sonin.mn
Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар
 
1. 2002 он Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсныг хүндрүүлэх шинжид авч үздэг байсныг 2015 оны Эрүүгийн хуульд оруулаагүй нь учир дутагдалтай болжээ.
 
Тохиолдол: 1
 
Яллагдагч М.Б нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр Л.Б-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас хохирогч Л.Б-гийн үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг гэмтлийн улмаас хохирогч шээс задгайрах өвчтэй болсон
Тухайлбал хүчиндүүлсний дараа хохирогч /23 настай эмэгтэй/ давсагны сулралтай болсон бөгөөд үүнийг гэмтлийн хүнд зэрэг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх шинжид “хүчиндэх гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учруулсан” гэсэн шинж байхгүй тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай хүнд гэмтэл учруулах зүйл хэсгээр давхар зүйлчлэхээр харагдаж байна.
Гэвч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд учруулсан хор, хохирол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүндрүүлэх шинжид ихэвчлэн тусгагдсан байдаг.
Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн бэлгийн халдашгүй байдалд халдсанаар дуусах бөгөөд хүчиндэх явцдаа /зодох, цохих үйлдэл хийлгүйгээр/ бие, эрхтэнд хүнд гэмтэл учруулсан нь зайлшгүй хүндрүүлж үзэх нөхцөл юм. 
 
2. Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд сэтгэл зүйн хувьд “хүндэвтэр, хүнд хор уршиг учруулсан” гэсэн шинжийг оруулаагүй нь учир дутагдалтай байна. Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөний улмаас бий болсон хүчирхийллийн дараах олон төрлийн эмгэгтэй болж үлдэж байгаа бөгөөд олон тохиолдолд хохирогчийн сэтгэл зүй гэмтэж байгаа нь судалгааны явцад тогтоогдлоо.
Иймд бэлгийн халдлагад өртсөн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн гэмтлийн улмаас үүссэн эмгэгийг сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоолгож үүнийг хүнд хор уршигт тооцон энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид оруулах нь зүйтэй байна.
Ингэснээр уг хор уршгийг буюу эмчилгээний зардлыг төлөөгүй тохиолдолд “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй” гэж үзэн насанд хүрээгүй хүн хүчиндэж, ял шийтгүүлсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө суллахад ЭХЕА-ийн 6.12 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжилдэг боловч сэтгэл санааны хохирлыг үнэлж тогтоох аргачлал байхгүйгээс шүүхээс нэхэмжлэлийг нь хангалгүй хэрэгсэхгүй болгож байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь хохирогчид эд материалын хохирол гэхээсээ илүүтэйгээр сэтгэл санааны хувьд асар их дарамтыг бий болгож, өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах харьцаа, нийгэмшилт, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг бие хүн болон төлөвшиж буй хүүхдүүдийн хувьд ааш зан, биеэ авч явах байдал зэрэг олон талаараа насанд хүрээгүй хохирогчид нөлөөлж байдаг хар бараан толбо болон үлддэг гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд сэтгэл санааны хувьд бүгд хохирдог боловч шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлүүлэх шийдвэр гаргахдаа зөвхөн эд материалын буюу нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг гаргуулахаар шийдвэрлэдэг. Харин сэтгэл санааны хохирлыг үнэлж тогтоолгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй.
 
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зөвхөн өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулахыг хориглосон байна.
Гэтэл насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөх эрхээр заавал хангах зохицуулалт байхгүй, хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгч сонгох эрхтэй байгаа нь насанд хүрээгүй хохирогчийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүйд нөлөөлж байна.
Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхдийн эрх ашгийг төлөөлж чадахгүй олон шалтгаан байгаа бөгөөд өмгөөлөгч зөвхөн мэдүүлэг авах ажиллагаа, шүүх хуралд оролцож байгаа нь насанд хүрээгүй хохирогчид учирсан хор уршгийг тогтоох, гэмт хэргийг улмаас учирсан хохирлоо гаргуулж чадахгүй, шүүх хуралдаанаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хаягдаж байна.
Иймд бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулах зохицуулалтыг хуульд тусгах.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын хавсралтад хүчиндэх гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учирсан хохирогчид шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд дурдагдсан төлбөрөөс бүтэн болон хэсэгчлэн олгохыг зохицуулсан байдаг. Бэлгийн хүчирхийллийн улмаас сэтгэл зүйн хүнд хор уршиг учирсан насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөгч заавал оролцуулах эрхийг хангаснаар мөн “Хүчиндэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “хүнд хор уршиг” гэсэн шинжийг тусгавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримтыг өмгөөлөгч бүрдүүлж өгснөөр насанд хүрээгүй хохирогч эмчилгээний зардлаа төрөөс гаргуулан авах боломж бүрдэнэ.
 
САНАЛ
 
Нэг.  Бэлгийн хүчирхийллийн хохирогчид учирсан шууд, шууд бус хохирлыг тооцоолж, хохирлыг мөнгөн дүнгээр үнэлж барагдуулах аргачлалыг бусад орны туршлагаас судлан хуулийн өнөөгийн практикт даруй бий болгох. Өөрөөр хэлбэл хор уршгийн хэр хэмжээнээс хамааралтай жишиг тогтоох. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилон “хохирогчийн сэтгэл зүйд учирсан хохирлыг хэмжээ”-г тогтоолгох ба уг байгууллага Монгол Улсад одоо баримталж байгаа Олон улсын өвчний X ангилалд заасан оношийг баримтлан, зөвхөн гэмт хэргийн улмаас бий болсон сэтгэлийн дарамт /стресс/ буюу хохирлыг зэрэглэн тогтоох боломжтой гэж үзэж аргачлалыг боловсруулсныг эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд уг аргачлалаар сэтгэл зүйн гэмтлийн түвшинг тогтоох.
Хоёр. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролыг тогтоохдоо мэргэжлийн сэтгэл судлаачийн дүгнэлт гаргуулж, сэтгэл зүйн гэмтлээс шалтгаалан эмчилгээнд шаардагдах зардлыг шууд хохиролд тооцон эмчилгээг тухайн хүүхдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах үйлчилгээнд оруулж зардлыг төр хариуцан эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны явцад хохирогчид сэтгэл зүйн болон нөхөн сэргээх эмчилгээг хийдэг практик тогтоох .
Гурав. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн архи, согтууруулах ундааны хэрэглээ, хамаарлын түвшинг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан AUDIT (Alcohol Use Disorders Inentification Test) тестээр тогтоох боломжтой. Ингэснээр согтууруулах удааны зүйл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж байгаа мөн архинаас хамааралтай хүмүүсийн хэдэн хувь нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж  байгааг бодитой тогтоох магадлал, боломж нэмэгдэх бөгөөд ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй эрсдэлтэй хүнд чиглэгдсэн ажил зохион байгуулах боломжтой болно. 
Дөрөв. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт буюу хүндрүүлэх шинжид 14-18 настай хүнийг хүчиндсэний улмаас хүнд гэмтэл /бие махбодийн болон сэтгэл санааны хохирол/ учруулсан гэсэн шинжийг нэмж оруулах. 
 
Б.ӨНӨРМАА
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хяналтын Прокурор, Хууль Зүйн Ухааны Доктор