sonin.mn
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 56 ХҮН АМИА АЛДАЖ 165 ХҮН БЭРТЖЭЭ
 
“Автомашин барихаас айдаг болоод байна шүү. Ялангуяа сургууль, цэцэрлэг тарах үеэр замын хөдөлгөөнд оролцохоос жийрхдэг юм" хэмээн нэгэн таксины жолооч ярилаа. Яагаад гэсэн асуултад “Учраа мэдэхгүй хүүхдүүд автомашины урд хойгуур гүйж орчих гээд хэцүү байдаг юм. Эцэг, эх нар нь ч хүүхдээ хөтлөхгүй. Ийш тийшээ сайн харж анхаарал болгоомжтой л явахгүй бол хэцүү шүү дээ. Одоо ч явган зорчигч автомашинаас айхаа больж, харин жолооч нар тэднээс айдаг болж. Хэн, хаанаас, хэзээ гэнэт гүйгээд гараад ирэх бол гэж түгших юм” хэмээн хариулав. Явган зорчигч, жолооч нарын аль аль нь үүнийг бодож, анхаармаар санагдав. Учир нь, энэ оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослоор 56 хүн нас барсан нь жолооч болон явган зорчигчид хариуцлагатай, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Тээврийн цагдаагийн албаныхан энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 11479 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 221 гэмт хэргийг бүртгэснээс 56 хүн амь насаа алдаж, 165 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 21.9 хувиар буурч, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7.3 хувиар өсчээ.
 
Хүн амь насаа алдсан зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөлт, бууралтгүй ч бага насны хүүхдүүд осолд өртөх тохиолдол их байгааг Тээврийн цагдаагийн албаныхан анхааруулав.
 
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ОСОЛД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА
 
Өнгөрсөн сарын 25-29-ний өдөр бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн бол орон нутагт зам тээврийн ноцтой хоёр осол гарч, гурван хүн амь насаа алджээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутагт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын гурван хүн амь насаа алджээ. Баянзүрх дүүргийн нутаг нарны замд хоёр автомашин мөргөлдөж бага насны хоёр хүүхэд гэмтсэн байна. Энэ мэтээр нийслэл хотын хэмжээнд ослын улмаас гэмтсэн хүний найм нь бага насны хүүхэд байв. Бага буюу арав хүртэлх насны хүүхэд харгапзах хүнгүй, замын хөдөлгөөнд ганцаараа оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их гарч байна. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар иргэн, хуулийн этгээд буюу эцэг эх, багш, боловсролын байгууллагын ажилтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэг хүлээдэг ч үүргээ биелүүлээгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна. Жишээлбэл, өнгөрсөн сарын 29-нд сургууль, цэцэрлэгтардаг үе буюу 17.00 цагийн орчимд нэгдүгээр ангийн бололтой хүү, цэцэрлэгийн насны дүүтэйгээ хамт замаар гарч явахдаа дүү нь автомашинд шүргүүлж буйтай таарсан юм. Хоёр хүү явган хүний гарцаар гараагүйгээс гадна автомашин явж байгаа эсэхийг ч анзаарахгүй зорчсоноос ийм байдалд хүрэв. Осол болсон даруйд хүүгийн ээж гүйж ирж жолоочийг элдвээр харааж зүхэн маргаан үүссэн юм. Энэ тохиолдолд юуны түрүүнд хүүгийн эрүүл мэнд, амь нас чухал. Түүний дараа буруутай этгээдэд хариуцлага тооцох явдал юм. Тухайн осолд аль аль нь буруутай санагдав. Жолоочийн хайхрамжгүй, хамт явсан ээжийнх нь хариуцлагагүйгээс үүдсэн гэж болно. Бага насны хүүхдээ хөтлөөгүйн сацуу гарцгүй газраар зам хөндлөн гарч байхад яагаад үл тоов. Иймд тухайн ээж хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ. Харин жолоочийн тухайд холбогдох хуулийн дагуу хариуцпага тооцох нь мэдээж. Үүнтэй адил олон осол аваар гарч, жолооч, явган зорчигч аль аль нь эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйгээрээ хохирч байна. Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр нь авч үзвэл 19 нь явган зорчигч мөргөж гэмтээх, 25 нь мөргөлдөх, дөрөв нь үл хөдлөх зүйл мөргөжээ. Зам тээврийн осол гарах бас нэг шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинтайгаа замын хөдөлгөөнд оролцох явдал юм. Гудамж замд хийж буй хянапт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцпага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.
 
