sonin.mn
Залуус заамдалцахад бусад нь “Нэг хором, нэг хором” хэмээн хэлснээр асуудлыг намжаажээ. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн хөвгүүд муудалцахад охидууд нь мөн л энэ үгийг хэлснээр байдал өөр тийшээ эргэсэн талаар сошиал хуудастаа бичсэн байна. Энэ бол яалт ч үгүй бодит үр дүн.
 
Нэгэн оюутан найз руу утсаа шидэж түүнд хөнгөн гэмтэл учруулсан бол хоёр залуу өчүүхэн маргаанаас болж гар зөрүүлсний улмаас эмнэлэгт хэвтжээ. Энэ бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн жишээ. Тус гэмт хэргийг энгийнээр хэлбэл зодолдох, танхайрах болон гэр бүлийн хүчирхийлэл юм. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, мэдээллийг иргэдэд нэлээд эрчимтэй хүргэсний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээнд буурсан бол зодолдох, танхайрах хэрэг огт буурахгүй байгааг албаныхан хэлж байна. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25-30 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу зодолдож танхайрах гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Иймд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх апба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хамтран сарын хугацаанд “Нэг хором” аяныг өрнүүлснээр үр дүнд хүрчээ. Аяны хугацаанд буюу өнгөрсөн сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан үзүүлэлт аж.
 
Аяны хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулж, залууст эрх зүйн ойлголт, мэдлэг олгожээ. Тухайлбал, олны танил 120 орчим хүнийг аянд нэгдүүлж, бусдад уур бухимдлаа тэвчихийг уриалуулсан байна. Мөн нийслэл, орон нутгийн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Түүнчлэн ухуулга нөлөөллийн 50000 ширхэг зурагт хуудсыг хэвлүүлж, гудамж талбай, олон нийтийн газар, аж ахуйн, нэгж байгууллагад байршуулсан байна. “Хэрүүл, маргаан, үл ойлголцлыг нударгаар биш ухаан, уучлалаар шийдье” гэсэн мессежийг олон нийтэд илгээхээс гадна цахим сүлжээгээр хууль сурталчилж, нөлөөллийн дууг түгээсэн байна. Ингэснээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү аян үр дүнгээ өгөөд байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг өш хонзон санаж, зориудаар үйлддэггүй, тухайн үеийн уураа нэгхэн хоромд барьж чадаагүйгээс болдог. Иймд багахан асуудпаас болж өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулахгүй байхыг сануулж, уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр солихыг уриалж байна.
 
 
С.Аз
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин