sonin.mn
Хэргийн процесс, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар тодорхой мэдээлэл надад байхгүй. Гэхдээ мэдээлэл байхгүй нь хууль зүйн зарчмыг үндэслэн энгийн логик дүгнэлт хийхэд саад болохгүй.  
 
Нийтлэг эрх зүйн тогтолцоонд “Дармалдсан Хуулиуд (Black Letter Laws)” гэдэг ойлголт байдаг.  Манайхаар бол хууль зүйн үндсэн зарчим юм. 
 
Хэрэг, маргааныг шийдвэрлэсэн хэдэн зууны туршлагын үйл явцад шударга ёсыг тогтооход тогтсон зайлшгүй баримтлавал зохих зарчим.  Жишээ нь “Хангалттай үндэслэлгүйгээр, “Нотлох баримтгүйгээр, Шүүхийн шийтгэх тогтоолгүйгээр хэнийг ч саатуулах, хорих, яллах эрхгүй” гэх мэт.  
 
Шүүх бол хууль хэрэглэдэг байгууллага. Өөрөөр бол дээрх зарчмыг үндэслэн хэрэг, маргааныг шийддэг. Хэн ч шүүхийн шийдвэрийг хараад энэ зарчим мөрдөгдсөн, алдагдсан эсэхийг харж болно.  Зарчим алдагдсан бол шүүгч хариуцлага хүлээнэ, шийдвэр хүчингүй болно - зарчим мөрдөгдсөн бол хэрэг, маргаан шударгаар шийдвэрлэгдсэнд тооцогдож, шийдвэр эцсийнх байна. 
Шүүхийн хэрэглэдэг хуулийг хууль тогтоох байгууллага баталж өгдөг бол шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага цуглуулдаг. Харин Прокурорын хувьд мөрдөх, шалгах ажиллагаанд хяналт тавьж, төрийн ашиг сонирхлыг төлөөлж шүүхтэй харилцдаг. 
Хуулийн гэх тодотголтой энэ хоёр байгууллага хэргийг шийдвэрлэхэд хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй, хангалттай нотлох баримт бүрдэхгүй тохиолдолд арслангүй шүд л гэсэн үг.  Амьгүй шүдэнд мах (хөрөнгийн эх үүсвэрийн схем, цэнзүргүй сурвалжлага) шидэхтэй адил. Асуудлын гол нь яагаад мах шидээд байна вэ? Энэ бол шүүгч, прокурорын байгууллагын нэр хүндийг гутаах; эрх мэдэл хуваах, хүний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг тогтоох зэрэг ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэхэд чиглэсэн хорон үйлдэл юм.  
 
49 хувийг худалдан авахад босгосон санхүүгийн эх үүсвэр нь хууль бус байж болно. Төрийн байгууллага, албан тушаалтнуудад нөлөөлж тус шийдвэрийг гаргуулсан байж болно. Хууль, шүүхийн байгууллагад нөлөөлж, өөрт ашигтайгаар шийдвэрлүүлсэн байж болно. Тийм бол энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүйтэй. Гэхдээ эх үүсвэрийг хууль бус болохыг тогтоохгүйгээр, гаргасан шийдвэрийг хууль зөрчсөнийг нотлохгүйгээр, нөлөөнд автаж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага ногдуулахгүйгээр – “нөлөөлсөн, шийдвэр гаргуулсан” гэж хаяглан шүүх, прокурор руу хоосон хавтас шидэх нь хүн байвал ял олдох эсхүл шүүгч, прокурор худалдагдсан болох өгөөш мөн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг мөн гээд аваад шийдэх гэтэл хангалттай нотлох баримт цуглараагүй, байхгүй эсхүл биш гээд буцаах гэхээр худалдагдсан болох хорон үр дагавартай улс төрийн өгөөш мөн. Учир нь хууль бусаар мөнгө босгосон, хууль бус шийдвэр гаргуулсан гэж байгаа боловч нөгөө шийдвэр нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр, шийдвэр гаргасан хүн нь хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад хууль ёсны шийдвэрийг хууль бусаар гаргуулсан гэдгийг нотлоно гэдэг бол прокурорын хувьд цэнзүргүй сурвалжлага нэвтрүүлгийн бичлэгийг, шар том хүснэгтийг нотлох баримтаар үнэлж хэрэг зохион бичихтэй адил зүйл болно. 
 
Авилга, хээл хахуулын хэрэгт авилга авсан, хууль бус шийдвэр гаргасан, албан үүргээ урвуулан ашигласан этгээдэд шүүхээс хариуцлага тооцсоны дараагаар түүнд нөлөөлсөн, авилгадсан этгээдүүдэд хариуцлага тооцдог.
 
Энэ дарааллаар нотлох баримт цуглардаг, хэрэг ил болдог. Төгсгөлөөс нь эхэлбэл өөр зорилготой.  Нэг бол шүүх, хуулийн байгууллага цаашлаад хуулийн засаглалыг үгүйсгэх, нөгөөгөөр бол төр дээрэм хийх. 
Хуульч хүний хувьд энэ мэт үйлдлийн хор уршгаас эмээж байна. Ардчилал өөрөө их цаг хугацаа, тэвчээр шаарддаг маш өндөр өртөгтэй тогтолцоо. Нэг хүний амьдрах хугацаа дахь хүсэл, шуналаар хэмжигддэггүй тогтолцоо. Энэ тогтолцоонд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнтэй засаг барьсан ноён, хууль тогтоодог түшмэд эвлэрч чаддаггүй нь түүхэн баримтаар нотлогдсон. Өөрчлөлт, шинэчлэлт хийх сонирхол байгаа бол барьдаг, мөрддөг зэвсэг болох хуулинд нь өөрчлөлт хийх замаар; үндэслэдэг, үнэлдэг нотлох баримтын зохицуулалтыг тодорхой болгох замаар хийж болно.  Томилгооны өөрчлөлт хийхийн тулд бүхэл тогтолцоогоо өөрчлөх зам руу хөтөлж болохгүй.