ХУРДЫГ НЭГ КМ/ЦАГААР БУУРУУЛАХАД Л ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 4-5 ХУВИАР БАГАСНА
 
Зам тээврийн ослын дийлэнх нь жолооч автомашиныхаа хурдыг тохируулаагүйгээс болдог байна. Он гарсаар эхний хоёр сарын байдлаар хурд тохируулаагүйгээс болж улсын хэмжээнд 152 осол бүртгэгдсэн нь нийт ослын 3.8 хувийг эзэлж байгаа боловч гарсан хохирол, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан, амь насаа алдах тохиолдол өндөр байдаг аж. Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс шалтгаалсан осол 49.8 хувиар өссөн бөгөөд үүний улмаас 104 хүн амь насаа алджээ. Хурд тохируулаагүйгээс бүртгэгдсэн зам тээврийн ослыг аймаг, дүүргээр авч үзвэл Төв, Өмнөговь, Дундговь аймаг, нийслэл хотод Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн алслагдсан замд хамгийн их гарчээ. Иймд хурднаас шалтгаалсан ослыг бууруулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Хурд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улс гэлтгүй дэлхийн олон улс орны хувьд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь хурд хэтрүүлэх явдал аж. Энэхүү зөрчлийг ихэнхдээ шинэ, залуу жолооч нар гаргадгийг бүртгэсэн ослоос ажиглажээ. Хурдыг нэг км/цагаар бууруулахад л зам тээврийн осол 4-5 хувиар багасдаг гэж олон улсад үздэг байна.
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ТҮРЭМГИЙЛЛЭЭР БУС ХҮЛЭЭЦТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛАВ
 
Дээр дурдсанчлан тайван цагт хүн зам тээврийн осолд орж, эрүүл мэндээрээ хохирч, эрдэнэт амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “Нэг хором” аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аян гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Хүмүүс дур зоргоороо байж, хууль, дүрмээ баримталдаггүйн улмаас замбараагүй байдал 5үүсдэг бөгөөд нэг хормын анхаарал болгоомжгүй, дүрэм зөрчсөн үйлдэл хүнд ямар аюул учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, замын хөдөлгөөний сахилга, соёл, зөв дадлыг хэвшүүлэх, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг эхлүүлээд байна. Аяны нээлтэд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхэд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөл оролцож Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-Нэгдүгээр сургууль гэсэн маршрутаар жагслаа. Ингэхдээ явган зорчигч, жолооч нарыг замын хөдөлгөөнд дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор оролцохыг уриалав. Учир нь, замын хөдөлгөөний аюулгүй байдал хүн, зам, тээврийн хэрэгсэл, орчин гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд судалгаагаар нийт бүртгэгдэж буй ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гардгийг тогтоожээ. Аяны хүрээнд “Нэг хором"-ыг сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээ зохион байгуулах тул иргэд болон бусад байгууллага, аж ахуй нэгжийг идэвхтэй оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
 
НИЙСЛЭЛД ӨДӨРТ 400 ГАРУЙ МЯНГАН АВТОМАШИН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГ
 
Энэ оны эхний хоёр сарын байдпаар зам тээврийн ослоор амь насаа алдсан 56 хүний 43 нь буюу орон нутгийн замд буюу дийлэнх нь онхолдож амь насаа алджээ. Нийслэл хотын хэмжээнд авч үзвэл уулзвар гарц нэвтрэх, хоорондын зайгаа тохируулаагүй, эгнээ байр буруу эзлэх зэргээс шалтгаалсан зам тээврийн осол 86 хувийг эзэлж байна. Манай улс энэ оны байдлаар нийтдээ 970 мянга 860 орчим тээврийн хэрэгсэл, сая 207 мянга 690 жолооч, 12 мянга 105 км хатуу хучилттай автозамтай гэсэн тоо гарчээ. Үүнээс нийслэл хотод албан бус тоогоор 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс өдөрт 400 гаруй мянга нь замын хөдөлгөөнд оролцдог байна. Иймд нийслэл хотын хэмжээнд хоногт 400 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 117 цэгийг хяналтдаа авч ажилладагбайна. Хүн хүчний дутмагаас нийслэлийн есөн дүүрэг дэх захын хорооллуудад хянапт тавьж чаддаггүй ч “Иргэн бүр цагдаа” уриан дор иргэдээс зөрчлийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэдэг байна. Дээр дурдсанчлан тайван цагт жолооч нь ч, явган зоригч нь ч айдастай байх эсэх нь өөрсдөөс нь хамааралтай билээ. Товчхондоо, нэг хором л анхаарал болгоомжтой, хариуцлагатай, хүлээцтэй байхад болох юм.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин