоод яамны эх зохиох түшмэл Балжинням, Цэргийн яамны эх зохиох түшмэл Догсом, Их шавийн Лхамсүрэн нарын дөрвөн хүн сийрүүлэн  бичжээ. Тэгэхээр энэ нь 1912 оны  Монгол, Оросын найрамдлыг гэрээнээс гадна, “Харилцан дөрвөн зүйлийг батлах бичиг” байгаа юм.
 
 
 
Энэ батлах бичгийн талаар эрдэмтэн судлаачид тусгайлан судлаагүй байна. Үүнээс гадна, Балжинням бэйстэй холбогдогдох тухайлбал, Да лам Цэрэнчимэд Баруун хязгаарын илбэн тохинуулах сайдад томилогдон ажиллаж байгаад улмаар нас барсан байдаг. Ингэхэд Богд хаан түүний алдар гавьяаг мөнхжүүлэхээр Гэрэлт хөшөө бүтээх зарлиг буулгажээ. Тэр хөшөөний бичгийг сийлэхэд Балжинням оролцсон тухай, Дамбийжанцангийн ард иргэдээс тонон дээрэмдсэн эд зүйлсийг хураан авч улсын санд тушаасан, 1929 оны үед бэйсийн хөрөнгийг хураасан тухай зэрэг баримтууд архивын хөмрөгт бий.
 
-Балжинням бэйс Богд хаант Монгол Улсын үед онцгой гавьяатай хүн болохыг тодорхой ярилаа. Тэгэхээр Ардын Засгийн үйл хэрэгт хэрхэн оролцсон юм бэ. Алтанбулаг хотын сайд, Засгийн газрын нарийн бичгийн дарга зэрэг өндөр албыг хашиж байсан тухай мэдээ байдаг?
 
-Би түрүүнд эх орноо харь түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд их үүрэг гүйцэтгэснийг дурдсан. Энэ талаар товчхон ярья. 1921 онд Цэргийн яамнаас Балжиннямыг Баруун этгээдийг сэргийлэн тохинуулах цэргийг дайчлан захирах сайдад томилон гадаадын түрэмгийллээс эх орноо чөлөөлөхөд зохих үүрэг даалгавар өгчээ. Ингээд Хятадын цэргийг Монголоос хөөн гаргахад сайд Балжинням өөрийн удирдсан цэргээ дагуулан  нэхэн гүйцэж, “Улаан хад” гэх газарт тулалдсан байна. Энэ байлдаанд Балжинням бэйс, Сундуй гүн нарын захирсан 1200 орчим цэрэг гол үүрэг гүйцэтгэснийг судлаачид бичсэн нь бий. Балжинням бэйс хятад цэргийг хөөн гаргасны дараа барон Унгерний цэргийг үлдэн гаргахад бас оролцсон. Тэр үед гүн Л.Гомбо-Идшин, Найдан ван, Н.Дугаржав, бэйс Балжинням нарын цэргийг нэгтгэн, хоёр хороо бүхий тусгай морьт бригад байгуулсан байдаг. Алтанбулаг сайдаар ажилласан тухай ярьвал, түүний урьд Билигсайхан сайдаар ажиллаж байгаад дараа нь Дэндэв, Мөрдэндэв, Гэлэгсэнгэ зэрэг хүмүүс богино хугацаанд тус тус ажилласан юм.  Балжинням бэйс Алтанбулагийн сайдаар томилогдохынхоо өмнө Мэргэн вангийн Зүүн долоогийн хошууны даргаар ажиллаж байсан. Одоогийн  Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Эрдэнэ сумын зарим  хэсэг юм. 1924 онд Засгийн газрын хурлаар түүнийг Алтанбулаг хотын сайдын өндөр албанд томилсон.  Тэр үед Алтанбулаг хотын сайдын яам нь гадаад харилцаа, худалдаа, гааль, дотоод, гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх зэрэг хил гааль, иргэний хэргийг зохицуулж байсан нь мэдээжийн хэрэг юм. Тэгээд сайдын ажлыг жил гаруй хийгээд 1925 оны арванхоёрдугаар сараас Засгийн газрын нарийн бичгийн даргаар дэвшин дөрвөн жил ажилласан байдаг. Энэ үе Ерөнхий сайдаар Б.Цэрэндорж ажиллаж байсан. Харин түүний оронд Дамбаравжааг Алтанбулагийн сайдад томилсон юм билээ. Энэ хүн сүүлд нь Төв музейн дарга байсан. 1929 оноос Балжинням бэйс Гэгээрүүлэх яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад 1930 оноос нутагтаа ирсэн. Харамсалтай нь тэр их богино насалсан, хамаатан садных нь хүмүүсийн ярьснаар болон аман мэдээгээр 1933-1934 оны үед тэнгэрт одсон бололтой. 1933 оны тооллогын бүртгэлд нэр байдаггүй юм. 
 
-Балжинням бэйсийн ураг төрлийн хүмүүс  байдаг юм уу?
 
-Дорноговь аймагт Балжинням бэйсийн удмын Дуламжавынхан, Цэндийн Долгоржавынхан, бас Ө.Сүх-Очир, Б.Цэрмаа гээд хүмүүс байгаа.
 
-Таныг ном бичиж байгаа гэж дуулсан. Бэйсийн талаар бичсэн ном зохиол хэвлэгдсэн үү?
 
-Соном Лувсан гуай “Туулсан зам” дурдатгалдаа өөрийгөө Балжиннянм бэйс хөрөнгийг хураахад оролцсон тухайгаа бичсэн. Бас 1921 оны түүхийн судалгааны бүтээлүүдэд түүний тухайд цухас дурдагдсан байдаг. Бид нэгэн судалгааны бүтээл бичсэн, удахгүй олны хүртээл болгох санаатай байна.  Очирдара Богд Жавзандамба лам танаа цол өргөмжлөл шагнах алтан тамганы үсгийг хичээнгүйлэн бичсэн ба хишиг тараах Зарлигаар хоцрогдсон учир, нөхөн хөхиүлэхээр эрж айлтгаад, Зарлигаар тэргүүн зэрэг тайжийн зэрэг шагнав. ....Бас урьд Очирдара богд хааны хаш эрдэнэ ба Улсын эх дагины тамганы үсгийг хичээнгүйлэн бичих зэргээр зүтгэлтэй явсан учир харьяат яамнаас гавьяаг илэрхийлэн хөхиүлэхийг эрж айлтгаад, Зарлигаар улсын түшээ гүнгийн зэрэг үе улиран шагнаж өргөмжилсөн....
 
Гүн Балжиннямаас үе улиран залгамжлуулах өргөмжлөл олгохыг эрж өргөсөн хэрэг:
 
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин