sonin.mn
Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өсч, холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид нэлээдгүй өртөж байгаа нь манай нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.
 
 
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Прокурорын байгууллагаас дээрх нөцхөл байдалд дүгнэлт хийн, 2019 оны үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтондоо “..Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх.. энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах”-аар тусгаж, Нийслэлийн прокурорын газраас иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цөөнгүй ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал:
Прокурорууд “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр он гараад нийт 10 гаруй их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад очиж, сургалт, яриа таниулгыг явуулаад байна.
 
 
Дээрх ажлын хүрээнд Шинжлэх Ухаан техникийн их сургуулийн Барилга архитектурын сургууль, Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, Соёл Эрдэм дээд сургууль, Зохиомж дээд сургууль, Аврага дээд сургууль, Монгол-Солонгосын политехник коллеж, Шинэ Эрин ахлах сургууль, Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Нийслэлийн 1 дүгээр сургууль, Монгени цогцолбор сургуульд зохион байгуулсан сургалтуудад нийтдээ 760 орчим багш, оюутан, сурагчид хамрагджээ.
 
 
Сургалтаар хар тамхи болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хэрэглээ, түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо чухал байгааг онцолж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, хэрэглэвэл хуулийн ямар хариуцлага хүлээх, хэрэглэхгүй байхын тулд хувь хүн өөрийгөө хэрхэн хамгаалж, ямар арга хэмжээ авах талаар оюутан, сурагчдын насны онцлог, сэтгэл зүйд тохирсон сургалтуудыг зааж, сургалтын явцад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулах зурагт хуудас, материалыг тараан өгч ажилласан байна.